Улс төр
2015.06.22 02:06

Нийслэлийн Засаг дарга архив албан хэрэг хөтлөлт дээр онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Нийслэлийн нийт дүүрэгт гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх 14 хоногтой харьцуулахад Баянгол дүүрэгт өссөн бол бусад дүүрэгт буурсан үзүүлэлттэй байна. Гарсан зөрчил болон гэмт хэргийг хариуцсан ажилтнууд тухай бүрт нь арга хэмжээ авч, шуурхай шийдвэрлэж ажиллажээ. Мөн өмнөх шуурхай зөвлөлгөөн дээр холбогдох албаныханд нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг танилцууллаа. Тухайлбал,

-Үндэсний их баяр наадмын бэлтгэл хангах ажлыг зохион байгуулах /Нийтийн тээвэр, хог цэвэрлэгээ, тохижилт цэцэрлэгжүүлэлт, зам засвар, авто замын тэмдэг тэмдэглэгээ, зохицуулалт зэрэг ажлуудыг холбогдох мэргэжлийн байгууллагууд эрчимжүүлж ажиллах/ талаар доорхи ажлуудыг хийжээ.

  • Төв цэнгэлдэх болон “Хүй долоон худаг”-ийн цахилгаан хангамжийг сайжруулах ажлыг салбар хорооноос “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иар хийлгэх шийдвэр гаргаж, зөвлөмжийг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт хүргүүлсэн.
  • Хүй долоон худагт худалдаа, үйлчилгээ зохион байгуулах ажлын нэгдсэн төлөвлөгөөг батлав.
  • Тохижилт, засвар үйлчилгээний салбар хороо ажлын төлөвлөгөө боловсруулж батлуулан ажиллаж байна
  • Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд нийт 811 тээврийн хэрэгсэл ажиллуулахаар урьдчилсан төлөвлөжээ.
  • 7 дугаар сарын 10,11,12,13-ны өдрүүдэд “Дүнжингарав” худалдааны төв, Дунд голын зогсоолоос “Хүй 7 худаг” чиглэлд ”RAILBUS”, Давааны өртөөний төмөр замын буудлаас Морь барианы газар хүртэл том оврын 5 автобус наадамчин олонд үнэ төлбөргүй үйлчлэхээр төлөвлөж байна.
  • Үндэсний их баяр наадмын өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдал болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.

-Мөн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийгдэх сургууль цэцэрлэг, инженерийн шугам сүлжээ шинээр тавих, өргөтгөх, автозамын трасст орсон обьектуудын газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлэх үүргийн дагуу ажиллалаа.

-Хотын төв болон зуслангийн чиглэлд инженерийн шугам сүлжээ, зам засварын ажил хийгдэж эхэлсэнтэй холбогдуулан авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж хаах, нээх хугацааг иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй мэдээлж байна.

Нийслэлийн Засаг даргын А/475 дугаар захирамж гарсантай холбогдуулан “Улаан бурхан” өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй асрамж, халамжийн төвүүд, сургалтын байгууллагууд халдваргүйжүүлэлт, болон эрүүл мэндийн газраас өгсөн зөвлөмжийг мөрдлөг болгон зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласан.

-2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд Багахангай, Багануур дүүргийн Ерөнхий төлөвлөгөөг танилцуулж НИТХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн байна.

Мөн энэ үеэр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах ажилтнууд “Ёс зүйн мэдэгдэл”-д гарын үсэг зурлаа. Харин нийслэлийн Засаг даргын “2015 оны архив албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэг явуулах тухай” А/509 дүгээр захирамжийн талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун товч танилцууллаа.

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөнөөр зарим ажлыг хугацаа алдалгүй шийдвэрлэх үүргийг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл холбогдох албан тушаалтнуудад өглөө. Тухайлбал, архив албан хэрэг хөтлөлт дээр онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Мөн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө. 2015 оны эхний хагас жилийн ажлын тайлангаа өгөх, өгөөгүй байгууллагуудыг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурал дээр танилцуулахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунд даалгалаа. Нийслэлийн Онцгой байдлын газарт борооны улирал эхэлж байгаатай холбогдуулан бэлтгэл ажлын төлөвлөгөө гаргаж нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахыг үүрэг болгов. Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлд үндэсний их баяр наадмын бэлтгэлийг хангаж, тохижилтын ажлаа эрчимжүүлж ажиллахыг даалгав. Харин орчны тохижилтыг анхаарч ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд үүрэг болгов. Баяр наадмын үеэр үйлчилгээний байгууллагуудад ариун цэвэр, ахуйн шаардлагыг хангаж ажиллуулахыг даалгав. Мөн энэ үеэр ажиллах нийтийн тээврийн сүлжээ төлөвлөлтийг нарийвчлан эцэслэн гаргаж, дараагийн нийслэлийн удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөлгөөн дээр танилцуулахыг нийслэлийн Нийтийн тээврийн газарт үүрэг болголоо. Мөн Төрийн хүндэтгэлийн концерт, Дээлтэй монгол, Учиртай гурван толгой дуурь, Улаанбаатрын үдэш рок, поп дуучдын тоглолт, Монгол бүжиг, Морин хуур, Найрал хөгжмийн шилдгүүдийн тоглолт гэх мэт баяр наадмын үеэр 5 өдрийн турш Чингисийн талбай дээр болох ёслол хүндэтгэлийн арга хэмжээний хөтөлбөр болон наадмын үйл ажиллагааг нарийвчлан эцсийн байдлаар дараагийн нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөн дээр танилцуулахыг үүрэг болголоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Онцлох нийтлэлүүд