Цаг үе
2021.04.19 06:04

Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийх чиглэл өглөө


Тоглоомын талбайд хүүхдүүд тоглож байгаад нэгнээсээ халдвар авч байгаа талаарх мэдээлэл цахим сүлжээнд гарсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын хувьд хүүхдийн тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн талбайд ариутгал, халдваргүйтгэл тогтмол хийхийг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр удаа дараа үүрэг болгож байгаа. Иймээс ч Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр иргэдээс ирсэн санал, хүсэлтийн дагуу Баянгол дүүргийн хэмжээнд ариутгал, халдваргүйтгэл хэрхэн хийж байгаатай танилцаж, холбогдох албаныханд үүрэг, чиглэл өглөө. Тухайлбал, тус дүүргийн 25 дугаар хороонд байрлах “Голден парк-1” хотхон л гэхэд 16 давхар долоон байртай. 1500 өрх, 3000 гаруй оршин суугчтай. Энэ байруудыг хариуцдаг “Чандмань Хайрхан” СӨХ-ны дарга М.Отгонцэцэг “Бид лифт, хүний гар хүрдэг газруудыг өдөр бүхэн ариутгаж байна. Тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн талбайг мөн долоо хоногт нэг удаа ариутгаж байгаа. Мөн жижүүрүүд хяналтын камераа харж, хүн хоорондын зай барих шаардлага тавьж байна. Гэхдээ эцэг, эхчүүд хүүхдэдээ анхаарал хандуулах нь сул байна” гэсэн юм.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон холбогдох байгууллагууд ариутгал, халдваргүйтгэлийг есөн дүүргийн хэмжээнд хийж байгаа. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хяналтын ажилтан А.Мягмардолжин “Баянгол дүүргийн хэмжээнд хоёр дахь удаагаа халдваргүйтгэл хийж байна. Мананцар үүсгэгч таван машин бий. Халдваргүйжүүлэгч, ариутгагч, жолооч гэсэн өдөрт 20-30 хүн тогтмол ажиллаж байгаа. Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор зогсоолууд машин ихтэй, томоохон хотхон руу ороход хүндрэлтэй байна. Таван машин өдөрт нэг дүүрэгт, том дүүрэгт хоёр өдөр ажиллаж байна” гэж ярилаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Онцлох нийтлэлүүд