Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Шар бич өдөр Улаанбаатар хотод өдөртөө 13-15 хэм дулаан байна Өдрийн сонинд нэрт нийтлэлч Баабар "Монгол-Зөвлөлтийн 1921 оны хэлэлцээр" хэмээн өгүүллээ Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн байна 11 дүгээр ангийн сурагч галаас хүний амь аварчээ 1.374.796 ширхэг хувьцаа арилжжээ Тайланд хэрэглэсэн эмнэлгийн бээлийгээ АНУ-д экспортложээ Нийслэлийн 10 га газрыг нийтийн эзэмшилд бүртгэхээр болжээ “Gazprom” энэ онд Европт нийлүүлэх байгалийн хийн экспортын төлөвөө хэвээр үлдээлээ Шуурхай бүлэг Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж байна Шар бич өдөр Улаанбаатар хотод өдөртөө 13-15 хэм дулаан байна Өдрийн сонинд нэрт нийтлэлч Баабар "Монгол-Зөвлөлтийн 1921 оны хэлэлцээр" хэмээн өгүүллээ Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн байна 11 дүгээр ангийн сурагч галаас хүний амь аварчээ 1.374.796 ширхэг хувьцаа арилжжээ Тайланд хэрэглэсэн эмнэлгийн бээлийгээ АНУ-д экспортложээ Нийслэлийн 10 га газрыг нийтийн эзэмшилд бүртгэхээр болжээ “Gazprom” энэ онд Европт нийлүүлэх байгалийн хийн экспортын төлөвөө хэвээр үлдээлээ Шуурхай бүлэг Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж байна
Цаг үе
2019.03.22 08:03

НИТХ-ын даргад өрсөлдсөн Ц.Байгалмаа: Санал хураалтад намын удирдлагууд нөлөөлөх байсан учраас би нэрээ татсан

Хотын даргад С.Амарсайхан томилогдсоноор НИТХын даргын суудал хоосон үлдсэн. Улмаар НИТХын ээлжит бус хуралдаанаар шинэ даргаа сонгохоор болсон билээ. МАНын Удирдах зөвлөлөөс Г.Дагвыг нэр дэвшүүлсэн бол танхимаас Ц.Байгалмаа төлөөлөгч өөрийгөө нэр дэвшүүлсэн. НИТХ-ын даргыг сонгохын тулд төлөөлөгчид нууцаар санал хураах учиртай. Харамсалтай нь нууц санал хураалтыг зохион байгуулах Тооллогын комиссыг байгуулахад санал зөрөлдөж, байдал хүндэрсэн учир Ц.Байгалмаа өөрийнхөө нэрийн татсан юм. Энэ талаар түүнтэй ярилцлаа.


-Та яагаад нэрээ дэвшүүлсэн юм бэ. Гэнэт нэрээ дэвшүүлсэн энэ үйлдлийг тань олон нийт янз бүрээр харж байна?

-Өмнө нь хотын даргыг сонгох процесс дээр танхимаас С.Мөнхчулуун төлөөлөгч бодлогоор орж ирсэн хүнтэй зэрэгцээд нэрээ дэвшүүлсэн. Тэгээд 25 санал авч ялсан. Гэвч дараагийн сонгуулиар ялагдсаныг уншигчид мэдэж байгаа. Ер нь хотын даргын асуудал яригдсан энэ хугацаанд ИТХ-ын даргын асуудал ч яригдаж байсан. Тиймээс ийм сонгууль болох бол би нэрээ дэвшүүлнэ гэдгээ нөхдөдөө хэлж байсан. Ер нь зарим төлөөлөгчид дэмжихээ илэрхийлж байсан тул олонхын санал авах боломжтой гэж бодоод нэрээ дэвшүүлсэн. Мөн хуралд суугаа цөөн эмэгтэйчүүдээ төлөөлөөд шийдвэр гаргах, удирдах түвшинд өрсөлдөх хэрэгтэй гэж ухамсарласан.

-Хурлын даргыг сонгох хуралдаан эхлэхийн өмнө цахимаар хэд хэдэн хүнийг нэр дэвшинэ гэсэн мэдээлэл гарсан. Гэтэл хуралдаан эхлэхэд яригдаж байсан хүмүүс нэр дэвшээгүй. Энэ ямар учиртай юм бол?

-Тухайн үед МАН-ын бүлэг хуралдаанаа ч эхлүүлэлгүй завсарлага авч үдээс хойш 15 цагт үргэлжлүүлэхээр болсон. Энэ хооронд намын бодлогыг сөрж танхимаас нэрээ дэвшүүлнэ гэж байсан төлөөлөгчдөд удирдлагын зүгээс “Яагаад намын бодлогыг сөрөөд байгаа юм бэ. Намын бодлогыг сөрсөн учраас С.Мөнхчулуун, Ц.Сандуй гэдэг хоёр хүнийг намын гишүүнчлэлээс хассаныг мэдэж байгаа биз дээ” гэсэн анхааруулга, зөвлөмж ирсэн байсан. Үүнээс болж нэрээ дэвшүүлээгүй гэж ойлгосон. Харин намын Удирдах зөвлөлөөс Г.Дагвыг нэр дэвшүүлсэн. Би дотроо энэ хүнийг дэмжиж санал өгнө гэж бодоогүй. Өмнө хэлсэнчлэн төлөөлөгчид дэмжиж байсан учраас олонхын санал авах боломж бий гэж харсан. Түүнчлэн улс, нийслэлийн хүн амын тал хувийг эзэлдэг эмэгтэйчүүдээ төлөөлөөд НИТХ-д ажиллаж байгаа эмэгтэй төлөөлөгчийн хувьд манлайлал үзүүлэх, хариуцлага үүрэх, бодлого тодорхойлж, шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн оролцоо зайлшгүй хэрэгтэй юм байна зэргийг харгалзаад дэвшсэн.

-Анхнаасаа танд хурлын дарга болох бодол байсан гэж ойлгох уу?

-Ер нь 2017 оны сүүлчээр хурлын даргын асуудал яригдсан. Тухайн үед намынхаа төлөөлөгчидтэйгөө эмэгтэй төлөөлөл байх хэрэгтэй юм биш үү гэсэн байр сууринаас ярилцаж, энэ тухай яриа өргөн хэлэлцүүлэг болж байсан. Улмаар НИТХ-ын шинэ даргад Д.Баярсайхан, С.Амарсайхан нар өрсөлдсөнийг санаж байгаа байх. Одоогийн хотын дарга С.Амарсайхан тэр үед намын бодлогыг сөрж нэрээ дэвшүүлсэн. Тухайн үед санал хураахад яалт ч үгүй тэнцэж, хоёр дахь санал хураалтан дээр С.Амарсайхан хурлын дарга болсон.

Харин миний хувьд төлөөлөгчид төдийгүй тойргийнхоо сонгогчидтой ч ойр ажиллаж ирсэн. Ялангуяа манай тойргийн иргэд, намын гишүүд, улс төрийн ахмад зүтгэлтнүүдийн зүгээс намайг их дэмждэг. Тиймдээ ч өөрийн нэрийг дэвшүүлэхэд сошиал хуудсууд төдийгүй утсаар холбогдож их дэмжиж байсан. Энэ бүх үйл явцын талаар дараа нь тойргийнхоо иргэдтэй уулзалт хийхдээ нээлттэй ярилцсан.Ер нь өмнө нь НИТХ-ын даргаар Н.Болормаа гэж эмэгтэй ажиллаж байсан удаатай. Хурлын даргын суудал жендер талаасаа эмэгтэй хүнд тохиромжтой. Энэ нь надад нэр дэвшүүлэх нэг шалтгаан болсон юм. Салбартаа манлайлж хүлээн зөвшөөрөгдсөн эмэгтэйчүүдийг илүү бодлогын түвшинд аваачих ажлыг иргэдээс санал авч сонгогдсон эмэгтэйчүүд хийх цаг нь болсон. Энэ үүрэг, хариуцлагыг би ч өөрөө мэдэрсэн.

-Тэгээд та яагаад нэрээ татсан юм бэ. Ямар нэгэн дарамт шахалт ирсэн үү?

-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуульд заасны дагуу НИТХ-ын даргад нэг хүн нэр дэвшвэл илээр, хоёр буюу түүнээс дээш тооны хүн дэвшвэл нууцаар санал хураадаг. Энэ удаа хоёр хүний нэр саналын хуудсанд бичигдэж нууцаар санал хураах тооллогын комисс байгуулах болсон. Өмнө нь Засаг даргыг сонгохтой ижил таван хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулах болж намын бүлгээс гурав, миний бие хоёр хүн дэвшүүлж бусад төлөөлөгчид мөн санал болгосноор нийт есөн хүнээс тавыг нь комисст сонгох болсон. Гэвч бүх хүнээс ингэж сонговол бүхэл шөнийн ажил болох нь тодорхой байсныг уншигчид харсан байх. Ингээд маш их нүсэр ажил гэдгийг ойлгоод би нэг хүн, АН-ын бүлгээс нэг хүн, МАН-ын бүлгээс гурван хүн байхаар эцэстээ тохиролцсон. Гэхдээ заалнаас нэр дэвшсэн миний зүгээс МАН-ын бүлгээс нэр дэвшүүлж байгаа гурван эрэгтэй төлөөлөгчийн нэгийг эмэгтэй төлөөлөгчөөр сольж өгөхийг хүссэн. Учир нь дээрх гурван төлөөлөгч гурвуулаа намын байгууллагын өндөр албан тушаалтай хүмүүс байсан тул, намаас мандат авч төлөөлөгчөөр сонгогдсон зарим нэг төлөөлөгчийн хувьд шударгаар, нууц санал өгөхөд хүндрэлтэй байх болно гэдгийг мэдэж байсан. Гэсэн хэдий ч миний саналыг огт хүлээж аваагүй. Хэрэв тэр хэвээр тооллогын комисс байгуулагдвал миний хувьд ялах магадлал буурах нь тодорхой, өмнөх Засаг даргыг сонгосонтой адил сонгууль болох байсан.

-Хотын хийж буй ажилд шүүмжлэлтэй санагддаг зүйл бий юу?

-Манай улс хүн ам цөөтэй. Нэг хүнд ногдох ажлын ачаалал өндөр болоод ч тэр үү, юмыг их яаруу сандруу хийдэг. Үүнтэй адил хотын ажлууд ч цаг хугацаа давчуу, яаралтай нөхцөлд шийвэрлэгдэх тал бий. Би өөрөө Японд олон жил ажиллаж, амьдарсны хувьд анзаарахад тэнд ажлыг хэн хийснээс үл хамаараад үр дүн өсч, буурах ёсгүй гэсэн зарчим хувийн хэвшил, төрийн байгууллага бүгдэд бий. Нэг ёсондоо ажлыг гүйцэтгэх аргачлал, стандартыг нийгмийн ойлголтын хэмжээнд тодорхойлж, суулгасан байдаг. Үүнтэй адил хотын ажилд аргачлал, тогтсон стандарт гаргах тал дээр анхаарах ёстой.

-Хот дээр хийх ёстой нэн тэргүүний ямар ажлууд байна вэ?

-Хоттой холбоотой хэд хэдэн хуулийг УИХ-аар батлуулах ёстойг нийслэлийн хэмжээнд ажиллаж буй хүн бүр мэднэ. Өмнөх Засаг дарга С.Батболдын өргөн барьсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль бий. Үүнийг 2018 оны эхээр өргөн барьж, Төрийн ордонд нэг, хоёр удаагийн хэлэлцүүлэг хийсэн. Гэвч түүнээс хойш улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор хойшилсон олон ажлуудын нэг болоод хоцорсон. Харин сая УИХ-ын дарга шинээр сонгогдсоноор хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон байналээ. Үүн дээр шинэ Засаг дарга анхаар ажиллана байх. Мөн энэ хуультай хамт Газрын харилцааг зохицуулах тухай хуулийг батлуулах шаардлагатай байгаа. Иргэд, олон нийтийн шаардлага тавьдаг хотын амьдрал газартаа л байдаг. Гоё сайхан замыг мөнгө нь байвал тавьчих нь шүү дээ. Гэтэл хаана тавих вэ? Газар нь нийтийн эзэмшилд байна уу, үгүй юу гээд олон асуудал хөндөгддөг. Нийтийн эзэмшилд байлгахын тулд төлөвлөлтөө эртнээс хийх ёстой. Энэ бүхнийг зохицуулах хуулийн төсөл одоогоор боловсруулагдсан юм билээ. Энэ мэт асуудлуудад НИТХ-аас шаардлага тавиад ажлын хэсэг гаргаад ажиллуулъя гэсэн.

Ер нь манайд төрийн ажил, орон нутгийн захиргааны байгууллагын хийх ажлын хуваарилалт бүрхэг. Хэн, юу хийх вэ гэдэг нь тодорхойгүй. Энэ байдал даамжирсаар шийдвэрлэхэд бэрх асуудлууд бий болж байна.

-Тэр нь юу юм бол?

-2012-2016 онд сонгуулийн холимог тогтолцоотой байсныг бид мэднэ. УИХ-ын 50 гишүүн нь мажоритар системээр, үлдсэн нь намын жагсаалтаар орж ирдэг. Энэ үед гишүүд маань улс орны хэмжээний асуудал дэвшүүлдэг байсан. Одоо нэг тойргоос нэг гишүүн сонгогдож байгаа. Ингэснээр гишүүд орон нутагтаа хандсан жижиг ажлууд хийгээд, тухайн тойргийнхоо иргэдийн асуудлыг шийдэх гээд бараг л дүүргийн төлөөлөгчөөс ялгаагүй ажил шийдвэрлэх шаардлагатай болчихсон. Жишээ нь, “Манай тойргийн цэцэрлэгийн дээврийн засварыг хийгээд өгөөч ээ, хотын дарга аа” гээд УИХ-ын гишүүн утасдаж байна шүү дээ. Энэ тогтолцооны гажгийг хууль боловсруулдаг хүмүүс засах л зайлшгүй шаардлагатай болсон.

-Уншигчдад маань сонин байж магадгүй гэх үүднээс таныг өөрийгөө товчхон танилцуулахыг хүсч байна?

-Би 1990-ээд оны эхээр Японы Засгийн газрын тэтгэлгээр Коосэн технологийн коллежид электроникийн мэргэжилээр суралцаж төгссөн. Дараа нь Токиогийн Биотехнологийн их сургуульд анагаахын инженерчлэлийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. Төгсөөд Шизүоакагийн их сургууль болон Анагаахын их сургуулийн хамтарсан төслийн багт таван жил судлаачаар ажилласан. Тэндээсээ Харвардын их сургуульд хоёр жил туслах профессороор ажиллах боломж гараад явж байлаа. Үүний дараа эргээд Япон руу буцаж Шизүоакагийн их сургуульд дөрвөн жил багшилсан. Олон жил эрдмийн ажил хийж, улмаар тэдгээрийг амьдралд нэвтрүүлэх төрөл бүрийн төсөлд ажилласны дараа Монголдоо эргэж ирээд МАН-ын дэргэдэх Стратеги академид бодлогын судалгааны ажилд оролцсон. Ингээд л улс төртэй холбогдсон доо. Одоо НИТХ-ын төлөөлөгчөөс гадна Японы Үндэсний технологийн хүрээлэнгийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүнээр ажилладаг. Аж үйлдвэрийн хурдтай хөгжлийг туулсан Японы туршлага, хүний нөөц, инженерийн боловсон хүчнээ бэлтгэсэн арга барилыг Монголд нэвтрүүлэх ажилд баг, хамт олноороо оролцоод явж байна.

Э.ЯНЖМАА

Онцлох нийтлэлүүд