ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2020.04.25 12:04

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Венец дэх үхэл


(Томас Манн)

Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг “Утга зохиол” цувралын 31 дэх бүтээл, Германы суут зохиолч Томас Манны “Венец дэх үхэл” туужийг уншаад хүртсэн мэдрэмжээ “Ном ярьж өгье” булангийнхаа үнэнч уншигчидтай хуваалцах гэж байна. Компьютерээ асаан, гарчгаа зоочихоод гар эвлэж өгөхгүй хэсэг төвдлөө. Миний ийнхүү халгаж бэргэн байгаагийн уг үндэс нь гэвэл дөнгөж саяхан уншаад дуусгасан 150 хуудас бүхий уг зохиолын ид шидийн гэмээр ховсдон татах увдис нөлөө, үгийн урлангийн тансаг баянд гайхан биширсэн оюун бодол минь хэмжээндээ тултал чивчирснийх юм. Уншилт үнэн голоос тарчилгаж байсан ч бишрүүлэх нь илүүтэй байлаа. Бүхэлдээ ийм сүрдэж зугтмаар хэрнээ улам улмаар ойртмоор, бүр гүн рүү нь шунгасаар тэндээ үүрд үлдмээр, үйж үхмээр ч юм шиг санагдах, халаглаж дуу алдмаар атлаа хайрлан уясмаар зохиол урьд уншиж байгаагүй санагдана.

Томас Манны зурагласан яруу тансаг үхлийн ахуйг, тэр үхлийг биедээ агуулж явсан алдар суутай зохиолч Ашенбах хэмээгч хижээл эрийг, түүний сэтгэл зүрх, оюун бодлоо шавхруу ч үлдээлгүй юүлчихсэн хайр дурлалынх нь эзэн болсон “харь бурхан” Тадзио хэмээгч польш хөвгүүний гоо үзэсгэлэн, тэнгэрлэг оршихуйг эртний Грекийн домгийн бурхад, дархид өөрсдөө нигүүлсэж туурвиа юу гэлтэй. Зохиолыг бүхэлд нь Грекийн домгоор амилуулж, сонгодог жүжгийн бүтэц хэлбэрээр зохиомжилсон болохоор хэдий шүлэглээгүй ч гэсэн яруу найраг шиг уянгалаг юм. Хүн өөрийн төрөлтнөө ингэж магтан дуулж болдог юм уу гэж бахадмаар. Сүрдэм энэ гоо зүйг ч амьдралын бусад үзэгдлүүдийн адил хоосон чанар хэмээн тунхаглах гэж байгаа бол түр азнагтун гэж бурхнаас шаардмаар. Үхлээс ариун сайхныг нь тунгааж, төгсгөлөөс эхлэлийг нь ахин үүтгэж чадаж буй хүн төрөлхтөн тэгвэл чухам “хэн” юм бэ гэж бурхнаас асуумаар, асуунгаа мэтгэмээр.

Урлаг нь хүний сүнс (оюун ухаан, зүрх сэтгэл)-ний ганц цэнгэл бол хайр дурлал харин амьдрал хэмээх холын аяны олз, шагнал,хүртэх ёстой эрх чөлөө юм биш үү гэх санаа зохиолын дунд үеэс төрчихөөд төгсгөлийн өгүүлбэрийг уншиж дуусмагц эрийн цээнд хүрсэн байв аа. Тэгэхээр дурлаж, хайрлах, бишрэх нь энэ ертөнцийн хамгийн агуу үйл болохын зэрэгцээ гоо үзэсгэлэн гэгч хүн төрөлхтөн бурхны өмнөөс толгой гудайлгүй эгцлэн ширтэх ганц шалтгаан, өмнөө барих мод бололтой.

Томас Манн ижил хүйстэндээ сэтгэл татагддаг нэгэн байсан ба зохиолоо өөрийн амьдралаас санаа аван бичжээ. Тэрээр энэ туужаа “Гутан доройтохуйн эмгэнэлт драм” гэж тодорхойлсон нь бий.

“Дэлхий ертөнц даяараа сайн сайхан бүтээлийг л мэдэхээс бус, уг үндсийг ч, ямар учрал тохиолоор бүтээгдэж бий болсныг мэддэггүй нь яриангүй сайн хэрэг. Учир нь уран бүтээлчийн тархийг онгод сэдлээр дүүргэсэн эх сурвалж нь чухам юу байсныг мэдмэгцээ хүмүүс айж балмагдан, агуу бүтээлийн хүч салхинд сарниж одох нь олонтаа”.

Венец дэх үхэл|Томас Манн|98 дугаар тал

А.МӨНХЗУЛ

Онцлох нийтлэлүүд