Цаг үе
2021.04.19 05:04

Ноос, ноолуурыг экспортод гаргахдаа олон улсын мал эмнэлгийн цахим гэрчилгээ олгоно

Ноос, ноолуурын 191 үйлдвэрт гэрчилгээ олгожээ

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаалаар “Мал эмнэлгийн гэрчилгээний загвар, хэрэглэх заавар”-ыг шинэчлэн батлаад буй.

Энэхүү өөрчлөлтийн хүрээнд Олон улсын мал эмнэлгийн цахим гэрчилгээ авахад “Хөдөө аж ахуйн биржээр арилжсан бараа, түүхий эдийн тодорхойлолт”-ыг шаарддаг болсон байна.

Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд болох ямааны ноолуур, хонь, тэмээний болон завод ноосыг экспортод гаргахдаа заавал биржийн арилжаанд оролцсон тодорхойлолтыг үндэслэн цахим гэрчилгээг олгох юм.

“Мал эмнэлгийн гэрчилгээний загвар, хэрэглэх заавар”-ыг 2021 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс нийтээр дагаж мөрдөх бөгөөд энэхүү журам нь “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах чухал ач холбогдолтой юм.

Хөдөө аж ахуйн биржээр арилжаалах бараа, түүхий эдийн нэр төрөл тус бүрээр биржийн итгэмжлэл хүсэгчид тавих шалгуур үзүүлэлтийг гаргасан байдаг. Тус шалгуур үзүүлэлтийг хангасан, арилжаанд орох бараа, түүхий эдийг хүлээн авч анхан шатны тордолт, чанарын хамгаалалт хийж хадгалах, боловсруулах үйлчилгээ үзүүлдэг этгээдэд бирж итгэмжлэл олгож гэрээ байгуулан хамтран ажилладаг.

Энэ онд үр тарианы 23, түүхий эдийн 100 агуулах итгэмжлэхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд Хөдөө аж ахуйн биржийн шалгуур үзүүлэлтийг хангасан 14 агуулахад итгэмжлэл олгоод байна. Мөн 67 агуулахыг итгэмжлэх үйл явц бичиг баримтын бүрдүүлэлтийн шатанд явж байгаа юм. 2021 оны сүүл гэхэд төлөвлөгөөний дагуу биржийн итгэмжлэлийг бүрэн олгох зорилт тавин ажиллаж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Онцлох нийтлэлүүд