Өдрийн сонин үнэнийг хэлнэ
АНУ пуужингийн туршилтаа зогсоож, хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг БНАСАУ-д уриалжээ Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн Зөвлөгөө: ​Халдварын авсны дараа хэт ачаалалтай дасгал хийх нь уушгинд сөргөөр нөлөөлнө ОБЕГ: 75 настай иргэн гэртэйгээ шатаж нас баржээ Улсын Харцага Т.Баасанхүү Лигийн анхны барилдааны аварга боллоо Хогийн цэгийг хүүхдийн тоглоомын талбай болгон өөрчилжээ БНХАУ болон ОХУ-ын тэнгисийн хүчин Номхон далайд хамтарсан эргүүл хийв "Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2021" үзэсгэлэн худалдаа болж байна Монгол Улс аж ахуйн нэгжүүдээ тоолно Наса “Артимес-1” хөлгийг сар луу хөөргөх хугацааг хойшлууллаа АНУ пуужингийн туршилтаа зогсоож, хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг БНАСАУ-д уриалжээ Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн Зөвлөгөө: ​Халдварын авсны дараа хэт ачаалалтай дасгал хийх нь уушгинд сөргөөр нөлөөлнө ОБЕГ: 75 настай иргэн гэртэйгээ шатаж нас баржээ Улсын Харцага Т.Баасанхүү Лигийн анхны барилдааны аварга боллоо Хогийн цэгийг хүүхдийн тоглоомын талбай болгон өөрчилжээ БНХАУ болон ОХУ-ын тэнгисийн хүчин Номхон далайд хамтарсан эргүүл хийв "Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2021" үзэсгэлэн худалдаа болж байна Монгол Улс аж ахуйн нэгжүүдээ тоолно Наса “Артимес-1” хөлгийг сар луу хөөргөх хугацааг хойшлууллаа
Улс төр
2021.05.01 10:05

Нэр дэвшигчээ зарлахын өмнөх улс төр

МАН-Н ГЕНСЕК Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН УРАН НҮҮДЭЛ БУЮУ СААДЫГ АРИЛГАСАН НЬ

Энэ ням гаригт Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчид тодорхой болно. Ерөнхийлөгчид нэр дэвшигчид эхнээсээ сонирхлоо илэрхийлээд эхэлчихсэн. МАНаас У.Хүрэлсүх, АНаас Р.Амаржаргал, мөн Л.Гүндалай, Н.Алтанхуяг нар өөрийн сошиал хаягуудаараа болон хэвлэлээр нэр дэвших хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Яригдаж байгаа нэрс, далдхан санаархал бол хаа сайгүй л байна. УИХд суудалтай дөрвөн нам нэр дэвшүүлэх эрхтэй байсан бол МАНд МАХН нэгдсэнээр “Та бидний эвсэл” гурав боллоо. Н.Энхбаяртай удаан хугацаанд уулзалтууд хийж санасандаа хүрч авлаа. Харин Ерөнхийлөгчид нэр дэвших сонирхолтой С.Ганбаатарын хувьд ИЗНН-аас болон ХҮН гээд намууд руу боломж хайн холбогджээ. ХҮН мэдээж хүлээж аваагүй. “Та бидний эвсэл”дбагтсан ИЗНН, МУННаас нэр дэвших боломж байсан ч ИЗНН мөн л АН шиг дотоод маргаанаа шийдэж чадаагүйгээс Дээд шүүх бүртгэсэнгүй. Гэтэл тэрээр өчигдөр МАХНаас гарч байгаагаа мэдэгдээд О.Цогтгэрэлийн АН-д элсчихлээ. Мөн МАН түүнд зүгээр л боломж олгохгүй нь тодорхой. С.Ганбаатарын ард Ерөнхийлөгчийг байгаа гэсэн хардлага үнэн байсныг энэ үйл явдал баталлаа. Ганцаарчилсан тоглолттой тэрээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бодлоо хаяагүй байна лээ. Ердөө хоёр л хоног үлдлээ дээ. Нам, намын хаалга татаж гүйсэн нь бол бодитой. Улс төрийн үйл явдал өрнөсөн энэ эгзэгтэй үед хамгийн уран нүүдэл хийж байгаа нь МАН. Тэр тусмаа МАНын генсек Д.Амарбаясгалан. Түүнийг С.Баярын дараа гарч ирж буй стратегич гэж ажиглагчид хэлэх болж. Ерөнхийлөгчид Х.Баттулга эрх баригчидтай байлдаж, тоо томшгүй гаргалгаа, алхмууд хийж байгаа ч нийтэд нэр хүндээ унатал нүдүүлсэн ч хариу үйлдэл хийж, хэрүүл хийхгүй чимээгүйхэн ажилласаар байж. Д.Амарбаясгалан сонгуулиар МАНын саналыг хамгийн их хуваадаг МАХН-ыг нэгтгэлээ. Өрсөлдвөл санал хуваах, эвгүйтвэл алаан дундуур гараад ирж мэдэх байсан С.Ганбаатарын боломжийг хаалаа. Вакцины гомдлыг дарж, бүрэн татаж авлаа. Намынх нь нэр дэвшигчтэй өрсөлдөөд гараад ирж ч мэдэх байсан одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвшүүлэхгүй болголоо. Хэдийгээр эхэндээ оролцоогүй ч үйл явдлыг соргог мэдэрч тоглосон болов уу. Хамгийн том өрсөлдөгч гэж хэлж болох Ардчилсан нам өөрсдөө дотроо хуваагдсан ч үүн дээр мөн л МАН нарийн бодлого гүйлгэсэн нь тодорхой. Гэвч өрсөлдөгч намаа сонгуульд бүр оруулахгүй алхам хийхгүй байлгүй. Ямар ч байсан МАНаас нэр дэвших У.Хүрэлсүхийнхээ замын саадыг Д.Амарбаясгалан аятайхан засаж арилгаж байна. Тавдугаар сарын 2 гэхэд намуудын нэр дэвшигчид тодорчихно. Тэр хүртэл хэдхэн хоногт улс төрийн үйл явдал өрнөл ихтэй байх биз.

М.ТУЛГАТЫН УДИРДСАН АН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ОРОЛЦОНО

Ардчилсан нам бол Монголд зайлшгүй байх ёстой, тэр тусмаа гол тоглогчийн нэг байх ёстой нам. Дотоодын зодоонтой АНыг Дээд шүүх бүртгэсэнгүй. Дээд шүүхийн шийдвэрээс харвал М.Тулгатын даргалдаг АН-д боломж илүү байх шиг. Одоо тэдэнд маш бага хугацаа үлдсэн. Өнгөрсөн пүрэв гаригт хоёр талцсан АНын удирдлагууд уулзалджээ. Гэвч тодорхой шийдвэрт хүрээгүй байна. О.Цогтгэрэлийн даргалсан АНынхан З.Энхболд, Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин нарыг өрсөлдүүлэх санал хэлсэн бол М.Тулгатын АНд одоогоор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр саналаа өгсөн гурван хүн байгаа юм. Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал, Л.Гүндалай нар. Гэвч Ерөнхийлөгчид өрсөлдөх сонирхолтой нам дамжин гүйсэн С.Ганбаатар өчигдөр гэнэт О.Цогтгэрэлийн АН-д элслээ. Нөхцөл байдал цааш хэрхэн өрнөх бол. Ямар ч байсан хагаралдсан АН-ын хоёр тал эвлэрэх эсэхээ ярилцахаар уулзахдаа тодорхой үр дүнд хүрээгүй бөгөөд М.Тулгатын АН хууль зүйн хувьд илүү боломжтойгоороо Дээд шүүхийн шаардсан бичиг баримтыг бүрдүүлж өгөөд цааш явах болж байна. Өнөөдөр Дээд шүүхээр АН-тай холбоотой бас нэг хурал болох бөгөөд С.Эрдэнэ, Ц.Туваан хоёрын тамганы маргаан эцэслэгдэнэ. АН-ын хуваагдалд намын удирдлага, одоогийн Ерөнхийлөгчийн ч оролцоо байгаа. АНын хувьд бусдаас буруу хайхаас илүүтэй өөрсдөө л ухаалаг байж нэг талдаа гарахаас өөр гарц үлдсэнгүй. Ингээд Х.Баттулгынхаа асуудлыг хойш тавиад арай томоор харж, эвлэрэх зай үлдсэн бол эвлэрч, хаяхыг нь хаяад цааш явах л зам үлдлээ. Дээд шүүхэд бүртгүүлж, зөвхөн сонгуульдаа анхаарлаа хандуулж ажиллах л хэрэгтэй байна. Зөв хүнээ дэвшүүлж чадвал хэдийгээр эрх баригч намын нэр дэвшигч хүчтэй байлаа ч ухаалаг зөв тогловол ялалт ирж ч болно шүү дээ. Хүсвэл гарц үргэлж л байдаг. Дээд шүүхийн буцаасан шийдвэр аль алинд нь анхааруулга болсон. Тэрнээс хойш АН хаана хаанаа өдөр шөнөгүй л ажиллаж байгаа юм. М.Тулгатын АН хэрэв албан ёсны эрхээ Дээд шүүхээс авчихвал дээрх нэр дурдагдсан хүмүүсээс нэлээд нь хасагдаж таарах биз. М.Тулгатын удирдсан АН-ын генсек ч бас шаггүй хуульч Ч.Өнөрбаяр. Тэрээр Дээд шүүхэд бүртгүүлэх нарийн гаргалгаануудыг гаргасан юм билээ. Хоёр том намын сонгуулийн гол стратегид генсекүүдийн нүүдэл ихээхэн нөлөөлнө.

ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ ЭВСЭЛ ЗӨВ ХҮНЭЭ ДЭВШҮҮЛБЭЛ ЮУ БОЛОХ ВЭ

“Ерөнхийлөгчөө захиалъя” хэмээсэн “Зөв Хүн Электорат эвсэл” Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй. Олон нийтийн захиалга таван хүн дээр тогтоод байгаа талаар өмнө нь мэдээлж байсан. Ц.Оюунгэрэл, Б.Болдсайхан, ДеФакто Д.Жаргалсайхан, Баабар, Д.Энхбат нар тунаад үлдсэн. Дандаа хүлээн зөвшөөрөгдсөн, нийгмийн зүтгэлтнүүд. Тус эвсэл Ерөнхийлөгчөө захиалсан нь үнэн бол олон нийтийн хүсэлтийг харгалзан энэ тавын нэг л Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө. Дээрх тавтай эвслийн удирдлагууд тус бүртэй нь уулзалдаж ярилцаж байгаа юм билээ. Тэдний дунд өөртөө итгэлгүй эргэлзэж байгаа, туньж байгаа, хөрөнгө санхүүгийн хувьд асуудал үүснэ гэж болгоомжилж байгаа хүмүүс бий.

ХҮН, Социал демократ, Зүй ёсны намуудын нийлсэн Зөв Хүн Электорат эвсэл Төлөөлөх зөвлөлийн хурлаараа нэр дэвшигчээ тодруулж, батлах юм. Төлөөлөх зөвлөлийн есөн хүнтэй бөгөөд ХҮН-аас тав, нөгөө хоёр намын тус бүр хоёр төлөөлөлтэй аж. Ерөнхийлөгчийн сонгуулийн гол өрсөлдөөн хоёр том намын дунд өрнөнө. АН, МАН-ын орон даяар үүсгэсэн бүтэц, арга туршлага, гишүүдийн тоо гээд Зөв Хүн Электорат эвсэл зүйрлэх юм биш. Гэвч Ерөнхийлөгчийн сонгуулиар нам биш хүний нүүр их чухал болдог тал бий. Тус эвслээс нийт иргэдэд таалалтай, таалагдааг хэн нэгнийг гаргаад ирвэл өрсөлдөөн их л ширүүхэн болж, сонгууль, хоёр дахь шат руу ч шилжих магадлал бий. Ингээд сонгууль эхэллээ дээ. Нэр дэвшигчид тодорчих л юм бол үйл явдал тасралтгүй өрнөнө. Албан бусаар сурталчилгаа ч явж эхлэх биз. Уг нь Тавдугаар сарын 24нөөс зургадугаар сарын 7ны өдрийг дуустал үргэлжилнэ. Одоо иргэд булчин, айхавтар эр зориг, шударга ёс ярьсан дүрээс залхсан. Гавьяа байгуулж сүйд болохгүй ч гай болохгүйхэн шиг Ерөнхийлөгчтэй болохыг хүсч байгаа даа.

Онцлох нийтлэлүүд