Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Канад улсын SEMEX компанийн төлөөлөлтэй цахимаар уулзав Баян-Өлгий аймагт цагаан сарын баярыг угтан шилдэг ерөөл шалгаруулах уралдаан зарлалаа Монголд байгаа гадаадын байгууллагууд жил бүр зөвшөөрөл сунгуулах шаардлагагүй боллоо Б.Баасандорж: Мэргэжлийн хяналтын байгууллага бизнес эрхлэгчдээ дэмжсэн бодлого баримтална Бээжинд ирсэн олимпийн оролцогчдоос дахин халдварын тохиолдол илэрчээ "Ногоон дэлхий-Бидний ирээдүй" сэдэвт хүүхдийн гар зургийн уралдааны шилдэг бүтээлүүд тодорлоо  "Тасартлаа уусан учир хүүхэд хэрцгийгээр зодсоноо санахгүй байна" гэжээ Оюутолгойн 2.4 тэрбум ам.долларын өр тэглэх батламжид гарын үсэг зурлаа Инженерийн цэргүүд цусаа хандивлалаа Зэсийн үнэ 171 ам.доллароор уналаа Канад улсын SEMEX компанийн төлөөлөлтэй цахимаар уулзав Баян-Өлгий аймагт цагаан сарын баярыг угтан шилдэг ерөөл шалгаруулах уралдаан зарлалаа Монголд байгаа гадаадын байгууллагууд жил бүр зөвшөөрөл сунгуулах шаардлагагүй боллоо Б.Баасандорж: Мэргэжлийн хяналтын байгууллага бизнес эрхлэгчдээ дэмжсэн бодлого баримтална Бээжинд ирсэн олимпийн оролцогчдоос дахин халдварын тохиолдол илэрчээ "Ногоон дэлхий-Бидний ирээдүй" сэдэвт хүүхдийн гар зургийн уралдааны шилдэг бүтээлүүд тодорлоо  "Тасартлаа уусан учир хүүхэд хэрцгийгээр зодсоноо санахгүй байна" гэжээ Оюутолгойн 2.4 тэрбум ам.долларын өр тэглэх батламжид гарын үсэг зурлаа Инженерийн цэргүүд цусаа хандивлалаа Зэсийн үнэ 171 ам.доллароор уналаа
Онцлох нийтлэл
2016.09.08 06:09

Нэхий боодол бохины үнэгүй болсны учир (III)

Түрүүч нь "Өдрийн сонин"-ы №198, 199 (5463, 5464) дугаарт

-ЭХ СУРВАЛЖИЙН МЭДЭЭЛЛИЙН МӨРӨӨР ҮНЭНИЙГ ХАЙСАН НЬ-

Монгол мал аж ахуйн орон. 76 сая малтай баян улс. Гэтэл зах зээл дээр хонины нэхий боодол бохины үнэ хүрэхгүй, ихэнх нь хотондоо хаягдаж байна. Зах зээлд боодол бохины үнээр зарагдсан нэхий ченжүүдээр дамжаад үйлдвэрт хагас боловсруулагдаж Хятадын болон олон улсын зах зээлд гардаг. Нэмүү өртөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой үйлдвэрүүд хүчин чадлаараа ажиллаж чадахгүй, өмнөх дугаарт өгүүлсэнчлэн хятадуудын авсан нэхийг боловсруулсныхаа хөлсийг аваад өнөө, маргаашийг өнгөрөөж байна. Хятадууд эндээс хэдэн мянган нэхийг бохиноос хямд үнээр авч, үйлдвэрт түрээс төлж хагас боловсруулаад гаргаж болдог. Гэтэл үндэсний үйлдвэрүүд яагаад тэдэнтэй өрсөлдөөд өөрсдөө нэхий авч, түүнийгээ боловсруулаад дэлхийн зах зээлд гаргаж чадахгүй байна вэ.

ҮЙЛДВЭРЛЭГЧИД ТАТВАР ТӨЛНӨ, ЧЕНЖҮҮД ТӨЛӨХГҮЙ

Арьс, ширний салбарын түүхий эдэд 150 орчим тэрбум төгрөг эргэлддэг талаар сонслоо. Энэ мөнгөний ихэнх нь далд байдаг гэдэг мэдээллийг бас авав. Малчдаас арьс, шир авч байгаа зах зээл үйлдвэр болон ченж хоёрт хуваагддаг. Тэгвэл 30 гаруйхан үйлдвэрүүдийн эргэлт ил, улсын хэмжээнд ажиллаж байгаа ченжүүдийн бизнес далд байдаг. Үүнийг жишээгээр тайлбарлавал, иргэн Дорж ченж. Тэр энэ салбарт ажилладаг хятад бизнесмэнд зуучилдаг. Хятад түнш нь хоёр мянган нэхийний захиалга өгнө. Дорж түншийнхээ санал болгосон үнээс ашиг гаргаж малчдаас түүхий эд худалдаж авдаг. Цуглуулсан нэхийгээ вет-блю болгохын тулд боловсруулах үйлдвэрт хандана. Ингэхдээ “А үйлдвэр 10 юаниар боловсруулна гэсэн. Танайх эндээс доод үнээр боловсруулна гэвэл гэрээ хийлээ” гэж тулгадаг. Боловсруулах үйлдвэрүүд хоорондоо “Доржийн нэхийг 11-12 юаниар л боловсруулна шүү” гэж тохироо хийсэн ч ажилтай байхын тулд Доржтой нууц гэрээ хийж үнээ буулгадаг. Дорж нэхийгээ цүнх эсвэл хувцасны зориулалттай боловсруулна гэж үзвэл Хятадаас технологичоо авчирч үйлдвэрт ажиллуулна. Боловсруулах үйлдвэр Доржийн захиалсан ажлыг гүйцэтгэсэн тайлангаа гаргаж хуулийн дагуу татвараа төлнө. Дээр нь цахилгаан, ус, ажилчдын цалингийн зардлаа төлж байгаа учраас зүгээр байснаас дээр. Дорж боловсруулсан арьсаа хилээр гаргахдаа зуучлагч компанийн гаалийн бүрдүүлэлт хийж, хятад нөхрийн барааг хилээр татваргүй гаргачихна. Хуулиараа зуучлагч компани татвар төлөх ёстой. Доржийн компани НӨАТ, ашгийн татвар, нийгмийн даатгал, ХАОАТ төлөх үүрэгтэй. Гэтэл Дорж компанидаа экс тайлан гаргаад дампууруулчихдаг. Түүнд маш олон компани байдаг учраас нэг зуучлал хийчихээд дампууруулаад байж болно. Хятад түншээсээ зуучлалын хөлс аваад хагас боловсруулсан нэхий хаягаар нь явуулчихна. Доржийн компани яагаад экс тайлан гаргаж дампуурч байгаад төрийн байгууллага хяналт тавьдаггүйд бас учир байна. Ингээд хятад түнш, Дорж хоёр Монгол Улсад орлого тодорхой бус үндэслэлээр багахан төгрөгийн татвар төлөөд 300, 400 төгрөгөөр авсан нэхийгээ боловсруулаад нэг нэхийг 4000-5000 төгрөгийн зардалтайгаар аваад явчихна.

Харин үйлдвэрүүд мөн л малчдаас 300, 400 төгрөгөөр нэхий авна. Үүнийгээ хятадуудад ажилласнаас арай бага зардлаар боловсруулж Итали, Вьетнам, Турк, Франц гэх мэт улсууд руу гаргадаг. Ингэхдээ ХАОАТ, НӨАТ, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нийгмийн даатгал гээд бүх төрлийн татварыг төлнө.

Энэ шалтгаанаар үйлдвэрлэгчид зах зээлээс шахагддаг юм байна. Дорж шиг олон ченжийг хөдөлгөж байгаа, цаашлаад салбарыг нь атгаж байгаа хоёр л хятад байдаг гэдгийг бүгд шахам ярих юм. Нэрийг нь ч андахгүй юм билээ. Салбарынхны яриад байгаа О, С гэх хоёр нөхөр энд нутаг нэгтнүүдээ байлгадаг, монголчуудаар зуучлуулдаг.

Тэгвэл манай боловсруулах үйлдвэрүүд ченжүүдээр дамжуулахгүй өөрсдөө нэхийгээ боловсруулаад Хятадын том зах зээлд яагаад гаргаж болохгүй гэж. Эх сурвалжид ийм асуулт тавихад Хятадын нэг муж дахь үйлдвэртэй түншилье гэхэд “Зуун мянган төлөгний арьс авъя. Гэхдээ манай үйлдвэрт ирэх хүртэлх бүх асуудлыг танайх хариуц” гэж. Ингээд нэхий гаргах болоход Эрээний гаалийн баталгаат агуулахын талбай нь дээр дурдсан О, С хоёрын нэгийнх нь өмч болж таарч. Тэр агуулахаар нэхий гаргахын тулд маш өндөр татвар төлөх шаардлага гарч, боломж байхгүйг мэдрээд өөр зах зээл хайсан гэдэг.

ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭХ ГЭТЭЛ...

Шинэчлэлийн Засгийн газар үйлдвэрлэлийг дэмжиж, үйлдвэрлэгч улс болох мөрийн хөтөлбөртэй ажилласан. Үүний хүрээнд арьс, ширний салбарыг дэмжиж 140 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон тухай өмнөх нийтлэлүүддээ өгүүлсэн билээ. Энэ хөрөнгө оруулалтаар үйлдвэрлэгчид тоног төхөөрөмжөө сайжруулсан. “Их эргэлт” компани нэг тэрбум төгрөгөөр дэлхийд тэргүүлэх боловсруулах тоног төхөөрөмж оруулж ирсэн, “Монгол шверо”, “Мон ирээдүй”, “Дархан минж” зэрэг компаниуд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр тоног төхөөрөмжөө сайжруулсан. “Best shoes”, “Хас гутал”, “Хайтан” зэрэг 30 гаруй үйлдвэр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай болсон.

Тоног төхөөрөмжөө шинэчилчихлээ, мал аж ахуйн оронд түүхий эд хомсодно гэхэд хэцүү. Тэгвэл яагаад эцсийн бүтээгдэхүүн хангалттай үйлдвэрлэж чадахгүй, арьс хагас боловсруулсны хөлс аваад байгаад байна вэ.

“Дархан нэхий” 65 мянган төгрөгийн үнэтэй өвлийн гутал хийснийгээ Казахстаны зах зээл рүү ганзагын наймаачдаар дамжуулж гаргаж байгаа гэнэ. Яагаад гэвэл Орос, Хятадын зах зээлд бүтээгдэхүүн гаргахад 40 хувийн татвар төлдөг. Тэгэхээр гадагшаа эцсийн бүтээгдэхүүн гаргах боломж байхгүй.

Жилд хүн гурван гутал өмсдөг, тэр жилдээ заавал нэг гутал худалдаж авдаг гэсэн судалгаа байдаг юм байна. Манайх шиг эрс тэс уур амьсгалтай газарт гурван гутал худалдаж авдаг гэнэ. Энэ судалгаагаар манай улсад жилд 4.5 сая гутлын хэрэгцээ гарна. Тэгвэл дотооддоо 500 мянган гутал л үйлдвэрлэдэг. Гэтэл наймаачид Хятад болон өөр улсуудаас цүнх, цүнхээр нь гутал авчраад зах зээлийг хангачихдаг. Орлого тодорхойгүй гэдэг үндэслэлээр татвар төлдөггүй, гарал үүслийн гэрчилгээгүй, хиймэл арьсан гутал, цүнхээр дотоодын зах зээлийг үйлдвэрлэгчдэд сиймхий гардаггүй бололтой юм. “Та нарын үйлдвэрлэсэн цүнх, гутал дийлдэхгүй үнэтэй юм чинь яаж зарагдах юм бэ” гэж үйлдвэрлэгчдээс асуухад “Энэ намар 30 мянган оюутанд бүгдэд нь арьсан цүнх зарна гэвэл зах дээрх хятад хулдаасан цүнхнийхтэй адил үнээр боломжгүй. Олон тоогоор үйлдвэрлэх тутам зардал багасна. Гэтэл нөгөө талд ямар ч татварын дарамтгүй орж ирсэн хэдэн мянган цүнх зах зээл хаачихдаг. Бусад улсад лангуун дээр нь барааны гаалийн бүрдүүлэлтийг шалгадаг, зориулалтын бусаар оруулж ирсэн байвал улсын орлого болгодог. Манайд тийм төрийн бодлого байхгүй. Бид эцсийн бүтээгдэхүүнийг олноор үйлдвэрлэх тутам зах зээл дээрх түүхий эдийн үнэ өсөх жамтай” гэв.

МАЛЧДАД УРАМШУУЛАЛ ОЛГОХ ҮР ДҮНТЭЙ ЮҮ

2012 оноос “Арьс, ширний салбарыг сэргээн хөгжүүлэх төсөл” хэрэгжиж эхэлсэн. Энэ төсөлд үндэсний үйлдвэрлэгчид арьс, шир тушаасан малчид урамшуулал авахаар тусгаж, Засгийн газрын тогтоол гаргасан. Малчдад хоёр тэрбум гаруй төгрөгийн урамшуулал олгосон байдаг. Дээр өгүүлсэн төслийг амжилттай хэрэгжүүлбэл, арьс, ширний салбар жилд 200 тэрбум төгрөгийн татварын орлого бүрдүүлнэ. 2020 он хүртэл хэрэгжих уг төслийг үзэхэд “Арьс, ширэн түүхий эдийг гүн боловсруулах үйлдвэрлэлийн бүтцэд чанарын өөрчлөлт гаргаж, жилд 1.01 их наяд төгрөгийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулж, 25 мянган ажилтантай болж, 460 сая ам.долларын экспорт хийнэ” гэсэн үр дүнг төсөөлжээ. Энэ төслийг хэрэгжүүлэх гол түлхүүр нь үндэсний үйлдвэрт арьс, шир тушаасан малчинд урамшуулал олгох байсан. Үйлдвэрлэгчдийн хувьд энэ урамшууллыг үргэлжлүүлэх ёстой гэсэн байр суурь илэрхийлж байсан. Харин ченжүүд үүнийг үр дүнгүй, хагас боловсруулсан бүтээгдэхүүн л хилээр гаргана гэсэн хоригоо цуцалбал, зах зээлийн өрсөлдөөнөөр түүхий эдийн үнэ өснө гэцгээж байлаа. Гэвч Монгол Улс хил дамнуулан худалдаалахад хориглодог малын гаралтай гоц халдварт өвчний эрсдэлтэй орнуудын тоонд ордог учраас манайхаас түүхийгээр арьс авах сонирхолгүй байдаг юм байна.

Үүнээс гадна УИХ-ын 2012 оны 74 дүгээр тогтоол, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөний тодотголоор “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” байгуулахаар болсон. Өдийг хүртэл бэлтгэл ажил хийгдэж байгаа. Энэ парк ажил болбол боловсруулах үйлдвэрүүд нэг газар төвлөрнө. Тэгвэл тээврийн зардал, усны төлбөр багасна. Хоёрдогч түүхий эд буюу шар мах, халим, арьсны зоргодос, завод ноосыг боловсруулж зах зээлд нийлүүлэх боломж бүрдэнэ. Ингэснээр арьс, ширний салбарын өрсөлдөх чадвар сайжирч, нэхийний үнэ өсөх боломжтой болох аж. Гэтэл төрөөс дэд бүтэц шийдэгдэхгүй байгаа аж.

МАЛАА ЭРҮҮЛЖҮҮЛБЭЛ НЭХИЙНИЙ ҮНЭ ӨСНӨ

Эдийн засагчид ийм л гарц яриад байх юм. “Toyota”, “Mitsubishi” корпорациудаас төлөөлөгчид ирж үйлдвэрлэдэг машиныхаа дотор бүрээс хийх арьс манайхаас авах талаар судалжээ. Харамсалтай нь манай малын арьс шир шаардлагад нь нийцээгүй гэнэ. Өнгөрсөн жил Шанхайд болсон үзэсгэлэнгийн үеэр Арабын бизнесмэн “Танайх малаа эрүүлжүүлчихвэл их хэмжээний мах, арьс авах гэрээ байгуулъя” гэдэг санал бас тавьжээ.

Монгол нэхий шивээтэй, сорвитой, вакцин хийлгээгүйгээс хачиг хувалзад идэгдсэн, зориулалтын бус аргаар нядалснаас урагдсан гэдэг шалтгаанаар гологддог гэнэ. Ерөөсөө л малаа эрүүлжүүлж, удмын сангаа сайжруулбал дэлхийн зах зээлд манай нэхий тоогдож, тэр хэрээр үнэ нь өсөх аж. Үүнээс гадна манайхан малаа хөгшрүүлж байж муулдаг. Тэгвэл мал аж ахуйн орнууд малаа 12-18 сартай болгоод нядалдаг. Ийм хугацаанд нядалсан малын мах ч, арьс ч үнэд хүрдэг байна.

Яавал мал эрүүлжиж, нэхий үнэд хүрэх талаар эдийн засагч, судлаачдаас тодрууллаа. Гурван сумын дунд мал нядалгааны цех ажиллуулах шаардлагатайг судлаачид ярилаа. Мал нядалгааны цех малчидтай, ойр хавийн хүнсний дэлгүүр, худалдааны төв, эмнэлэг, сургуультай гэрээ хийнэ. Цехэд сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтэн ажиллаж ариутгал хийлгэсэн, вакцинжуулсан малыг нядлуулах зөвшөөрөл өгнө. Мал нядалгааны цехийн дэргэд арьс арьчилгааны хэсэг бас ажиллах ёстой. Одоогоор “Мах импэкс” компани ийм ажлыг эхлүүлж байгаа гэнэ.

Ингэж мал эрүүлжүүлэхэд төрөөс мөнгө гаргах шаардлагагүй гэдгийг судлаачид ярьсан. Ерөөсөө УИХ, Засгийн газраас эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд нядалсан, гарал үүслийн гэрчилгээгүй мах худалдаалахыг хориглоно гэсэн шийдвэр гаргахад зах зээлийн жамаар мал нядалгааны цех ажиллана гэдгийг ярьсан юм.

МОНГОЛ БРЭНДИЙГ ДЭЛХИЙД ТАНИУЛАХ ГАРЦ ХАЙЯ

“Prada”-гийн цүнхийг монгол ямааны, “Эсо” брэндийн гутлыг монгол сарлагийн арьсаар хийдэг. Гэвч тэд дэлхийд хэзээ ч монгол арьсаар хийсэн гэж зарладаггүй. Монгол малын арьс дэлхийн брэнд бүтээгдэхүүний материал болж байна. Тэгвэл дэлхийн зах зээлд өрсөлдөх дотоодын брэнд үйлдвэрлэх цаг болсныг судлаачид хэлсэн. Үүний тулд малаа эрүүлжүүлж, удмын санг нь сайжруулах зайлшгүй шаардлага бий. Умард Солонгос “ugg” гутал үйлдвэрлэх хонины нэхий Монголоос авах гэрээ хийхээр саяхан иржээ. Гэвч монгол хонины нэхийний үс ширүүдээд шаардлагад нийцээгүй аж. Гэхдээ манайд нохой сүүлтэй хонины үлдэр цөөн тооны бий. Түүн дээрээ түшиглэн гэрээ байгуулахаар ажиллаж байгаа аж. Мөн Голланд улсаас 2-5 см үстэй хонины нэхий авахаар гэрээ хийжээ. Энэ мэтчилэн олон улсын шаардлага, бизнесмэнүүдийн шаардлагад нийцэхүйц нэхий нийлүүлж чадвал, Говь шиг арьсан бүтээгдэхүүний брэндийг таниулж чадвал мал аж ахуйн орон Монгол Улсын түүхий эдийн үнэ өсөх сайхан ирээдүй харагдаж байна.

Онцлох нийтлэлүүд