Өдрийн сонин үнэнийг хэлнэ
БНСУ ирэх сараас богино хугацааны аяллын виз олгож эхэлнэ DNN.mn Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр боллоо DNN.mn Д.Цогтбаатар: Иргэдийг хувцсаар ялгаварлах нь хүний эрхийн ноцтой зөрчил DNN.mn Улсын дээд шүүхээс АН-ын талаар мэдэгдэл гаргалаа DNN.mn Ж.Дамдинсүрэн: Төрд 590 бүү хэл 50 автобус шингээх бааз, байрлуулах гараж байхгүй DNN.mn Энэ сард болох үндэсний бөхийн барилдаанууд DNN.mn Ардчилсан намын гишүүд, дэмжигчид Улсын дээд шүүхийн гадна жагсаал хийж байна DNN.mn Засгийн газрын гадаад өр 8.5 тэрбум ам.доллар байна DNN.mn Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгалаа DNN.mn МАА-н салбарын эрсдэлийг бууруулахад 53.7 тэрбум төгрөг зарцуулжээ DNN.mn БНСУ ирэх сараас богино хугацааны аяллын виз олгож эхэлнэ DNN.mn Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр боллоо DNN.mn Д.Цогтбаатар: Иргэдийг хувцсаар ялгаварлах нь хүний эрхийн ноцтой зөрчил DNN.mn Улсын дээд шүүхээс АН-ын талаар мэдэгдэл гаргалаа DNN.mn Ж.Дамдинсүрэн: Төрд 590 бүү хэл 50 автобус шингээх бааз, байрлуулах гараж байхгүй DNN.mn Энэ сард болох үндэсний бөхийн барилдаанууд DNN.mn Ардчилсан намын гишүүд, дэмжигчид Улсын дээд шүүхийн гадна жагсаал хийж байна DNN.mn Засгийн газрын гадаад өр 8.5 тэрбум ам.доллар байна DNN.mn Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгалаа DNN.mn МАА-н салбарын эрсдэлийг бууруулахад 53.7 тэрбум төгрөг зарцуулжээ DNN.mn
Нийгэм
2022.01.14 10:01

Нүүрсэн яндангийн ченжүүд барааг нь хураасан ГЕГ-тай шүүхдэж, бусдын эрүүл мэндийн эсрэг ноцтой гэмт хэрэг үйлдсээр байна


-НҮҮРСЭН ЯНДАНГ ХИЛЭЭР ГАРГАХЫГ ХОРИГЛОСОН БАРААНЫ ЖАСГСААЛТАД ЯАРАЛТАЙ ОРУУЛЪЯ-

Автомашины нүүрсэн яндангийн наймаачдын ховдог шунахай сэдлээс болж Улаанбаатар хотын агаарын бохирдлыг нэмэгдүүлж байгаа асуудлыг бид цувралаар хөндөн бичиж байгаа билээ.

Хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа “Prius 20” маркийн автомашины нүүрсэн яндан сүүлийн жилүүдэд үнэд хүрч, автомашиныг хилээр оруулж ирэхдээ янданг нь тайлаад авчихдаг, мөнгөний төлөө унаж яваа машиныхаа янданг тайлаад зарчихдаг, эсвэл бусдын машинаас тонож дээрэмддэг бүлгүүд бий болоод удаж байна. Үүнээс үүдэж Японд үйлдвэрлэсэн нүүрсэн яндантайгаа замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашин нүдний гэм болоход ойрхон байна.

Энэ асуудалд хамгийн түрүүнд хяналт тавих газар бол автомашины оношилгооны төвүүд. Автомашин жил бүр үзлэг оношилгоонд орох ёстой, хэрэв ороогүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй. Ийм атал замын хөдөлгөөнд нүүрсэн яндангүй автомашин оролцсоор байгаа нь ямар учиртай хэрэг вэ. Үзлэг оношилгооны газрууд нүүрсэн янданг тоолдоггүй юм уу, эсвэл байхгүй ч тэнцүүлээд явуулчихаад байна уу?


Ж.Доржготов: Нүүрсэн яндангүй машиныг тэнцүүлэхгүй буцаахаар хятад яндан тавиад ирдэг


Энэ асуудлыг тодруулахаар АТҮТ-ийн Сонгинохайрхан Техникийн хяналтын үндэсний төв дээр очив. Тус төвийнхөн өнгөрсөн оны хэмжээнд 10.000 гаруй “Prius” маркийн автомашин оношилсон байна. Нүүрсэн янданг оношилдог эсэх талаар тус төвийн үзлэгийн инженер Ж.Доржготовоос тодрууллаа.


-Нүүрсэн яндангүй машинууд хөдөлгөөнд их оролцож байна. Оношилгооны төвүүд нүүрсэн янданг оношлохгүй байна уу?

-Техникийн хяналтын үзлэгт ирж байгаа бүх машины утааны стандартын ангиллынх нь дагуу үзэж байгаа. Тэр стандартаа хангаж л байгаа бол техникийн хувьд боломжтой гэж үзэхээс аргагүй.

Нүүрсэн яндан байхгүй болчихоод байгаа асуудал сүүлийн хоёр, гурван жилээс эхэлсэн. Нүүрсэн яндан худалдаж авах эрэлт бий болж хүмүүс яндангаа хулгайд алдаж байна. Зарим нь санаатайгаар зарчихаж байна. Техникийн хувьд нүүрсэн яндангүй машин явах боломжгүй.

-Гэхдээ яваад л байна шүү дээ?

-Манайх өөрсдөө монголчлох зэргээр ямар нэгэн аргаар явуулаад байна. Түүнээс биш нүүрсэн яндангүй машин агаар бохирдуулахаас эхлээд машинд ч хор хохиролтой.

-Үзлэг дээр нүүрсэн янданг оношилдоггүй хэрэг үү?

-Нэг хэсэг нүүрсэн яндангүй машин их орж ирж байсан. Өнгөрсөн оны сүүлчээс харьцангуй багасч байна. Үзлэгийн төв дээр нүүрсэн яндангүй машиныг буцаадаг. Өнгөрсөн онд 268 машин нүүрсэн яндангүй ирж, буцсан. Он гараад гурван ийм тохиолдол гарсан.

Нүүрсэн янданг шалгаж байгаа ганц аргачлал бол бензин хөдөлгүүрт автомашины утаанд хорт бодисын хэмжээг үздэг стандарт байдаг. Автомашины CO2 0.3-аас ихгүй, CH нь 250-аас ихгүй байх ёстой. Утааных нь заалт ийм хэвийн байвал зүгээр гэж үзнэ. Харин хэвийн бус хэмжээнд байвал машины доогуур орж нүүрсэн яндан байгаа эсэхийг үздэг. Хэрэв хөндийлчихсөн, засвартай байх юм бол тэнцүүлэхгүй буцаадаг.

-Гэтэл замын хөдөлгөөнд нүүрсэн яндангүй машин оролцсоор байна шүү дээ. Хаана хийдэл гарчихаад байна вэ?

-Техникийн хяналтын үзлэгт машин жилд нэг удаа орж байгаа. Яндантай машинууд ч бий. Эсвэл бусдаасаа яндан аваад тавьчихаад орж байгаа нь ч байна. Хятад яндантай нь ч байгаа. Бид бол стандартаа л барина. Хятад яндантай байна, тэнцүүлэхгүй гэх боломжгүй. Дээрх 268 машинаас дийлэнх нь яндан тавиад л ороод ирсэн, стандартаараа үзээд тэнцсэн.

-Тэд мэдээж ориг яндан тавихгүй биз дээ?

-Хятад яндан тавиад л ороод ирдэг. Хаанаас хэдээр авав гэхээр “600.000-аар хятад яндан тавиуллаа. Ориг яндангийн үнэ дийлдэхгүй юм байна” гэж байх жишээтэй.

-Хятад яндан чанаргүй гэдэг. Тэгсэн хэрнээ тэнцээд байдаг хэрэг үү?

-Тэнцэхийн хувьд тэнцэнэ. Чанарын хувьд асуудалтай гэж жолооч нар ярьж л байдаг. Бид бол стандартаа барина шүү дээ.

-Нүүрсэн яндантай автомашиныг оношилгоонд оруулдаг болох талаар ямар шийдэл байж болох вэ?

-Худалдаж аваад байгаа эрэлтийг л зогсоох шаардлагатай болов уу. Саяхнаас л ийм асуудал үүсч байна шүү дээ. Өмнө нь машинууд яндантайгаа л оношилгоонд ордог байсан гэлээ.


Урд хөрш япон нүүрсэн яндангийн технологийг гүйцэж үйлдвэрлэж чаддаггүй учраас Монголоос татдаг уу


Нүүрсэн яндангийн ченжүүд бол Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь оршин сууж байгаа нийслэл хотын агаарын бохирдлыг нэмэгдүүлж, хүн ардынхаа эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа гэж хэлэхэд болно. Ингэж хэлэх ч үндэслэл, ноцтой баримтууд байна.

Ченжүүд нүүрсэн янданг худалдаж авдаг. Иргэд өөрсдөө ч зарна. Хулгайн бүлгүүд ч дамлан худалдана. Үнэ ханш нь 800.000-1.200.000 төгрөгт хүрдэг. Хамгийн ноцтой нь хилээр оруулж ирж байгаа “Prius 20” маркийн машинууд нүүрсэн яндангүй байх тохиолдол олон. Яндантайгаа орж ирдэг ч иргэдийн гар дээр очихдоо үгүй болчихдог. Эх сурвалжийн хэлж буйгаар нүүрсэн янданг авах ажиллагаа олон цэг дээр өрнөдөг гэнэ. Японд ч, Монголд орж ирсний дараа ч тайлаад авчихдаг. Дээр нь худалдаж авна, хулгайчид тоносноо зарна. Цахим сүлжээнд гэхэд нүүрсэн яндан худалдаж авах зар тоймгүй олон.

Хулгайлж, тонон дээрэмдэж, хямд үнээр худалдаж аваад цугларсан яндангаа наймаачид БНХАУ руу гаргадаг. Хил дээр мөн Хятад талын ченж байдаг. Тэд Монголоос гарч байгаа нүүрсэн янданг хүлээж авч цааш худалддаг. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын талд япон автомашины нүүрсэн яндангийн эрэлт өндөр байдаг юм байна. Албаны эх сурвалж “Нүүрсэн яндан доторх утаа шүүгчийг зөвхөн Японд өндөр технологиор үйлдвэрлэж гаргаж авдаг. БНХАУ, Хонконг зэрэг улс тэр технологид хүрч үйлдвэрлэж чаддаггүй учраас ийм эрэлт үүссэн гэсэн мэдээлэл албаны хүрээнд авагдаж байсан” гэж байна.


Б.Сүхбаатар: Хилдээрээс 800 яндан хураасан ч “Хориглосон бараа биш” гэж шүүх шийдээд бидактаа буцаасан


Энэ гэмт үйлдэл өнөөдөр хүртэл үргэлжилсээр байгаа учир шалтгаан нь хил гаалиар чөлөөтэй нэвтэрдэгтэй холбоотой юм. Энэ талаар ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэлийн газрын албаны дарга Б.Сүхбаатартай цөөн хором ярилцлаа.


-Урд хөрш рүү нүүрсэн янданг нэвтрүүлсээр байгаа үйлдэлд гаалийн байгууллага хяналт тавьж чадаж байна уу?

-2018 онд анх нүүрсэн яндантай холбоотой зөрчлийг гаалийн шалгалтаар илрүүлж, Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ авч, хураан авсан юм. 2018-2019 онд 800 орчим янданг хурааж авсан. Гэтэл холбогдогчид “Нүүрсэн яндан бол Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглож, хязгаарласан бараа биш” гээд гаалийн байгууллагыг шүүхэд өгсөн. Ингээд ажиллагаа явагдаад Дорноговь аймгийн Сум дундын шүүхээс гаалийн байгууллагын нүүрсэн янданг хурааж авсан захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

-Гайхмаар юм. Шүүх ингээд шийдчихэж байгаа юм уу?

-Засгийн газрын тогтоол, хууль тогтоомжид зааснаар хилээр гаргахыг хориглосон барааны жагсаалтад нүүрсэн яндан байдаггүй. Шүүх үүнийг л үндэслэсэн. Бид яах ч аргагүй болсон. Түүнээс хойш нөгөө нөхөд бүр гаалийн бүрдүүлэлт хийгээд нүүрсэн янданг энгийн бараа бүтээгдэхүүн шиг нэвтрүүлэх хандлага нэмэгдсэн.

-Тэгээд гаалийн байгууллага ямар ч арга хэмжээ авах боломжгүй болсон уу?

-Бид тэгээд орхиогүй. “Тэгвэл та нар нүүрсэн яндангийн өмчлөгч мөн гээд өөрсдийгөө баталсан тодорхойлолт авч ир” гэхэд “Гаалийн байгууллага өөрсдийн ажлаа хий. Бидний эрхэнд халдаж байна” гээд бүр асуудал үүсгээд эхэлсэн. Гэхдээ энд нэг талаар иргэдийн эд хөрөнгийг шамшигдуулж байгаа үйлдэл учраас бид цагдаагийн байгууллагад хүсэлт гаргасан. Энэ асуудал шалгагдаад явж байгаа болов уу” гэсэн юм.


Т.Төгс: Ченжүүдийг мөнгө угаах гэмт хэргээр эрүүгийн хариуцлага тооцох ёстой


Нүүрсэн яндангийн наймаачид даварчээ. Агаарын бохирдлыг нэмэгдүүлж байгаа гэмт үйлдлээ хууль ёсных гэж шүүхддэг ямар том зүрх, зориг, хударгагүй сэтгэл вэ. Тэдэнд өнөөдрийн хэдэн халтар төгрөг байхад үр хойч ирээдүй, хүн ард нь хордож, эрүүл мэндээрээ хохирч байх нь хамаагүй хэрэг үү. Тэднийг хянаж болох гол цэг гаалийн байгууллагынхан гацаанд орчихсон байна.

Наймаачид, ченжүүд, хулгайн бүлгүүд бүгд Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтнүүд болжээ. Хулгайчид гэхэд иргэдийн эд хөрөнгийг тонон дээрэмдэж, мөнгө олсоор байна. Үүнийг нотлох тоон мэдээлэл ч цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна. Бид энэ талаарх мэдээллийг тодруулахаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Төгстэй холбогдсон юм. Түүний өгсөн мэдээллээр нийслэл хотын хэмжээнд 2020 онд автомашины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэрэг 282 бүртгэгдсэнээс 182 буюу 64.7 хувийг нөхөн илрүүлж шийдвэрлэжээ. Харин 2021 онд 126 гэмт хэрэг бүртгэгдэж, 76 буюу 60.3 нөхөн илрүүлж чадсан байна.

Гэмт хэрэгтнүүд хэрхэн мэдүүлдэг талаар Т.Төгс хурандаа онцлохдоо “Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд амар хялбар аргаар түргэн хугацаанд мөнгө олох зорилгоор хулгайлах гэмт хэрэг үйлддэг бол гэмт хэргийн замаар олж авсан эд зүйлсийг худалдан авч зарж борлуулдаг ченжүүд цааш нь өндөр үнээр зарж борлуулдаг болох нь тогтоогдсон. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нь тухайн нүүрсэн янданд хар тугалга, цагаан алт, цери, циркони, зэс, төмөр зэрэг элементүүдийн найрлагатай байх тул өөр төрлийн бүтээгдэхүүнд ашиглах зорилгоор эрэлт хэрэгцээ ихэссэн” гэж байв.

Мөн тэрээр энэ төрлийн гэмт хэргийг бууруулах гол ажил бол “Монгол Улсын хилээр улсын автомашины нүүрсэн янданг экспортлох импортлохыг хориглох бараа материалыг жагсаалтад оруулах асуудлыг холбогдох байгууллагуудаар уламжлуулан шийдвэрлүүлэх. Иргэд өөрсдийн тээврийн хэрэгслийг хараа хяналттай, баталгаат харуул хамгаалалтай зогсоолд байршуулж байх. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэд рүү чиглэсэн сэрэмжлүүлэг мэдээлэл тогтмол хүргэж байх. Энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг этгээдүүдээс нүүрсэн яндан худалдан авдаг ченжүүдэд Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан гэх үндэслэлээр мөнгө угаах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагад татах ёстой” гэсэн санал санаачилгыг тэмдэглэн хэлсэн юм.


“Автомашины утаагаар ялгарах хорт бодис нь газраас дээш 20-30 см буюу хүний амьсгалах түвшинд дэгддэг”


Одоогоор нүүрсэн яндангийн асуудал төрийн холбогдох байгууллагын анхаарлаас гадуур байсаар байна. Зам, тээврийн хөгжлийн яам гэхэд “Энэ асуудалд манай яам ямар ч хамааралгүй. Стандартчилал хэмжил зүйн газар, Замын цагдаа, мэргэжлийнхэн хяналтынхан л анхаарах байх” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

Мөн энэ асуудлаар Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргатай холбогдоход “Нүүрсэн яндангүй автомашин явсаар байгаа асуудлыг би мэдэхгүй. АТҮТ, Хууль зүйн яам хариулах байх. Би юу хариулах вэ гэвэл авто тээврийн хэрэгслээс ямар хэмжээний бохирдол ялгарч, тэр нь яаж мэдрэгддэг вэ гэдгийг хариулж чадна. Одоогоор завгүй байна. Дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгье” гэснээр яриа дууссан юм.

Хүн амын эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байгаа үйлдэлдээ наймаачид, ченжүүд ямар ч хариуцлага хүлээхгүйгээр зогсохгүй улсын хилээр чөлөөтэй нэвтрүүлж, халаасаа түнтийлгэн таахалзаж байна. Т.Төгс хурандаагийн хэлснээр ченжүүдийг мөнгө угаах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага тооцох ёстой. Тэгээд зогсохгүй тэд хүн ардын эрүүл мэндийн эсрэг ноцтой гэмт хэрэг үйлдсэн зүйл ангиар хатуу хариуцлага хүлээх ёстой юм. Үүнийг төрийн холбогдох байгууллагууд анхааралдаа авах ёстой. Түүний хажуугаар нүүрсэн янданг хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны жагсаалтад яаралтай оруулъя.

Учир нь автомашины хорт утаа гэдэг хорт хавдар үүсгэгч гол хүчин зүйл болсоор байна. Ялангуяа Монголын ирээдүй хойч болсон хүүхэд багачуудын эрүүл мэнд шунахай сэдэлтнүүдийн гарт үрэгдэх нь. Үүнийг мэргэжлийн хүмүүс ч онцолж байна. Нүүрсэн яндангүй автомашины утаа хүний эрүүл мэндэд ямар сөрөг үр нөлөөтэй талаар АШУҮИС-ийн Био анагаахын сургуулийн багш Г.Доржжагдаг хэлэхдээ “Тээврийн хэрэгсэл бол гэр хорооллын дараа орох, утааны хоёр дахь том эх үүсвэр юм. Нийслэлийн автозамын хөдөлгөөнд оролцож байгаа олон мянган автотээврийн хэрэгслээс ялгарч буй утаа, угаарын хий нь агаарын бохирдлын 10 хувийг эзэлдэг ч хор хөнөөлийн хэмжээгээр дээгүүрт бичигддэг. Автомашинаас ялгарсан утаа нь 200 гаруй хорт бодис агуулдаг. НҮБ-аас хүн амын эрүүл мэндэд хамгийн хортой гэж тогтоосон 10 бодисын дотор тодруулбал, нүүрстөрөгчийн исэл хүнд үзүүлэх хор хөнөөлөөрөө цацраг идэвхит бодисын дараа хоёрт, азотын исэл дөрөвт ордог гэж тодорхойлсон. Нүүрстөрөгчийн исэл нь бензин хөдөлгүүрт автомашинаас, харин азотын исэл нь дизель хөдөлгүүрт автомашинаас ялгардаг ба тоос, тоосонцор, үнэрт органик нэгдлийг агуулдаг. Автомашины утаагаар ялгарах хорт бодис нь газраас дээш 20-30 см буюу хүний амьсгалах түвшинд дэгддэг. Ялангуяа хүйтний улиралд агаар нягтардаг хөөрч замхрахгүй орчиндоо бөөгнөрдөг. Улмаар бага насны хүүхдэд аюултай юм” гэж байна.

Онцлох нийтлэлүүд