Улс төр
2021.03.03 09:03

Н.АЛГАА: Оюу толгой дээр үр дүнтэй хэлцэл, тохироо хийж чадсан Ерөнхий сайдууд гэвэл би хувьдаа Сү.Батболд, Ч.Сайханбилэгийг онцолно

- ЗАСГИЙН ГАЗАР ОЮУ ТОЛГОЙ КОМПАНИЙН 34 ХУВИЙГ ЭЗЭМШИХ ШААРДЛАГАГҮЙ БАЙСАН ЮМ -


Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан Н.Алгаатай ярилцлаа.


-Хоёулаа Оюу толгой тойрсон асуудлаар яриа өрнүүлье. бүр эхний түүхээс нь яриагаа эхлүүлмээр байна. анх үндэстэн дамнасан BHP Оюу толгой дээр хайгуулын өрөмдлөг хийж явсан байх аа?

-Тэгсэн. Би Эйч Пи, Рио тинто зэрэг үндэстэн дамнасан корпорациуд 1990-ээд оны төгсгөлөөр Монголд үйл ажиллагаа явуулахаар орж ирж байлаа. Дараа нь хоёулаа Монголоос гарсан л даа. Би Эйч Пи компани Монголыг орхихынхоо өмнө Оюу толгойн орд дээр хайгуулын өрөмдлөг хийж байсан юм. Монгол дахь оффисоо хаагаад явахдаа Оюу толгойн лицензийг Канадын Айвенхоу майнз компанид “опцион хэлцэл” -ээр шилжүүлсэн түүхтэй. “Опцион хэлцэл”-ийн хувьд хайгуулын лиценз эзэмшигч нь лицензээ шилжүүлж, эсвэл шилжүүлэхгүйгээр өөр этгээдээр өөрийнх нь зардлаар хэлцэлд тохиролцсон хугацаанд хайгуул хийлгэдэг нэг төрлийн тохироо. Орд нээгдсэн тохиолдолд ингэнэ тэгнэ гэсэн тохироотойгоор эрхээ шилжүүлдэг гээд багцаалдаад ойлгочихож болно.

-“айвенхоу майнз” бол жуниор компани. Жуниор компаниуд хайгуул хийж их нөөц илрүүлбэл том компаниуддаа хувьцаагаа худалдах юмуу, хамтарч ажиллах зарчмаар явдаг дэлхийн жишгээр дараа нь “Рио” орж ирсэн…?

-Ер нь Оюу толгойн хэмжээний том төслийг жижиг компани дангаараа хэрэгжүүлж чаддаггүй, олон улсын санхүүгийн байгууллагуудаас санхүүжилт авч чаддаггүй. Тиймээс ямар нэг үндэстэн дамнасан том корпорацид худалдах, эсвэл хамтарч ажиллах нь тодорхой байсан.

Харин тэр компани нь Рио тинто нь уу, Би Эйч Пи нь үү, аль эсвэл өөр компани уу гэдгийг тухайн үед тааж мэдэхийн аргагүй л дээ. Гэхдээ л Рио, Би Эйч Пи хоёрын аль нэг нь гэдэг бараг ойлгомжтой байсан. Учир нь Оюу толгой нээгдсэний дараа тэд хоёулаа Монголд буцаж ирсэн.

-Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг шүүмжлэх улстөрчдийг тоолъё гэвэл овоо тоо гарах байх. Хөрөнгө оруулалтын гэрээг яг ямар хууль тогтоомж дээр үндэслэж, яг ямар процесс дамжиж баталж байсныг хууль тогтоогчдод эргэж сануулмаар санагдаад байдаг юм…?

-Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний хувьд 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн Тогтвортой байдлын гэрээний заалтын дагуу анх яригдсан түүхтэй. Дараа нь батлагдахдаа 2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн Хөрөнгө оруулалтын гэрээний тухай заалт, 2008 оны УИХ-ын тогтоолын заалтын дагуу, Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн хийгдсэн гэж би боддог. Яг нарийндаа хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ гурван удаа хэлэлцэж байж зөвшөөрсөн шийдвэр гарснаар Засгийн газрын гурван гишүүн гарын үсэг зурж баталгаажуулсан асуудал шүү дээ. Миний хувьд Ашиг малтмалын 2006 оны хууль батлагдахад 1997 оны хуульд байсан Тогтвортой байдлын гэрээ Хөрөнгө оруулалтын гэрээ болж өөрчлөгдсөн ч татварын орчны хувьд тогтвортой байдал хангах эрх зүйн баталгаа ямар нэг хэмжээгээр хадгалагдсан нь чухал ач холбогдолтой байсан гэж хардаг.

-Хөрөнгө оруулалтын гэрээг сайн, муу гэсэн маргаан одоо ч үргэлжилсээр байна л даа. Энэ тал дээр таны байр суурийг сонсмоор байна?

-Хөрөнгө оруулалтын гэрээг одоо хүртэл сайн, муу ба ашигтай, ашиггүй гэж маргаж, мэтгэлцсээр байгаа. Мэдээж хоёр талын хүсэл зориг, ашиг сонирхлыг нэг дор нэгмөсөн шийднэ гэж хэзээ ч байхгүй. Тухайн үеийн Монголын эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан, үндэсний аюулгүй байдлын бодлого, Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн хийгдсэн гэрээ л гэж боддог. Энэ гэрээний хамгийн гол хэсэг нь тодорхой татваруудын тогтворжуулах асуудал байсан. Тодорхой асуудлуудаар аль аль тал нь буулт хийсэн зүйл ч бий байх. Хэлэлцээрт оролцож байсан манай Засгийн газрын төлөөллийн энэ талын мэдлэг туршлага ч гэрээний үр дүнд нөлөөлснийг үгүйсгэхгүй. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш бараг нэг жилийн дараа Хувь нийлүүлэгчдийн гэрээг байгуулсан. Засгийн газар Оюу толгой компанийн 34 хувийг эзэмших шаардлагагүй байсан гэж хардаг.

-Төр Оюу толгойд 34 хувийг эзэмшсэнээр эрсдэлийг нь давхар хүлээх болсон гэх мэт сөрөг тал олон л доо. Одоо харин улстөрчид 34 хувиасаа татгалзах ёстой гэж яриад эхэлсэн нь их тод анзаарагдаж байгаа…?

-Тийм л дээ. Төр 34 хувийг эзэмшиж хөрөнгө оруулалт санхүүжилтийн үүрэг хариуцлага, түүнтэй шууд холбоотой болон шууд холбоогүй ирээдүйн болзошгүй эрсдэлийг хүлээх шаардлагагүй байсан юм. Харин АМНАТ-ийн хувь хэмжээг одоогийнхоос арай илүү хувь хэмжээтэйгээр тохирч, борлуулалтын орлогод зохих хяналт тавин ажиллах нь илүү үр нөлөөтэй байсан гэж хардаг. Ингэсэн бол төслийг тасралтгүйгээр үр өгөөжтэй хэрэгжүүлэх байсан байх. Зээл, зээлийн хүүг ногдол ашгаас эргүүлж төлөх заалтыг гэрээнд тусгасан нь улсын төсвийн орлогод ногдол ашиг авах хугацаанд нөлөөлөх нь мөн л ойлгомжтой зүйл. Төсөл удаашрах, хөрөнгө оруулалт нэмэгдэх бүрт ногдол ашиг авах хугацаа хойшлох нь хэтэрхий тодорхой асуудал. Тэгэхээр Засгийн газар 34 хувийг цаашид эзэмшихгүйгээр олон улсын биржид хувьцаа болгож арилжих, үндэсний компаниудын консорциумд худалдах зэргээр зээл, зээлийн хүүгийн өрнөөс салах нь зүйтэй байх.

-Хөрөнгө оруулалтын гэрээ батлагдаж, Оюу толгой төсөл хэрэгжиж эхэлснээр Монголын эдийн засагт үзүүлсэн нөлөөний талаар ярилцлагаа үргэлжлүүлэх үү?

-Гэрээ байгуулагдсанаас хойш гуравхан жилийн дотор ил уурхай, баяжуулах үйлдвэр, үйлдвэрлэл явуулахад шаардагдах дэд бүтцийг бүтээн байгуулж 2013 оноос борлуулалт хийж эхэлснийг мэдэхгүй хүн үгүй байх. Энэ хугацаанд Монголын эдийн засагт зургаан тэрбум доллараас давсан хөрөнгө оруулалт орж ирснээр манай эдийн засгийн өсөлт анх удаа 17 хувьд хүрснийг та мэдэж байгаа. Энэ төсөл цаашид тасралтгүй хэрэгжиж байж эдийн засаг тэлж хөгжинө гэдгийг олон эдийн засагч өчнөөн баримт нотолгоотой ярьдаг болохоор илүүг нуршаад яахав гэж бодож байна.

-Гэрээний маргаан яг хэзээнээс эрчимжиж эхэллээ?

-Оюу толгойн орд ашиглах бүтээн байгуулалттай зэрэгцээд л гэрээний асуудлаар маргаан гарч эхэлсэн. Маргааны гол сэдвийг та мэдэж байгаа. Хөрөнгө оруулалт нь ТЭЗҮ-д зааснаас нэмэгдсэн, Рио тинто өөрөө Туркойз хиллд зээл өгсөн, зээлийн хүүгийн хувь хэмжээ дэлхийн дунджаас их, мөн менежмэнтийн зардлын хувь хэмжээ өндөр гэж ирээд хөвөрдөг. Үүнээс гадна татварын асуудлаар ч маргаантай явсаар өнөөг хүрсэн.

-Оюу толгой тойрсон маргаанд ажил хэрэгчээр ухаалаг хандахын оронд улстөрчид сонгуулийн сурталчилгаандаа овжин ашигладаг болчихсон харамсалтай өнгө анзаарагддаг. Ер нь өнгөрсөн Засгийн газруудаас Оюу толгойн маргаан дээр дажгүй хэлцэл тохироо хийж ажиллаж чадсан нь хэд бол, та ямар Ерөнхий сайдуудыг онцлох вэ?

-Оюу толгой дээр үр дүнтэй хэлцэл тохироо хийж чадсан Ерөнхий сайдууд гэвэл би хувьдаа Сү.Батболд, Ч.Сайханбилэгийг онцолно. Маргааныг популистууд дэвэргэж улстөрчид сонгуулийн сурталчилгаанд ашигладаг хэрэгсэл болгоод зогсоогүй л дээ. Сүүлдээ бүр гэрээг цуцлах, хүчингүй болгох шаардлага тавьдаг болсон. Энэ хооронд 2011 онд Сү.Батболдын Засгийн газар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийж зээлийн хүүг гурван пунктаар бууруулсныг санаж байна. Гэхдээ бусад асуудлаар тохиролцож чадахгүй хүндрэл учирсан тул хөрөнгө оруулагч тал 1300 метр хүртэл гүнд нэвтрээд байсан нэгдүгээр босоо амны нэвтрэлт, барилга байгууламжийн ажлын санхүүжилтээ зогсоосон шүү дээ. Далд уурхайн санхүүжилт зогссоноор байдал яаж хэцүүдсэнийг монголчууд бултаараа мэдэрсэн. Наад зах нь л тэнд ажиллаж байсан олон мянган монголчууд ажилгүй болж, ханган нийлүүлэлтийн үйлчилгээ үзүүлж байсан олон зуун бизнесийн байгууллагуудын бизнес хумигдсан. Харин 2015 онд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дубайд Оюу толгойн далд уурхайн санхүүжилтийн асуудлаар хэлэлцээ хийж, Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг хувь нийлүүлэгчид гарын үсэг зурж баталгаажуулсан. Энэ үеэр дээр дурдсан маргаантай асуудлуудыг бас хэлэлцсэн байдаг. Үр дүнд нь татварын маргаанаар эвлэрч, менежмэнтийн зардлын хувь хэмжээг зургаан хувиас гурван хувь болтол бууруулахаар тохирч чадсан. Энэ бүх жишээнүүд хөрөнгө оруулагч талууд гэрээнд өөрчлөлт оруулж сайжруулах боломжтойг харуулдаг л даа. Хөрөнгө оруулагч тал тухай бүрд нь хэлэлцээрт ороход бэлэн гэдгээ илэрхийлж байгааг анзаарахгүй байж боломгүй.

-Ингэхэд Оюу толгойн татварын маргааны хувьд та ямар бодолтой явдаг вэ?

-Татварын маргаан гэрээтэй шууд холбоогүй, аж ахуйн нэгжүүдэд байж л байдаг зүйл. Монголын болон арбитрын шүүхээр шийдэгдээд явах асуудал. Харин маргааны суурь шалтгаан юу байна гэдгийг хөндлөнгийн шинжээчээр судлуулах хэрэгтэй байх. Ялангуяа санхүүгийн тайлагнал, нягтлан бодох бүртгэлийн үндэсний ба олон улсын зөрүүгийн шинжилгээг цаг алдалгүй хийх шаардлагатай санагддаг.

-Оюу толгойг эсэргүүцдэг улстөрчид гэснээс Оюу толгойн гэрээг эсэргүүцдэг, энэ сэдвийг бүр сонгуулийн сэдвээ болгочихсон, тэгснийхээ хүчээр ч УИХ-д сонгогдчихдог нэг гишүүн бий л дээ.

-Яг хэнийг нь хэлээд байна?

-С.Ганбаатарыг хэлээд байна л даа.

-Оюу толгойн гэрээг эсэргүүцэгч гэдгээ байн байн зарладаг нөхөр л дөө. Бүр түүгээрээ “бахархдаг” улстөрч. 2012 оноос хойших УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгууль бүрийн өмнөхөн, сонгуулийн сурталчилгааны үер Оюу толгойн гэрээг эсэргүүцэж үе үе мэдэгдэл хийдгийг нь мэдэхгүй хүн ч байхгүй болсон байх. Хамгийн сүүлд өлсгөлөн зарлаж хүртэл үзлээ.

-Та нэг удаа “Би Ганбаатараас илүү уул уурхайг мэдэх байх” гэж хэлээд шүүхэд дуудагдаж, шүүхээс С.Ганбаатар гишүүнийг танаас дутахгүй уул уурхай мэднэ гэх маягийн шийдвэр гарчихсан билүү?

-Учир мэдэх хүмүүс нь энэ хүний тухай мэдэх учраас би илүүг яримааргүй байна.

-Оюу толгойг шүүмжлэгчид Эрдэнэттэй харьцуулаад байдаг л даа. Эрдэнэт, Оюу толгой хоёр харьцуулагдахаар төслүүд мөн үү?

-Зарим хүмүүс Эрдэнэт, Оюу толгой хоёрыг харьцуулж сайн, муу гэж ярих их дуртай л даа. Тэгж харьцуулах нь утгагүй. Нэг нь XX зууны, нөгөөх нь XXI зууны уул уурхайн салбар дахь их бүтээн байгуулалт шүү дээ. Энэ хоёр том төсөл хоёр өөр цаг хугацаанд ч гэлээ хоёулаа богинохон хугацаанд, гурван жилийн дотор ашиглалтад орсон байдаг юм. Ганц ижил тал нь гэвэл энэ байх. Ялгаатай тал гэвэл өчнөөн. Эрдэнэт бол төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед хэрэгжиж эхэлсэн төсөл. Оюу толгойн тухайд зах зээлийн эдийн засгийн үед хэрэгжиж эхэлсэн. Эрдэнэтийн тухайд хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр бол Оюу толгойн хувьд Засгийн газар, хувийн компани хоорондын гэрээ. Хөрөнгө оруулалтын ба хувь нийлүүлэгчдийн гэсэн хоёр гэрээ байгуулсан. За тэгээд Эрдэнэтийн хэлэлцээрээр Монгол Улсад төлөх бүх татвараас чөлөөлөгдөж байсан бол Оюу толгойн гэрээгээр голлох бүх татварын хувь хэмжээг тухайн үеийн татварын хуулиар тогтоосон хувь хэмжээгээр 30 жилийн хугацаанд тогтворжуулсан. Үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчны тухайд Эрдэнэтэд Засгийн газар хоорондын хэлэлцээр ба Зөвлөлийн дүрэм л үйлчилсэн бол Оюу толгойд Монгол Улсын бүх хууль, Хөрөнгө оруулалтын гэрээ үйлчилж байгаа.

-“Эрдэнэт” хэдэн он хүртэл улсад татвар төлөөгүй гэдэг билээ?

-1973-2003 он хүртэл улсад албан татвар төлөөгүй. Дээр хэлсэн хэлэлцээрээр чөлөөлөгдсөн байсан бол Оюу толгой тэгээгүй. Байгуулагдаж бүртгүүлсэн өдрөөсөө гааль, НӨАТ төлж, борлуулалт хийж эхэлсэн цагаасаа Ашигт малтмалын нөөц ашигласны татвар төлж яваа. Эрдэнэт үйлдвэр ашиглалт орсон эхний жилүүдэд жил болгон алдагдалтай ажиллаж байсан тул 1978-1988 онуудад нийт 967.3 сая төгрөгийг улсын төсвөөс татаас болгон төлж байсан. Харин Оюу толгой алдагдалтай ажиллаж байгаа ч төлбөл зохих бүх татвараа төлөөд явж байгаа. Эрдэнэтийн анх батлагдсан нөөц нь есөн сая тонн зэс, дагалдах ашигтай ашигт малтмал нь молибден, мөнгө. Оюу толгойн анх батлагдсан нөөц 18 сая тонн зэс, 32 сая ба түүнээс ч их болж өсөх магадлалтай. Дагалдах ашигтай ашигт малтмал нь алт. Эрдэнэт жилд 120000 тонн зэс агуулсан зэсийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадал бүхий уурхай, баяжуулах үйлдвэртэй, харин Оюу толгой төслийн хүчин чадлыг бүрэн эзэмшсэн үед жилд дунджаар 350000 тонн зэс агуулсан зэсийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадал бүхий уурхай, баяжуулах үйлдвэртэй байх юм. Энэ мэтээр яривал Эрдэнэ, Оюу толгой хоёрт олон ялгаа бий.

Онцлох нийтлэлүүд