Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Ерөнхийлөгч Б.Хурц, Д.Дамба-Очир нарын 13 хүнд уучлал үзүүлжээ 470.139 ширхэг хувьцаа арилжжээ МАН-ын УЗ: Л.Оюун-Эрдэнийг намын даргад дэвшүүлэхээр болжээ Хүнсний үйлдвэрлэл, зоогийн газрын төлөөллийг СТӨ-нд хүлээн авч, гэрээ хийнэ Сэтгүүлч, нийтлэлч А.Баатархуяг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулав Д.Сумъяабазар: ААН-үүд хариуцлага алдахгүй дэглэмээ мөрдөөд ажиллавал бид дэмжинэ Монголын баг Олон улсын мэдээлэл зүйн олимпиадад оролцож байна Хотын дарга Монголын ресторан, зоогийн газрын холбооны удирдлагуудтай уулзаж байна Ажил идэвхтэй хайж байгаа 15-34 насныханд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлнэ Сүүлийн таван сарын байдлаар 67 хүн зам тээврийн ослоор амиа алджээ Ерөнхийлөгч Б.Хурц, Д.Дамба-Очир нарын 13 хүнд уучлал үзүүлжээ 470.139 ширхэг хувьцаа арилжжээ МАН-ын УЗ: Л.Оюун-Эрдэнийг намын даргад дэвшүүлэхээр болжээ Хүнсний үйлдвэрлэл, зоогийн газрын төлөөллийг СТӨ-нд хүлээн авч, гэрээ хийнэ Сэтгүүлч, нийтлэлч А.Баатархуяг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулав Д.Сумъяабазар: ААН-үүд хариуцлага алдахгүй дэглэмээ мөрдөөд ажиллавал бид дэмжинэ Монголын баг Олон улсын мэдээлэл зүйн олимпиадад оролцож байна Хотын дарга Монголын ресторан, зоогийн газрын холбооны удирдлагуудтай уулзаж байна Ажил идэвхтэй хайж байгаа 15-34 насныханд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлнэ Сүүлийн таван сарын байдлаар 67 хүн зам тээврийн ослоор амиа алджээ
Нийгэм
2021.05.31 01:05

н.Ариунжаргал: Ахуйн зориулалттай хөлдөөгч эмнэлгийн моргт аваачиж хүүхдийн цогцсыг хийсэн

2021 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 04:20 цаг орчимд Ховд аймгийн Булган сумын нэгдсэн эмнэлэгт 34 настай Э 4.8 кг охин төрүүлээд төрөлтийн дараах цус алдалтын улмаас нас барсан. Харин нярай хоёр хоногийн дараа эндсэн харамсалтай хэрэг гарсан юм. Бид талийгаачийн эгч н.Ариунжаргалтай ярилцлаа.


-Юуны өмнө танай гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлж байна. Та яг юу болсон талаар ярихгүй юу?

-Бид бүхэнд ийм харамсалтай үйл явдал тохиолдсонд одоо ч итгэж өгөхгүй л байна. Хорвоо ертөнц хариуцлагагүй хүмүүсийн алдаанаас болж хөмрөх шиг л санагдаж байна. Тухайн өдөр буюу дөрөвдүгээр сарын 29-нд манай талийгаач дүү Ховд аймгийн Булган сумын нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлэхэд дөрөвдүгээр сарын 30-нд төрөх юм байна гэж хэлсэн байсан. Дүүгийн маань савны амсар гурван хуруу нээгдчихсэн байхад гурван өдөр “зүгээр” гээд явуулсан байсан. Тухайн өдөр ээж эмнэлэг рүү хамт очоод эмчээс нь дахин дахин лавлаж асуусан байгаа юм. “Эмч зүгээр, зүгээр. Ямар ч асуудалгүй төрчихнө” гэж хэлсэн байгаа. Ингээд гэртээ ирээд шөнийн 12 цаг өнгөрч байтал талийгаач дүү өвдөж эхэлсэн. Ээж, нөхөр нь, нөхрийнх нь дүү гээд манай гэрийнхэн төрөх бэлтгэлийг нь хангаад эмнэлэгт очсон байна лээ. Эмчээр нь Бямбажав, эх баригч эмчээр нь н.Оюунчимэг гэсэн хүмүүс ажиллаж, талийгаачийг хүлээж авсан. Үзлэгт оруулаад “Хүүхэд доошлоогүй байна. Даралт нь жаахан ихэдсэн, хавагнасан байна.

Бид энх төрүүлэх арга хэмжээгээ авчихна. Та тайван сууж байгаарай” гэж ээжид маань хэлсэн байгаа юм. Ингээд тэднийг гадаа хүлээж байх хооронд эмч нарыг нэг нэгээр нь дуудуулж нийт зургаан эмч гэрээс нь авчруулсан байна лээ.

-Тэр хооронд талийгаачийн бие муудсан юм уу?

-Манайханд талийгаач, эсвэл, нярайн алиных нь бие нь муудсаныг ерөөсөө хэлээгүй гэсэн. Нярайн сувилагч, цус сэлбэх эмч гээд шөнөжин айл айлын гэрийн хаалга нүдүүлж явуулсан. Энэ хооронд асрагч нь гарч ирэх үед биеийн байдлыг нь асуухаар гайгүй сайн гэсэн л хариулт өгөхөөс өөр юу ч хэлээгүй. Шөнөжин манай ар гэрийнхнийг шаардлагатай эмчийг авч ирүүлэхээр нааш цааш явуулж байгаагаас эрүүл мэндийн байгууллагынхан ямар ч хариуцлагагүй ажилладаг нь тодорхой харагдаж байгаа юм. Манайхныг нааш цааш явуулж цаг алдаж байхаар яаралтай үед дуудах, холбоо барих утас яагаад тэнд байдаггүй юм бэ. Шөнийн 01 цагаас үүрийн таван цаг хүртэл өчнөөн хугацаа алдаж байгаа шүү дээ.

-Та бүхэн хугацаа алдаж тусламж үзүүлснээс талийгаач амь насаа алдсан гэж үзэж байна уу?

-Тэгэлгүй яах вэ. Бид тэр зургаан хүний гэрийг нэг бүрчлэн мэдэхгүй. Тэр хооронд хугацаа алдах нь тодорхой шүү дээ. Ингээд ээж нь өнгөрсөн. Түүнээс хоёр хоногийн дараа нярай эндсэн байгаа. Нярайг төрүүлэх үедээ хүчээр татсан уу яасан. Хүн гэж хэлэхэд ч хэцүү нүд нь дээр доороо орчихсон, толгойн хэлбэр нь алдагдчихсан зэргээс харахад хүчээр татаж гаргасан болов уу гэж бид таамаглаж байгаа.

-Талийгаач ямар нэгэн архаг хууч өвчтэй байсан уу. Өмнө нь гурван хүүхэд төрүүлэхдээ хэр хүндрэлтэй төрж байсан бэ?

-Талийгаач ямар нэгэн архаг хууч өвчингүй байсан. Өмнө нь гурван удаа төрөхдөө бага зэрэг хүндрэлтэй төрж байсан боловч өөрөө төрсөн. Тиймээс манайхан удаа дараа эмч нараас асууж тодруулж, анхааруулсаар байсан. Уг нь дөрөвдүгээр сарын дундуур төрөх сүүлийн хугацаа нь гэж хэлж байсан ч хамгийн сүүлд үзүүлэхэд төрөх сүүлийн хугацаа нь дөрөвдүгээр сарын 30 байна. Тиймээс санаа зоволтгүй гэж хэлсэн байна лээ. Ийм учир битүүлэг зүйл гэж юу байхав дээ. Уг нь дөрөвдүгээр сарын 20-нд талийгаачийн нөхрийн төрсөн өдрөөр нь кесар хагалгаагаар төрүүлэх саналтай байгаагаа удаа дараа хэлсэн боловч “хийсвэр хагалгаа хийх шаардлага байхгүй. Өөрөөрөө төрөх бүрэн боломжтой” гэж эмч нь хэлсэн юм билээ. Эцэст нь эмчдээ итгэж өдий хүрснээр ээж нь төрөхийн хүндрэлээр нас барж, төрүүлсэн охин нь хоёр хоногийн дараа энэ хорвоог орхилоо. Одоо талийгаачийн нөхөр 5-9 насны хоёр хүү, охинтойгоо үлдэж дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болоод байна.

-Талийгаач цус алдаад цус сэлбэх гэсэн боловч нөөцөнд байсан цус хөлдүү байсан гэдэг үнэн үү?

-Үнэн. Шаардлагатай цусны нөөцийг гаргаж өгдөг эмчийг нь мөн л гэрээс нь очиж авч ирсэн. Гэтэл цусны нөөц нь хөлдүү байсан учраас тэнд байсан хүмүүсээс цусны донор болох хүн байгаад нэг сувилагчийн цусны бүлэг таарсан боловч харамсалтай нь хэтэрхий оройтсон байсан. Эмч нарын шаардлагатай гэсэн бүх хүнийг нь авч ирж байхад эцэст нь миний дүүгийн амийг аварч чадаагүйд гомдолтой байна. Жирэмсэн эх төрөх үед гэнэт хүндрэл гарахад бүхэл бүтэн сумын нэгдсэн эмнэлэг бэлэн байдлаа огтхон ч хангаагүй байна шүү дээ. Хүний алтан амь хором минутаар хэмжигддэг энэ үед ийм сэтгэлгүй байж болох юм уу.

-Талийгаачийн амь насыг аварч чадаагүй гэдгийг ар гэрийнхэнд нь хэзээ мэдэгдсэн юм бол?

-Хүмүүс бужигналдаад байхаар манайхан ээж нь юм уу, эсвэл хүүхдийн биеийн байдал эвгүйтсэн гэдгийг гадарласан байгаа юм. Миний ээж авч очсон цайгаа дотогш оруулсан байхад талийгаачид аяга цай ч уулгаагүй байна лээ. Талийгаач “Шингэн юм уумаар байна” гэсэн мессэж гар утсан дээрээ бичээд түүнийгээ явуулж ч чадаагүй байна лээ. /Уйлав/ Ээж минь ядахдаа “Намайг дуудаад охиндоо жаахан шингэн юм уулгачих” гээд хэлчихгүй яасан юм бол” гээд л уйлаад байгаа. Талийгаачийн нөхөр төрөх тасаг руу орох боломжгүй учраас шилэн хаалганы цаанаас харсан гэсэн. Тэр үед талийгаачийн гар нь унжчихсан байсан гэсэн. Тэгээд шууд хаалгыг нь өшиглөөд орсон байна лээ. Тэр үед л талийгаач амьсгал хурааж байсан юм билээ. Эмч нар нь аварч чадаагүй болохоор бидэнд мэдэгдээгүй юү. Эсвэл аврах боломжтой гэж бодоод байж байсан уу. Хэнтэй ч уулзуулаагүй. Нөхөр нь дотогш ороод “Та нар хүн алчихсан байна шүү дээ” гэж хэлсэн гэсэн. Түүнийг ороход талийгаач ямар ч цусгүй болчихсон цав цагаан болчихсон орон дээр хэвтэж байсан гэсэн. Энэ хооронд эмч нар хүүхэдтэй ноцолдоод байсан гэж ярьсан. Тухайн үед мэс заслын эмч уг нь байсан юм билээ. “ Хагалгаа хийх үү гэж асуухад “Ээж нь зүгээр, чи хүүхдийнхээ амь насыг авар” гэж эх баригч эмч нь хэлсэн гэсэн. Бид мэс заслын эмчээс энэ талаар асуухад “Би хагалгаа хийх үү гэж асуусан. Гэхдээ эх барих эмчийн урдуур орж эмчилгээ хийх ёсгүй” гэж хариулсан. Өөрөөр хэлбэл, эх барих эмчийн хариуцлагагүй үйлдлээс болж талийгаач амиа алдсан гэж бид бодож байна.

-Хүүхэд төрөөд биеийн байдал нь ямар байгаа талаар та нарт хэлсэн үү?

-Хүүхэд бүтэлттэй төрсөн учраас инкваторт хийсэн. Талийгаачийн ус гарснаас хойш удаж байж төрсөн учраас бүтэлттэй, сормуус нь хатчихсан, царай төрөх нь хэлбэргүй, нүд ам нь дээшээ доошоо болчихсон хүүхэд инкваторт байсан гэнэ лээ. Хүүхэд найдваргүй гэдгийг хэлсэн гэсэн.

-Тог тасарснаас үүдэн хүүхэд эндсэн гэх мэдээлэл байсан, энэ үнэн үү?

-Инкваторт хоёр хоног байх хугацаанд тог тасарсан гэсэн. Гэхдээ яг тог тасарснаас болж эндсэн эсэхийг хэлж мэдэхгүй байна. Мэдээж хүчилтөрөгчөөр амьсгалж байгаа учраас тог тасрах хооронд амьсгалахад хүндрэл үүссэн болов уу гэж бодож байна. Тог тасраагүй бол амьдрах боломжтой байсан ч юм билүү. Бидэнд өгсөн бүдэг бадаг мэдээллээр тог ирэх үед нярай амьд байсан гэж хэлсэн. Одоогийн байдлаар яг юунаас болж амьсгал хураасныг хэлээгүй. Шүүх шинжилгээний дүгнэлт хараахан гараагүй байна.

-Эх, хүүхдийг эх барьж авсан эмчээс асууж тодруулсан уу?

-Эх барьж авсан эмч нь өнөөдрийг болтол бидэнтэй уулзаагүй. Эх баригч эмч н.Мөнхнаран хувцсаа солиод л биднээс зугтаачихсан. н.Мөнхнаран эмч Ховд аймгийн Булган сумын нэгдсэн эмнэлгийн даргын эхнэр. Түүний нөхөр болох н.Батбаатар тус эмнэлгийн даргаар ажилладаг. Тус эмнэлэг ашиглалтад ороод хоёр жил болж байгаа. Аймгийн хэмжээний том эмнэлэг. Тоног төхөөрөмж, тохижилт сайтай. Ийм сайхан эмнэлгийн дотор нь мэдлэг, чадваргүй хүмүүс ажиллаж байгаад харамсалтай байна.

-Моргтой холбоотой асуудал нэлээд шүүмжлэл дагуулж байна. Та бүхэн гэрээсээ хөргөгч аваачиж нярайн цогцсыг хадгалсан юм уу?

-Ээж, охин хоёр хоёулаа моргт байсан. Талийгаач дүүгийн минь цогцсыг хоёр хоног моргт байлгахад ямар ч стандартын шаардлага хангахгүй, нарны гэрэл шууд тусдаг газар байршуулсан. Ингээд хоёр хоногийн дараа охин нь өнгөрөхөд морг асуудалтай учраас нярайн цогцсыг хийх хөргөгч хэрэгтэй гэж хэлсэн. Хүнсний хөрөгч байсан ч болно гэж хэлсэн. (уйлав) Бид энэ хорвоод мэндлээд хоёрхон хоноод бурхан болсон хүүхдийн цогцсыг яаж хэрэглэж байсан хөргөгчиндөө хийх юм бэ. Ахуйн зориулалттай шинэ хөлдөөгч 300 гаруй мянган төгрөгөөр худалдаж аваад эмнэлэгт аваачиж хүүхдийн цогцсыг хийсэн. Энэ бол XXI зуунд байж боломгүй эмгэнэлтэй дүр зураг. Ийм их уй гашуй, ийм их доромжлолыг дахин ямар ч хүн битгий мэдрээсэй гэж хүсч байна. Энэ бол манай улсын эрүүл мэндийн салбар ямар хэмжээнд байгаагийн бодит жишээ. Манай гэр бүл ийм зүйлийг биеэрээ туулж, нүдээрээ үзээгүй бол итгэхэд бэрх байх байлаа. Хөөрхөн охинтой болохоор орсон дүүгээ, хорвоод мэндлээд хоёр хоносон бяцхан хүүхдээ алдаад удаагүй байгаа биднээс цогцос хийх хөргөгч нэхэж байгаа нь хүний ёсонд байх үйлдэл мөн үү. (уйлав)

-Талийгаачийн хань болон гурван хүүхдэд нь асар хүнд цохилт болсон байх?

-Манай дүүгийн амьдралыг эрүүл мэндийн салбарын хариуцлагагүй, мэдлэггүй, чадваргүй хүмүүс зүгээр л хормын дотор хөмрөөд хаячихлаа. Дараа жил алдарт эхийн одонгоо аваад нижгэр цайллага хийнэ дээ хэмээн бид ямар их догдолж байсан билээ дээ. Хоёр хүү, хоёр охинтой болж тэгш дүүрэн амьдрах нь гэж итгэж байсан. Одоо дүүгийнхээ царайг эгцэлж харж чадахгүй байна. Юу болоод байгааг ойлгох ч сөхөөгүй ээжийгээ хайн бүртэлзэх бяцхан хүүхдүүдийг нь харахаар зүрх эмтэрч байна. Миний дүүгийн гал голомтыг харлуулж, гурван үрийнх нь элгийг хатаалаа. Байдал үнэхээр хүнд байсан юм бол манай дүүг эцсийн мөчид эхнэрийнх сүүлийн мөч хүртэл хажууд нь байлгачихгүй яасан юм бэ. Бидэнд маш хүнд байна.

-Эмнэлгийн байгууллагын удирдлагууд танай гэр бүлийнхэнтэй уулзсан уу?

-Уулзаагүй. Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг дээ. “Бид хичээсэн боловч амь насыг нь аварч чадсангүй” гээд уучлалт гуйж болно доо. Гэтэл талийгаачийг бүтээж орхиод арын хаалгаар гараад зугтаачихсан. Манай ээж, дүү нар эмнэлгийн даргын өрөө, эх баригчийн өрөөний хаалгыг татахад цоожтой байсан гэнэ лээ. Шөнийн 01 цагт очоод үүрээр гэгээ ороход л өнгөрчихсөн шүү дээ. Тэр цагаас хойш бүтэн сар боллоо. Гэтэл одоо болтол холбоо бариагүйд гомдолтой байна. Дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа эрдэнэт хүний алтан амь насыг аврахын тулд ажилладаг эмч, эмнэлгийн байгууллагын ажилчид хариуцлагатай байх ёстой. Нэгдсэн эмнэлгийн дарга болон эхнэрийг нь үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэж байна лээ. Ажлаас нь чөлөөлөх нэг асуудал. Дахиж ийм хариуцлагагүй хүнийг эмчлэх эрхийг нь хасах хэрэгтэй. Дараа дахин хэн нэгний амь нас, эрүүл мэнд, гэр бүлийг хохироохгүй гэсэн баталгаа байхгүй шүү дээ. Бид шүүх шинжилгээний хариу эрүүл мэндийн байгууллагын талд гарах юм бол хөлөө хүрэх газар хүртэл явах болно.

П.БАТЗАЯА

Онцлох нийтлэлүүд