Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Цахим бугуйвчаа устгаж, эвдсэн тохиолдолд хорих ялаар шийтгэнэ DNN.mn Энэ сарын 28-нд захууд болон 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр амарна DNN.mn “Чөлөөт сэтгэлгээний дуулал-2022” оюутны яруу найргийн наадам шилдэг бүтээлээ шалгарууллаа DNN.mn Банк бус санхүүгийн салбарын зээлдэгчдийн тоо 1.4 саяд хүрчээ DNN.mn ЖДҮ эрхлэгчдийн 60 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна DNN.mn Ирэх сарын 1-нээс эхлэн цахилгааны төлбөрөө хэрэглэгч өөрөө төлнө DNN.mn Даланзадгад-Мандалговь-Улаанбаатар чиглэлийн замыг засаж эхэлжээ DNN.mn СОНИНЫ АРЫН НҮҮР: Морины уралдаан дагасан тээврийн хэрэгслийг улсын орлого болгоё DNN.mn DNN-SPEAK OUT: Иргэд "Монголд мод тарихаас илүү шийдэх олон чухал асуудал байна" гэв DNN.mn Гурван сарын өмнө сураггүй болсон иргэний цогцос олдлоо DNN.mn Цахим бугуйвчаа устгаж, эвдсэн тохиолдолд хорих ялаар шийтгэнэ DNN.mn Энэ сарын 28-нд захууд болон 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр амарна DNN.mn “Чөлөөт сэтгэлгээний дуулал-2022” оюутны яруу найргийн наадам шилдэг бүтээлээ шалгарууллаа DNN.mn Банк бус санхүүгийн салбарын зээлдэгчдийн тоо 1.4 саяд хүрчээ DNN.mn ЖДҮ эрхлэгчдийн 60 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна DNN.mn Ирэх сарын 1-нээс эхлэн цахилгааны төлбөрөө хэрэглэгч өөрөө төлнө DNN.mn Даланзадгад-Мандалговь-Улаанбаатар чиглэлийн замыг засаж эхэлжээ DNN.mn СОНИНЫ АРЫН НҮҮР: Морины уралдаан дагасан тээврийн хэрэгслийг улсын орлого болгоё DNN.mn DNN-SPEAK OUT: Иргэд "Монголд мод тарихаас илүү шийдэх олон чухал асуудал байна" гэв DNN.mn Гурван сарын өмнө сураггүй болсон иргэний цогцос олдлоо DNN.mn
Нийгэм
2022.05.15 09:05

Н.Лхамсүрэн: Гэр хорооллын хүүхдүүдэд төлбөргүй бөхийн клуб байгуулсан нь нийгэмд зөв хүн бэлдэх л зорилготой юм DNN.mn


Чөлөөт бөхийн Олон улсын хэмжээний мастер, “Хүч”, “Хилчин” спорт хорооны дасгалжуулагч асан, Канад улсын чөлөөт бөхийн шигшээ багийн зөвлөх, “MJ-бөхийн клуб”-ийн үүсгэн байгуулагч Н.Лхамсүрэнтэй ярилцлаа.


-Таны эх орондоо ирж буцсаар байгаа сураг гарах ч уулзаж чадахгүй удлаа. Хэзээ ирэв, өөр оронд ажиллаж амьдардаг тань шиг хүн Монголынхоо спортын салбарын болох, болохгүйг илүү тод мэдэрч байдаг байх даа?

-Сая Монголд чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Энэ тэмцээнийг үзлээ. Мөн хэдэн жилийн өмнө өөрийн санаачилгаар байгуулсан “MJ-бөхийн клуб”-т хичээллэж, бэлтгэл сургуулилт хийж байгаа хүүхдүүдтэйгээ уулзах, клубийнхээ ажилтай танилцах, цаашид юу хийх, ямар ажил төлөвлөх гээд миний хувьд эх орондоо их ажилтай байдаг хүн шүү дээ. Хэрдээ л ажлаа амжуулж байна, удахгүй буцна. Миний хувьд чөлөөт бөхийн спортод амьдралынхаа 40 жилийг зориулсан хүн.

Тийм болохоор Монголын бөхийн спортын хөгжлийг үргэлж харж, анхаарч байдаг. Үндэсний бөх, чөлөөт, жүдо... гээд бөхийн төрлүүдийн маань хөгжил ямар түвшинд байна, ирээдүйд яах ёстой вэ, юу нь болохгүй байна гээд байнга л санаа тавьж, ер нь салж чадахгүй дээ. Жишээ нь, манай жүдо бөхийн хөгжлийн түвшин Олон улсад сайн байна.

-Үүний нууц юунд байна вэ?

-Монголын жүдочид сайн байгаагийн нууц ерөөсөө л эв нэгдэл, удирдлагын зөв зохион байгуулалт, зорилгоо томоор харж, төлөвлөж чадаж байгаагийнх. Манай спортынхон зорилгоо ахархан харж, эндээ л болж байвал боллоо гэж бодох биш нэг толгойтой, нэг зүг рүү харж, том зорилгодоо төвлөрөх хэрэгтэй. Бидний хамгийн гол зорилго дэлхийн тавцанд сайн барилдаж Монгол гэдэг нэрийг гаргах. Түүний тулд нэг зорилго, нэг толгойтой байх ёстой. Одоо спортын холбоод дотроо нэгдэх гээд үзээд л байна. Бид хоорондоо учраа аль болох хурдан олж, ойлголцож, нэгдэх хэрэгтэй.

Бидний хэн ч байсан дэлхийн дэвжээн дээр Монголын л тамирчин гэж нэрээ дуудуулна. Үүний л төлөө эх орондоо хөлсөө урсгаж байгаа. Шулуухан хэлэхэд, Монголын жүдо бөхийн холбоо эв нэгдэлтэй, нэг дээвэр дор, бусад спорт холбооддоо үлгэр, загвар болохоор ажиллаж байна. Үүнээс бусад нь үлгэрлээд явахад болно. Зөвхөн чөлөөт бөхөөрөө жишээ авахад, Монголд чөлөөт бөхийн дэндүү гоё суурь, материаллаг бааз бий. Нийлээд, нэгдээд ажиллахад Монгол Улс чөлөөт бөхөөр дэлхийд дийлнэ л гэж боддог.

-Таныг хотын захын дүүрэг, гэр хороололд бөхийн клуб байгуулаад амжилттай ажиллуулж байгааг хүмүүс төдийлөн мэдэхгүй байх. Гэр хорооллын хүүхдүүдээс олимп, дэлхийн аваргууд төрүүлнэ гэсэн том амбиц танд байх шиг харагддаг. Тэндээс спортод авьяастай, байгалийн өгөгдөлтэй хүүхдүүд гарна гэж тооцож Сонгинохайрхан дүүрэгт бөхийн клуб, спортын төв байгуулсан уу?

-Хотын захын дүүргүүдээс дэлхийн спортын томчууд төрж болно шүү дээ. Тэнд л тэсвэр тэвчээрүүд өсч торниж байгаа. Бяцхан түүх ярихад, 2000 онд чөлөөт бөхийн дасгалжуулагч байхдаа Монгол, Япон улсын хамтарсан бөх хөгжүүлэх “MJ нийгэмлэг” гэж ТББ байгуулсан юм. Би өөрөө чөлөөт бөхийн хүн, харин япон найзууд маань жүдо бөхийн хүмүүс. Тэр үеэс тамирчдад дэмжлэг, туслалцаа үзүүлж, хоёр улсын хооронд “MJ CUP” гэдэг тэмцээн зохион байгуулж эхэлсэн. Тэр тэмцээнээс олимпийн аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга Д.Сумъяа... гээд нэрлэвэл олон сайчууд гарч ирсэн. Ганц жүдо ч биш чөлөөт бөхөөр хичээллэдэг, ирээдүйд том амжилт үзүүлэх боломжтой олон хүүхдүүд захын гэр хороололд амьдардаг, тэндээ сургуульд явдаг байсныг олж нээн, бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаанд оролцоход нь санхүүгийн дэмжлэгийг ТББ-ынхаа зүгээс үзүүлдэг байлаа. Захын хороололд байдаг, бөхөөр амжилт үзүүлэх магадлалтай хүүхдүүдэд энэхүү “MJ нийгэмлэг”-ээс дэмжлэг үзүүлж, тодорхой хэмжээний тусламж үзүүлсэн. Энэ ажлын маань үргэлжлэл явсаар хэдэн жилийн өмнө Сонгинохайрхан дүүрэгт бөхийн клуб байгуулан, өөрийн зүгээс хөрөнгө санхүүг нь шийдэж барилга байгууламж, заал танхимыг стандартын дагуу барьсан юм. Гэр хорооллын хүүхдүүдийн спортын амжилтад хөрөнгө оруулж буй миний өчүүхэн үйл хэрэг юм даа.


-Өчүүхэн үйл хэрэг биш л дээ. Гэр хорооллын хүүхдүүдийн хөгжилд тань шиг хувиасаа мөнгө гаргаад, спортын цогцолбор байгуулаад явдаг хүн байхгүйг тодорхой хүрээнд ярьдаг юм билээ. Таны клубийн хүүхдүүдээс Олон улсад тамирчид дуулдаад эхэлсэн шүү. Ингэхэд “MJ CUP” тэмцээнээ Монголд зохион байгуулдаг биз дээ?

-(инээв). Зохион байгуулалгүй яахав. 18 дахь удаагаа зохион байгуулсан. Японоос зардлын тодорхой хувийг гаргана. Би өөрөө жүдогийн тамирчин биш ч гэсэн жүдогийн тэмцээнийг ерөнхийд нь зохион байгуулна. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч агсан Д.Дашжамц багш маань 15 жил энэ тэмцээнийг зохион байгуулсан юм. Багш маань бурхан болсон учир 2019 онд тэмцээнээ Д.Дашжамц багшийнхаа нэрэмжит болгож явуулсан. Түүнээс хойш цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан түр завсардаж байна.

-Ингэхэд хэзээнээс эхэлж Улаанбаатар хотын захын дүүрэгт бөхийн клуб байгуулах, заал танхим барих санаа төрж, хөөцөлдөж эхэлсэн бэ?

-“MJ нийгэмлэг”-ийн төсөл маань амжилттай хэрэгжсэн учраас япончуудтайгаа гэр хороололд бөхийн клуб байгуулах, заал танхим барих асуудлаа ярьж шийдсэн. Мэдээж спортын заал танхим барихад хотод газрын асуудал их хүндрэлтэй байлаа. 2016 онд одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга байхад нь уулзаж асуудлаа танилцуулсан юм. Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спорт хорооны дарга агсан Ц.Ганхүү найз маань намайг дагуулаад Х.Нямбаатар дарга руу орж байсан юм. Дүүрэгт нь спорт заал барих газар авах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Саналыг Х.Нямбаатар, тухайн үеийн Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Сумъябазар /Улаанбаатар хотын захирагч/ нар дэмжсэн нь сайхан. Ингээд “MJ-бөхийн клуб”-ийн барилгын ажил 2017 оны дөрөвдүгээр сард эхэлж, аравдугаар сард ашиглалтад орсон. Барилгын зураг, гүйцэтгэл, бусад мэргэжлийн ажлын тухайд энэхүү спортын заал нь надад жижиг ажил л даа. Учир нь би чинь барилгад их ойр хүн. Миний хувьд Канадад шигшээ багийн дасгалжуулагчийнхаа ажлын хажуугаар барилгын бизнест хөл тавьсан юм. Тухайлбал, манай барилгын компани тухайн үедээ хойд Америктаа хоёрт орох том төсөл болох Канадад 66 давхар барилгын ажлын гүйцэтгэгчээр ажиллаж ашиглалтад оруулж байлаа. Энэ нь тухайн үедээ Монголд бас хөөрхөн шуугиан болоод л авсан. Монгол захиралтай, монгол ажилчидтай компани Канадад 66 давхар барилга барьжээ гээд (инээв). Ийм том хэмжээний барилга барьсан надад тэр жижиг спортын заал танхимын зураг төсөл, хийж гүйцэтгэх ажил гайгүй л дээ. Дор нь л барьсан.

-Монголд лав баригдаагүй барилга барьсан юм байна. Барилгын мэргэжилтэн юм биш үү, та чинь...

-Үгүй ээ (инээв). Канадад барилгын компанитай л хүн, манай ажилчдын тал нь монголчууд. Хоёр жил долоон сарын хугацаанд 66 давхар барилга барьсан нь бол үнэн. Тухайн үед Асашёрюү Дагвадорж залгаад “Ах аа, миний нэрийн өмнөөс монгол ажилчиддаа баяр хүргээрэй” гэж билээ. За энэ сэдвийг орхиё, одоо хадуурах нь. Хоёулаа хүүхдүүд рүүгээ орьё.

-Яагаад Сонгинохайрхан дүүргийг сонгож клубээ байгуулсан юм бэ?

-Энэ дүүрэг хамгийн олон ерөнхий боловсролын сургуультай, баруун, зүүн аймгаас шилжиж ирсэн өрхүүд ихэнх нь тус дүүрэгт амьдардаг юм билээ. Хотын төвийн амьдрал, Сонгинохайрхан дүүргийн амьдрал хоёр тэс өөр байсан. Сайхан заал бариад өгвөл тэнд бөхийн үүр уурхай байгааг харсан юм.

-Клуб Сонгинохайрхан дүүргийн яг хаана байрлалтай вэ?

-Дүүргийн Биеийн тамир, спорт хорооны яг ар талд байрладаг. Спорт хороонд ирсэн хүүхдүүд заал руу ороход ойрхон.

-Зөвхөн чөлөөт бөхөд зориулсан заал танхим уу?

-Чөлөөт, жүдо бөхийн заал, хоёр дэвжээтэй. Саун, дэвжээ, эрэгтэй, эмэгтэй хувцас солих өрөө, усанд орох өрөө, дасгалжуулагчийн өрөө... гээд цогцолбор шүү. Саяхан нэмж номын сантай болсон. Бүх зүйл стандартын дагуу хийгдсэн. Хүүхдүүд чөлөөт цагаараа ном унших, номоо багшдаа тэмдэглүүлээд гурав хоног гэр рүүгээ авч яваад унших ч боломжтой.

-Өнөөдөр хэдэн хүүхэд танай клубт хамрагдаж, бөхийн төрлүүдээр хичээллэж байна?

-Жүдо, чөлөөт бөх нийлээд 250 гаруй хүүхэд хичээллэж байна. Энэ хоёр төрлийн Өсвөрийн улсын аваргаас медаль аваад эхэлчихсэн. Амжилттай сайхан ажиллаж байгаа. Чөлөөт бөхийн дасгалжуулагч Н.Баатар, жүдо бөхийн дасгалжуулагч нь ОУХМ Р.Лувсанпүрэв ажиллаж байна.

-Хүүхдүүд төлбөртэй хичээллэдэг үү?

-Бидний нэг онцлог бол хүүхдүүдээс ямар ч төлбөр авдаггүй. Харин хүүхдүүдээр ажил хийлгэж, зөв хүн болгон төлөвшүүлэх хөтөлбөрүүдтэй. Сар бүр цонхоо угаана, ариун цэврийн өрөөг зөв ашиглах, заалаа өөрийн гэр шиг хайрлах, гаднаас хүн орж ирэхэд мэндлэх, зааланд хэн ч гуталтай орохгүй гэх мэт ахуйн соёлд сургаж, хүмүүжүүлэхээс эхлээд спортоор хүүхдүүдийг хүмүүжүүлэх, ёс суртахуунтай, хүнлэг бие хүн болгох нь клубийн том зорилго юм. Энэ олон хүүхдүүд манай клубт хичээллээд бүгд спортын алдартнууд болохгүй нь тодорхой. Гэхдээ бүгд спортын зөв хүмүүжлийг олж, авах, нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн иргэн болоход нөлөөлж бол чадна. MJ бөхийн клубт хичээллэснээр насан туршийн олон сайн найз нөхдөө эндээс олно шүү дээ, манай хүүхдүүд.


-Хүүхдүүд үнэ төлбөргүй бөхийн клубт хичээллэдэг юм байна. Урсгал зардал, дасгалжуулагчдын цалинг хэрхэн зохицуулдаг вэ?

-Ус, дулаанаас эхлээд бэлтгэлийн кимоно, өмсгөл гээд ихэнх зардал миний зүгээс гарна л даа. Гэхдээ яах вэ, хамгийн гол нь бөхийн спортоор дамжуулаад зөв хүмүүжилтэй залуу үеийг эх орондоо бэлдээд өгчихвөл миний монгол хүн болж төрснийх, бөхийн спортод ухамсарт амьдралаа зориулсны хэрэг бүтлээ гэсэн үг. Мэдээж Сонгинохайрхан дүүрэгтэй гэрээ байгуулсан, тодорхой хэмжээнд дэмжлэг байгаа.

-Гадаадад бизнес эрхэлж амжилттай яваа тань шиг хүмүүс эх орондоо, мөн өөрийн ухамсарт амьдралаа зориулсан салбартаа ингээд хөрөнгө оруулдаг том жишиг Монголд бий болоосой гэж хүсч байна?

-Тийм хүмүүс цөөнгүй бий байх аа. Энэ клубийг байгуулахын учир нь нэгдүгээрт, олимп, дэлхийн аварга тамирчин төрүүлэх. Хоёрдугаарт, зөв хүнийг нийгэмд бэлтгэх гэж үргэлж санаж зорьж яваагаа сая хэллээ. Хүн бүрд боломж байдаг, тэр боломжийг бусдад нээж өгөх нь том буян. Зөвхөн спортын амжилт бус энэ клубт хичээллэж буй хүүхдүүд, хамт олноос ирээдүйн том улстөрч, эдийн засагч, шинжлэх ухааны эрдэмтэд төрнө. Хүүхдүүд сургуулиас гадуур өөр хамт олонтой, нийгэмд эзлэх байр суурьтай болно. Нэг хамт олонтой хүн, арван хамт олонтой хүн хоёрын ярих, сэтгэх, хандлага, нийгэмд эзлэх байр суурь маш их ялгаатай. Бид хүүхдүүдийн нуугдмал боломжийг нээж өгч байна. Гуравдугаарт, спортоор хичээллэсэн хүүхэд юунд ч няцдаггүй, сэтгэл зүй сайтай хүн болж төлөвшдөг. Наад зах нь өглөө эрт босдог, эхлүүлснээ дуусгадаг, буруу зуршилгүй, хүнийг хүндэтгэдэг болж хүмүүждэг. Манай бөхийн клуб зөв хүн бэлтгэж нийгэмд хөл тавиулах хамгийн том зорилготой юм шүү. “MJ-бөхийн клуб”-ын 250 хүүхэд 250-уулаа спортын мастер болохгүй, гэхдээ нийгмийн салбар бүрийн томчууд болно гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ бол миний өөрийнхөө зүгээс нийгэм рүү оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт.

-Ингэхэд та спортын гараагаа хаанаас эхэлсэн юм бэ?

-Нийслэлийн 31 дүгээр сургуулийн есдүгээр ангийн сурагч байхдаа насанд хүрэгчдийн Олон улсын тэмцээнд түрүүлж байлаа. Тухайн үеийн Нийгмийн аюулаас хамгаалах яамны сайд, генерал А.Жамсранжав гуай өрөөндөө дуудаад жуух бичиг гардуулж байлаа. Би Ц.Нацагдорж багшийгаа дагаад ингэдэг л юм байлгүй гэж бодоод явж байсан (инээв). Баргийн хүний ордоггүй өрөөнд орж явснаа сүүлд нь л мэдсэн.

-Та ер нь хэзээ Канад явсан юм бэ, тэмцээнд дасгалжуулагчаар явж байхад тань Канадаас ажиллах санал ирсэн юм уу?

-1999 онд тэмцээнээр явж байхад л Канадын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллах санал ирж байсан. 2000 онд ажиллах санал дахин ирсэн. Ний нуугүй хэлэхэд, хоёр охиныхоо ирээдүйг бодож л зөвшөөрсөн. Ингээд гэр бүлээрээ Канад улс руу явсан. Канадад очиж дасгалжуулагчаараа ажиллаад, хоёр охиндоо ч сайн боловсрол эзэмшүүлсэн. Манай бага охин Канадад их сургуулиа төгсөөд Монголдоо ирж бизнес эрхэлж, аавынхаа “MJ-бөхийн клуб”-ийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа. Том охин маань Канадад аавынхаа барилгын компанийн бизнесийг явуулж байна. Бизнес хийнэ гэдэг хэцүү, хүний газар, хүний хуулийн дагуу ажиллана. Гэхдээ болж байгаа. Энд нэг зүйлийг би хэлмээр байна. Хоёр охин маань Канадад сурч боловсорч, гадаад тивд хүүхэд насныхаа багагүй хугацааг өнгөрөөж байгаа ч үргэлж Монгол эх орноо гэсэн сэтгэлтэй байдагт нь эцэг хүний хувьд бахархаж явдаг. Бага охинд маань гадагшаа илүү сайн ажиллаж амьдрах боломж дүүрэн байгаа ч Монгол эх орон руугаа л тэмүүлсэн. Энд тэндхээс илүү бэрхшээл байгааг нуугаад яах вэ, бүгд л гадарлаж байгаа хойно. Гэвч охин маань эх орондоо ажиллаж хөдөлмөрлөж, хөгжил дэвшилд нь нэмэр болох гээд үзэж тарж явна. Монголын ирээдүй хойч ийм эх оронч сэтгэлтэй байгаа нь сайхан юм.

-Та Канадын шигшээ багийн дасгалжуулагчаараа л ажиллаж байна уу?

-Одоо бол Канадын чөлөөт бөхийн шигшээ багийн зөвлөхөөр ажиллаж байна.

-Тэр том гүрний шигшээ багийн дасгалжуулагч, зөвлөх байна гэдэг нийгэмд эзлэх томоохон байр суурь, нэр хүнд биз...

-Тийм шүү, их сайхан. Канад, АНУ гээд хаана ч явсан хүндэтгэлтэй сайхан байдаг, Канадад 18 жил амьдарч байна. Хэрэв би муу ажилласан бол үнэлэмж арай өөр байх байсан. Хаана ч зүгээр л цалин авахын төлөө ажиллана гэдэг утгагүй хэрэг. Ажиллаж байгаа бол ажилласан шиг л ажиллах хэрэгтэй, үгүй бол чаддаг хүнд нь зайгаа тавих ёстой, ийм л зарчмаар ажилладаг. 2008 онд миний ажилласан клубээс олимпийн аварга төрсөн, түүнийг Хуан Кэролл гэдэг. Бид хоёр клубтээ хоёулхнаа ази хүмүүс, их дотно. Шавь нараас маань 2012 онд Лондонгийн олимпоос хүрэл, мөнгөн медаль хүртсэн. Манай багаас дэлхийн аварга олон төрсөн, сүүлийн дэлхийн аварга Жастина Ренауг 2018 онд Монголдоо авч ирсэн. Тэр үед Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч З.Дүвчин ах, Монгол Улсын гавьяат тамирчин С.Батцэцэгийг хөтлөөд 14 хоног биднийг салалгүй дагаж, хамт бэлтгэл хийлгэж байлаа. Наадмын урьд өдөр гэхэд л спортын ордон дээр өнөө агуу Ойдов, Дүвчин хоёр чинь шавь нараа дагуулчихсан, бидний бэлтгэл дээр хамт сууж байсан. З.Дүвчин ах “Дэлхийн аварга хүн ирээд бэлтгэл хийж байна гэдэг бол алтан боломж” гэж байсан. С.Батцэцэг дараа жил нь дэлхийн аварга болсон. Багш, дасгалжуулагч хүн гэдэг шавийг ингэж “юм” болгодог, анхаарал тавьдаг, сайн тамирчинтай хамт бэлтгэл хийлгэхийг зорьдог юм билээ. Дэлхийн аваргатай хамтарсан бэлтгэл хийлгэхийг алтан боломж гэдгийг Дүвчин ах манай багш нарт хэлээд л өгсөн дөө.

-Монголын чөлөөт бөхийн хөгжил өнөөдөр шалан дээр очлоо гээд сүүлийн нэг хоёр жилээс шуугиад эхэллээ. Танд ямар харагдаж байна?

-Бидэнд маш их боломж байгаа. Дөрөв, таван настай монгол хүүхэд багшийн зааваргүйгээр өөрийн төрөлх мэдрэмжээр тонгорох мэхийг зөв хийдэг. Ийм байгалийн өгөгдөлтэй хүүхэд Монголд л байдаг байх. Жаахан л зааж чиглүүлээд өгөхөд их том амжилт тэднийг хүлээж байна. Хамгийн гол нь бүгд эв нэгдэлтэй, нэг зүгт харж, том зорилго дээрээ нэгдчихвэл тэгээд дэлхийн хэмжээний амжилтууд дэргэд байна.

-Монголын энэ олон дэвжээ, багш нарын хувийн амбиц арай хэтрээд, тэдгээр нь Монголын тамирчдын амжилтад сөргөөр нөлөөлөөд байх шиг харагдах юм?

-Дэлхийд бол тамирчин Монгол гэдэг нэрийг л авч явна, эцсийн зорилго энэ л юм шүү дээ. Бидэнд сургалт муу, эсвэл өөр ямар нэг зүйл дутагдаагүй, эв нэгдэл л дутагдаж байна. Барилдааны дүрэм дөрвөн жил тутам өөрчлөгддөг, түүнийгээ дагаад багш нар өөрсдийгөө өөрчилж, шинэчлэхээс эхлээд хувь хүнээс шалтгаалах асуудлуудыг өөрсдөө шийдээд явчих боломжтой. Том баг хамт олон болох л чухал байна, энэ цаг үед.

-Та сая Азийн аваргын тэмцээнийг өөрийн биеэр үзлээ. Олимп ч дөхлөө. Монголд итгэл найдвар хэр харагдах юм?

-Олимпоос наана хугацаа байна, цаадуул чинь "аймар" бэлтгэж байна. Манай дасгалжуулагчид, тамирчид минь та нар сайн ажиллаарай, сайн бэлдээрэй л гэж хэлье.

Онцлох нийтлэлүүд