ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2019.12.12 12:12

Н.Номтойбаяр: Хүний нэр төрд халдаж, гэмт хэрэгт гүтгэж байна


УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр /2019.12.12/ мэдээлэл хийлээ. Тэрбээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 3,9 тэрбум төгрөгийг олгосон гэсэн мэдээлэл гарах болсон. Үүнтэй холбоотой тайлбар мэдээлэл болон Г.Батхүү агсантай холбоотой надтай холбоотой мэдээлэл их гарах болсон. Тиймээс тайлбар өгч байна гэдгийг тодотгосон юм.

"Намайг яллагдагчаар татсан тогтоолд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхдаа Засгийн газраас батлагдсан нэг төсөлд 5 сая хүртэлх төгрөгийн зээл олгодог. Энэ тогтоол Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед батлагдсан Засгийн газрын тогтоол. Энэ тогтоолд нэг иргэнд таван сая хүртэл төгрөгийн зээл олгохоор тусгасан байсан. Орон нутгийн шинж чанартай төсөл хөтөлбөрт санхүүжилт олгодог тогтоол. АТГ-ын мөрдөн байцаагч буруу хууль, тогтоомж үндэслэн намайг буруутгасан байна. Мөн төслүүдийг эргэн төлөлтгүй хэрэгжүүлэх тогтоол гаргаж, улсад 3,9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж яллагдагчаар татах тогтоолд тусгасан байна. Хоёр жилийн хугацаатай эргэн төлөгдөх зохицуулалттай тогтоол бий. Энэ тогтоолын дагуу зээл олгогдоод, гэрээ байгуулаад зээл олгосон. Энэ төслийг шалгаруулах хуралдаанууд болоогүй, хуурамч хурлын тэмдэглэл бичиж шийдвэр гаргасан гэсэн үндэслэлийг дурджээ. Түүнээс гадна Хөдөлмөр халамжийн дэд даргатай бүлэглэн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 8 этгээдэд давуу байдал үүсгэсэн гэсэн байна. Салбартай холбоотой олон санал ирдэг, тэр бүгдийг харьяа байгууллагад нь шилжүүлдэг. Нэр дурдаад байгаа гишүүдийн зүгээс ямар нэг албан бичиг юм уу, зохион байгуулалттай зүйл хийгээгүй. Тэгэхээр АТГ-ын яллагдагчаар татсан тогтоолд дурдсан бүх мэдээлэл ор үндэслэлгүйгээр намайг гүтгэсэн. Бүгд нотлох баримттай байна, хуулийн байгууллага дутуу судалсан байна. АТГ өнөөдөр яаж ажиллаж байна вэ. Нэг бол АТГ-ын ур чадварын асуудал уу, эсвэл улс төрийн асуудал уу гэдгийг цаг хугацаа тогтооно. Хүний нэр төрд халдаж, гэмт хэрэгт гүтгэж байна. Би өөрөө АТГ-ын удирдлагатай уулзаж, энэ бүх мэдээллээ өгнө гэж хэлсэн. Мөн намайг гишүүнийх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр хөөцөлдөж байна гэсэн мэдээлэл бий, надтай уулз" гэв.

Онцлох нийтлэлүүд