Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн байна 11 дүгээр ангийн сурагч галаас хүний амь аварчээ 1.374.796 ширхэг хувьцаа арилжжээ Тайланд хэрэглэсэн эмнэлгийн бээлийгээ АНУ-д экспортложээ Нийслэлийн 10 га газрыг нийтийн эзэмшилд бүртгэхээр болжээ “Gazprom” энэ онд Европт нийлүүлэх байгалийн хийн экспортын төлөвөө хэвээр үлдээлээ Шуурхай бүлэг Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж байна ​12 настай Н.Содбилэгт шатар сонирхогчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Ж.Сандагсүрэн: Номын сангийн тоог нэмэх, номын санчдыг чадваржуулах хэрэгтэй Газартай холбоотой хүсэлт, өргөдлийг цахимаар авч, гэрээ, гэрчилгээг ч цахимаар олгоно Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн байна 11 дүгээр ангийн сурагч галаас хүний амь аварчээ 1.374.796 ширхэг хувьцаа арилжжээ Тайланд хэрэглэсэн эмнэлгийн бээлийгээ АНУ-д экспортложээ Нийслэлийн 10 га газрыг нийтийн эзэмшилд бүртгэхээр болжээ “Gazprom” энэ онд Европт нийлүүлэх байгалийн хийн экспортын төлөвөө хэвээр үлдээлээ Шуурхай бүлэг Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж байна ​12 настай Н.Содбилэгт шатар сонирхогчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Ж.Сандагсүрэн: Номын сангийн тоог нэмэх, номын санчдыг чадваржуулах хэрэгтэй Газартай холбоотой хүсэлт, өргөдлийг цахимаар авч, гэрээ, гэрчилгээг ч цахимаар олгоно
Цаг үе
2020.01.31 09:01

Н.Оюундарь: Иргэдэд гэр бүлийн боловсролыг албан, албан бус хэлбэрээр бүх түвшинд олгохыг хуульд шинээр зохицуулна


УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай ярилцлаа.


-Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ямар өөрчлөлт орж байгаа талаар ярилцлагаа эхэлье?

-Монгол Улсын Гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдаж, түүнээс хойш зургаан удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан боловч эдгээр нь гэр бүлийн харилцаанд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн гэхээс илүүтэй салбарын харилцааг зохицуулсан бусад хуулийн шинэчлэлийг дагалдан хийгдсэн байдаг.

Энэ удаагийн УИХ-аар хэлэлцүүлэх “Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга”-ын төсөлд төрөөс гэр бүлийн тогтвортой хамтын амьдралыг дэмжих, гэр бүлийн талаар явуулж буй бодлого, үйлчилгээг гэр бүлд шуурхай хүргэх чиг үүрэг бүхий гэр бүлийн хөгжлийг дэмжих төрийн байгууллагын бүтэц механизмыг хуулиар баталгаажуулах, гэр бүлийн гишүүдийн, ялангуяа эцэг эхийн хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, хүүхэд эрүүл, аюулгүй, амар тайван орчинд өсөж хөгжих, хүмүүжих нөхцөлийг хангах, хүмүүжлийн эерэг арга хэрэглэх, цус ойртолтоос сэргийлж угийн бичиг хөтлөх, хүүхдэд ёс заншил, түүх соёлын уламжлал, гэр бүлийн боловсролоор дамжуулан амьдрах арга ухаанд сургах, хөдөлмөрт бэлтгэх зэрэг үүргээ биелүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх нөхцөл, журмын талаар тусгасан байгаа.

Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг гэр бүлдээ авч өсгөж хүмүүжүүлж байгаа “асралт гэр бүл”-ийн тухай шинэ заалт орж, тавигдах шалгуур болон төрөөс үзүүлэх дэмжлэг, хяналтын механизмыг тусгасан. Хүүхдийн дотоод, гадаад үрчлэлтийн асуудалд анхаарч, үрчлэлтээс өмнөх болон үрчлэлтийн дараахь хүүхэд хамгааллын асуудлыг хуулиар хамгаалж, үрчлэгдсэн хүүхдийн нөхцөл байдалд тавих хяналтыг сайжруулна.

Иргэдэд гэр бүлийн боловсролыг албан ба албан бус хэлбэрээр бүх түвшинд олгох, энэ зорилгоор гэр бүлд зөвлөгөө өгөх төвүүдийг байгуулж ажиллуулах, гэр бүлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-тай хамтран ажиллах, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудын гэр бүлийг дэмжих үйлчилгээг урамшуулах, хөхиүлэн дэмжих эрх зүйн үндсийг хуульд шинээр зохицуулна. Гэрлэлт сайн дурын үндсэн дээр байх зарчимд нийцүүлэн, аливаа этгээд ашиг олох зорилгоор гэрлэлтийн асуудлаар зуучлалын ажил, үйлчилгээ эрхлэхийг хориглоно.

-Гэр бүл цуцлалт сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа тоо баримт байдаг. Гэр бүл салалтын гол шалтгаанууд юу вэ?

-2018 оны байдлаар Монгол Улсын өрхийн тоо 894.4 мянгад хүрч сүүлийн таван жилийн дунджаар 1.9 хувиар өссөн. Өрхийн бүтцийг авч үзвэл, дан өрх 445 048 буюу 62,4%, өргөтгөсөн өрх 177 898 буюу 24,9%, ганц бие өрх 75 917 буюу 10,6%, холимог өрх 14 917 буюу 2,1% байна. Үүнээс гадна ядуу, архины хамааралтай, хүчирхийллийн харилцаатай, олон хүүхэдтэй, өрөөсгөл, дахин гэрлэсэн, түр тусдаа амьдарч байгаа, шилжин суурьшсан, хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй гэх мэт олон хэв шинжийн гэр бүлүүд бий болж, тэдэнд өвөрмөц онцлогтой тулгамдсан асуудлууд үүсч, эдгээр гэр бүлүүдийн онцлогийг харгалзсан төрийн бодлого, үйлчилгээг хэрхэн хүргэх талаар эрх зүйн шинэтгэл хийх шаардлагатай байна.

Монгол Улсын хэмжээнд 2011 онд 11869 хос гэрлэлтээ бүртгүүлж, 3222 гэр бүл гэрлэлтээ цуцлуулж байсан бол 2018 онд 21020 хос гэрлэлтээ бүртгүүлж, 4201 хос гэрлэлтээ цуцлуулсан байна. Энэхүү статистик дунджаас харахад жилд дунджаар гэрлэлт 16 хувиар, гэрлэлт цуцлалт 4.1 хувиар нэмэгдсэн байна. Гэр бүл цуцлалт, салалтын нэгдүгээрт ахуйн хүрээний архидалт 86,8%, дараа нь хардалт, үл итгэлцэл 73%, төрөл садны нөлөөлөл 62%, гэр бүлээс гадуурх харилцаа 58%, бусад асуудал буюу ажилгүйдэл, санхүү мөнгөний гачигдал, тусдаа амьдрах гэх мэт асуудлууд гол шалтгаан болж байна гэж судлаачид үзэж байна.

-Гэр бүл цуцлуулахад эхнэр нь хүүхдээ өөр дээрээ авдаг байдал ихэнх хувийг эзэлдэг. Нөхөр нь ямар хуулийн хариуцлага хүлээхээр хуульд тусгаж байгаа вэ. Хүүхдийн тэтгэмж өгөх хууль амьдрал дээр биелэх нь ховор байдаг шүү дээ?

-Хүүхдийн тэтгэлгийн хэмжээг насны байдлыг харгалзан сард нэг удаа дараахь хэмжээгээр тогтоохоор тусгаж байна. Үүнд, 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тогтоох юм. Хүүхдийн тэтгэмж төлөхөөс зайлсхийсэн этгээдэд Зөрчлийн тухай хуулиар торгуулах, албадан хөдөлмөр эрхлүүлэх, гэмт хэргийн шинжтэй бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр бусад холбогдох хуулиудтай нийцүүлэх юм.

-Гэр бүл салалт хүүхдэд муугаар нөлөөлдөг гэдэг. Хүүхдийн эрхийг хангах талаар хуульд тусгасан уу?

-Эцэг, эх нь насанд хүрээгүй, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй нь тогтоогдсон хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. Эцэг, эхийн хэн нэг нь гэрлэлтээ цуцлуулах үедээ хүүхдийн тэтгэлэг авахаас татгалзах нь хариуцагчийг хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй зэрэг олон заалт бий.

-Эцэг эхийн үүргээ ухамсарладаггүй хүмүүс нийгэмд байна гэх шүүмжлэл байдаг. Эдгээр хүмүүст хариуцлага тооцох зүйл заалт шинэлчилсэн хуулийн төсөлд багтаж байгаа юу?

-Хүүхдийн эцэг, эх нь түүний хууль ёсны төлөөлөгч байх бөгөөд иргэн, хуулийн этгээдэд хүүхдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй байдаг. Хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хохироосон, үүргээ биелүүлээгүй эцэг, эх болон гэр бүлийн бусад гишүүдэд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу захиргааны хариуцлага хүлээлгэнэ. Хүүхдээс тусдаа амьдарч байгаа эцэг, эх, гэрлэлтээ цуцлуулсан, эсхүл хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар хүүхдийн оршин суугаа газраас өөр газарт ажиллаж, сурч, амьдарч байгаа, хорих ял эдэлж байгаа, хугацаат цэргийн алба хааж буй зэрэг нь эцэг, эхийг энэ хуульд заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Гэрлэлтээ цуцлуулсан, гэрлэлтээ батлуулалгүй хамт амьдарч байсан эцэг, эх тусдаа амьдарч байгаа бол эрх, үүргээ хэрэгжүүлэхэд хэн нэгэндээ саад учруулахыг хориглоно. Энэхүү хуулийн төсөлд эцэг эх байх үүрэг хариуцлагаа ухамсарлахгүй, хүүхдийг эрсдэлт нөхцөл байдалд хүргэсэн эцэг эхчүүдийн эцэг эх байх эрхийг хязгаарлах, хасах тухай заалтыг ч нарийн тусгасан. Тухайлбал, хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулсан, хүүхдийг тэжээн тэтгэх, асран хамгаалах талаар хуульд заасан үүргээ биелүүлээгүй, орон сууц, хувцас, хоол унд, бусад ахуйн хэрэглээгээр санаатайгаар гачигдуулсан, хөдөлмөрийг нь зүй бусаар ашигласан, орон гэрээсээ дайжуулсан, гадуурхсан бол 3-6 сар хүртэлх хугацаагаар эцэг эх байх эрхийг түдгэлзүүлэх, эцэг эхийн буруугаас эрсдэлт нөхцөл байдал хүндэрсэн, удаа дараа давтагдсан, хүүхдийг тэжээн тэтгэх, асран хамгаалах үүргээ ноцтой зөрчсөн, эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, согтууруулах, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бодис байнга хэрэглэдэг, хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн зэрэг, эцэг эх байх эрхийг хасахаар хуулийн төсөлд тусгаж өгсөн. Эцэг, эх байх эрхээ хасуулсан хүүхэдтэй хамт амьдрах эрхгүй байна. Эцэг, эхийн хэн нэг нь болон хоёулаа эцэг, эх байх эрхээ хязгаарлуулснаас, эсхүл хасуулснаас үл хамааран хүүхдийн өв залгамжлах, өмчлөх болон эд хөрөнгийн бусад эрх хэвээр хадгалагдана. Эцэг, эх байх эрхээ хасуулсан, эсхүл хязгаарлуулсан нь хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд шүүх хариуцагч этгээдээс хүүхдийг тэжээн тэтгэхэд шаардагдах тэтгэлгийг гаргуулна.

-Гадаад үрчлэлтийн асуудалд түлхүү анхаарч байгаа юм билээ. Энэ тухайд?

-Гадаадын иргэн, харьяалалгүй этгээд оролцсон гэр бүлийн харилцааг нарийвчлан зохицуулж, гадаадын иргэнд хүүхэд үрчлүүлэх, үрчлэгдсэн хүүхдийн нөхцөл байдалд тавих хяналтыг сайжруулахаар тусгасан. Гэр бүл, хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд монгол хүүхдийг гадаадын гэр бүлд үрчлүүлэх орон тооны бус Үрчлэлтийн зөвлөл ажиллана. Зөвлөл нь гэр бүл, хүүхдийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, гэр бүл, хүүхдийн болон гадаадын иргэн, харьяатын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон долоогоос доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байна. Гэр бүл, хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Үрчлэлтийн зөвлөлийн шийдвэрт үндэслэн хүүхэд үрчлүүлэх эсэх шийдвэр гаргана.

-Гэр бүлүүдийг дэмжиж ажиллахад төрөөс ямар дэмжлэг үзүүлэх ёстой вэ?

-Төрөөс гэр бүлийн тогтвортой амьдралыг дэмжиж, хүүхэд, жирэмсэн болон хөхүүл, эсхүл бага насны хүүхэдтэй эмэгтэй, өрх толгойлсон бага насны хүүхэдтэй эрэгтэй, өндөр настан, хөдөлмөрийн чадваргүй гэр бүлийн гишүүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тэргүүн ээлжинд хамгаалах ёстой. Үүний тулд төрөөс гэр бүлийн эрүүл, аюулгүй, амар тайван орчин, орон байртай байх нөхцөлийг бүрдүүлэх, иргэдэд гэр бүлийн боловсрол олгох, сургалт, зөвлөгөө, мэдээллийн үйлчилгээ үзүүлэх, гэр бүлийн тогтвортой амьдралыг дэмжих, хөдөлмөрлөх, аж ахуй эрхлэх нөхцөлөөр хангах зэрэг дэмжлэг, хамгааллыг хуулиараа баталгаажуулж өгөх шаардлагатай байна. Бас гэр бүлийн хөгжлийг дэмжих үйлчилгээнүүдийг шинээр бий болгох талаар хуулинд зохицуулалт хийх шаардлагатай гэж үзэж байна.

Онцлох нийтлэлүүд