Өдрийн сонин үнэнийг хэлнэ
М.Лхагвагэрэл Дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдаанд оролцлоо Цол олгох барилдаанд аймгийн арслан Т.Пүрэвсүрэн түрүүлэв Ж.Байден Засгийн газрын санхүүжилтийг сунгах баримт бичигт гарын үсэг зуржээ ​Дорноговь аймгийн Сайншанд суманд "Иргэдийн хөгжлийн төв" ашиглалтад орлоо “Virtuoso gala concert-2020/2021” энэ сарын 8-нд болно Газрын багц хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг болов Хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийг энэ сарын 13-наас олгоно ЭМЯ-ны шуурхай баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна Улсын заан Д.Анар түрүүлж, Улсын харцага Н.Золбоо үзүүрлэлээ “Омикрон” хувилбар дэлхийн 38 улсад бүртгэгджээ М.Лхагвагэрэл Дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдаанд оролцлоо Цол олгох барилдаанд аймгийн арслан Т.Пүрэвсүрэн түрүүлэв Ж.Байден Засгийн газрын санхүүжилтийг сунгах баримт бичигт гарын үсэг зуржээ ​Дорноговь аймгийн Сайншанд суманд "Иргэдийн хөгжлийн төв" ашиглалтад орлоо “Virtuoso gala concert-2020/2021” энэ сарын 8-нд болно Газрын багц хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг болов Хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийг энэ сарын 13-наас олгоно ЭМЯ-ны шуурхай баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна Улсын заан Д.Анар түрүүлж, Улсын харцага Н.Золбоо үзүүрлэлээ “Омикрон” хувилбар дэлхийн 38 улсад бүртгэгджээ
Цаг үе
2019.09.04 08:09

Н.Сүхдорж: “Болор цом”-оос хасагдсаны дараа П.Бадарч ах намайг “Шүлэг уншаад боссон байна, шулга уншаад унасан байна” гэдэг байгаа


Хөдөө орон нутагт ажиллаж амьдарч уран бүтээлээ туурвиж яваа цөөхөн зохиолчийн нэг бол Сэлэнгэд ажиллаж амьдарч уран бүтээлээ туурвиж яваа зохиолч, яруу найрагч Нямжавын Сүхдорж билээ. Түүнийг манай уншигчид “Айлын хөөрхөн Жинжиймаа”, “Монгол наадам”, “Эх Монгол орон“, “Сэлүүн дэнжийн яргуй”, “Буур хээр” зэрэг нийтэд хүрсэн дуу шүлгээр нь эчнээ таних биз ээ. Бас тэрээр 1995 оны Монголын анхны кино наадмын тэргүүн шагналт “Бор чоно” кино, 2014 оны олон улсын “Гэгээн Муза-12” наадмын тэргүүн шагнал хүртсэн “Галдан бошигт хаан” жүжиг, 2019 оны шилдэг бүтээлийн “Алтан өд” шагнал хүртсэн “Өндөр хөхийн унага” романы зохиогч юм. Энэ удаа бид сониныхоо зочин хоймортоо зохиолч яруу найрагч Нямжавын Сүхдоржийг урилаа.


-Манай ихэнх уран бүтээлчид төв нийслэлдээ ажиллаж, амьдарч, төвийн сонин сэтгүүл, радио телевизэд ажиллаж уран бүтээлээ туурвидаг. Гэвч та хөдөөнөө л сууж уран бүтээлээ туурвиж явна. Хотоосоо алс газарт уран бүтээл туурвих нь танд илүү тааламжтай байна уу?

-Надад хотод суух бололцоо олдоогүй юм аа. Уг нь би 1975 онд Улсын багшийн дээд сургуулийг төгссөн хүн. Намайг төгсөхөд Ховдод хуваарилсан юм. Би яваагүй. Тэгээд хотод үлдэх санаатай дээгүүр, доогуур гүйж байгаад “Улаан од” сонинд сэтгүүлчээр орохоор боллоо. Би өөрийнхөө сайндаа ч биш. Намайг цэрэгт байхад манай ангийн хүнсний албаны дарга байсан хошууч Ж.Зундуй минь зуучилсан хэрэг. Долоо хоногийн дараа ажилд орохоор тохироод би гэдэг хүн баярлан гарч найзуудтайгаа ромбоны баяраа тэмдэглэн хоёр гурав хоног гадуур гишгэж яваад байрандаа иртэл ааваас “Ээж чинь эмнэлэгт хэвтсэн. Маш хүнд байна. Яаралтай ирж амьд дээр нь уулз” гэсэн цахилгаан ирсэн байдаг байгаа. Ийм цахилгаан авсан хүн чинь сандарна биз дээ. Ямар ч байсан ээжтэйгээ амьд дээр нь уулзъя гэж бодлоо. Явахаас аргагүй. Явах гэхээр зардал мөнгө байхгүй. Ажилдаа оронгуут чөлөө мөнгө гуйлтай биш. Тэгээд л Боловсролын яаман дээр очиж Ховдод ажиллая гэж томилолт зардлаа аваад нисч очвол ээж маань зүв зүгээр “Чамайг сайхан хуурч авч ирлээ дээ дээ” гээд инээчихсэн цайгаа самраад зогсож байдаг байгаа. Ээжийнхээ эрүүл саруул байгааг хараад баярласан ч харин хуурч хөдөө авч ирснийг нь бодохоор гомдох шиг болж билээ. Нэг ийм юм болоод хөдөө гарчихсан хэрэг. Тэглээ гээд нэг их алдсан юм үгүй л дээ. Бичихийн хувьд гэвэл хонины бэлчээрт бичнэ үү, хотын цэцэрлэгт бичнэ үү ялгаа үгүй. Харин бичсэн зүйлээ түмэн олондоо хүргэхэд л төвд байдаг хүмүүст давуу тал их байдаг даа. Жишээ нь, нэг дууны шүлэг бичлээ гэж бодоход хотод бол хэн нэгэн хөгжмийн зохиолчтой холбогдоод ая дан хийлгэж дуулуулаад радио юм уу телевизэд өгчих боломж их. Харин хөдөө бол ийм боломж хомс байдаг. Харин одоо бол харилцаа холбоо хөгжөөд хот хөдөө, хоймор хатавчны ялгаа арилж байх шиг байна.

-Танд мартахын аргагүй гэгээн сайхан дурсамж их байгаа даа. Үүнээс хамгийн их тод дурсамж юу байна?

-За би одоо дал хүрч байна. Эргээд бодоход хүний амьдралд ердөө дурсамж л үлддэг юм уу даа. Урьд байсан юм одоо үгүй болж гоо сайхан охид эмээ болж, эрмэг зоримог хөвүүд өвөө болж. Өчигдрийн байсан юм өнөөдөр үгүй, бас цоо шинэ юм бий болж, ертөнц бидний нүдэн дээр өөрчлөгдөж байна. Он цагийн насан хөсөг жам ёсоороо урсан өнгөрч байна. Бид энэ их урсгалд зөвхөн дурсамжаа үлдээгээд л хөвөн оддог өчүүхэн бяцхан зомгол юм аа. Би бусдын нэгэн адил хүн ёсоор хүний амьдралыг туулж явна. Тийм болохоор надад гэрэлтэй, сүүдэртэй олон дурсамж үлдсэн дээ. Би анх Ховд аймгийн Мөст суманд айл орон болж анхны галаа асааж байлаа. Ууган хүүгээ өлгийдөн авч бас аав болж байлаа. Энэ бүхэн мартахын аргагүй сайхан дурсамж. Уран бүтээлч хүний хувьд надад үлдсэн хамгийн сайхан дурсамж бол уран бүтээлээ үзэгч, уншигч олондоо хүргээд нижигнэсэн алга ташилтаар шагнуулаад зогсож байсан дурсамжууд минь юм. Намайг Мөст суманд ажиллахаар очиход нэрт хөгжмийн зохиолч Х.Баатарын дүү Х.Мөнхнасан гэдэг залуу дуу хөгжмийн багшаар ирэв. Тэр их авьяастай. Миний нэг шүлгэнд ая хийгээд Октябрийн баярын концертэнд сумын тэргүүний уран сайханч Моонж гэдэг залуугаар дуулууллаа. Клубийн эрхлэгч Басан гэж өндөр бор залуу найрал баян хуур хөгжмөө алд алд сунгаж татан ая хөгийг нь өгч тоглоход Моонж ч

“Эргээ давалсан урсгал Буянтын эрчлэн хуйларсан мөнгөн давлагаа

Эрхэс тэнгэрийн нарны дор энхийн далбаа шиг намиран байна аа”

гээд л цангинуулж өглөө. Дахиуллаа. Сумынхан гэдэг чинь нэг дууг хэд дахиулах нь бүү хэл бөхөө хэд дахиулан барилдуулж мэдэх дөжгөө улс хойно доо. Үзэгчид нижигнэтэл алга ташаад дахиуллаа. Бүгдээрээ л над руу хараад байх шиг. Тийм нэг сайхан дурсамж тод байна. За тэгээд "Бор чоно" киногоо хийчихээд нээлт хийж байхад сайхан байлаа. Тэр үед чинь билет нь олдохгүй шагаар зарагдаж байсан юм шүү дээ. Жүжгийн нээлт хийгээд улаан хивсэн дээгүүр алхах ч бас л сайхан дурсамжай л юм билээ. “Галдан бошгот” жүжиг маань 2014 оны “Гэгээн муза-12” наадмын шилдэг жүжгээр шалгарч “Шилдэг жүжгийн шагнал” цомыг нь аваад зогсож байхад сайхан л байсан даа.

-“Болор цом”-ын наадамд хэр үзэж байв даа. Ер нь “Болор цом”-ын талаар ямар сэтгэгдэлтэй байдаг вэ?

-“Болор цом” бол сайхан наадам шүү дээ. Одоо монголчуудын хүсэн хүлээдэг сайхан наадам болсон. Би ганц хоёр л оролцсон. Хөдөөнөөс чинь ирэхэд явдал чирэгдэл ихтэй байдаг болохоор тийм ч олон оролцож чадаагүй. Нэг удаа ирж үзэлцээд нэгийн даваанд уначихлаа. Наадмын дараа жижигхэн цайллага боллоо. Би Сэлэнгээс авч гарсан ганц юмаа нэмэр болгон барьтал Бадарч ах аваад хундаганы үг хэллээ дээ. Намайг харж тас, тас хөхөрснөө нүдээ онийлгон жоготой хараад хэлж байна аа. “Сэлэнгээс Сүхдорж ирсэн байна. Сэржимээ аваад ирсэн байна. Болор цомд орсон байна. Боржоомны шилэнд уралцсан байна. Шүлэг уншаад боссон байна. Шулга уншаад унасан байна” гэдэг байгаа. Бөөн инээдэм. Би нээрээ өөрөө мэддэггүй болохоос шүлгээ муу уншдаг, шулга нөхөр юм байна лээ шүү дээ. Тэгээд ч шүлгээ сайхан уншдаг яруу найрагч хүн хийморьтой сайхан шүү дээ.

-Ингэхэд таны уран бүтээлийн багш хэн бэ. Та хэдийгээс эхэлж уран бүтээл туурвиж эхэлсэн бэ?

-За даа ер нь бол тэтгэвэрт гартлаа ажлынхаа чөлөө заваар хагас бүтэн сайнаар л уран бүтээлтэй ноцолдож байлаа. Бид бүгд л тийм дээ. Тэтгэвэрт гарснаасаа хойш уран бүтээлээрээ дагнасан гэж болно. Би анх 1965 онд Ховд аймгийн Зэрэг сумын долоон жилийн сургуулийн долдугаар ангид байхдаа шинэ жилээр шүлгийн уралдаанд анх орж, “Өвгөн аав” гэдэг шүлэг бичээд нэгдүгээр байр эзэлж дэвтэр харандаагаар шагнуулж урам авсан хүн л дээ. Түүнээс хойш л уран зохиолд хорхойсдог болсон. Бага байхад эмээ, өвөө хоёр дээрээ өссөн. Тэр үед ямар радио, телевиз байсан биш. Эмээ, өвөө хоёр маань орой болохоор надад үлгэр их ярьж өгдөг байлаа. Тэр бүхэн л нөлөөлсөн байх даа. 10 жилд манай Утга зохиолын дугуйлангийн Баянзулын Баасанжав гэж сайхан цэцэн цэлмэг багш байлаа. Оюутан болоод Дашдорж гэдэг сайхан буянтай буурал багшийн гар дээр очсон доо. Сүүлдээ бүр дугуйлангийн эрхлэгч болж Р.Батаахүү, Г.Мэнд-Ооёо, Ш.Гүрбазар, Л.Мягмарсүрэн, Хөвсгөлийн Түмэндэмбэрэл, Анагаахын дээдийн шар Л.Мягмарсүрэн, Д.Цогтоо, хуулийн сургуулийн Б.Сундуй гээд хэдэн сайхан “амьтад”-тай нийлж дугуйлан хэсээд өвчигнөж явдаг байлаа. Одоо эд нар маань сайхан уран бүтээлчид болсон байна аа. Ш.Сүрэнжав ах, Галсан ах, П.Бадарч, Б.Хүрэлбаатар гээд сайхан буянтай хүмүүсийн нөмөр нөөлгөн дор явж өдий хүрсэн дээ. Хар хэмээх Зана, З.Түмэнжаргал, С.Пүрэв, орчуулагч Алтанхуяг, зураач Жандал гээд олон сайхан найзуудтай уран бүтээлийн урт замд дөрөө харшуулж явсан минь юутай их аз завшаан бэ гэж боддог доо.

-Сүүлийн үед уран бүтээлийн олз омог хэр байна даа?

-Он гараад нэг тууж бичлээ. Атрын 60 жил, Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулж гэх үү дээ. Миний авга ах Хөхийн Готов гэж Халх голын дайнд явж байсан одонтой лут өвгөн байсан. Тэр өвгөн дайн байлдаанд явсан тухайгаа ярьдаг байсан. Болсон үүх түүхээс сэдэвлэн бичсэн хэрэг. Бас хоёр жүжиг бичлээ. “Нүдэн булаг” жүжгийг нь манай аймгийн Засаг дарга Шархүүгийн Оргил, Монгол телевизийн найруулагч Намсрайн Чингис, төрийн шагналт зохиолч Д.Норов нар дэмжиж теле жүжиг хийхээр ярилцаж байна. Мөнгө цаас нь бүтвэл энэ жилдээ үзэгчдэд хүрчих байх аа. Ганц хоёр кино зохиол яригдаад л байдаг юм. Мөнгөн дээрээ очоод зогсчихоод л байна даа.

-Энэ жилийн“Алтан өд” шагнал хүртсэн “Өндөр хөхийн унага” роман таны анхны роман гэж сонссон. Яруу найрагч хүнд үргэлжилсэн үгийн зохиол бичих хэр байв?

-Би дууны шүлэг, яруу найраг голлон бичдэг, үргэлжилсэн үгийн зохиол бол цөөхнийг бичсэн хүн. “Өндөр хөхийн унага” бол миний анхны роман юм. Хөдөө амьдарсан хүний дурсамж сэтгэлд тод байдаг юм байна. Тэр үед ажиллаж, амьдарч байсан хүмүүсийн ярьж, хэлж байсан зүйлүүд сэтгэлд тод үлдсэн. Тэдний яриа хөөрөө, тэр хүмүүсийн үйл, амьдрал сэтгэлд кино зураг шиг тод буусан. Хэзээ ч баларшгүй тэр сайхан дурсамжийг бичиж үлдээх нь зөв гэж бодоод уран зохиолын янз бүрийн төрөл жанрт шингээж туурвисан. Энэ удаа роман бичсэн нь энэ. Монгол хүн морио бичихгүй бол болохгүй. Монголын сайн эр, сайхан бүсгүйчүүдийг бичихгүй бол болохгүй. “Өндөр хөхийн унага” романд сайн эр, сайхан бүсгүйн тухай гардаг. Түүхэн цаг үеийг баримттайгаар тусгаж, 1911 оны Ховд хотыг чөлөөлөх түүхэн үйл явцыг нэлээд дүрсэлсэн ийм бүтээл.

-“Гэгээн муза” наадмын шилдэг бүтээл “Галдан бошигт хаан" жүжиг ч бас аатай бүтээл болсон талаар тухайн үел шүүмжлэгчид хэлж байсан. Энэ бүтээлийн тань тухай асуухгүй өнгөрч болохгүй нь?

-Тухайн үед Зүүнгарын хаант улс буюу Ойрадын хаан Галдан бошигтын мэндэлсний 370 жилийн ойг Ховд аймагт тэмдэглэж даншиг наадам зохион байгуулсан юм. Тэр үеэр Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, ССАЖЯ-ны дэмжлэгтэйгээр Ховд аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид “Галдан бошигт хаан” дуулалт жүжгийг тайзнаа тавьсан. Өмнө нь би “Ану хатан” жүжиг бичиж Ховдын театрт тавиад байсан. “Ану хатан”-г бичихийн тулд нэлээд судалгаа хийсэн маань “Галдан бошигт хаан”-ыг бичихэд илүү ойр дөт дөхөмтэй болгосон. Түүхийн мэргэжлийн олон хүнтэй уулзаж судалгаагаа гүнзгийрүүлсэн. Галдан бошигт хааны тухай олон жүжиг, кино, роман, тууж гарсныг манай уншигчид сайн мэдэж байгаа. Гэхдээ Галдан гэдэг хаан байсан, хувилгаан байсан, бурхан, чөтгөр байсан гэдэг хувь хүн талаас нь биш, Монголын түүх гэдэг өнцгөөс харж цомнолоо бичсэн гэх үү дээ.

-Та манай уншигчдад уран бүтээлийнхээ дээжээс толилуулахгүй юу?

-Өө тэгэлгүй яах вэ. Би аян замынхаа шүлгүүдээс ганзага задалж шүлэг өргөе.

Дүүмэд бүсгүй

Дүүмэд бүсгүйн

Дүрлэн алаг нүд

Дүүрэн жаргалтай

Эрвэлзсэн

Энэ алаг нүд

Эгдүүтэй

Хөөрхөн энэ алаг нүдэнд

Хорвоо ямар гоё харагддаг бол

Хөнгөхөн шүүрс алдах чинь

Харин чамд зохисонгүй л дээ.

Дуниартсан алаг нүд чинь

Униартсан сэтгэлийг минь гижигдэнэ.

Дуу аялсхийж, зуу татаж, тамхи зууж

Хэн нэгэн рүү утасдмаар санагдана.

Хаа нэгтээ гээсэн юмаа эрэх шиг

Халаас энгэрээ тэмтчинэ.

Гэртээ орж нэг суумаар

Гадаа гарч нэг алхалмаар

Сэтгэл хөвхөлзөнө.

Дүрлэн алаг нүдээрээ

Намайг харахад чинь би дуртай

Дүүрэн жаргалтай инээд цалгиан

Тосоод ирэхэд чинь би дуртай

Тормолзсон алаг нүдэн бүсгүй минь

Томоотой л байгаарай даа

Насны минь дэнс далбилзаж

Намба алдаж мэдэх нь байна.

Б.ЭНХЗАЯА

Онцлох нийтлэлүүд