ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2020.09.28 11:09

Н.Тэгшбаяр: Монгол Улс “Сошиал цагдаа”-гийн нэгжтэй болсноор Хойд Солонгос, Хятадын араас орлоо

-ДАНДАА “ХААНА, БООНО, ХЯНАНА, ХЯСНА, ТОРГОНО, ЦАГДАНА” ГЭЖ ХҮНИЙ ЯЗГУУР ЭРХ АШГИЙН ЭСРЭГ АЖИЛЛАДАГ КОММУНИСТ МАЯГИЙН АРАНШИНГАА АРДЫН НАМ ТАТАЖ АВ-

Доктор Н.Тэгшбаяртай ярилцлаа.

-Цагдаагийн байгууллагад Мэдээлэлтэй тэмцэх дагнасан нэгж байгуулагдчихлаа. ЦЕГ-ын дэд дарга Ж.Амгалан хурандаа “Судлаагүй, дутуу ойлгосноо цахим орчинд тараадаг байдлыг таслан зогсооно. Дуртай дуртайгаа ярьж, бичдэг цаг үе ч биш” гэж ярьсан. Сошиалыг цагдаагийн нэгж хянаж, иргэдийн бичсэн, постолсон болгоныг шалгана гэдэг нь Үндсэн хуулиас гадна олон хуулийг зөрчсөн үйл явдал болоод байна?

-Коммунизм дахиж сэргэж байна. Ардчилсан оронд хүн аливаа мэдээллийг дутуу ойлгосон уу, зөв, буруу ойлгосон уу гэдгийг хэн нэгэн гомдол гаргасан байвал түүнийг нь хууль, шүүхийн холбогдох байгууллага нь хянаад шинжээчээр буруу, дутуу ойлгосон гэдгийг нь шинжлүүлээд, шаардлагатай бол шүүхээр шийдвэр гаргах ёстой. Түүнээс биш нэг албан тушаалтан иргэний бичсэн пост үнэн, худал эсэхийг шууд шийдчихдэг болбол дурын албан тушаалтан үнэн, худлыг дэнсэлдэг болно гэсэн үг. Ийм байж болохгүй ээ. Өөрөөр хэлбэл, хууль, шүүхгүй орон болох гэж байна. 1937, 1938 онд онцгой комисс гэдэг юм байгуулаад тус комиссын шийдвэрээр “Цуурхал дэгдээсэн” гэдэг шалтгаанаар буурал аав, Хишигтийн Дүүдэй гэдэг хүнийг буудаж л байсан улсууд шүү дээ. Хишигтийн Дүүдэй 23 мянган толгой малтай байсан бөгөөд фронтод олон мал өгсөн. “Фронт” Э.Бадам бол Х.Дүүдэйн бэр нь юм.

“Сошиал цагдаа” бол их хэлмэгдүүлэлтийн эхлэл болно. Наадхаа боль оо. Үндсэн хууль зөрчинө.

-Үндсэн хууль зөрчөөд байна гэдгийг амтай болгон хэлээд, сануулаад байна?

-Хэн нэгэн буруу, зөвтэй эсэхийг хууль, шүүхийн байгууллага шийднэ. Түүнээс биш хэн дуртай нь шийдэхгүй ээ. Зүгээр нэг цагдаагийн байгууллагын ажилтан буруу, зөвийг эцсийн байдлаар тогтоохгүй. Цагдаагаас прокурор руу, прокуророос шүүх рүү. Шүүхэд тодорхой шатуудаар явж байж хүний эрх хамгаалагддаг. Дээр үеийнх шиг мэдүүллэггүй бууддаг шиг ийм юм ерөөсөө байж болохгүй. Тухайн мэдээллийг зөв ойлгосон гэдгийг, буруу ойлгосон гэдгийг цагдаа шийдэхгүй. Буруу, зөв ойлгосон эсэхийг цагдаа шийдэж байгаа нь үндсээрээ буруу.

хүн хардах сэрдэх эрхтэй. Төрийн байгууллагуудын гаргасан шийдвэр иргэн болгонд нээлттэй биш байна. Буруу юм яваад эхлэнгүүт тэр мэдээллийг буруу юу, зөв үү гэдгийг “Яагаад ингээд байна вэ” гээд олон нийтээс асууж болно шүү дээ.

-Тийм.

-Гэтэл, хувь хүн ч бай, иргэн ч бай, албан тушаалтан ч байаль эсвэл хэвлэл мэдээллийн байгууллагууд Үндсэн хуулиар олгогдсон хардах эрхээ эдлэх боломжгүй болж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагууд бол амаа үдүүлж байгаа юм. Тийм учраас үүний эсрэг хэвлэл мэдээллийн бүх байгууллага тууштай тэмцэх хэрэгтэй.

-Э.Бат-Үүлийн санаачлан батлуулсан 1998 оноос мөрдөгдөж байгаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд энэ талаар маш тодорхой, товч заагаад өгчихсөн байдаг. Ийм хууль байсаар байтал Цагдаагийн байгууллага нь хууль зөрчсөн нэгж байгуулж, хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд ноцтойгоор халдаж байна?

-Нэг л юм ойлгох хэрэгтэй. Үнэхээр хууль зөрчсөн эсэх дээр ямар нэгэн мэдээлэл явлаа, энэ мэдээлэл хууль зөрчлөө, худлаа, буруу байна гэдэг дээр эрх ашиг нь хөндөгдсөн нөхөд гомдол саналаа гаргаад явах ёстой байхгүй юу. Гэтэл бүр тэндээс цагдаагийн хурандаа очоод л “Худлаа байж магадгүй”, “Үнэн байж мэдэх юм” гэдэг чинь юмыг айлгаж, сүрдүүлж албан тушаалтны хийсэн муу үйлдлийг далдлах гэж дарамталдаг. Муу зүйлийг нуудаг. Магадгүй, өөрт таалагдаагүй мэдээллийн үнэнийг дардаг, нохойд барих мод болох вий дээ. Хүний гаргаж байгаа мэдээлэл хүн болгонд таалагдах албагүй шүү дээ. Тэр хүн буруу ойлгосон байж болно. Хэрвээ буруу ойлгосон байвал тэр эрх ашиг нь хөндөгдөөд байгаа субьект тэнд гомдол гаргах ёстой болохоос биш, цагдаагийн нэг албан тушаалтан тэр болгонд очоод сошиалыг хянаад цагдаад байж болохгүй. Сүүлийн таван жил, 2016 оноос хойш дарга нарыг долоосон, магтсан, сайшаасан хүмүүсийн зөв байдаг. Буруу болохгүй байгаа зүйлүүдийг нь хэлэхээр буруу болдог болжээ. Өөрөөр хэлбэл, ялангуяа цагдаагийн хэн нэгэн субьектэд таалагдаагүй бол буруу, буруу ойлгосон. Таалагдсан бол “Зөв ойлгожээ” гэдэг ийм стандарт бус нэгж гарах нь ээ. Дээр үед Дотоод явдлын яаманд Онцгой комисс байлаа. Онцгой комиссын дэргэд шүүхээс дээгүүр, өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэргүйгээр шууд бууддаг тийм нэгж байсан. Тийм л том хэлмэгдэл явуулах үндэс болох вий дээ.

Цагдаагийн тухай хууль, Үндсэн хуульд иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл солилцох, бичих, хэвлэн нийтлэх эрхийг хязгаарлах, хянах эрх нь цагдаад байхгүй шүү дээ.

Цагдаагийн байгууллагын тухай хууль, Үндсэн хуульд цагдаа ямар эрх үүрэгтэй байх талаар дурдахдаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, гомдол саналыг судлаад прокурорт шилжүүлэх, прокурор түүнийг нь яллах эсэхийг төлөвлөдөг. Яллах ёстой бол шүүх рүү, яллах ёсгүй бол прокурор хүчингүй болгодог. Гэтэл эцсийн шийдвэрийг цагдаа гаргадаг болох юм бол бид нар яг Хойд Солонгос шиг, Хятад шиг улс болох гээд байна.

-Энэ хоёр улсын араас орлоо?

-Тийм л улс боллоо.

-Манайх чинь Ардчилсан орон шүү дээ. Ухралт болоод байна?

-Тийм шүү дээ. Тодорхой хэлье. Хэвлэл мэдээллийн байгууллага бол дөрөв дэх засаглал гэж хэлж байгаа бол Хятад руу сэтгүүлчдээ тэтгэлэгтэйгээр сургах, аяллаар бөөн бөөнөөр нь явуулахаа зогсоо. Хятадын Засгийн газрын тэтгэлгээр, Хятадын Засгийн газрын өгсөн замын зардал, хоол, унаа, байраар сэтгүүлчдийг тэнд сургаж байгаа бол энэ нь өөрөө Монголын сэтгүүл зүйн салбарт тусаж байгаа хар сүүдэр байхгүй юу. Сэтгүүлчид өөрсдөө ийм балай юманд явахаас татгалзаж эхлэх хэрэгтэй.

Хятадад юу сурч болох вэ гэхээр, өндөр технологид нь сурч болохоос биш хүний үндсэн язгуур эрх чөлөөг хамгаалдаг, үүний төлөө ажиллах ёстой сэтгүүлчдээ Хятадад бэлдэнэ, сургаад байна гэдэг нь сайны дохио биш. Та мэдэж л байгаа биз дээ. Нийгмийн бузар булай, муу муухай бүхний шүүсийг нь шахаж байгаа биз дээ. Тэгэхдээ цагдаагийн дур хүсэлд тааруулж шахдаггүй л байхгүй юу. Нийгмийн сайн сайханд зориулж, нийгэм өөрөө шахаж байх ёстой. Ж.Амгалан хурандаа яриад байна билээ. “Буруу, дутуу ойлговол...” гээд. Буруу ойлгосон, дутуу ойлгосон гэдгийг хэн тогтоох гээд байгаа юм.

-Тэр нь тун ойлгомжгүй, эргэлзээтэй?

-Дээрээс нь хаана аа, бооно оо, хясна аа, торгоно оо, цагдана аа гэдэг дандаа ийм хүний үндсэн язгуур эрх ашгийн эсрэг ажилладаг коммунист маягийн араншингаа Ардын нам татаж ав. Та нар анзаардаг бол сүүлийн 30 жил Ардчилсан нам л буруутай гээд бүх бурууг АН руу, Ардчилал руу чихээд байдаг. Гэтэл сүүлийн 30 жилийн хорь гаруй жилд нь Ардын нам засаг барьсан, УИХ-ын даргаар ажилласан хүмүүсээс З.Энхболдоос бусад нь бүгдээрээ МАН-аас төрчихөөд байна шүү дээ.

Ардчилсан Үндсэн хуультай оронд коммунистууд эрх бариад байхаар Ардчилал үнэ цэнэгүй болоод байна. Ардчиллын арьс нөмөрсөн коммунистууд төр бариад байгаа болохоор Ардчилсан Үндсэн хуулиа хэрэгжүүлж чадахгүй байна. Хонины арьс нөмөрсөн чоно шиг л юмнууд байгаад байна, ерөөсөө. Ийм үйлдлээ болих хэрэгтэй.

Дэлхий бөөрөнхий гэдгийг нотолсон эрдэмтнийг чулуугаар цохиод алж байсан түүх бий. Дэлхий бол хавтгай гэж үздэг этгээдүүд “Дэлхий бөөрөнхий” гэж ярихаар нь худлаа санагдаад чулуугаар алсан хэрэг. Түүнтэй л агаар адил үйл явдал Монголд болох нь.

Онцлох нийтлэлүүд