Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн байна 11 дүгээр ангийн сурагч галаас хүний амь аварчээ 1.374.796 ширхэг хувьцаа арилжжээ Тайланд хэрэглэсэн эмнэлгийн бээлийгээ АНУ-д экспортложээ Нийслэлийн 10 га газрыг нийтийн эзэмшилд бүртгэхээр болжээ “Gazprom” энэ онд Европт нийлүүлэх байгалийн хийн экспортын төлөвөө хэвээр үлдээлээ Шуурхай бүлэг Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж байна ​12 настай Н.Содбилэгт шатар сонирхогчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Ж.Сандагсүрэн: Номын сангийн тоог нэмэх, номын санчдыг чадваржуулах хэрэгтэй Газартай холбоотой хүсэлт, өргөдлийг цахимаар авч, гэрээ, гэрчилгээг ч цахимаар олгоно Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн байна 11 дүгээр ангийн сурагч галаас хүний амь аварчээ 1.374.796 ширхэг хувьцаа арилжжээ Тайланд хэрэглэсэн эмнэлгийн бээлийгээ АНУ-д экспортложээ Нийслэлийн 10 га газрыг нийтийн эзэмшилд бүртгэхээр болжээ “Gazprom” энэ онд Европт нийлүүлэх байгалийн хийн экспортын төлөвөө хэвээр үлдээлээ Шуурхай бүлэг Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж байна ​12 настай Н.Содбилэгт шатар сонирхогчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Ж.Сандагсүрэн: Номын сангийн тоог нэмэх, номын санчдыг чадваржуулах хэрэгтэй Газартай холбоотой хүсэлт, өргөдлийг цахимаар авч, гэрээ, гэрчилгээг ч цахимаар олгоно
Эдийн засаг
2021.07.19 09:07

Н.Энхбаяр: Засгийн газар ухаалаг ажиллаж чадвал л бид ирэх хавар маскаа тайлна

-ИРЭХ ЖИЛҮҮДЭД УУЛ УУРХАЙ, ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХОЁРООС ӨӨР АВРАЛ БАЙХГҮЙ-


Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.


-Таны уншиж байгаа номыг харахад коронавирусийг нэлээд гүнзгий судлаад яваа бололтой. Эдийн засагч хүнд вирус судлах хэрэгцээ тийм өндөр байна уу?

-Байлгүй яахав, маш өндөр хэрэгцээ бий. Би энэ номыг ноднин Америкаас захиалж авсан юм. Бүр тодруулж хэлбэл эдийн засагчид коронавирусийг судлах ёстой. Манайхан ХӨСҮТ-ийнхөнд л хамаатай эд гэж ойлгоод яваа л даа. Анагаах ухааныхан вирусээ л судална. Яг математик загварт оруулаад хийх ажлыг нь эдийн засагчид, математикчид хийж байгаа юм. Кембрижийн их сургууль, Их Британийн Империал коллеж, Америкийн Вашингтоны их сургууль, Сингапурын их сургууль яг энэ чигт ажиллаж байгаа.

-Коронавирусийн дэгдэлтийн шалтгааныг янз бүрээр тайлбарлаж байна л даа. Сүүлдээ бүр дэлхийн улс төр рүү ороод явчихлаа. Наад номон дээр чинь вирусийн дэгдэлтийн гол шалтгааныг юу гэж тайлбарласан байх юм?

-Эрдэмтдийн хэлж байгаа нийтлэг тайлбар бол уур амьсгалын өөрчлөлт. Сүүлийн жилүүдэд гарч буй халдварт өвчний эх үүсвэр нь дандаа халуун бүсийн орнууд байгаа. Вирус үржих тааламжтай бүс нутаг гэдэг утгаараа. Хэт халалт, хуурайшилт болсон үед вирус дэгдэх урьдчилсан нөхцөл бүрддэг. Ковид гарснаас хойш судлаачид Тайланд, Бирм, Вьетнам гэх мэт Зүүн өмнөд Азийн орнуудаар судалгаа их хийх болсон. Тэр бүх судалгааны эцэст уур амьсгалын өөрчлөлт гэсэн шалтгааныг л онцолж байна.

Уур амьсгалын өөрчлөлтөөс болж сарьсан багваахайнууд суурьших газраа өөрчилнө, тэр өөрчлөлт нь хүнд илүү аюул тарина гэсэн санааг онцолж байгаа. Хоёрдугаарт, Хятад болон Зүүн Өмнөд Азийн улсууд элдэв янзын мах хэрэглэдэг. Гол шалтгаан гэвэл ийм хоёр шалтгаан бий. Сарьсан багваахайны хувьд тэр чигтээ вирусийн цуглуулга. Өчнөөн мянган вирус тээдэг амьтан. Гадагшаа тархдаг, тархдаггүй вирус л гэсэн ялгаа байгаа. Товчхондоо ковид сарьсан багваахайн биед байсаар ирсэн. Хэзээ дэгдээд байна вэ гэдэг дээр нэг сонирхолтой судалгаа байна лээ. Латин Америк, Зүүн Өмнөд Азийн орнуудад судалсан байсан. Нар хиртэлтийн өмнөх сар орчмын хугацаанд амьтдын хөдөлгөөн маш идэвхтэй болоод нар, сарны хиртэлт болсны дараа нам жим болдог. Бидний нүдэнд үзэгддэг гэрлээс гадна нарны туяатай хамт маш олон урт богино долгион ирж байгаа. Тэр долгионуудын нөлөөллөөр амьтдын бие дэх вирус идэвхждэг гэж үздэг.

-“Ковид-19”-ийн дараа өөр ч айхавтар вирус дэгдэх магадлал өндөр гэсэн таамаглал сонсогдох юм. Хэр ортой таамаглал вэ?

-Вирусийн гаралтай халдварт өвчин дахиад шинээр үүсэх талаар маш олон судалгаа байна. Ковидоос бүр өмнө ДЭМБ Монголд бүс нутгийн зөвлөгөөн хийхдээ яг энэ тухай ярьсан. Шинээр сэргэж байгаа халдварт өвчнөөс яаж сэргийлэх вэ гэсэн сэдвээр зөвлөгөөн хийсэн юм. 2019 онд олон улсын байгууллагууд амьтан, хүний халдварт өвчин харилцан хамаарал, уялдаатай байна гэж их ярьсан. Яг энэ асуудлаар 2019 оны хавар Төрийн ордонд хэлэлцүүлэг хийж байсан. Харамсалтай нь тухайн үед ЭМЯ-наас ганц газрын дарга нь оролцсон болоод тоогоогүй л дээ. Зоонозын өвчин гэсэн байдалтай л хараад өнгөрсөн.

-Ковид дэгдэхийн өмнө аюултай шинэ вирус дэгдэх магадлал өндөр гэсэн мессэж өгсөн хэлэлцүүлэг, зөвлөгөөнүүд болоод байхад бид тоогоогүй байх нь…?

-Тэгж ойлгож болно. Уур амьсгалын өөрчлөлт дараа дараагийн халдварт өвчний нөхцөлийг бий болгож эхэллээ, зооноз өвчин өмнө нь бүс нутгийн хэмжээнд гардаг байсан бол одоо илүү өргөн хүрээнд тархах нь гэсэн өнцгийг хөндсөн. Испани томуугийн үед агаарын тээвэр, хурдан галт тэрэг байгаагүй. Усан онгоцоор аялаад нэг газраас нөгөө газарт очтол урт хугацаа шаарддаг байсан. Гэтэл өнөөдөр долоо хоног усан онгоцоор явдаг байсан газар хэдхэн цагийн дотор нисээд очдог болсон. Товчхондоо вирусийн халдвар авсан хүнийг өвчтэй эсэхийг мэдэж ч амжихгүй хугацаа гэсэн үг. Бид ковид дэгдэхээс өмнө энэ эрсдэлийн тухай ярилцаж, зөвлөлдөж хэлэлцэж байсан юм. Хятадаас халдвар авсан хүнийг хилээр орж ирэхэд нь илрүүлэх аргагүй болчихсон нь л орчин үеийн халдварт өвчний гол аюул.

-Бид ковидтой хэр удаан амьдрах вэ гэсэн асуулт гарч ирж байна. Энэ асуултад дэлхийн эрдэмтэн судлаачид ямар хариу хэлж байгаа бол. Ковид дөнгөж дэгдэж эхлэх үед тантай ярилцахад цаад зах нь хоёр жилийн асуудал бий гэж хэлсэн чинь тод санагдаж байна. Одоо эргээд харахад аль хэдийнэ хоёр жил болчихож…?

-Дэлхийн 7.8 тэрбум хүнээс насанд хүрэгчид нь 60 хувь гэж бодоход 4 тэрбум хүний хоёр тэрбум тун вакцин хийх шаардлага бий. 4 тэрбум хүн гээд тооцохоор 8-9 тэрбум тун вакцин хийж байж дэлхий аюулгүй болно. Үүний 80 хувь гэж тооцвол 7 тэрбум тун вакцин гэсэн тоо гарч байна. Энэ хэмжээний вакциныг үйлдвэрлэхэд хоёр жилийн хугацаа шаардах нь тодорхой байсан. Би энэ тооцоон дээр үндэслэж хоёр жил гэсэн хугацаа хэлсэн юм. Америк гэх мэт цөөхөн орны хувьд өнөө жилийн намар сэхээ авах байх. Тэр үед сүргийн дархлаандаа хүрнэ гэж байгаа. Европын холбооны олон сая хүнтэй улсууд ч тэр хавьцаа амьсгаа авах болов уу. Зүүн Европын жижиг улсуудын хувьд өнөөдөр харьцангуй дажгүй болж эхэлсэн. Гэтэл дельта вариант тархаж буй Их Британи, Франц гэх мэт улс төдийлөн сайн хяналт тавьж чадахгүй байна. Дахиад шинэ вариант гараад ирвэл миний хэлж байгаа хугацаа цаашлах нь тодорхой.

-Коронавирусийн шинэ вариант гарч ирэх магадлал хэр вэ?

-Маш өндөр.

-Өндөр хөгжилтэй орнуудын сэхээ авах цаад хугацаа хэзээ бол?

-Ирэх хавар болов уу. Бүр тодруулж хэлбэл, Хойд Америк, Европ хоёр. Тэр үед хилийн аялал жуулчлал тэдний хооронд чөлөөтэй болж эхэлнэ. Хөгжиж байгаа орнуудын хувьд хэцүү. Улс орнуудын халдварын жагсаалтаас харахад эхний аравт байгаа улсууд нь дан хөгжиж буй улсууд. Тэрэн дотор өндөр хөгжилтэй хоёр, гуравхан улс бий. Тэр жагсаалтыг БРИКС-ийн орнууд тэргүүлж байна. Тодруулж хэлбэл, Энэтхэг, Бразил, Орос, Хятад, Индонез. Энэ улсуудын вакцинжуулалт яагаа ч үгүй. Хүн амынх нь тоо маш их, вакцины хүртээмж муу. Тэдний хувьд ирэх хавар л вакцинжуулалт нь 70, 80 хувьдаа хүрнэ.

-Хүүхдийн вакцинжуулалт ирэх намар гэхэд нэг их урагшлахгүй болов уу. Ер нь ирэх есдүгээр сард сурагчид танхимаар хичээллэх найдлага хэр байна вэ?

-Вакцинд хамрагдсан 16-гаас дээш насны хүүхдүүдийн сургалтыг танхимаар хийнэ гэсэн хувилбараар явж болох юм. Долоо хоногийн гурван өдөр хичээллэнэ гэдэг ч юм уу. Вакцинд хамрагдаагүй 6-12 насны хүүхдүүд шаардлагатай бол долоо хоногт танхимд нэг удаа хичээллэнэ гэчих хэрэгтэй. Багш нар нь чиглүүлэх чигийн ажлыг тэр өдөртөө хийдэг байвал зүгээр. Энэ мэт хосолсон хэлбэрээр явах нь амьдралд ойр таамаг. Ямар ч байсан 9-11 дүгээр сард хичээл жигдрэхгүй байх. Тэр үед 12-оос дээш насны хүүхдүүдийн вакцин жигдэрч магадгүй. Ингээд харахаар манайд халдвар буурах магадлал ирэх оны хоёр, гуравдугаар сар байх болов уу. Товчхондоо Засгийн газар зөв бодлоготой ажиллаж чадвал ирэх хавар бид маскаа тайлна.

-Ковидын дельта хувилбар дэлхийг түгшээж байна. Цаашдаа ч хувилбарууд нэмэгдсээр байх нь гэж ойлгосон…?

-Хоёр хувилбар байна. Нэг нь аюултай вариант. Тэр нь дотроо дөрвөн янз. Альфа, бетта, гамма, дельта гээд. Цаана нь анхаарах ёстой долоон вариант байна. Хамгийн сүүлд нь лямбда гэж хувилбар бий. Эдний хувьд дельтагаа бодвол хурд багатай. Гэхдээ тодорхой бүс нутагт гарчихсан, хувирчихсан вариантууд. Хамгийн аюултай нь олон сая хүн амтай Энэтхэг, Бразил, Индонезид хувирах өндөр эрсдэлтэй. Эдгээр улсад вакцинд хамрагдаагүй олон сая хүн аж төрж байна. Энэ вирусийн нэг аюул нь хүний биед ороод дараагийн биед орохоороо хувираад байгаа. Дамжих тусмаа олон шинэ хувилбар гарч ирнэ, цаашлуулаад харвал улирлын томуутай давхацна гэх мэт эрсдэлүүд бий.

-Ковидын ийм эрсдэлтэй нөхцөлд манайх шиг улс орнуудын эдийн засаг дажгүй хөгжих боломж байна уу?

-Манай асуудал их төвөгтэй. Бид Зүүн Европ, Зүүн Өмнөд Азийн орнууд шиг эдийн засгийн хөгжил нь боломжийнхоо түвшинд хүрсэн улс биш. Уул уурхайн салбар экспортын 90 хувийг эзэлж байгаа нөхцөлд манай эдийн засаг байнгын савлагаатай байна.

-Тэгвэл экспортын төрөлжилт хэзээнээс олширч, уул уурхайгаас хараат бус аж төрөх бол?

-Наад зах нь 2030 оноос тийм болох байх. Ойрын арван жилд бид уул уурхайтайгаа л амьдарна. Дэлхийн эдийн засгийн хувьд ялгавартай сэргэлт гарна гээд байгаа. Вакцинжуулалтаа амжилттай хийсэн Хойд Америк, Европ, Австрали, Шинэ Зеланд улсуудын эдийн засаг хамгийн түрүүнд гайгүй болно. Хоёрдугаарт, эдийн засгийн тулах хүч болж байгаа БРИКС-ийн орнуудын хувьд байдал сайжрах яагаа ч үгүй байна. Эдгээр улсын төв банкууд эдийн засгаа дэмжих арга хэмжээгээ үргэлжлүүлэн явуулж байгаа.

-БРИКС-ийн орнуудад ирэх хавраас л сэргэлт ажиглагдана гэж ойлголоо, таны ярианаас?

-Наад зах нь ирэх хавраас болов уу. Манай улсын хувьд гол худалдан авагч маань урд хөрш гээд харахаар бидэнд тийм ч нааштай өнгө харагдахгүй л байгаа.

-Түүхий эдийн үнэ ханш дээр супер циклийн үе ирчихсэн гэсэн таамаг дуулдаж байгаа. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Шууд хариулахад төвөгтэй. Нэг талаас өрнөдийн орнууд “Эрэлт үүсч эхэлсэн, эдийн засгаа дэмжиж яваа, түүхий эдийн супер цикл болох гэж байна” гэж яриад байгаа. Гэтэл нөгөө талд өөр бодолтой байна. Дөнгөж сая зургадугаар сарын эхээр Хятад улс металлынхаа нөөцөөс зэс, хөнгөн цагаан, цайрыг гаргаж худалдана гэнгүүт зэсийн үнэ 9200 ам.доллар руу унах жишээний. Энэ хоёр зөрчил түүхий эдийн үнийг байнга савлуулж байгаа. Хятад улс үнэтэй материал авахыг хүсэхгүй байна.

-Тэгэхээр супер цикл ирсэн гэх таамаглалын хувьд үндэслэл багатай болж таарах нь ээ дээ?

-Энэ жилдээ лав биш. Би хувьдаа энэ таамагт итгэхгүй байгаа. Өрнөдийн орнуудаас гаргаж байгаа геополитикийн тоглолт маягийн юм гэж харж байна. Дэлхийн зах зээлийн тухайд зэс, хөнгөн цагааны гол худалдан авагч бол Хятад. Үнэ өсөх нь Хятадад маш дарамттай. Тэр бодлого, сонирхлын эсрэг Хятад улс сая шийдэл хийчихлээ. Манайхаар бол улсын нөөцийн газрын дарга нь “Бид нөөцөөсөө металл гаргаж худалдана” гэж зарлангуут 10000 ам.долларт хүрсэн зэсийн үнэ 9200 ам.доллар руу уруудчихсан.

-Геополитикийн ийм тоглолт нэг хэсэгтээ үргэлжлэх нь гэж ойлголоо…?

-Тэгнэ. Их долоогийн хуралд Жо Байден “Манай гол дайсан өрсөлдөгч бол Хятад, ОХУ” гээд маш тодорхой зарлачихлаа. Их долоогийн хурлын үеэр болсон хаалттай маягийн хурал болсон доо. Европын холбооны зүгээс, тухайлбал Герман гэх мэт улс Хятадтай ойрхон байх сонирхолтой. Гэтэл Америк, Англи хоёр маш хатуу байр суурьтай байгаа. Их долоогийн хурлын үеэр хэвлэлийнхэнд хаалттайгаар хуралдаад Хятадын эсрэг нэгэн дуутай тэмцье гэсэн яриа хөөрөө өрнүүлсэн тухай мэдээлэл цацагдсан. Жо Байден ажилдаа орсныхоо дараа Пентагон болон Тагнуулын төв газартаа Хятадын талаарх бодлогын өнөөгийн нөхцөл байдлын талаар тайлан илтгэ гэсэн үүрэг өгсөн юм. Америкийн Батлан хамгаалахын сайд Аустин тэр дагуу өнгөрсөн дөрөвдүгээр сард Цагаан ордонд тайлангаа танилцуулсан. Тэр тайланг сонссоны дараа Жо Байден “Батлан хамгаалах салбарын тухайд манай номер нэг өрсөлдөгч бол Хятад. Бид батлан хамгаалах салбартаа томоохон арга хэмжээ авна” гэж мэдэгдээд батлах хамгаалах салбарынхаа төсвийг эрс нэмэгдүүлчихсэн. Урд хөршийн хувьд батлан хамгаалахын салбарын хөгжлөөрөө цойлоод ирэхээр дэлхийн бодлогыг тодорхойлж байгаа АНУ, Их Британи тэрийг нь хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Тэр агуулгаараа энэ хоёр гүрэн Европын холбоо, НАТО-той хамтраад том бодлого хэрэгжүүлж байна л даа. Борис Жонсон “Хятад улсыг бид дэлхийн дэг журмын хүрээнд ажилладаг байхын төлөө л шахаж байгаа юм” гэж мэдэгдсэн удаатай.

-Гэтэл нөгөө талд Хятад өөр юм яриад байдаг…?

-Дэлхий өөр болсон, ширээний ард ижил тэнцүү байр сууринаас ярина гээд байгаа л даа.

-Ковидын үед эдийн засгаа хөгжүүлэх бодлого дээрээ бид чухам юун дээр алдаад байна вэ?

-Эрүүл мэндийн салбарт ил харагдаж байгаа алдаа гэвэл урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэж огт алга. Судлаачдын гаргаж буй загвар эрүүл мэндийн салбарт маш их ачаалал ирнэ гэж хэлээд байгаа. Тэр ачаалалд таарсан төсөв хэрэгтэй болж таарна аа даа. Засгийн газар, Сангийн яам үүнд огт анхаарахгүй байна. Тэр төсөв нь аль хэдийнэ батлагдсан байх ёстой. Цар тахлын тухай хуульд бантан шиг нэг өгүүлбэр оруулчихсан. “Төсвийг шилжүүлэн зарцуулж болно” гээд. Энэ маш буруу зохицуулалт. Цар тахлын хууль бол зөвхөн цар тахалтай холбогдсон харилцааг зохицуулах ёстой. Тодруулж хэлбэл, цар тахлын хууль бол төсвийг зохицуулах хууль биш. Төсвийн харилцаа төсвийн хуулиараа л зохицуулагдана. Үндсэн хуулиас эхлээд бүх хуульд төсвийг их хурлаар батална гэсэн зохицуулалт бий. Тэгэхээр тодотгол хийхгүй гэдэг Сангийн сайдын тайлбар буруу болоод явчихаж байгаа юм. Тийм ч учраас намын бүлгээр сая ярьж байгаад яалт ч үгүй тодотгол хийх шийдэл рүү орлоо л доо.

-Уг нь Засгийн газар жаахан сэхээлэг хандсан бол эрүүл мэндийн салбарт ийм их ачаалал ирэхийг судлаачид хэлж сануулсан тэр үед л төсвийн тодотголоо хийх байж…?

-Яг тийм. Хэрвээ эрүүл мэндийн салбарт шаардлагатай мөнгийг тавдугаар сард төсөвт тодотгол хийгээд шийдчихсэн бол өнөөдөр Эрүүл мэндийн сайд шинээр нэмж ажилтан авч, эмнэлгийн ор дэлгэх асуудлыг өөрөө шийдээд явах бололцоотой байсан. Товчхондоо бид бүтэн хоёр сарыг алдаж байж шийдэх гээд сууж байх жишээний. Халдварын тархалт ийм хүнд байхад Эрүүл мэндийн сайд нь мөнгө зарцуулах эрхгүй сууж байна. Ийм байдлаар бид хэзээ ч халдварын тархалттай амжилттай тэмцэж чадахгүй. Дархлаажуулалтын тухай хуульд халдвартай тэмцэх ажлыг ХӨСҮТ хариуцна гээд заачихсан. Гэтэл 2017 оны нэгдүгээр сард Гамшгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийхдээ зоонозийн өвчин, шүлхийтэй тэмцдэг байсан УОК-ын үүрэг дээр нэмээд хүн, малын халдварт өвчин гэсэн тодотгол хийчихсэн. Ямар ч судалгаагүй хийчихсэн тодотгол. Өнөөдрийн алдаатай шийдвэрийн гол шалтгааны нэг нь энэ л дээ. Өөрөөр хэлбэл, ковид дээр УОК биш Эрүүл мэндийн сайд, Засгийн газар л шийдвэр гаргах ёстой. Тодруулж хэлбэл, ХӨСҮТ-ийн өгч байгаа мэргэжлийн зөвлөмж дээр үндэслэж шийдвэр гаргах газар нь сая дурдсан хоёр газар.

-УОК шийдвэр гаргаад байгаа нь буруу шийдлүүдийн гол шалтгаан болоод байна гэж үү?

-Ер нь тийм. УОК-ын хүний халдварт өвчинтэй тэмцэх гэсэн хуулийн заалтыг хасах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, энэ үүргийг эрүүл мэндийн салбарт нь өгөх ёстой. Бусад улсуудын хувьд халдварт өвчнөөс сэргийлж тэмцэх байгууллагууд ажилладаг. Тэр байгууллагууд халдварт өвчний талаар урьдчилж судалгаа хийчихээд урьдчилан сэргийлэх ажлаа харна, тэгээд ямар арга замаар тэмцэхээ тодорхойлдог. Тэгэхээр ирэх оны төсөвт зайлшгүй шийдэх ёстой асуудал бол халдвар өвчнөөс урьдчилан сэргийлэх тэмцэх төвийг тусад нь гаргаж алба болгох. Одоогийн ХӨСҮТ-д байгаа хэлтсийг тусад нь гаргаж алба байгуулах шаардлагатай. Тэгээд тэр төвд эхэлж шийдэх эрхийг нь өгөх хэрэгтэй. Цагаан сар тэмдэглэх эсэхийг тэд шийдэх ёстой. Энэ байгууллагад шинжлэх ухааны ерөнхий ажилтан гэж байна. Засгийн газрын хуралд асуудал оруулахад тэр хүн бүхнээ хариуцаж тайлан тавина. Жишээ нь, яагаад хөл хорио тогтоох болсноо тайлагнана гэсэн үг. Тэр хүний үгийг сонсож эхэлбэл шинжлэх ухаанд үндэслэсэн шийдлүүд гарч эхэлнэ. Дараагийн анхаарах ёстой асуудал бол вакцины чанар, шинэ вариантуудыг тогтоох биобэлдмэлийн лаборатори. Энэ лабораторийн асуудлыг ирэх жил шийдэх ёстой.

-Монголбанк долларын ханш чангарахгүй гэсэн байр суурьтай байгаа. Нөгөө талд төгрөг суларна гэсэн таамгийг эдийн засагчид хэлээд эхэлчихсэн. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна?

-Макро үзүүлэлтээрээ валютын нөөц одоогоор гайгүй байгаа. Эхний таван сарын байдлаар экспорт 1.3 тэрбум ам.доллараар өсчихсөн. Бүр тодруулж хэлбэл, 2020 онд огцом буурсны дараах өсөлт. 2019 онтой харьцуулбал өсөөгүй гээд хэлчихэж болно. 1.3 тэрбум ам.долларын хувьд нүүрс, зэс, төмрийн хүдрээс орж ирсэн. Гэтэл одоо зэсийн үнэ 9200 руу уруудчихлаа. Гашуунсухайт хаагдаад сар гаруй болж байна. Тэгэхээр нэг сарын нүүрсний экспорт буюу нэг тэрбум ам.доллар байхгүй гэсэн үг. Тэгэхээр зургадугаар сарын экспортын гүйцэтгэл өнгөрсөн оны мөн үетэй ойролцоо гарч ирнэ. Арай ч хасах руугаа орохгүй байх. Өөрөөр хэлбэл, одоо валютын нөөц хомсдож эхэлж байна. Нөгөө талдаа шатахууны үнэ өсчихлөө. Тодруулж хэлбэл, үлдсэн зургаан сард авах импортын шатахуундаа бид илүү мөнгө төлнө. Валютын гадагшлах урсгал дахиад нэмэгдэнэ гэсэн үг. Монголбанкны “Валютын нөөц сайн байгаа” гэдэг мэдэгдэл үнэн ч үлдэж буй зургаан сард тэр нөөц багасна. Үүнээс гадна дотоодын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өсөлт валютын ханшид сөргөөр нөлөөлнө.

-Төгрөг суларч, доллар чангарах бодитой нөхцөлүүд үүссэн талаар та сая ярилаа. Ханшаа тавиад туучихгүйн тулд одоо бид яах ёстой вэ?

-Одоо улстөржилтөө болих хэрэгтэй. Төсвийн зарлагын өсөлтөө хянах шаардлагатай. Хоёр жилийн алдагдал нийлээд найман их наяд, бүтэн нэг жилийн төсвөө алдсан байгаа биз. Шуудхан хэлэхэд, 2022 он бол хэт өөдрөг юм ярих боломжгүй жил. Бүтээн байгуулалтуудаа танахаас аргагүй. Уул уурхай ойрын жилүүдийн найдлага гэдгээ мартаж болохгүй. Гадаадын хөрөнгө оруулалт татах бүх л арга шийдлийг хайх ёстой. Товчхондоо ирэх жилүүдэд уул уурхай, гадаадын хөрөнгө оруулалт хоёроос өөр аврал байхгүй.

Онцлох нийтлэлүүд