Өдрийн сонин үнэнийг хэлнэ
​"Өдрийн сонин"-ы цахим сонины аппликэйшн DNN.mn Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 224 автобус оруулж ирнэ DNN.mn ЕБС-ийн сурагч доод ангийнхаа сурагчдыг зодож буй бичлэгийг цагдаагийн байгууллага шалгаж байна DNN.mn Ханх суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо DNN.mn Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав DNN.mn ​“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Монгол Улсын агаарын тээвэр “Airbus” онгоцтой боллоо DNN.mn Эрт илрүүлгээр 18-45 насныхны дунд ХДХВ/ДОХ илрүүлэх шинжилгээг оруулжээ DNN ​ЧАТБОТ-оос Өдрийн сонинтой холбоотой мэдээлэл аваарай DNN.mn Монголоос ОХУ-ын нутаг дэвсгэр рүү үхрийн мах, бяслаг оруулахыг завдсан иргэнд хэрэг үүсгэжээ DNN.mn ​"Өдрийн сонин"-ы цахим сонины аппликэйшн DNN.mn Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 224 автобус оруулж ирнэ DNN.mn ЕБС-ийн сурагч доод ангийнхаа сурагчдыг зодож буй бичлэгийг цагдаагийн байгууллага шалгаж байна DNN.mn Ханх суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо DNN.mn Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав DNN.mn ​“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Монгол Улсын агаарын тээвэр “Airbus” онгоцтой боллоо DNN.mn Эрт илрүүлгээр 18-45 насныхны дунд ХДХВ/ДОХ илрүүлэх шинжилгээг оруулжээ DNN ​ЧАТБОТ-оос Өдрийн сонинтой холбоотой мэдээлэл аваарай DNN.mn Монголоос ОХУ-ын нутаг дэвсгэр рүү үхрийн мах, бяслаг оруулахыг завдсан иргэнд хэрэг үүсгэжээ DNN.mn
Онцлох нийтлэл
2020.05.21 09:05

Н.Энхболд: Зэвсэгт хүчинд кибер аюулгүй байдлын тусгай хүчний цэрэг нэмэгдлээ


Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой ярилцлаа.


-Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа. Энэ хуулийн онцлог юунд орших вэ?

-Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль нь агуулга өргөнтэй, онцлогтой. Учир нь Монгол Улсын Зэвсэгт хүчин түүхэн хөгжлийнхөө явцад байгаагүйгээр өргөжин хөгжих шинэ эрх зүйн зохицуулалтыг энэ хуулинд тусгаж өгсөн. Зэвсэгт хүчин нь Хуурай замын цэрэг, Агаарын цэрэг гэсэн хоёр төрлийн цэргээс бүрддэг байсан бол шинэ хуулиар Зэвсэгт хүчний бүтцэд барилга-инженерийн, кибер аюулгүй байдлын,тусгай хүчний цэрэг гэсэн шинэ төрлийн цэрэгтэй байхаар хуульчлан тогтоолоо. Үүнийг дагаад Зэвсэгт хүчний удирдлагын бүтэц, үйл ажиллагааны зарчим, зохион байгуулалтад өөрчлөлтүүд орох юм.

-Өнөөдрийн байдлаар Зэвсэгт хүчин улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд томоохон үүрэг гүйцэтгэж байна. Шинээр байгуулагдах Зэвсэгт хүчний барилга-инженерийн цэрэг ямар үүрэг гүйцэтгэх вэ?

-Манай улсын хувьд өмнө нь Барилгын цэрэг хэмээх бие даасан цэргийн байгууллагатай байсан түүхэн туршлагатай. 1963 оноос улсын хэмжээнд их барилгын ажлыг бүх нийтийн үйл хэрэг болгон өрнүүлж, барилга, барилгын материал үйлдвэрлэлийг хурдацтай хөгжүүлэх зорилтыг дэвшүүлж, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1964 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн тогтоолоор Барилгын цэргийн ерөнхий газрыг Батлан хамгаалах яамны дэргэд байгуулсан байна. Түүнчлэн, барилгын цэргийн ангиудыг олноор байгуулсан байдаг. 1963 онд Барилгын цэрэг байгуулагдсан цагаасаа 1990-ээд оныг хүртэлх хугацаанд 5889 барилга байгууламжийн 17668,4 сая төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэж, 4825 барилга байгууламжийг барьж ашиглалтад хүлээлгэн өгч, 11170,3 сая төгрөгийн барилгын материал, хийц үйлдвэрлэсэн байдаг.

Түүнчлэн 376 үйлдвэрийн барилга, сум, сангийн аж ахуйн төв, механикжсан ферм, үрийн үтрэм зэрэг аж ахуйн зориулалттай 1397 барилга, Төрийн ордны өргөтгөл, Залуучуудын соёлын төв, “Найрамдал” олон улсын хүүхдийн зуслан, Халх гол, Баянцагааны нуруу, Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө, Бөхийн өргөө зэрэг нийгэм, соёлын 1110 гаруй барилга байгууламжийг барьж ашиглалтад өгсөн. Мөн хугацаанд барилгын 30 гаруй мэргэжилд 40 мянга гаруй хүнийг бэлтгэж улсын барилгын салбарт мэргэжилтэй боловсон хүчнийг сургаж бэлтгэхэд томоохон хувь нэмрийг оруулсан байна.

-Барилга-инженерийн цэргийн үндэс суурийг шинээр тавих ажил 2010 оноос эхэлсэн. Хэдэн барилгын анги байгуулсан бэ?

-Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын зүгээс сүүлийн 10 гаруй жилд барилга-инженерийн зургаан анги байгуулсан. Шинээр байгуулагдсан барилга-инженерийн ангиуд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн сургалтын төвийн 400 цэргийн байр, ЗХ-ний 339 дүгээр ангийн алба хаагчдын 40 айлын орон сууц, Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн харьяа халдвартын эмнэлгийн байр, ЗХ-ний 120, 123, 311, 353 дугаар ангийн соёл, спортын төв, ЗХ-ний 340 дүгээр ангийн албан тушаалын 40 айлын орон сууц, Баян-Өлгий аймгийн Тагнуулын газрын барилга зэрэг бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хийж гүйцэтгээд байна. 2019 оноос ЗХЖШ-т бүтээн байгуулалтын асуудал хариуцсан нэгжийг бий болгон ажиллуулснаар цэргийн барилга-инженерийн анги, салбаруудын техник, тоног төхөөрөмжийн хангалт, хүний нөөцийн чадавх, удирдлага, зохион байгуулалт эрс дээшилж бодитой үр дүнд хүрч байна.

-Зэвсэгт хүчний барилга-инженерийн ангиуд улс орны стратегийн томоохон бүтээн байгуулалтын ажилд хэрхэн оролцож байна?

-Голлох үүрэгтэй оролцож байна. Тухайлбал, Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн хүнд даацын авто замын төсөл болон “Халх гол” сумын шинэчлэлийн ажлуудыг хэрэгжүүлж дуусгалаа. Мөн Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтэц угсрах, доод бүтэц барих бүтээн байгуулалтын ажлыг дурьдаж болно. Дээр дурдсан ажлын үзүүлэлт, үр дүнгээр улс орны стратегийн бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг мэргэжлийн чадварлаг бие бүрэлдэхүүнтэй, орчин үеийн өндөр хүчин чадал бүхий техник, тоног, төхөөрөмжөөр хангагдсан, зохион байгуулалттай хүч хэрэгслээр хийж гүйцэтгэх нь өндөр үр дүнтэй болохыг төр, засгийн удирдлага анхааран үзэж, Зэвсэгт хүчний бүтцэд төрлийн цэрэг байгуулах замаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Барилга-инженерийн цэргийг байгуулснаар Зэвсэгт хүчнийг чадваржуулах, цэргийн алба хаагчдад нийгэмд хэрэгцээтэй мэргэжил эзэмшүүлэх, цэргийн насны залуучууд цэргийн алба хаах хугацаандаа эх орныхоо бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмрээ оруулахын зэрэгцээ, мэргэжил эзэмшиж, мөнгөн хуримтлал үүсгэх зэрэг давхар ач холбогдолтой. Зэвсэгт хүчний тухай хуульд орсон өөрчлөлттэй уялдуулан шинэ төрлийн цэргийн удирдлагын байгууллага, бүтэц, зохион байгуулалтыг тодорхойлох, үндсэн үүргээ биелүүлэх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс техник, тоног төхөөрөмжийн хангалтын асуудлыг шийдвэрлэх зэрэг томоохон ажлуудыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

-Хуульд орсон бас нэг асуудал нь гадны кибер халдлага, түрэмгийллээс хамгаалах, түүнийг хэрэгжүүлэх “Кибер аюулгүй байдлын цэрэг”-ийг Монгол Улсын Зэвсэгт хүчинд байгуулах талаар та дээр дурдсан. Энэхүү асуудлыг хуульд тусгах ямар хэрэгцээ, шаардлага байсан бэ?

-Хүн төрөлхтөн хуурай газар, агаар,ус, сансар гэх байгалиас заяасан дөрвөн хэмжээст орон зайд амьдарч ирсэн. Гэтэл сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хүний оюун ухаан, мэдээллийн технологийн дэвшил, түүний хэрэглээнээс бий болсон хийсвэр орон зай буюу “кибер орон зай” бий болж, манай дэлхийг бүхэлд нь бүрхээд байна. Дэлхийн кибер орон зайн аюулгүй байдал үндсэндээ алдагдаж, улс орнуудын аюулгүй байдалд шууд утгаараа заналхийлж байна. Дэлхий дахинд үйлдэгдсэн кибер халдлагын улмаас жилд дунджаар хоёр их наяд ам.долларын эдийн засгийн хохирол учирч байна. Халдлагыг нягтлан шинжилж үзвэл 80 орчим хувь нь гэмт хэргийн, эдийн засгийн сэдэлтэй байхад үлдсэн 20 орчим хувь нь улс төрийн зорилготой үйлдэгдэж байна. Олон улсад кибер орон зайг зэвсэгт тэмцэл хийх боломжтой тав дахь талбар болохыг албан ёсоор зарлан энэ талбарт үйл ажиллагаа явуулах Кибер командлалуудыг байгуулж асар их төсөв, хөрөнгө зарцуулж байна. Тухайлбал, 2019 онд АНУ 15 тэрбум, БНХАУ 7.3 тэрбум ам долларын хөрөнгийг кибер цэрэгтээ зарцуулаад байна. Манай улс шиг жижиг орнууд ч кибер цэргийг байгуулах, бүрдүүлэх чиглэлд том гүрнүүдээс дутахгүй анхаарч байна. Жишээлбэл, Эстони улс 1,3 сая хүн амтай жижиг улс хэдий ч НАТО-ийн кибер аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий бие даасан кибер командлалтай, 300 орчим кибер цэрэгтэй улс болоод байгаа нь томоохон Зэвсэгт хүчинтэй улсуудыг ч энэ чиглэлээр ардаа орхиод байна. Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэд Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын төвийг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна. Зэвсэгт хүчний мэдээлэл холбооны суурь сүлжээг шинэчлэх, нэгдсэн хяналт хийх, кибер халдлагыг мэдрэх, хариу үйлдэл үзүүлэх техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг суурилуулах төслийг энэ оны 8 дугаар сард хэрэгжүүлж дуусгахаар ажиллаж байна. Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын төв байрлах Дата төвийг барих шийдвэрийг гаргуулаад байна. Энэ бүхэн нь “Кибер аюулгүй байдлын цэрэг”-ийг байгуулах үндэс, суурь нь болж өгөх юм.

-Энэ хуулиар эрх зүйн үндсийг нь бүрдүүлсэн Зэвсэгт хүчний нэг төрлийн цэрэг болох “Тусгай хүчний цэрэг” гэж юу вэ?

-Орчин үеийн дайн, байлдаан, сүүлийн үед явагдсан зэвсэгт мөргөлдөөнд хийсэн үнэлгээ дүгнэлтээс харахад “Хосолмол (hybrid,гибрид) дайн”-ы шинж чанарыг агуулсан уламжлалт бус цэргийн аюул, халдлагаас эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний эрх ашиг, үнэт зүйлсийг хамгаалах нь улс орны оршин тогтнохуйн аюулгүй байдлын шаардлага болж байна. Энэхүү хосолмол дайны хамгийн аюултай шинж чанар нь дайн ба энхийн ялгаа, зааг нь мэдэгдэхгүй тийм нөхцөлд эсрэг талын зүгээс аливаа улс, үндэстний нийгмийн сэтгэлгээнд шууд бус, “зөөлөн” аргаар нөлөөлж төрийн тогтворгүй байдлыг үүсгэх, цаашлаад үүссэн нөхцөл байдлыг хяналтдаа байлгах, гүнзгийрүүлэх, улмаар үндэстэн дамнасан корпораци, тэдгээрээс санхүүжилттэй зохион байгуулалттай гэмт хэргийн болон шашны бүлэглэл, тусгайлан бэлдсэн цэргийн хүчнийг ашиглаж хүссэн үр дүндээ хүрч чаддагт оршиж байгаа юм. Дэлхийн улс орнууд энэ аюул заналын эсрэг зориуд бэлтгэгдсэн бүрэлдэхүүнийг ашиглах нь тохиромжтой гэж үзэн стратеги, оперативын тусгай үүрэг гүйцэтгэх томилгоот хүчин(тусгай хүчин, түргэн байрлах хүчин гэх мэт)-ийг бий болгон хөгжүүлж байна. Манай улсын хувьд “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичигт Зэвсэгт хүчинд тусгай хүчнийг бий болгож, хөгжүүлэх бодлогын зорилтыг дэвшүүлэн, түүнийгээ энэхүү хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр баталгаажуулаад байна. Уг хүчнийг Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд одоо байгаа тусгай томилолтын, түргэн байрлах хүчний, энхийг дэмжих ажиллагааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа цэргийн нэгтгэл, ангийг түшиглэн зохион байгуулахаар бид төлөвлөн ажиллаж байна.

-Зүүнбаянд төмөр зам тавьж байгаа цэргүүд хэдэн төгрөгийн цалин авдаг вэ. Цалингаа хуримтлуулаад цэргээс халагдахдаа хуримтлуулсан мөнгөө авах боломж бий юү. Зөвхөн төмөр зам биш барилга болон энхийг сахиулах ажиллагаанд цэргүүдийг явуулах боломжтой юу?

-Цалингийн хувьд Сангийн яам, Батлан хамгаалахын сайд нарын хамтарсан тушаалаар алба хаагч нар өдөрт 70 хүртэл мянган төгрөгийн цалин авах эрх зүйн орчин бүрдсэн. Мэргэжлийн хүмүүстэй тусад нь гэрээ байгуулж, цалин хөлсийг нь тохирч байгаа. Цэргийн хугацааны хувьд бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа алба хаагчдын дийлэнх нь мэргэжлийн ахлагч, цөөн хувь нь хугацаат цэргийн алба хаагч байгаа. НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагааны хүрээнд манай улсаас инженерийн цэрэг оруулах хүсэлт тавьсан. Энэ чиглэлээр хүмүүсээ бэлтгэж байгаа.

-Гадаадад байгаа монгол иргэдээ эх оронд нь авчирч байгаа. Гадуур нэг шүүмжлэл явж байна л даа. Авчирч байгаа хүмүүсийн ихэнх нь дарга нарын хүүхдүүд. Тэгээд оочер дайраад байна уу гэж?

-Тийм юм байхгүй гэдэгт итгэлтэй байна. Таны хэлж байгаа үгтэй санаа нийлэхгүй байна. Тухайн оронд ажиллаж байгаа Элчин сайдын яамын консулын газар, онцгой комисс, МИАТ, бүгдээрээ тал талаас нь шилж сонгож байгаад гарцаагүй ирэх ёстой хүмүүсээ авчирч байгаа. Тэр дунд нь тийм хүмүүс явж л байна. Олны таньдаг хүмүүс ч явж байх жишээний.

-Хамгийн их дэгдэлттэй голомтоос ирж байгаа иргэдийг заавал хүн амын талаас илүү хувь нь оршин сууж байгаа нийслэл хотынхоо төвд байлгах нь эрсдэлтэй юм биш үү. Хөдөө орон нутагт байршуулж болохгүй юу?

-Аль болохоор тарааж байрлуулахыг бид бодож байна. Гаднаас орж ирж байгаа боомтууд маань тоотой. Замын-Үүд, Алтанбулаг, Буянт-Ухаа гэсэн энэ гурван боомтоор оруулж ирж байгаа. Тийм болохоор аль болох боомттой ойрхон газруудад иргэдээ байрлуулж байна. Улаанбаатарт байрлаж байгаа иргэдийн хувьд дандаа Буянт-Ухаагаар дамжиж орж ирсэн хүмүүсээ тарааж байрлуулж байгаа.

-Өнгөрсөн жил Халх голын 80 жилийн ойгоор ОХУ-аас хоёр сөнөөгч онгоцыг Монгол талд өгсөн гэдэг асуудал гарсан. Үүнийг худалдаж авсан уу. Тэр сөнөөгч онгоцоор яах гэж байгаа юм бол гэдэг яриа гарсан л даа?

-Мэргэжлийн бус хүмүүсийн л яриа. Манай улс агаарын орон зайгаа бүрэн хянаж байх ёстой. Тодорхой хэмжээгээр хянаж байна. Техник, тоног төхөөрөмжүүд маань хуучирсан нь үнэн. Гэхдээ бололцооны хэмжээнд хяналтаа тавиад байгаа. Энэ хоёр онгоцыг ОХУ-тай байгуулсан манай цэрэг, техникийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд манайд буцалтгүй тусламжаар өгсөн. Цэргийн нисэхийнхэн Монгол тэнгэр нэг эзэнтэй боллоо гэж ярьж байгаа. Онгоц, нэг нэгддэггүй, хоёр хоёрддоггүй. Дайн байлдааны үед бол тэр хоёр онгоц мэдээж хаанаа ч хүрэхгүй. Радарт гадны биет мэдэгдээд байдаг. Юу гэдэг нь мэдэгдэхгүй. Доороос нь буудаад унагаачихъя гэхээр бууны тусгал хүрэхгүй газар. Онгоцоор очоод үзье гэхээр өөрсдөд маань онгоц байхгүй. Энэ хоёр онгоц Монголын агаарын орон зайд үл мэдэгдэх зөвшөөрөлгүй биет нэвтэрвэл очиж хараад, угтаж авах зориулалттай юм.

-ЖДҮХС-гаас энэ парламентын 30-40 хүн нь зээл авсан гэдэг асуудал бий. Сайд Б.Батзоригийн золиосонд гаргасан гэдэг. Үүнийг хэрхэн хардаг вэ?

-УИХ-ын гишүүд бол хууль үйлдвэрлэж гаргадаг байх ёстой байгууллагын гишүүд. Сайд нар байнгын УИХ-ын гишүүдийн дарамтад ажиллаж байсан нь үнэн.

-Таныг шахаж байв уу?

-Хүн бүрт янз бүрээр ханддаг байх. Хууль ном зөрчөөгүй болохоор юм байвал асууж сураглаж өгдөг.

-Таны хүргэн, хүү гадаад яаманд ажилладаг гээд та хэвлэлээр нэлээд гөвүүлсэн..

-Манай хүргэн Элчин сайд Ломбын ганц хүү нь. Сургуулиа төгсөөд Гадаад яаманд ажиллаж байсан юм билээ. Манай хоёр сүүлд суусан. Манай хүү бас гадаад яаманд ажилладаг. Сургууль төгсөөд, мастераа хамгаалаад гадаад яаманд 10 гаруй жил болчихлоо доо.

-Та гадаад харилцааны сайд байхдаа хүүгээ ажилд авчихсан уу?

-Үгүй ээ. Бүр сүүлд орсон. Би 2007 онд сайдын ажлаа өгчихсөн хүн шүү дээ.

Онцлох нийтлэлүүд