Өдрийн сонин үнэнийг хэлнэ
"Ногоон дэлхий-Бидний ирээдүй" сэдэвт хүүхдийн гар зургийн уралдааны шилдэг бүтээлүүд тодорлоо  Тасартлаа уусан учир "хүүхэд хэрцгийгээр зодсоноо санахгүй байна" гэжээ Оюутолгойн 2.4 тэрбум ам.долларын өр тэглэх батламжид гарын үсэг зурлаа Инженерийн цэргүүд цусаа хандивлалаа Зэсийн үнэ 171 ам.доллароор уналаа Монгол Улсын ЗГ, ОХУ-ын “Газпром” компани “Союз Восток” хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийг өнөөдөр батална Пара цанын ДАШТ-д Ц.Дашдорж 10,  Б.Ганболд 13 дугаар байрт оржээ Африк тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр 6 хүн амь үрэгдлээ Улаан бүсэд 2112 цаг ажилласан сувилагчийг шагналаа Испанид тэжээвэр амьтдыг гэр бүлийн гишүүнээр бүртгэх хууль баталлаа "Ногоон дэлхий-Бидний ирээдүй" сэдэвт хүүхдийн гар зургийн уралдааны шилдэг бүтээлүүд тодорлоо  Тасартлаа уусан учир "хүүхэд хэрцгийгээр зодсоноо санахгүй байна" гэжээ Оюутолгойн 2.4 тэрбум ам.долларын өр тэглэх батламжид гарын үсэг зурлаа Инженерийн цэргүүд цусаа хандивлалаа Зэсийн үнэ 171 ам.доллароор уналаа Монгол Улсын ЗГ, ОХУ-ын “Газпром” компани “Союз Восток” хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийг өнөөдөр батална Пара цанын ДАШТ-д Ц.Дашдорж 10,  Б.Ганболд 13 дугаар байрт оржээ Африк тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр 6 хүн амь үрэгдлээ Улаан бүсэд 2112 цаг ажилласан сувилагчийг шагналаа Испанид тэжээвэр амьтдыг гэр бүлийн гишүүнээр бүртгэх хууль баталлаа
Улс төр
2021.05.24 09:05

Н.Энхболд: Угтаал, Цээл, Заамар сумыг холбох 120 км замын ажлыг эхлүүлээд явж байх нь зүйтэй


УИХ-ын гишүүн Н.Энхболдтой ярилцлаа.


-Баруунбүрэн-Орхонтуул-Цээл-Баянхангай чиглэлийн 193 км авто замыг барихаар болжээ. Энэ төслийн талаар та мэдээлэл өгөөч?

-Бид энэ замыг тавих ажлыг 2018 оны улсын төсөвт суулгаж эхлүүлсэн юм. Тодруулбал, Төв аймгийн Баянхангай сумаас Угтаал, Цээл, Заамар сумыг холбох нийтдээ 120 км хатуу хучилттай замын зураг төслийг хийх 500 сая төгрөгийг улсын төсөвт тусгаж, батлуулсан. Энэ 120 км авто замын зураг төслийн ажил 2018 оны найм, есдүгээр сард хийгдээд дууссан. Улаанбаатар, Өвөрхангай чиглэлийн замаас салаалаад Баянхангай сумаас эхлээд Угтаал сумын нэгдүгээр баг хүртэл 30 км, тус нэгдүгээр багаас сумын төв хүртэл нь 19 км, тэндээс Цээл рүү 23 км, мөн Угтаалын нэгдүгээр багаас Заамар руу явах 47 км гээд нийт 120 км авто замын зураг төсөл, тооцоо судалгаа нь гарчихсан гэсэн үг. Геологийн судалгаанаас эхлээд замын трасс, эрчим хүчний асуудал, хөндлөн гарч байгаа газар нутгийн нөхцөл байдал гээд бүгдийг нь иж бүрэн хийж дуусгасан. Харамсалтай нь зураг төсөл гарснаас хойш эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байснаас үүдээд төсөвт хөрөнгө мөнгө тусгагдахгүй, замын ажлыг эхлүүлж чадахгүй байдалтай байна. Эдгээр сумдыг сонгож авсан нь учиртай. Төв аймаг бол Монгол Улсын газар тариалангийн томоохон бүс нутаг. Угтаал, Заамар, Цээл сумд нь Төв аймаг дахь газар тариалан эрхэлдэг гурван том сум юм. Угтаалд л гэхэд манай улсын хамгийн том үр тарианы элеватор бий. Ер нь бол Атрын I, II, III аян энэ бүс нутгуудад хэрэгжсэн. Улаанбаатар хот төдийгүй Монгол Улсыг улаанбуудайгаар хангахад том үүрэг гүйцэтгэдэг бүс нутаг учраас авто замыг нь сайжруулах зайлшгүй шаардлагатай байгаа юм.

-Тэгэхээр та бүхэн анх Баянхангай сумаас Угтаал, Цээл, Заамар сумыг холбох нийтдээ 120 км хатуу хучилттай замыг тавихаар зураг төслийг нь гаргаж байжээ?

- Анх бид энэ замыг хийхээр ярьж байхдаа энэхүү замыг Цээлээс хойш үргэлжлүүлээд Дархан-Булган, Улаанбаатар-Дархан, Улаанбаатар-Дашинчилэн, Дашинчилэн-Булганы замуудад холбох санаануудыг тусгаж байсан. Нэгэнт Цээлд зам хүрчихвэл цаашлаад Сэлэнгийн тал руу холбогдоод, үндсэндээ Төв аймаг, Сэлэнгийн газар тариалангийн бүс нутгийг холбосон битүү гогцоо зам үүснэ.

Энэ нь Улаанбаатар, Дарханы чиглэлд байдаг үндсэн том трасст нэгдээд Монгол Улсын газар тариалангийн бүс нутгийн дийлэнх хувь нь гол хэрэглэгч, үйлдвэрлэгч бүс нутгуудтайгаа хатуу хучилттай замаар холбогдох ёстой гэсэн үзэл баримтлалын үндсэн дээр дээрх 120 км замын зураг төслийг хийсэн юм.

-Одоо бол Баруунбүрэн-Орхонтуул-Цээл-Баянхангай чиглэлийн 193 км авто замыг барихаар шийдээд байгаа.

-Одооогийн Засгийн газар гарснаас хойш замыг үргэлжлүүлээд хойноос нь Булган-Дархан-Дашинчилэнгийн замаас бид нарын эхлүүлсэн трасстай холбоод газар тариалангийн бүс нутгийг хамарсан гогцоо зам барих зарчмын шийдвэрээ гаргасан. Сэлэнгэ аймгаас сонгогдсон гишүүд, тэр дундаа Ч.Ундрам гишүүн энэ асуудлыг хөөцөлдөөд явж байгаа юм байна. Бид бүх аймгуудаа хатуу хучилттай замаар нийслэлтэйгээ холбочихлоо. Одоо эдийн засгийн гол бүс нутгуудаа том трасс замуудтайгаа холбох зайлшгүй шаардлага бий. Ингэснээр цаг хугацаа, хөрөнгө хүч хэмнэхээс эхлээд маш ач холбогдолтой байна. Үүнээс гадна нэг том зорилттой уялдаж байгаа. Монгол Улс хүнсээр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй экспортлогч орон болох томоохон зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилтыг У.Хүрэлсүхийн Засгийн газраас эхлүүлж, “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогод тусгасан. Энэ бодлого одоогийн Засгийн газарт ч тасралтгүй үргэлжлээд явж байгаагийн нэг баталгаа нь газар тариалангийн бүс нутгийн хатуу хучилттай замын асуудлыг цогцоор нь шийдэхээр зорьж буй явдал юм. Төр хүнсний бүтээгдэхүүнээр улс орноо хангах, том зах зээл болох хөрш хоёр орондоо нийлүүлдэг экспортлогч орон болох гэсэн хамгийн том зорилго, зорилтдоо хүрэхэд энэхүү дэд бүтцийн хөгжил онцгой чухал ач холбогдолтой юм.

Хойноос ирэх замыг Улаанбаатар-Өвөрхангай чиглэлийн хөндлөн гарсан трасстай холбох, уртрагаараа явж буй хоёр том трассыг холбох нэг том шугам бол Сэлэнгээс Төв аймаг руу, Төв аймгаас урд талын том замтай холбох төсөл юм. Үүнийг зайлшгүй хийх шаардлагатай гэж Засгийн газар ч үзэж байгаа юм байна. Орон нутгийн хэрэгцээ шаардлага ч тийм байгаа.

-Ч.Ундрам гишүүний зүгээс дээрх 193 км авто замын ажлыг эхлүүлэхээр шаардлагатай хөрөнгийг төсвийн хүрээний мэдэгдэл, Зам тээврийн хөгжлийн сайдын багцад тусгуулахаар болсон гэж байсан. Төв аймгийн Баянхангай сумаас Угтаал, Цээл, Заамар сумыг холбох нийтдээ 120 км авто замыг барих зураг төсөл нь гарчихсан юм чинь шаардлагатай хөрөнгийг төсөвт суулгаад, замын ажлаа эхлүүлж байж болох юм биш үү?

-Уг нь тийм юм. Зураг төсөл нь хийгдээд, шаардлагатай материалууд нь батлагдчихсан. Төсөв хөрөнгө нь шийдэгдчихвэл эхлүүлж л баймаар байгаа юм. Сэлэнгээс орж ирэх замын хувьд мэдээж төсвийн хуулийн шаардлагын дагуу эхний ээлжинд зураг төслийг нь хийх хөрөнгө, мөнгө тусгагдаж таарна. Тиймээс 2022 оны улсын төсөвт хөрөнгө мөнгийг нь суулгаж, манай Угтаал, Цээл, Заамарын замын ажлыг эхлүүлээд явж байх нь зүйтэй. Ингэвэл цаг алдахгүй, хурдан хугацаанд ажил хэрэг болж чадна. Уг нь энэ чиглэлийн замыг барихад онцгой хүнд нөхцөл байхгүй. Гол горхи, өндөр уул даваа харьцангуй цөөн, бага зэргийн намагтай газрууд л бий. Тэдгээрийн тооцоог хийчихсэн учраас түргэн хугацаанд хийчихэж болохоор төсөл юм.

-100 жилийн ойгоороо Ерөнхийлөгчийн сонгуульд ялах амбиц МАН-д байгаа нь ойлгомжтой. Ерөнхийлөгчийн сурталчилгаа эхлэх гэж байгаа энэ үед МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд хэр идэвх санаачилгатай ажиллаж байна вэ. Тойргууд руугаа очиж намаас нэр дэвшигчээ дэмжих үү?

-Хөл хорионы нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд тойрогтой очиж амжихгүй байгаа тал бий. Хөл хорио цуцлагдсан хугацаанд цөөн хэдэн сумдад л очиж чадсан. Тиймээс хөл хорионы нөхцөл байдалтай уялдуулаад УИХ-ын гишүүнийхээ хувьд ч ажлаа тайлагнаж, газар дээрээс нь мэдээлэл авч мөн мэдээж сонгуулийнхаа сурталчилгааны ажилд оролцож таарна. Намын гишүүд идэвхтэй байгаа. МАН 100 жилийн ойдоо зориулж заавал ялах ёстой гэхээсээ илүү Монгол Улсын төрийн бодлогын залгамж чанарыг хадгалах, эхлүүлсэн ажил нь ямар нэгэн сонгуулиас болоод зогсдоггүй, өөрчлөгддөггүй тогтвортой байгаасай гэж бодож байгаа. Энэ үүднээс манай намын гишүүд, дэмжигчид, ард түмэн ойлгож байгаа байх.

-Сөрөг хүчний зүгээс Монгол Улс нэг намын дарангуйлалд орох нь гэж ихээр шүүмжилж байгаа. Ийм болгоомжлол ч нийгэмд байх шиг.

-Нэг намын дарангуйлалд орох нь, нэг нам бүхнийг авах гэлээ гэж буй. Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомжоор аль нэг нам, ямар нэг хүн бүх асуудлыг дангаараа шийдэх боломжгүй. Ийм боломж байхгүй гэдгийн баталгаа нь парламентын засаглал. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, түүнийг дагаж гарах хуулиудад парламентын засаглалаа илүү хөгжүүлэх, боловсронгуй болгох, төлөвшүүлэх чиглэлд ажиллаж, төгс төгөлдөр болгох зүйлүүдийг хийх ёстой. Үүний эцсийн дүнд улс төрийн амьдрал тогтвортой байна, бодлого тууштай хэрэгжинэ. Ийм л ойлголт, итгэл үнэмш-лээр манай намынхан Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байгаа.

-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр тун удахгүй ил болно. У.Хүрэлсүх мөрийн хөтөлбөртөө юуг онцгойлон анхаарч тусгасан бол?

-Тун удахгүй мөрийн хөтөлбөр ил болж, сур-талчилгааны ажил эхэлнэ. Мөрийн хөтөлбөрөөс МАН-аас нэр дэвшигч ямар бодлоготой ажиллах, түүний баталгаа нь юу байх вэ гэдэг нь илүү ойлгомжтой харагдах болов уу гэж бодож байна. Төрийн гурван өндөрлөг нэг тийшээ харсан, нэг бодлого, зорилгын төлөө тодорхой хугацаанд ажиллаж чадвал улс орны хөгжил дэвшил, аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаанд илүү хэрэгтэй байх болно гэсэн ерөнхий агуулгатай мөрийн хөтөлбөр гарсан.

-Та сүүлийн үед ямар хуулийн төслүүд дээр ажиллаж байна вэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах том ажил хүлээж байна. Энэ нь зөвхөн Ерөнхийлөгчийн тухай хуулийг өөрчлөх асуудал биш, үе үеийн Ерөнхийлөгчдийн эрх хэмжээг нэмэгдүүлсэн Үндсэн хуулийн агуулгаас гадуурх хуулиудыг хүчингүй болгох юм. Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулж Ерөнхийлөгчийн эрх зүйн байдлыг тодорхойлоход дагалдаж гарах цөөнгүй хууль бий. Тэдгээрийг хийх ажлын хэсэгт томилогдчихоод Засгийн газраас төсөл орж ирэхийг хүлээж байна.

Онцлох нийтлэлүүд