ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.10.28 09:10

Онцгой байдлын ахмад Ц.Гүнчинсүрэн ажилтнаа зодож хүнд гэмтэл учруулжээ

-ДАРГАДАА ЗОДУУЛСАН Б.ХАДХҮҮГИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТААРУУ ЭМНЭЛЭГТ ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА-

Онцгой байдлын ерөнхий газрын улсын үрийн нөөцийн Зүүнхараа салбарын дарга, онцгой байдлын ахмад Ц.Гүнчинсүрэн ажилтнаа зодож танхайрсан хэргээр шалгагдаж эхэлжээ. Энэ талаар албаны эх сурвалж "Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгонд байрлах улсын нөөцийн салбар газрын ажилтан Б.Хадхүү бусдад зодуулсан байдалтай ажил дээрээбайна гэх дуудлага цагдаагийн байгууллагад нэгэн иргэнээс ирсэн. Дуудлагын дагуу Хэрх тосгоны цагдаагийн албан хаагч нар очиход манаач ажилтай Б.Хадхүү бусдад зодуулсан байдалтай байсан гэсэн. Тухайн үед биеийн байдал нь тааруу байсан болохоор эмч дуудаж,хэнд зодуулсан болохыг асуухад дарга Ц.Гүнчинсүрэнд зодуулсан гэж хохирогч хэлсэн байсан. Энэ дагуу Онцгой байдлын ерөнхий газрын улсын үрийн нөөцийн Зүүнхараа салбарын дарга, онцгой байдлын ахмад Ц.Гүнчинсүрэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" гэв.

АЖИЛ ДЭЭРЭЭ СОГТУУ ИРЭЭД "ЧАМАЙГ АЛНА" ГЭЭД ЗОДСОН ГЭСЭН

Энэ талаар даргадаа зодуулсан Б.Хадхүүгийн эхнэр Н.Энхтуяагаас цөөн асуултад хариулт авсан юм.

-Танай нөхрийн биеийн байдал ямар байгаа вэ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Биеийн байдал нь тааруу байна. Байнгын эмчийн хяналт дор эмчилгээ хийлгээд л байж байна даа. Эмч нар доргилтоос үүдэлтэйгээр тархиндаа цус хурсан байна гэсэн. Тархины хуралттай цус нь шимэгдэхгүй бол мэс засал хийж магадгүй гэж хэлсэн. Зөөлөн эдийн гэмтлүүдэд эмчилгээ хийж байна. Таван хавирга нь хугарчихсан байгаа. Байнгын ханиалгаж зовиурласан байдалтай л байна даа. Анх зодуулаад ухаан санаа нь орж гараад, хөдөлж босч чадахгүй байснаа бодвол биеийн байдал нь сайжирч байна. Гэхдээ их үнэтэйоношилгоо хийлгэж байна.

-Дарга нь ямар учраас зодсон юм бол?

-Нөхөр маань Онцгой байдлын ерөнхий газрын улсын нөөцийн Зүүнхараа салбарт олон жил ажиллаж байгаа юм. Механикаар ажиллаж байгаад тушаал буурч манаачаар ажиллах болсон.Манаач болгосон шалтгаан нь дарга нь өөрийнхөө хүнийг ажилд авахын тулд нөхрийг маань тушаал буулгасан байдаг. Аравдугаар сарын 6-7 –нд шилжих шөнө манай нөхөр ажил дээрээ хонож байсан юм. Тэгсэн дарга нь согтуу хүрээд ирсэн байна лээ. Тэгээд "Өрөөнд ороод ир чамтай ярих юм байгаа" гэж хэлээд өрөөндөө дагуулж ороод л агсан тавьж эхэлсэн гэсэн. "Та нар дээш доош нь янз бүрийн юм ярьж байгаад намайг хэд хэдэн удаа шалгуулсан биз дээ. Чамайг ална" гээдширээн дээрээ байсан архины шилээр толгой руу нь хүчтэй цохисон байсан.Манай хүн тухайн үед ухаан нь балартаад шалан дээр нь ойчтол дээрээс нь дэвсэлж, энд тэндгүй өшиглөсөн байна лээ.Нүүр, толгой, цээж, гар гээд хөх няц болоогүй газар байхгүй байна лээ. Их удаан зодсон байна лээ. Арай гэж өрөөнөөс нь мөлхөж гараад манаачийн байрандааороод над рууутсаар яриад "Дарга зодчихлоо. Хөдөлж чадахгүй хэвтэж байна. Хурдан ир" гэж хэлсэн. Би ч сандраад ажил дээр нь ирээд шууд цагдаа дуудсан. Цагдаа нар хүрч ирээд манай нөхрийн зодуулсан байдалтай зургийг авч баримтжуулаад эмнэлэг рүү явуулсан.

-Яагаад дарга нь танай нөхрийг зодсон юм бол. Өмнө ньхоорондоо үл ойлголцсон зүйл болж байсан уу?

-Тэр өдөрхүмүүстэй шөнөжин архидаж хоноод үүрээр ажил дээрээ согтуу ирсэн байна лээ. Тэгээд л агсан тавиад манай нөхрийг зодсон байсан. Ер нь хүмүүс Ц.Гүнчинсүрэнгавир муутай бусдыг байнга дарамталж, дээрэлхэж харьцдаг гэж ярьдаг юм билээ. Ажилтнаа ингэж хүнд гэмтэл автал нь зодож танхайрна гэдэг чинь юу гэсэн үг вэ? "Чамайг ална" гээд л зодоод байсан гэсэн. Бид үнэхээр их гомдолтой байна.Салбар хариуцсан дарга хүнээс гарч болмооргүй балмад авир гарсанд одоо хүртэл гайхаж байна.

-Хэрэг гарснаас хойш та бүхэнтэй ирж уулзсан уу?

-Нэг удаа ирж уулзаад "Муухай зүйл боллоо. Уучлаарай" гэж хэлчихээд яваад өгсөн. Дахиж уулзаагүй л байна. Дарга нь ажилтнаа зодож биеийн байдал нь тааруу байхад ОБЕГ-аас огт анхаарал тавихгүй байгаад гайхаж байна. Мөн хэргийг шалгаж байгаа цагдаа нар их удаан ажиллаж байна.

Онцгой байдлын ерөнхий газрын улсын үрийн нөөцийн Зүүнхараа салбарын дарга, онцгой байдлын ахмад Ц.Гүнчинсүрэнтэй холбогдож хэргийн талаар асуусан боловч "Мэдээлэл өгөх боломжгүй байна" гэх хариултыг өгсөн юм.

Э.БААТАР

Онцлох нийтлэлүүд