Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Ханх сумын нутагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn Ирэх 7 хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын тов дараалал... DNN.mn Хөдөлмөрийн гэрээгээр гадаадад зуучлагдсан иргэдийн 29.8 хувь эмэгтэйчүүд байна DNN.mn Аргентины хөлбөмбөгийн од Месси 1000 дахь тоглолтдоо 789 дэх гоолоо орууллаа DNN.mn Монголд орж ирэх 224 автобус үйлдвэрээс ачигдаж эхэлжээ DNN.mn Офицеруудын ордноос Таван шарын уулзвар хүртэлх замын нэгдүгээр эгнээгээр зөвшөөрөгдсөнөөс бусад автомашин зорчуулахгүй DNN.mn П.Наранбаяр: 420 тэрбумынхаа задаргааг гаргаж чадаагүй байж, нийслэл Засгийн газарт 593 тэрбум төгрөгийг бүрдүүлж өгөхөөр болж байна DNN.mn ​М.Амархүү: Яруу найрагт би шигшээ багийн тамирчин шиг амжилттай байсан. Тиймээс “Болор цом” гэнэтийн цочир санагдаагүй DNN.mn М.Буянбадрах: Монголчилсон АМНАТ экспортлогчдоо дампууруулж байна DNN.mn Цагаагчин туулай өдөр DNN.mn Ханх сумын нутагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn Ирэх 7 хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын тов дараалал... DNN.mn Хөдөлмөрийн гэрээгээр гадаадад зуучлагдсан иргэдийн 29.8 хувь эмэгтэйчүүд байна DNN.mn Аргентины хөлбөмбөгийн од Месси 1000 дахь тоглолтдоо 789 дэх гоолоо орууллаа DNN.mn Монголд орж ирэх 224 автобус үйлдвэрээс ачигдаж эхэлжээ DNN.mn Офицеруудын ордноос Таван шарын уулзвар хүртэлх замын нэгдүгээр эгнээгээр зөвшөөрөгдсөнөөс бусад автомашин зорчуулахгүй DNN.mn П.Наранбаяр: 420 тэрбумынхаа задаргааг гаргаж чадаагүй байж, нийслэл Засгийн газарт 593 тэрбум төгрөгийг бүрдүүлж өгөхөөр болж байна DNN.mn ​М.Амархүү: Яруу найрагт би шигшээ багийн тамирчин шиг амжилттай байсан. Тиймээс “Болор цом” гэнэтийн цочир санагдаагүй DNN.mn М.Буянбадрах: Монголчилсон АМНАТ экспортлогчдоо дампууруулж байна DNN.mn Цагаагчин туулай өдөр DNN.mn
2022.09.26 05:09

“Оройтсон бороо” одоо ч шивэрсээр... DNN.mn

Нийтлэлч: Лхагвасүрэнгийн Батцэнгэл

Өдрийн сонины архиваас дараах нийтлэлийг хүргэж байна.


Соёлын тэргүүний ажилтан, дуучин М.Бямбажав ерээд оны эхээр олны танил болоогүй шавилхан залуу байхдаа

“Хавар нь ороогүй бороо

Намартаа яагаад шаагина вэ

Хавар нь дэлгээгүй дэлбээ

Намартаа яагаад ургана вэ” хэмээн “Оройтсон бороо”-г хэвлүүтэн дуулснаас хойш энэ дуу ард түмний хайртай бүтээл болжээ. Энэ дууны шүлгийг Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, яруу найрагч Бат-Очирын Туяа зохиожээ. Чингисийн амиа, Хоньдын зээ овогт Б.Туяа хэмээх эл зохиолч “Шувуудын ганганаан”, “Таван цагаан шувуу”, “Мөнгөн зүүний учиг”, “Нууцлаагүй нууц”, “Өөдсөн Өнхүүлэй”, “Шулга болжморын жиргээн”, “Чоно залбирна, хүмүн улина, Бурхан уйлна” зэрэг тууж, өгүүллэг, яруу найргийн олон номыг уншигчдынхаа алган дээр тавьсан ч “Оройтсон бороо” нь л түүний овог болсон гэхэд хилсдэхгүй. Б.Туяаг их зохиолч Нацагдоржийн бурхан болсон 1937 онд Москва хотын нэгэн эмнэлэгт мэндлэхэд хүйг нь боож авсан эх баригч орос эмэгтэй Алиса гэдэг нэр хайрлаж “Таван тивийн хэлээр зохиол бүтээл нь түгсэн алдартай зохиолч төрлөө. Энэ нэрээрээ зохиолоо бичиж алдаршвал би заавал ч үгүй таньж уулзах болно” хэмээн цэл залуухан аав, ээжид нь бэлгэшээн ерөөсөн гэнэм. Ирээдүйн зохиолчийн аав Говь-Алтай аймгийн Хантайшир сумын уугуул Я.Бат-Очир, ээж Ч.Цагаанхүү нар нь ЗХУ-ын хүн эмнэлгийн сургуульд сурч байсан анхны монгол оюунтнууд байж. Зохиолч Туяа гуай их зохиолчийн мөрөөр Германы Лейпциг хотноо очиж, Карл Марксын их сургуулийг олон улсын харилцааны мэргэжил эзэмшсэн анхны таван оюутны нэг болсондоо одоо ч бахархдаг юм билээ. Түүнийг гадаадын сургуульд явах болоход нь МАХН-ын Төв хорооноос Алиса нэрээр нь өөнтөглөж “Юун хачин хөрөнгөтний нэртэй юм. Монгол нэр авахгүй бол сургуульд чинь явуулахгүй” гэж шахаанд оруулан сандаргасан тул Туяа хэмээх нэрээ авчээ.


Оройтсон бороо

Хавар нь ороогүй бороо

Намар нь юундаа шаагина вэ

Хавар нь дэлгээгүйдэлбээ

Намар нь яахинургана вэ

Оройтсон бороо

Цэцэг нэхнэ үү

Оройтсон хайр

Цэнгэл нэхнэ үү

Гил хар шөнийн зүүдэнд

Цал буурал зүстэй ирнэ үү

Үүрээр гомдсон зүрхийг

Үдшийн болзоонд дуудна уу

Оройтсон бороо

Навчис эрнэ үү

Оройтсон хайр

Намайг ээрнэ үү

Өвлийн цасны нөмөрт

Өнчин цэцэг ургана гээ юү

Зүрхэнд буусан хярууг

Зүүдний наранд хайлна гээ юу

Оройтсон бороо

Хавар хөөнө үү

Оройтсон хайр

Жаргал хайна уу

Одтой насны хайр шившил

Оройтсон бороо зүрхэнд шивнэнэ дээ

Цэнгэл жаргалаас зугтаагүй ч

Цэцэглэх нь оройтсон тавилан юм даа

Оройтсон бороо

Хавар эрнэ үү

Оройтсон хайр

Ханиа хайна уу

Германд боловсрол эзэмшсэн залуу бүсгүй 1962 онд сургуулиа дүүргэж ирээд Гадаад худалдааны яаманд мэргэжилтнээр амжилттай ажиллаж эхэлсэн ч хүйн ээжийнхээ зөгнөсөнчлөн зохиолч болохоор сэтгэл шулуудан Монголын радиогийн жүжиг-уран зохиолын редакцид төрийн шагналт яруу найрагч Долгорын Нямаа даргын цэргээр очжээ. Унаган шахуу герман хэлтэй түүнийг тун удалгүй Монголын үндэсний телевизийн кино албанд томилсон байна. Тэрээр 1962 оноос их гүүш Мишигийн Цэдэндоржийн захиалгаар Бертолт Брехт, Анна Зегерс, Бруно Апитц зэрэг дэлхийн сонгодог зохиолчдын тууж, өгүүллэгийг монголчилсноос гадна 1971 оноос телевизийн олон ангит уран сайхны кинонуудыг шууд орчуулж өөрийн хоолойгоор дуу оруулсан байдаг. “Андын нурууны нууц” зэрэг тавь гаруй олон ангит киног орчуулсан гэж бодохоор ганц хүнд ахдахаар овоохон хөдөлмөр байгаа биз. Дуу оруулсан киноных нь үзэгчид одоо ч түүнийг хоолойгоор нь таньдаг гэж байгаа. Тэрээр нэгэн үе ШУА-ийн мэдээллийн хэлтэст эрдэм шинжилгээний ажилтнаар ажилласнаа бас л их зохиолчийн хувь заяатай холбон бэлгэшээнэ. Насны хань Чорос Д.Бирадамбаа даган Москвад олон жил амьдарсны эцэст уран бүтээлдээ шамдаж эхэлжээ. Түүний шүлгээр бүтсэн “Оройтсон бороо” дуу түмний түгээл ид болж байх үед “Утга зохиол, урлаг” сонины 1993 оны нэгэн дугаарт “Ганц дууны үгээр олон яруу найрагчийн толгойд цахиур хагалсан хүүрнэл зохиолч” гэж өргөмжлөн бичсэн байдаг. Зохиогч эл шүлгээ өврийн дэвтэртээ 1974 онд бичиж тэрлээд үндсэндээ мартчихсан байтал өргөмөл дүү Д.Батхүү нь сониучирхан сэм хулууж аваад найз нөхдөдөө тараан, тэр ч бүү хэл ая зохиогч А.Батсүх гэдэг залуугаар ая хийлгэсэн нь нэгэн үе Эрхүүгийн оюутнуудын сүлд дуу болсон аж. “Чингис хаан” хамтлагийн ахлагч, гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан энэ аяар нь гитардан жигтэйхэн сайхан дуулдаг байсныг зохиогч өгүүлж байна. Хожим Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Батсүхийн Нармандах аавынхаа зохиосон аяны хувилбараар дуулж, уран бүтээлийн цомогтоо оруулсан аж. Нууж явсан шүлэг нь ийн олны хүртээл болсон хойно найз нөхдийнхөө зөвлөснөөр дорнын их найрагч Явуухуланд үзүүлж дээ.

Явуу найрагч мөнөөх шүлгийг үзээд “Хайр шившил” хэмээх хоёрхон үгийг сольж бичингүүтээ царайгаа мишилзүүлэн “Охин минь, болчихжээ болчихож. Би чиний дууг баталчихлаа. Ингээд чи нэг сайхан дуутай боллоо. Дуу гэдэг маш сайхан шүү дээ. Чи хичнээн зузаан мянган том роман бичээд нэг сайн дууны чинь энд хүрэхгүй. “Цэнхэр дурдан алчуур”-ыг сана даа. Дуу бол хүн бүхэнд хүрч чаддагаараа гайхамшигтай. Ганц дуу ч ганцдахгүй. За ингээд, гарын таван хуруу шиг таван сайн дуутай болчихвол зохиолч хүн болоод явчихна даа” гэж урмын ташуур хайрлажээ. Ингээд “Оройтсон бороо”-нд залуу хөгжмийн зохиолч Лхагвасүрэн аялгуу зохиож, уралдаан тэмцээнд байр эзэлж, Ханын материалын үйлдвэрийн ажилчин залуучуудын сүлд дуу нь болж гэнэ. Харамсалтай нь эл ая нь бурхан болооч хөгжмийн зохиолчийнхоо хамт удаан наслалгүй хотын баруухан талд түрхэн зуур дуулагдасхийгээд мартагджээ. Явуу найрагчийн дуу болгохоор баталсан эл шүлэгт соёлын тэргүүний ажилтан М.Бямбажав “Үлгэрийн тэнхим”-ийн дуучин байхдаа аялгуу зохиож, банзан гитартайгаа дуулснаар жинхэнэ утгаараа дуу болон жигүүр дэлгэж, ард түмэнд түгжээ. Бямбажав дуучин тэр үед арван есхөн настай байсан гэдэг. “Оройтсон бороо” дууны шүлэг нас зөрүү хайртай хосын гунигт учралын тухай ч юм уу, эсвэл насан багадаа учирсан ч амьдралын харгуйд алдаж эндэн хагацсан тавилангийн тухай зүрхэнд шивнэх шиг санагддаг.

Туяа зохиолчоос хүмүүс дууных нь талаар асуухдаа нууц амрагийн тухай яриулах гээд байдаг гэж байгаа. Зохиогч харин “Оройтсон бороо”-ныхоо тухайд ийн хүүрнэсэн юм. Туяа гуайн аав Бат-Очир Халх голын байлдаан, Баруун хилийн тулгаралтад оролцсон дайчин байсан бөгөөд дайн тулаантай тэр жилүүдэд маршал Х.Чойбалсангийн эмчээр ч ажиллаж байсан цэргийн эмч хүн байж. Эх орныхоо өмнө эр цэргийн тангараг өргөсөн дайчин гэрийн бараа ховорхон харж, томилолтоор их явах. Энэ л үед залуу сайхан амраг Ч.Цагаанхүү нь охинтойгоо олон жил ганцаар амьдарч, улмаар сэтгэл нийлсэн нэгэнтэй хань ижил болжээ. Охин Б.Туяа нь ээжийгээ өөр хүнтэй болсонд гомдож, аавыгаа дайнаас эргэж ирүүт ээжээсээ тусгаарлан хамт амьдрах болсон аж. Харамсалтай нь, дайн тулааны хүнд ширүүн талбараас эсэн мэнд эргэж ирсэн хайрт аав нь тавин нэгэн онд хээрийн сургуулийн үеэр буу алдсан нөхрийнхөө суманд оногдон нас барсан байна. Эцгийнх нь гунигт тавилан ээжийнх нь буруугаас болсон гэж төсөөлөх Туяа охин түүнийг үзэн ядаж “Би хүний хань болохоороо хэзээ ч ээж шиг ханиа гомдоохгүй” гэж бяцхан зүрхэндээ андгайлан тангарагласан нь хожмоо харууслын таталбар болон дэвтэрт нь үлдсэн түүхтэй ажгу. Цагаанхүү гуай хожим ардын жүжигчин Д.Дамдинсүрэн гуайтай ханилан сууж, охины гомдол ч сөөм сөөмөөр сарнин одож, хүний амьдралын эрээн барааныг ойлгон ээжийгээ хүндлэн асарсаар ерэн насны босго давуулсан гэнэм. Ийм л нэгэн гунигийн дундаас “Оройтсон бороо” олны сэтгэлд одоо ч шивэрсээр л байнам.

Туяа найрагч багадаа амссан амьдын хагацал, сэтгэлийн шаналангаа үр, зээдээ амсуулахгүйн тулд насны ханьдаа үнэнчийн өлмий сөгдөж наян насны босго шүргэж яваагаа дурдсан. Монгол Улсын гавьяат жүжигчин, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн ээж Д.Дашцэрэн гуайтай Б.Туяа найрагч хар залуугийн найз аж. Тиймээс дуучин Лхагвасүрэн ээжийнхээ найзын алтан хуримыг шижгэр тэмдэглэж өгсөн гэдэг. Бирадамба гуай тэр хоёр 1953 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр анх танилцсанаас хойш тавин жилийн хойно шүү дээ. “Удахгүй “алмаазан хурим”-ыг чинь хүү нь тэмдэглэж өгнө өө” гэж гавьяат Лхагваа амлаад байгаа юм билээ. Алмаазан хуримаа мөд тэмдэглэх хосуудын ганц охин Өлзийханд нь аав, ээж хоёрынхоо шүтээн болсон Билгүүн, Гүнболд гэсэн хоёр зээ төрүүлж өгсөн нь эдүгээ гадаадад ажиллаж, амьдарч байгаа юм байна. Б.Туяа эдүгээ “Оройтсон бороо”-ноос гадна Явуу найрагчийн ерөөсөнчлөн гарын таван хуруунаас ч олон дуутай болжээ. Тэрээр хөгжмийн зохиолч Г.Цэндоржтой “Таван цагаан шувуу” цуврал романс зохиосноос гадна “Би эрчүүдийг хүснэ” жүжгийн дуу, “Хуурын нулимс”, “Хүсэл зөнгийн алтан хараацай” зэрэг олон арван дууны эзэн болоод байгаа билээ.


Л.БАТЦЭНГЭЛ