ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2014.06.15 11:06

Отрядын Гүндэгмаа

Монголын буудлагын спортын нүүрийг олон жил тахалж яваа ганц бүсгүй бол Отрядын Гүндэгмаа. Хамгийн сүүлд Германы Мюнхен хотноо зохиогдсон буудлагын спортын дэлхийн цомын тэмцээнээс алтан медаль хүртсэн. Эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны дасгалд түрүүлж аваргалсан юм. Дэлхийн цомын алтан медаль түүний хувьд долоо дахь нь. 2012 оны Лондонгийн олимпоос хойш олон улсын чанартай томоохон тэмцээнд оролцоогүй байсан хэдий ч медаль “зулгаагаад” ирнэ гэдэгт нь итгэлтэй байсан юм. 

Бээжин-2008 зуны олимпийн наадмыг эргэн саная л даа. Олимп эхлээд тав хонож байхад манайхнаас медалийн чимээ сонсогдохгүй л байв. Наймдугаар сарын 13-нд спортын гар бууны 25 метрт өрсөлдөж буй шилдэг тамирчдаас найм нь үлдсэн. Медалийн төлөө, олимпийн аваргын төлөөх өрсөлдөөнийг О.Гүндэгмаа оноогоороо тэргүүлж байлаа. Бууны сум нь гацлаа, үндсэн буудлагадаа 590 оноо авлаа гэхтэй зэрэгцээд мөнгөн медаль дээр буужээ. Ямар ч байсан 15 наснаасаа эхлэн буудлагын спортоор хичээллэсний үр дүнг гаргав. Тэрээр 1978 оны тавдугаар сарын 23-нд Улаанбаатарт төрсөн. Аав нь уулын болон шүхрийн спортын олон улсын хэмжээний мастер Д.Отряд. Ээж нь ч бас шүхрийн спортын мастер. Д.Отряд гуай Гүндэгмааг бага байхад 50 метрийн троссонд дүүжлээд нисдэг тэрэгтэй наадмаар үзүүлэх тоглолт хийдэг байсан гэнэ. 

Спортын гэр бүлд төрсөн болохоор арван жилээ төгсөөд шууд л Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн багш, дасгалжуулагчийн ангид оржээ. Харин түүний амжилтын буухиа 1996 оны Атлантын олимпоос эхэлсэн. Дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж шагналт тавдугаар байрт шалгаран олимпийн медаль надад ойрхон бий шүү гэдгээ харуулсан. Дараагаар нь буюу 1998 онд дэлхийн аваргын хүрэл медаль хүртсэнээр олон улсын тавцанд хүчтэй өрсөлдөгч байж чадна гэдгээ баталсан. Харин 2000 оны Сиднейн, 2004 оны Афины олимпийн наадамд зургадугаар байрт орж байв. Олимпийн наадмын даагаа 2008 оны Бээжингийн олимпоос нэхэж мөнгөн медаль аваад байгаа билээ. Дэлхийн аваргуудаас гэвэл зөндөө л медаль авсан. 2002 онд Азийн аваргын хүрэл, Дэлхийн цомын шигшээ тэмцээний аварга, дэлхийн цомын цувралуудын алт, мөнгө, хүрэл, 2006 оны дэлхийн аваргын хүрэл гээд түүний амжилтуудыг тоочоод дуусахгүй. Товчоор оролцож үзээгүй тэмцээн, авч үзээгүй медаль байхгүй биз. Ганцхан олимпийн аварга болох л дутаад байгаа. Ирэх олимпод аваргын төлөө зүтгэнэ гэдэгт олон хүн найдаж байна. 

О.Гүндэгмаа анх өөрийн багш, дасгалжуулагч Л.Ундралбаттай гэр бүл болж охинтой болсон. Одоо харин хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатартай ханилж дөрвөн хүүхдийн ээж аав болжээ.

Д.СҮРЭН


Онцлох нийтлэлүүд