Улс төр
2015.02.18 05:02

Оюутолгойн 34 хувийг зарах саналаа зогсоохыг шаарджээ

УИХ-ын гишүүн О.Содбилэг Монголын ард түмний баялаг болох Оюутолгойн төрийн эзэмшлийн 34 хувийг бусдын мэдэлд шилжүүлэх хэлцлийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хийсэн тухай мэдээлэл гадаадын хэвлэлээр гарсантай холбогдуулан түүнд асуулга тавьж, мэдээлэл хийлээ. Тэрээр Оюутолгой ордтой аливаа худалдах болон шилжүүлэх үйлдэл, үйл ажиллагаа явуулж хууль зөрчихгүй байхыг Ерөнхий сайдад анхааруулан, аливаа аман болон бусад байдлаар хэлэлцэх хийх, гэрээ байгуулахаа зогсоохыг шаардлаа.

2015 оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн "Ройтерс" мэдээллийн агентлагийн албан ёсны мэдээ, хоёрдугаар сарын 6, 14-ний өдрийн Австрали Улсын үндэсний хэмжээний "The Australian" сонинд "Рио Тинто" группын гүйцэтгэх захирал Сэм Уолш Оюутолгойн Монголын талын эзэмшил 34 хувийг Монгол Улсын Ерөнхий сайд санал болгосон гэх мэдэгдэл албан ёсоор гарчээ. Уг мэдэгдэл "Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн "Рио Тинто"-д санал болгосон Оюутолгойн Монголын эзэмшил 34 хувийг тэд авах сонирхолгүй бөгөөд төсөлд хувь эзэмших өөр хэн нэгэн этгээд гарч ирвэл тэр этгээд сонирхог" гэсэн агуулгатай байжээ.

Монгол Улсын Үндсэн хуульд "...байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна" хэмээн заасан байтал Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын тогтоол, шийдвэрүүдийг зөрчин, УИХ-д үл мэдэгдэн эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэж байгаа тул УИХ-ын гишүүн О.Содбилэг Ерөнхий сайдад асуулга тавьжээ. Энэхүү асуулгад:

Нэгдүгээрт, Ерөнхий сайд Та УИХ-аас гаргасан тогтоол шийдвэрүүдийг зөрчиж дур мэдэн Оюутолгойн Монголын талын эзэмшлийн 34 хувийг санал болгосон гэх хэлцлийг "Рио Тинто" группын гүйцэтгэх захиралтай хийсэн бол хууль, эрх зүйн үндэслэлээ тайлбарлана уу?

Хоёрдугаарт, Таны дээрх үйлдэл Үндсэн хуулийг зөрчин Оюутолгойн төрийн эзэмшлийн 34 хувийг бусдад шилжүүлэхээр завдсан гэж ойлгогдож байна. Иймд дээрх асуудлыг тодорхой болтол "Рио Тинто" групптэй болон Оюутолгой төслийн Монголын эзэмшлийн хувийг худалдах болон шилжүүлэх үйлдэл, үйл ажиллагаа явуулж хууль зөрчихгүй байхыг Танд анхааруулж, аливаа нэгэн аман болон бусад байдлаар хэлцэл хийх, гэрээ байгуулахаа зогсоохыг шаардаж байна гэжээ.

Онцлох нийтлэлүүд