Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн ДХБ-ын Сайд нарын бага хурлыг хойшлуулжээ Монголын агрономчдын "Өндөр ээж" гавьяат боллоо Нефтийн үнэ буурчээ Бээжин хотод анхны жолоочгүй такси үйлчилж эхэлжээ Энхийг сахиулагчид Өмнөд Африкаас биш Суданаас ирнэ Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн ДХБ-ын Сайд нарын бага хурлыг хойшлуулжээ Монголын агрономчдын "Өндөр ээж" гавьяат боллоо Нефтийн үнэ буурчээ Бээжин хотод анхны жолоочгүй такси үйлчилж эхэлжээ Энхийг сахиулагчид Өмнөд Африкаас биш Суданаас ирнэ
Нийгэм
2021.02.07 12:02

О.Баяржаргал: “Хүүхнүүд ээ гэж” дууны клип гарах гэж хоёр жил болсон доо

“Энэ хүүхнүүд үү” киноны хөгжим дууны аялгуу болно гэж хэн санах билээ. Уг аялгуунд донжтой нь аргагүй дуулсан “Испани дууны” хэмээх тодотголтой дуучин О.Баяржаргалтай ярилцлаа.


-Таны шинэхэн уран бүтээл “Хүүхнүүд ээ гэж” клипийг саяхан сонссон. Шинэ уран бүтээл мөртлөө танил сонсогдоод байгаа нь хуучны сайхан киноны аялгуутай холбоотой болов уу. Энэ клипийг хэр удаан хийсэн бэ, яагаад “Энэ хүүхнүүд үү”-гийн аялгууг сонгож авсан юм бол?


- Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч С.Соронзонболдтой багш, шавь хэрнээ найзууд л даа. Багш маань надад “Л.Мөрдорж багшийн энэ хөгжим Монголын үндэсний джаз байхгүй юу” гэж хэлсэн юм. Би түүнийг нь соргогоор хүлээж аваад, “Үүн дээр дуу хийж болох юм уу” гэсэн чинь “Чи үнэхээр сайн хийж чадна гэвэл асуудалгүй” гэлээ. Оюуны өмчийг нь судлаад үзэхэд 50 жил илүү гарчихсан ард түмний өмч болсон байв. Яруу найрагч Ч.Алтантүлхүүр, Завханы С.Батсүх гавьяат гурвуулаа сууж байгаад яруу найраг биш, этгээд үгтэй байвал зүгээр гэж ярилцсан. Энэ уран бүтээл дээр удаан ажилласан. Сонсоход бэлэн болгох гэж жил болсон. Клип нь гарах гэж хоёр жил болсон доо.

-Сайн ажилласан болохоор хүмүүст хүрч байгаа болов уу, өөрөө ч маш донжтой дуулсан байна лээ. Эхний сонсогчид яаж хүлээж авсан бэ?

-Насны онцлогоос болоод хандлага нь өөр байсан. Үг нь жаахан этгээд байсан болохоор залуу хүмүүсийг татсан болов уу гэж бодсон. Тэд “Хөөх” гээд хүлээж авсан. Манай аав, ээжийн насныхан болохоор “Энэ чинь нэг л танил юу билээ” гэх жишээтэй. Сонсохоор танил, тэгсэн хэрнээ шинэ байх юм гэсэн л дээ.

-Сонсоход гоё хэрнээ дагаж дуулах гэвэл хэцүү үгтэй юм шиг ээ?

-Дуулах гэж үзвэл хэцүү. Дээрээс нь Л.Мөрдорж гэдэг хүн Монголын хөгжмийн түүхийн анхдагч гэдэг утгаараа энэ дууг Монголын анхны джаз дуу гэж хэлчихэд болно доо. Хөгжмийн хувьд зохиогчийнх нь хэв маягийг эвдээгүй. Найруулгаараа орчин үеийнх байлгах гэж зорьсон. Киногоо бүтэн үзээд, хөгжмийн элементүүд, зарим хэсгээс авах санаануудаа сайн бодож байгаад, залуу дуучин Э.Гэрэлсайхантай харьцаж дуулсан юм.

-Ингэхэд таны хувьд хүүхнүүд гэж хэн бэ?

-Амьдралыг эмэгтэй хүн авч явдаг гэдэгтэй би санал нийлдэг. Хүүхнүүд гэж хэн бэ гэвэл хүчирхэг эр хүн бүхний баттай ар тал нь юм даа. Бүсгүй хүний ухаан дээр үндэстэн оршин тогтдог шүү дээ.

-Таныг ямар ч төрлөөр дуулдаг гэдэг юм билээ. Сайнаар хэлбэл та олон талын авьяастай байж таарах нь. муу талаас нь харвал өөрийгөө олоогүй байж магадгүй шинжтэй. Аль нь танд илүү тохирох вэ?

- СУИС төгсөөд, өөрийгөө хайж их явсан. Одоо бол яг өөрийгөө олсон гэж хэлж болно. Бүх төрлийн дуу дуулж чаддаг гэдгийг бол хөрвөх чадвартай гэж дүгнэж болно. Би хөдөө орон нутгаар явж олон тоглолтод оролцдог л доо. Сонсогчдоо мэдрэх чухал санагддаг. Хөшиг яраад харахад хөгшид олон байвал Улаанбаатарынхны сонсдог дууг хүлээж авахгүй дээ. Зрительдээ тохируулаад эхний дуугаа сонгодог. Тэр сайхан хөгшдийг хүндэтгээд, ардын дуу дуулаад, дараа нь эстрадын дуу дуулж болно шүү дээ. Би СУИС-ийн дуурийн дуулаачийн анги төгссөн л дөө. Хөдөө өссөн, Дундговьд мал хариулаад явж байсан хүүхэд. СУИС төгсөөд болсон болоогүй карьер хөөгөөд явъя гэж бодоогүй. Нийтийн дуу дуулах гэж үзсэн, болоогүй л дээ. “Өөртөө таалагдаж байж, өрөөлд таалагдана шүү” гэж миний багш хэлдэг байсан. Бусдаас өөр байх, давтагдахгүй байх гэдэг эрэл хайгуул их хийсэн юм болов уу гэж боддог.

-Та яагаад дуурийн дуулаачийн ангийг сонгосон бэ, уртын болон ардын дуу ойрхон санагдаагүй юу?

-СУИС-д конкурс өгөөд орж байхад С.Жавхлан, Т.Баясгаланг шүтэж хошуурч байсан үе л дээ. Уртын дууны ангид оръё гэсэн бодолтой очсон боловч мэргэжлийн багш маань “Эндээ зохимжтой юм байна” гэсэн. Тухайн үедээ би юу ч мэдэхгүй “түүхий” хүн очсон болохоор мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг дагасан. Тэр маань ч зөвдсөн гэж одоо боддог. Би уртын дуу дуулж чадна шүү дээ. “Ар хөвчийн унага”, “Эр бор харцага”, “Эрдэнэ засгийн унага” дуулах дуртай. Монгол ардын богино дуу ч дуулахыг хичээдэг. Үндэсний цөөхүүл хөгжимтэй дуулах гоё байдаг. Ардын дуу баялаг. Өөрөө студитэй болохоор ардын дууг джаз болгож болж байна, ямар л бол ямар болгож болж байна.

-Дуурийн дуу дуулъя гэж боддог уу?

-Сургууль төгссөнөөс хойш дуурьт дуулаагүй. Гэхдээ шинэ жилийн үеэр бол “Хундаганы дуу” байнга л дуулна л даа. Төгсөх үедээ хүн чигээ олдог. Би мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллаж үзсэн. Цэргийн дуу бүжгийн чуулга, Улаанбаатар чуулгад дуучин байж үзсэн. Хайрцагт баригдахгүй, цагт баригдахгүй ажиллах дуртай гэдгээ ойлгосон л доо.

-Та “Амирлахуйн чимээ” гээд тоглолт хийж байсан гэсэн үү?

-2016 онд Улаанбаатар чуулгад хийж байсан. Анхны тоглолт. Тухайн үед сэтгэл хөдлөлөөр юманд ханддаг байж. Чаддаг юмаа мэдэрч амжаагүй байхдаа юм юм руу тэмүүлж, тоглолт хийнэ, болчихно гэж боддог байсан. Одоо бодоход дутуу дулимаг болсон санагддаг юм.

-Таны “Хүүхнүүдээ гэж” хүмүүст таалагдсан байх. Үүний дараа шинэ уран бүтээлийн урилга, хамтарч ажиллах санал ирэв үү?

-Шинэ уран бүтээлийн санал ирж байгаа. Хоёр ч нот хүлээж аваад сууж байна.

-Таныг хамгийн их хөгөлдөг зүйлс юу вэ?

-Миний ажилладаг орчин байна. Байнга хөгжим сонсож ажилладаг болохоор тэр л намайг хөгөлдөг болов уу.

-Та Дундговь аймгийн Адаацаг сумынх гэсэн. Нутагтаа хэр их очдог вэ?

-Нутагтаа очдог. Ээж маань хөдөө малтай. Би дунд сургуульд сурч байхын л хот, хөдөөг хослуулж өссөн. Намар хичээл орохоор хотод ирээд хичээл тарахаар хөдөө очдог байлаа.

-Таны амьдралд хэрэг болсон зөвлөгөө байсан уу?

-Юу ч мэддэггүй байхад ах нар сургаал айлддаггүй, үзэж туулсан гашуун нясуунаасаа ярьдаггүй байсанд жаахан харамсдаг. Хоёрдугаар курст байхдаа сургалтын төлбөрөөс болоод жилийн чөлөө авах дээрээ тулаад, анги хариуцсан багш маань “Одоо цагт зовлон тоочсон хүнтэй найзалдаггүй, золбоотой хийморьтой яваатай нь очиж наалддаг цаг” гэж байсан юм. Тэр үг надад их юм бодогдуулсан.

Би бас хэвлэлээс мундаг хүмүүсийн яриан дундаас юм олж авдаг.

-Танд зөвлөж тусалдаг уран бүтээлийн хамтрагч нарынхаа тухай яриач?

-”Инээмсэглэл” хамтлагийн даралтат хөгжимчин, төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Пүрэвдорж ах маань байна. “Гэрлэж амжаагүй явна” кинон дээр “Насны хувьд зөрүүтэй ч бид найзууд” гэдэг шиг бид хоёр бас их найзууд. Г.Пүрэвдорж ахын “Тэргүүн сар” гээд Цагаан сарын тухай дууг нь би дуулаад, дүрсжүүлсэн, youtube-д бий. Г.Пүрэвдорж ах маань миний уран бүтээлийг дэмжиж, зөвлөдөг. С.Соронзонболд багш маань байна. Багш маань их залуу сэтгэлгээтэй. Надтай хамт дуулсан Э.Гэрэлсайхан дүү маань байна. Бидний дараагийн хамтын уран бүтээл хийгдэж байгаа. Би эрэл хайгуулдаа хөтлөгдөөд испани дууг монгол ардын хөгжимтэй найруулсан, удахгүй дуулах гээд хөгжмийн найруулга нь хийгдсэн. Ятга, шанз, ёочин бишгүүр хөгжимтэй дуулна.

-Та яагаад испани дуунд дурлах болсон юм бэ?

-Үеэл эгч маань Америкт байдаг. СУИС төгсөөд “Дүү нь Монголын урлагийг гаднаас нь хармаар байна” гэхэд тэр эгч маань зааж зөвлөдөг байсан. Баруунд ийм байна, дэлхий нийтээр иймэрхүү байна гэдэг. “Ийм нэг сонин юмнууд яваад байх юм“ гэдэг. Латин Америкийн домог болсон алдартай хамтлагуудын дууг илгээдэг байсан. Энэ дуунуудыг сонсоод сураад дуулж яваад, Moon dance хамтлагийн дэлхийн аваргад оролцсон “Марина” гээд хөгжмийн найруулгад дуулагддаг дууг дуулсан. 2015 оноос хойш испаниар дуулж болох юм байна гэсэн бодол төрсөн юм. Эгчээсээ цахимаар испани хэлний дасгал хичээлүүдийг авсан. Миний урын санд арваад испани дуу бий. Нэг тоглолт дээр Б.Сарантуяа эгчтэй таарсан чинь “Наадахын чинь өмнө гарахгүй бол бужигнуулж хаячихаад гараад явдаг юм байна лээ шүү” гэсэн түүх бий. (инээв)

-Таныг испани дууны О.Баяржаргал гэх юм билээ. Ингэхэд испаничууд таны дууг хэр хүлээж авдаг вэ?

-Би испаничуудын өмнө гараад дуулж үзсэн. Нэг жуулчны баазад дуулсан чинь ихэнх нь америкчууд байсан. 17-18 испани хүн байсан. Монголын тал нутагт явж байхдаа ийм дуу сонссон чинь гоё байна гэсэн. Жаахан онгирч хэлэхэд, Монголд байгаа олон германууд миний дууг сонсох дуртай. “Монгол Германы гүүр” гэж төрийн бус байгууллага бий. Тэднийх жил болгон Монголд байгаа германуудыг, Германд боловсрол эзэмшсэн монголчуудыг цуглуулж арга хэмжээ зохиодог. Надаас уйдна гэж байхгүй, байнга урина. Тэнд цугладаг хүмүүс намайг андахгүй.

Онцлох нийтлэлүүд