Өдрийн сонин үнэнийг хэлнэ
​"Өдрийн сонин"-ы цахим сонины аппликэйшн DNN.mn Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 224 автобус оруулж ирнэ DNN.mn ЕБС-ийн сурагч доод ангийнхаа сурагчдыг зодож буй бичлэгийг цагдаагийн байгууллага шалгаж байна DNN.mn Ханх суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо DNN.mn Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав DNN.mn ​“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Монгол Улсын агаарын тээвэр “Airbus” онгоцтой боллоо DNN.mn Эрт илрүүлгээр 18-45 насныхны дунд ХДХВ/ДОХ илрүүлэх шинжилгээг оруулжээ DNN ​ЧАТБОТ-оос Өдрийн сонинтой холбоотой мэдээлэл аваарай DNN.mn Монголоос ОХУ-ын нутаг дэвсгэр рүү үхрийн мах, бяслаг оруулахыг завдсан иргэнд хэрэг үүсгэжээ DNN.mn ​"Өдрийн сонин"-ы цахим сонины аппликэйшн DNN.mn Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 224 автобус оруулж ирнэ DNN.mn ЕБС-ийн сурагч доод ангийнхаа сурагчдыг зодож буй бичлэгийг цагдаагийн байгууллага шалгаж байна DNN.mn Ханх суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо DNN.mn Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав DNN.mn ​“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Монгол Улсын агаарын тээвэр “Airbus” онгоцтой боллоо DNN.mn Эрт илрүүлгээр 18-45 насныхны дунд ХДХВ/ДОХ илрүүлэх шинжилгээг оруулжээ DNN ​ЧАТБОТ-оос Өдрийн сонинтой холбоотой мэдээлэл аваарай DNN.mn Монголоос ОХУ-ын нутаг дэвсгэр рүү үхрийн мах, бяслаг оруулахыг завдсан иргэнд хэрэг үүсгэжээ DNN.mn
Нийгэм
2022.09.27 12:09

О.Болормаа: Химийн мэргэшлээр гүнзгийрэн суралцах оюутны тоо жилээс жилд буурч байна DNN.mn

Монгол Улсын Их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн химийн тэнхимийн доктор, профессор О.Болормаатай ярилцлаа.


-Хоёулаа ярилцлагаа химийн шинжлэх ухаан хүний амьдралд ямар нөлөө үзүүлдэг, ямар учраас хэрэгтэй байдаг талаар эхэлье. Та энэ талаар энгийнээр тайлбарлаж өгөхгүй юү?

-Хими бол бидний амьдралын салшгүй нэг хэсэг, маш энгийнээр жишээ хэлбэл, бид өглөө босоод гар нүүр, шүдээ угааж эхлэхдээ л оо, саван гэх мэт химийн бүтээгдэхүүн хэрэглэж эхлэх юм. Бидний хоол хүнс ч тэр чигтээ хими, түүнийг чанартай байгаа эсэхэд хяналт тавихад химийн шинжилгээ хийгдэнэ гээд яриад байвал их. Ширээн дээр суугаад юм бичье гэхэд л цаас үзэг гээд бүгд хими л байгаа. Химийн чиглэлээр мэргэшвэл амьдралдаа юу бүтээж болох, амьдралын баталгаа ямар байх талаар ярилцах нь энэ чиглэлээр мэргэшихэд тустай болох байх. Ер нь химич хүн гэхээр ихэнх хүмүүс лабораторид л ажилладаг, эсвэл химийн хичээл заадаг багш болно, эсвэл анагаахад ороход л хэрэгтэй гэж ойлгодог. Гэтэл хими бидний амьдралын салшгүй хэсэг, химийн ухаанаар суралцвал зөвхөн лаборатори, багшаар зогсохгүй маш олон төрлийн салбарт хүчээ сорих боломж нээгдэнэ. Тухайлбал, олон төрлийн судалгааны ажлууд хийх, хөнгөн үйлдвэрийг удирдах, бизнесийн гээд олон салбарт ажиллах, хөрвөх боломжтой юм. Мөн олон улсын хэмжээнд судалгааны ажил хийх боломжтой.

-Ирэх жил МУИС-ийн химийн ангийг хоёр оюутан л төгсөнө гэх мэдээлэл цахим орчноор тархсан, энэ талаар тодруулбал?

-Ер нь сүүлийн жилүүдэд хими гэлтгүй байгалийн ухаанаар тухайлбал, хими, физик, математикаар нарийн мэргэшиж төгсөх оюутны тоо эрс багассан. Үүн дотроо миний ажилладаг химийн тэнхимд ирэх жил төгсөх идэвхтэй суралцаж буй хоёр оюутан байна. Нарийн мэргэшлийн хичээл орох гэхээр бүлэг үүсэхгүй болж байна даа. МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн байгалийн ухааны салбарын химийн тэнхимд өнөөдөр нийт 125 оюутан идэвхтэй суралцаж буй тоо баримт байна. Статистикийн мэдээнээс харвал, 18 оюутан 4 дүгээр түвшинд суралцаж байгаагаас яг идэвхтэй суралцаад түвшин ахисан хоёр оюутан, ямар нэг шалтгаанаар 4 дүгээр түвшинд орсон төгсөх боломжтой 9 оюутан байна. Энэ жил төгсөх хоёр оюутан байна гэдэг нь ташаа мэдээлэл, тус хоёр сурагч дээр өмнөх жилүүдийн төгсөх боломжтой есөн оюутан нэмэгдэх юм. Ер нь элссэн бүх оюутнууд зэрэг төгсдөггүй, зарим нь чөлөө авна, шантраад алга болно, энэ чиглэлээр сурах сонирхолгүй гэдгээ мэднэ гэх зэрэг олон төрлийн шалтгаанаас хамааран нэг, хоёр, гурав, дөрөвдүгээр түвшиндээ орж буй хүүхдийн тоо цөөрдөг. МУИС нь өвөл, хавар гэсэн хоёр улиралд төгсөлттэй, намар элсэлт авдаг. Дөрөвдүгээр түвшний төгсөх оюутан нь өвөл, хавар хоёр улирлын алинд нь ч төгсөх боломжтой.

2020-2021 онд химийн хөтөлбөрийг 13 оюутан, 2021-2022 онд 10 оюутан төгссөн. Нийт элсэж буй оюутны тоо багасч байгаа юм. МУИС 2014 оноос либерал арт системд шилжсэн, энэ нь байгалийн ухаанаар мэргэших оюутны тоог эрс багасгасан юм. Учир нь анхнаасаа ерөнхий суурийн олон хичээл үзсэний дараагаар хими сонгоод химийн нарийн мэргэшил рүү орно гэхээр дөрвөн жилд багтахгүй л дээ. Дараа нь элсэж байгаа багцандаа өөрчлөлт оруулж шууд элсдэг нэг багц бий болгосон ч төдийлөн үр дүнгээ өгч эхлээгүй л байна.

Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөр, сурах бичигт хийх өөрчлөлтийг хэтэрхий олон удаа хийж байгаа нь өнөөдрийн нөхцөл байдлыг бий болгоод буй гэж харагдаж байна. Тухайлбал, би Японд олон жил ажиллаж, гэр бүлээрээ амьдарч байх үедээ нэг зүйл ажигласан юм. Жишээлбэл, сургуулийн хөтөлбөрт өөрчлөлт оруулахдаа үе шаттай, эцэг эхийн оролцоог хангадаг, судалгаатай хийгддэг болохыг хараад их зөв юм гэж боддог байсан. Өнөөдөр БСШУЯ ахлах сургуулийн лабораторийн хичээл хийх нөхцөл, лабораторийн чадавхын талаар судалгаа хийж байгаа гэж сонссон. Энэ ажил үнэхээр чухал, олон байгууллагын дотоод хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдэнэ гэж найдаж байна.

-Химийн шинжлэх ухааны чиглэлээр сонгон суралцах оюутан цөөн болоод байгаа гол шалтгаан нь юу вэ?

-Хими гэлтгүй байгалийн ухаанаар элсэх оюутны тоо жилээс жилд буурч байна. Энэ талаар МУИС, тэр дундаа шинжлэх ухааны сургууль сүүлийн үед олон арга хэмжээ авч эхлээд байгаа юм. Тухайлбал, элсэлтийн ерөнхий шалгалтыг амжилттай өгсөн оюутнуудад 75, 100 хувийн тэтгэлэг олгож эхэлсэн. Элсэлт тааруу байгаа нь олон шалтгаантай холбоотой гэж бодож байна. Үүнд, ерөнхий боловсролын хөтөлбөрийг эргэж харах, сурах бичгийн агуулга, чанарт үнэлгээ өгөх, багшлах боловсон хүчний нөөц, чадамжийн асуудал гэх мэт багтах юм. Байгалийн ухааны хичээлийг амьдралтай холбож сонирхолтой туршилттай заах нь их чухал. Жишээ нь, намайг дунд сургуульд байхад биологийн хичээлийн хүрээнд бид сургуулийнхаа хашаанд ногоо тарьдаг, ажиглалт туршилт хийдэг байсан, химийн лабораторид багш маань туршилт хийлгэдэг байсан нь намайг химийн ухаанд дурлуулсан гээд бодохоор багаас нь л эхлэх нь зөв гэж харагдаж байна. Мөн их дээд сургуулийн маш сайн судалгаа хийж амжилттай явж байгаа судлаачдаар сонирхолтой эвентүүд хийлгэх, хөдөө орон нутагт байгалийн ухааны чиглэлээрх лабораторийн хичээлүүдийг жигд оруулдаг болгох. Ямар ч юманд стандарт гэж зүйл байдаг, энэ нь хаа ч ижил байвал ижил критеритэй болно гэсэн үг.

Улс орны хөгжлийн амин судас өөрсдөө баялгаа бүтээхэд оршино. Баялаг бүтээгчдэд яах аргагүй инженер, техологиийн мэргэжилтнүүд багтана. Тэгэхээр бид баялаг бүтээгчдийг бэлтгэхэд анхаарах хэрэгтэй. Хөдөө орон нутгийн болон хотын зарим дүүргүүдийн хими, биологи, физикийн багш нар дутмаг, эсвэл бусад шалтгаанаар сонгон суралцах боломж муутай байгаа нь оюутны элсэлтэд шууд нөлөөтэй. Их, дээд сургуулиудад судалгааны ажлынхаа талаар танилцуулж улс орны хөгжилд ямар хувь нэмэртэй болохыг таниулан вэб сайт, телевиз, сошиалаар энгийн туршилттай контент, уралдаан тэмцээнийг түлхүү зохион байгуулбал энэ чиглэлээр суралцах оюутны тоо эрс өснө гэж бодож байна.

-Байгалийн шинжлэх ухаан улс орны хамгийн чухал салбар. Ихэнх сурагчид маань нийгмийн шинжлэх ухааны салбар болох хуульч, эдийн засагч, урлаг соёлын мэргэжлийг сонгож байна. Энэ нь улс орон хөгжихгүй байх шалтгаан тийм үү?

-Байгалийн шинжлэх ухааны гол тулгуур хуулиуд нь аль хэдийнэ батлагдсан, аливаа үзэгдэл юмсын зүй тогтол, учир шалтгаан, чанарыг тайлбарлах, баялаг бүтээхэд тулгуур болдог. Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн нийт 100 мянга орчим сурагчдын ердөө зургаан хувь нь л химийн хичээлээр элсэлтийн шалгалт өгсөн байна. Тэдний ихэнх нь анагаахын чиглэлээр суралцдаг. Өмнө хэлсэнчлэн энэ чиглэлийн хичээлүүдийг багаас нь системтэй заах хэрэгтэй. Орчин үед дэлхийн улс орнууд боловсролын салбарыг тэр чигт нь эргэж харж байна. “Хувьсаж буй боловсрол” дээд хэмжээний уулзалтаар “Ковид-19” цар тахлын өмнөх боловсролын асуудал, цаашид яах талаар ярилцаж хэлэлцлээ. Өнөөдөр боловсрол бол мэдлэг олгож байгаа юм гээд сурах бичгийн хүрээнд зааж түүнийгээ цээжилсэн эсэхийг дүгнэдэг байж болохгүй. Харин насан туршид суралцаж байх арга барилд суралцуулах, өнөөдрийн чиг хандлагад тохирсон ур чадварт суралцуулахад анхаарч боловсрол эзэмшүүлэх нь чухал болж байна. Телевиз, сошиал орчинд байгалийн ухааны чиглэлийн олон төрлийн контентуудыг хийх, энэ талаарх ажлуудад хөрөнгө мөнгө хуваарилах хэрэгтэй. Жишээ нь, хөрс, усны чиглэлийн маш хөөрхөн контетууд хийвэл тэр нь олон хүүхдийн сонирхлыг татна шүү дээ. Энэ нь зөвхөн хими гэлтгүй хүрээлэн буй орчны хамгаалалд ч үр ашгаа өгөх юм.

-Таны бодлоор химийн шинжлэх ухааны салбарыг хэрхэн дэмжиж, цаашид тус салбарыг хөгжүүлэхэд юунд анхаарах ёстой вэ?

-Багш, эмч нарын цалин бага, амьдралын баталгаа муу байгаа нь энэ чиглэлийн мэргэжилтний хомсдол үүсгэж байна. Өнөөдөр лабораторийн тоног төхөөрөмж байгаа ч мэргэжилтэн дутагдаж байна гэдэг бол улсын лабораторид ажиллахад цалин бага байгаатай болон мэргэжилтний тоо цөөрсөнтэй холбоотой юм.

Мөн улс даяар шинжлэх ухааны хялбаршуулсан өгүүллэгүүдийг бий болгох шаардлагатай санагддаг. Сошиал бүх платформуудад улс төр, нийгэм, соёл гэдэгтэй адил шинжлэх ухааны хялбаршуулсан өгүүллэгийг бичих нь хүүхдүүдэд их сонирхолтой байх болно.

Ер нь химийн үйлдвэртэй болох баялгаа бүтээдэг байх, баялаг бүтээдэг салбарт ажилладаг хүмүүсийн нийгмийн баталгааг хангах шаардлагатай юм. Сурагчдыг сонирхолтой болгох чөлөөт нэвтрүүлгүүд хийх, бүтээлч сэтгэлгээнд үндэслэн уралдаан тэмцээн зохиох зэрэг нийтэд хандсан арга хэмжээг их хийх хэрэгтэй санагддаг. Мөн шинжлэх ухааны музей бүх байгалийн ухааны чиглэлээр туршилт хийх боломжтойгоор бүх бүсэд ижил стандартаар байгуулах, шинжлэх ухааны хялбаршуулсан, ойлгомжтой контентуудыг тогтмол гаргадаг байх зэрэг олон арга бий гэж боддог.

Боловсрол гэдэг мэдлэгийг сурагчийн тархи руу хийж буцаан авах биш болсон. Тухайлбал, химийг амьдралаас салгачихсан байгаа юм. Хими гэхэд томъёотой, бодлоготой зүйл байдаг гэж ойлгоод бүх хүүхэд химид дургүй болж байгаа юм. Гэтэл хими яг л савангаар гараа угаахад механик бохирдол, тосыг яагаад арилгаж байгааг хүүхдүүдэд ойлгомжтойгоор тайлбарлаж хэрэгцээнд суурилан хийхгүй болохоор салангид болчихоод байгаа юм.

Онцлох нийтлэлүүд