Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв DNN.mn ЭЗБХ: Азийн хөгжлийн банктай зээлийн хэлэлцээр хийхийг дэмжсэнгүй DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан DNN.mn 51 төслийн газар чөлөөлөлт бүрэн хийгджээ DNN.mn БНХАУ руу энэ сард зорчих иргэдээс PCR шинжилгээ авах цагийн хуваарь DNN.mn “Улаанбаатарын үдэш-2022” нийтийн цэнгүүн, урлагийн тоглолт Хүй долоон худагт болно DNN.mn Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй танилцах асуудлыг хэлэлцэж байна DNN.mn Гэрийнхэнтэйгээ маргалдаж гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна DNN.mn Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв DNN.mn ЭЗБХ: Азийн хөгжлийн банктай зээлийн хэлэлцээр хийхийг дэмжсэнгүй DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан DNN.mn 51 төслийн газар чөлөөлөлт бүрэн хийгджээ DNN.mn БНХАУ руу энэ сард зорчих иргэдээс PCR шинжилгээ авах цагийн хуваарь DNN.mn “Улаанбаатарын үдэш-2022” нийтийн цэнгүүн, урлагийн тоглолт Хүй долоон худагт болно DNN.mn Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй танилцах асуудлыг хэлэлцэж байна DNN.mn Гэрийнхэнтэйгээ маргалдаж гараад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна DNN.mn Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn
Спорт
2022.04.24 11:04

О.Насанбурмаа: Надад дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дөрвөөс олон медаль авах боломж байсан DNN.mn

Монгол Улсын гавьяат тамирчин О.Насанбурмаатай ярилцлаа.


-Таны хүүхэд нас хаана, хэрхэн өнгөрсөн бэ?

-Хүүхэд нас маань Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биокомбинатад өнгөрсөн. Зуны амралтаараа хөдөө явж хонь хурга, тугал мал хариулж хөдөөний хүүхдүүдийн адил л өссөн.

-Чөлөөт бөхөөр барилдахад юу хамгийн ихээр нөлөөлсөн бэ?

-Хамгийн том эгчийг маань О.Мягмарсүрэн гэдэг. Чөлөөт бөхөөр барилддаг тамирчин хүн. Монгол Улсын долоон удаагийн аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл, Азийн тоглолтын хүрэл медальтай, олон улсын хэмжээний цолтой. Бөхийн спортод эгч маань анх оруулж байсан.

-Спортод анхны суурь нь ирээдүйн амжилтын эх үндэс нь байдаг шүү дээ. Та анхны чөлөөт бөхийнхөө багшийн тухай яриач?

-Бөхийн спортоор хичээллэхээсээ өмнө 2002 онд хүндийн өргөлтөөр спортын мастер С.Хөхөө багш дээр найман сар хичээллэсэн. Эгчийгээ дагаад 2003 онд “Замчин” спорт клуб, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, спортын мастер Т.Дамбарагчаа багш нарынхаа удирдлага дор чөлөөт бөхийн бэлтгэл хийж эхэлсэн.

-Бэлтгэл сургуулилт хийн, барилдаж эхлэхдээ өөртөө ямар зорилго тавьж байв?

-Анх бэлтгэл хийж эхэлж байхдаа чадахаасаа чадахгүй хүртлээ барилдаж үзье гэж бодож байсан. Мөн дэлхийн медальтан болох, олимпоос медаль авч аварга болж үзэх юмсан гэсэн зорилготой энэхүү спортод орсон доо.

-Бэлтгэлийн тэр хүнд хэцүү, их ачааллыг аваад шантарч байсан уу. Тухайн үед өөрийгөө хэрхэн хурцалж, зоригжуулж байсан бэ?

-Өсвөр, залуучууд, насанд хүрэгчид гээд гурван насанд 14 настайгаасаа эхлэн барилдаад томоохон тэмцээн уралдаануудад оролцож байсан. Анх улсын аваргаас хүрэл медаль хүртээд түүндээ маш их урамшиж байсан. Тэгээд 14 настайдаа насанд хүрэгчдийн Азийн цомд очоод багаараа хүрэл медаль авсан. 15 настайдаа насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж илүү их урамшаад, ер нь тууштай хичээллэе гэх бодол төрсөн. Өөрийгөө их хурцалдаг бас их хөдөлмөрч байсан. Хэцүү зүйл гэвэл бэртэл гэмтэл авах нь л хүнд хэцүү санагддаг ч бууж өгөлгүй бэртлээ эдгээчихээд барилддаг байсан. Одоо эргээд харахад 18 жил чөлөөт бөхөөр барилдсан байна.


-Анх 16 насандаа улсын аварга болсон. Тухайн тэмцээнийхээ талаар хуваалцаач?

-Бөхийн өргөөнд болж байсан улсын аваргад 16 настайдаа түрүүлж Монгол Улсын аварга болж байсан. Тэр тэмцээний үеэр олон улсын хэмжээний мастер цолны болзол хангасан нь хамгийн залуу олон улсын хэмжээний мастер цолтон болоход хүргэсэн.

-Мөн та насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 15, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 19 насандаа хүрэл медаль хүртсэн бахдам амжилтын эзэн. Энэ тухайгаа дурсвал?

-Анх эгчийгээ дагаад Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Тус тэмцээнд би -63 кг жинд, эгч маань -59 кг жинд барилдсан. Эгч хүрэл медалийн төлөө барилдан хожигдсон. Хоёулаа хүрлийн төлөөх барилдаан дээр Энэтхэг улсын бөхтэй барилдсан. Эгчийгээ ялагдах үед дотроо их шаралхсан. Тэгээд Азийн аваргын анхны медалиа авч байсан даа. Тухайн үедээ эгчийг минь ялсан улсын тамирчныг ялсандаа маш их баярлаж байсан. 2008 онд Япон улсын нийслэл Токиод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны дэлхийн аваргын хүрэл медалийг 19 насандаа хүртсэн.

-2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж дэлхийн аваргаас дөрвөн медаль хүртсэн Монгол Улсын анхны тамирчин болсон. Энэ амжилтад хүрсний дараа танд ямар сэтгэгдэл төрж байв?

-2008, 2011, 2013 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Надад дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дөрвөөс илүү медаль авах боломж байсан. Мөнгө, хүрэл ч биш аварга болох боломжуудаа өөрийнхөө буруугаас болж алдсан. Дэлхийгээс дөрвөн медаль хүртсэн Монголын анхны тамирчин боллоо гээд их баярлаж байсан. Ер нь спортод олон тэмцээнд анхдагч болон үеийнхээ залуустай мөр зэрэгцэж яваадаа баяртай байдаг.

-Олон улсын тэмцээнд хоёрхон жил зодоглохдоо оролцсон бүх тэмцээнээс медаль авч, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ганцхан удаа оролцохдоо мөнгөн медаль хүртсэн гайхалтай амжилтыг үзүүлсэн тамирчин бол таны дотны найз Монгол Улсын гавьяат тамирчин Б.Оюунсүрэн. Харамсалтай нь бэртлийн улмаас 22-хон насандаа зодог тайлсан байдаг. Та найзынхаа тухай яриач?

-Монгол Улсын гавьяат тамирчин Б.Оюунсүрэн найзтайгаа анх 2006 онд танилцан, 2008 оноос хойш найзалж нөхөрлөсөн. Нэг үе нэг жингийнх болохоор хамтдаа маш их бэлтгэл хийдэг байсан. Найзыгаа дөнгөж 22 насандаа бэртэл авсны улмаас спортыг орхиж байхад нь маш их харамссан. Өөртөө маш их итгэлтэй, дайчин миний амьдралын туршид ямар ч үед ойлгож дэмждэг найзтай болсондоо баярлаж явдаг.

-Та найзынхаа эмчилгээнд зориулж хандивын барилдаан зохиож, сайн үйлсийн аяныг хүртэл зохион байгуулж уйгагүй хөөцөлдсөн. Үүний үр шимээр таны найз 2018 онд мэс засал хийлгэж мөрөө эдгээсэн. Та найзыгаа дахин дэвжээн дээр хараад ямар мэдрэмжийг авч байсан бэ?

-Бид хоёр хоорондоо их ярилцдаг байсан. Дэлхийн аваргаас дахиад хамтдаа медаль авна гэж зорилго тавьсан. Хагалгаа эмчилгээ нь маш сайхан болсон. Үүнд ганцхан миний хөдөлмөр байгаагүй, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар ах, Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхон, "Малчин" телевизийн захирал Жагаа ах, Бат ах мөн манай найз Бямбадорж бид хэд нэг баг болж ажилласан. Хандивын аянд минь спортод хайртай олон хүн оролцсон, мөн үндэсний бөхөөр барилддаг залуучууд аянд маань нэгдсэн. Найзыг минь дэмжсэн тэр хүмүүст маш их талархаж явдаг. Олон хүний итгэл сэтгэлээр найзыгаа дэвжээн дээр эргэж ирэн улсын аваргаар түрүүлэхийг нь хараад их баярласан.

-Таны гэр бүлийн хүн аймгийн начин цолтой, үндэсний бөхөөр барилддаг тамирчин хүн. Гэр бүлийн хоёр хүн хоёул тамирчин байх ямар байдаг вэ?

-Манай гэр бүлийн хүнийг Завхан аймгийн Их-Уул сумын харьяат С.Доёддорж гэдэг. Бид хоёр 2014 онд гэр бүл болсон, өнгөрсөн онд хуримаа хийж Монгол Улсад нэг өрх нэмээд гал голомтоо бадраагаад явж буй залуу хосууд. Хоёул барилддаг хүмүүс болохоор тэмцээн уралдаанд явахдаа биенийхээ бэлтгэл сургуулилт хийхэд маш их нөлөөлдөг, нэгнийгээ бас их дэмждэг. Манай хүн бас намайг ялахад минь цуг баярлаж, ялагдахад алдаан дээр хэлж өгөөд ямар ч үед дэмжиж миний бат бөх ар тал болдогт нь маш их баярладаг.

-2021 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг сонгох барилдааны дараа та зодог тайлсан. Олон жилийн амьдарлаа зориулсан энэ спортоосоо зодог тайлахад юу бодогдсон бэ?

-2021 оны есдүгээр сард болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сорилгын үеэр алтан медалийн төлөө барилдаж байхдаа мөрөө мулталсан шалтгаанаас болоод зодог тайлсан. Сүүлийн үед жаахан амархан бэртдэг болсон. 2021 он миний хувьд хатуу жил байлаа. Гурван сард бэлтгэлд гарсан байхдаа хоёр шагайндаа хоёуланд нь бэртэл авсан. Олон жил барилдахаар тамирчин хүний бие жаахан сулардаг юм болов уу гэж бодогдсон. Түүнчлэн гэр бүлээ төвхөнүүлье гэж бодоод зодог тайлсан даа.

-Та цаашид юуг хийхээр төлөвлөж байна?

-Цагдаагийн ерөнхий газрын харьяа тээврийн цагдаагийн албаны төмөр зам дахь цагдаагийн газар ажлаа хийн явж байна. Цаашдаа ажлынхаа хажуугаар бөхийн эрдэмд шамдан суралцаж байгаа дүү нартаа өөрийнхөө мэддэг чаддагаасаа хуваалцан нэг ч гэсэн хүүхдийг амжилтад хүргэхийн төлөө зөвлөх ёстой зүйлээ зөвлөе гэж бодож байгаа. Энэхүү сониныг уншиж буй Монголынхоо ард иргэддээ олон жил намайг дэмжиж урам хайрлаж байсанд баярлаж явдгаа хэлье.

Онцлох нийтлэлүүд