Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Эдийн засгийн байнгын хороо 58 асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ DNN.mn ҮСХ-ноос 1570 иргэнд 10 мянган төгрөг өгнө DNN.mn Хан-Уул дүүрэгт 1200 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо DNN.mn Цахим орчинд зээл гаргана гэж иргэдийг хохироосон этгээдүүдийг баривчлав DNN.mn Томуу, томуу төст өвчний халдвар нэмэгдэх магадлалтай тул амны хаалт тогтмол зүүхийг уриаллаа DNN.mn УЦУОШГ: Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна DNN.mn Дайны талбарт дайчин явлаа Энх цагт эмч байлаа DNN.mn Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 13.2 хувиар нэмэгджээ DNN.mn “Зөвлөлдөж шийдье“ зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглуулалтын явц 86.1 хувьтай байна DNN.mn АТГ-аас эрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүллээ DNN.mn Эдийн засгийн байнгын хороо 58 асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ DNN.mn ҮСХ-ноос 1570 иргэнд 10 мянган төгрөг өгнө DNN.mn Хан-Уул дүүрэгт 1200 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо DNN.mn Цахим орчинд зээл гаргана гэж иргэдийг хохироосон этгээдүүдийг баривчлав DNN.mn Томуу, томуу төст өвчний халдвар нэмэгдэх магадлалтай тул амны хаалт тогтмол зүүхийг уриаллаа DNN.mn УЦУОШГ: Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна DNN.mn Дайны талбарт дайчин явлаа Энх цагт эмч байлаа DNN.mn Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 13.2 хувиар нэмэгджээ DNN.mn “Зөвлөлдөж шийдье“ зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглуулалтын явц 86.1 хувьтай байна DNN.mn АТГ-аас эрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүллээ DNN.mn
Нийгэм
2023.01.20 09:01

П.Амаржаргал: Төрийн эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай байх ёстой DNN.mn

Хууль зүйн ухааны доктор, дэд профессор П.Амаржаргалтай ярилцлаа.

-Та Үндсэн хуулийн 3 дугаар зүйлд “Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэсэн заалт нь онолын хувьд боломжгүй хэмээн та үзсэн байсан. Учир зүйг нь тодорхой тайлбарлаад өгөхгүй юү?

-Засгийн бүх эрх ард түмний мэдэлд ерөөсөө байдаггүй. Жишээлбэл, ХБНГУ-ын Үндсэн хуулийн 20.2-т “Улсын бүх эрх мэдэл ард түмнээс эх үндэстэй байна” гэж заасан байдаг. Харин ОХУ-ын Үндсэн хуулийн 3.1-т “ОХУ-д засаглалын цорын ганц эх сурвалж ард түмэнд байна” гэж заасан байдаг. Эдгээр жишээгээр эш татаж юуг хэлэх гээд байна гэхээр ард түмэн Засгийн эрхийн эх сурвалж нь байдаг. Өөрөөр хэлбэл, Засгийн эрх мэдэлд байгаа хүн иргэдийнхээ эсрэг байвал тэрхүү эх сурвалжаа ард түмэн буцаагаад татчихдаг. Түүнээс эрх мэдэл ард түмний гарт байна гэхээр тэр эрх мэдэл хаана байх нь тодорхойгүй, бүрхэг. Үүнээс гадна тухайн эрх мэдэлтэн нь “Та надад эрх мэдлээ дөрвөн жилийн хугацаанд шилжүүлчихсэн. Энэ эрх мэдэл бол одоо миний л эрх мэдэл. Та дараагийн дөрвөн жил хүртэл тэсч бай. Сонгуулиар үүнийгээ өөрчил” гэж яриад байгаа юм. Ард түмнээс эх сурвалжтай гээд заачихаар ард түмэн хүсвэл энэ эх сурвалжаа хэдийд ч авч болдог. Ийм ялгаатай зүйл. Засгийн эрх мэдэл ард түмний гарт байна гэсэн Үндсэн хууль дахь заалт нь амьдрал дээр буухгүйгээр барахгүй Үндсэн хуулийн зөрчил болоод байгаа юм.

-Та 1992 оны Үндсэн хуульд ямар дүгнэлттэй байдаг вэ?

-Монгол Улс Анхны Үндсэн хуулийг 1924 онд баталснаас хойш энэ жил 99 жилийн ой тохиож байна. Ирэх жил 100 жилийн ой нь тохионо. Харин өнөөгийн мөрдөгдөж байгаа Үндсэн хууль батлагдаад 31 жил болж байна. 1992 оны дөрөв дэх Үндсэн хууль бол муу хууль биш, шилжилтийн хууль юм. Гэхдээ өнгөрсөн 31 жилийн түүхийг үзэхээр үүнээс өөрчлөх зүйлүүд их байгаа юм. Тухайлбал, сая хэлсэнчлэн Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн төрийн эрх мэдэл ард түмний мэдэлд байна гэдэг заалтаас эхэлнэ. Хоёрдугаарт, 1992 оны Үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөөг их бүрхэг тусгасан.

Хэрэгжилтгүй нэр төдий заалтууд бий. Гуравдугаарт, төрийн эрх мэдлийн хуваарилалтыг зарим тохиолдолд тодорхой бус болгочихсон байгаа юм. Жишээлбэл, Ерөнхийлөгч аль эрх мэдэлд орж байгаа нь тодорхой бус. Онолын хувьд Ерөнхийлөгч гүйцэтгэх эрх мэдэлд харьяалагддаг. Эсвэл АНУ-ын загвар шиг гүйцэтгэх эрх мэдлээ тэргүүлдэг. Үгүй бол, Германы загвар шиг парламентаасаа томилогдож бэлгэдлийн шинж чанартай байдаг л даа.

Гэтэл манайд ард түмнээсээ шууд сонгогддог, хуульд хориг тавьж байгааг нь харахаар хууль тогтоох эрх мэдэлд оролцдог, Засгийн газарт чиглэл өгөх хэрнээ хуулийн байгууллагуудын удирдлагууд болох шүүгч, прокурорыг томилдог эрхтэй ч байх шиг. Тиймээс үүнийг цэгцэлж Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хаашаа оруулахаа тодорхой болгох ёстой.

Дөрөвдүгээрх нь, төрийн эрх мэдлийн хуваарилалт. Орчин үед төрийн эрх мэдэл нэг хүний гарт төвлөрч болохгүй. Дарангуйлал үүсэх, хүний эрх, хувийн өмчийн тухай ярих ч боломжгүй. Энэ эрх мэдлийг хуваарилах ёстой. Ингэснээр нэгдүгээрт, төрийн эрх мэдлийн хяналт тэнцлийн зарчмыг хангана. Хоёрдугаарт, энэ нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах хамгийн гол зарчмыг агуулж байдаг. Гэтэл төрийн эрх мэдлийн хуваарилалт гажуудчихаад байна.

-Манайх парламентын засаглалтай гэдэг ч ачир дээрээ тодорхой бус хэмээн эрдэмтэд шүүмжилдэг шүү дээ. Тэгвэл парламентын засаглалыг төгөлдөржүүлэх ямар зохицуулалт орж байгаа вэ?

-Парламентын засаглалд сайжруулах зүйл олон бий. Тухайлбал, нэг танхимтай, тардаггүй, ард түмнийг төлөөлөх төлөөллийн тоо нь алдагдчихсан байна. Хамгийн гол нь парламент бол төлөөллийн дээд байгууллага юм. Гэтэл төлөөллийн дээд байгууллага нь төрийн эрх барих дээд байгууллага болтлоо өөрчлөгдчихсөн. Хэрвээ бид цаашид үнэхээр парламентын засаглалтайгаар хөгжье гэж байгаа бол хоёр танхимтай парламентыг сонгохоос өөр аргагүй. Парламентын эрх мэдлийг хоёр танхимд хуваарилж, харилцан хяналт тэнцэлтэй болгохоос өөр аргагүй учраас эдгээр өөрчлөлтийг зайлшгүй хийх шаардлагатай. Энэ чиглэлээр хийгдсэн 2010, 2019 онд ҮХНӨ-өөр дорвитой өөрчлөлт ороогүй. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд, Үндсэн хуульд ийм өөрчлөлт хийх эсэхийг ард түмний санал асуулгаар шийдвэрлэнэ.

-Үндсэн хуульд шинэчилсэн найруулга хийх ажлын хэсэгт та багтдаг. Шинэчлэлийн төсөлд хоёр танхимтай болгох тухай туссан уу?

-Ерөнхий сайдын 2022 оны долдугаар сарын 27-ны өдрийн 109 дүгээр захирамжаар Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг төслөө бүрэн дуусгаад Ерөнхий сайдад өргөн барьчихсан байгаа. Уг төсөлд гол зарчмын асуудлуудыг шийдэхээр зохицуулсан.

Үндсэн хуулийг боловсруулах болсон шаардлага юу байсан гэхээр 1924 оны Үндсэн хуулиар эзэн хаанаас эрх мэдлийг авч намд шилжүүлж нам төвтэй төрийн эрх мэдлийг бий болгосон. Харин 1992 оны Үндсэн хууль нь намаас эрх мэдлийг авч “төр” гэдэг зүйлийг маш их хүчтэй болгосон. Өнөөдөр улс төрийн нам нь хүчтэй болохоор болдоггүй юм байна. Хүчтэй төртэй болох нь ч буруу юм байна гэдэг нь 31 жилийн түүхээс харагдаж байна. Тиймээс Үндсэн хуулийн шинэчлэл иргэн төвтэй, иргэнээ хамгаалсан Үндсэн хууль хийх шаардлагатай болж байгаа юм.

-Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд УИХ-ын гишүүдийн тоог хэд болгохоор тусгасан бэ?

-99, 150, 250, 300 гэх зэргээр хүмүүс янз бүр л ярьж байгаа юм. Ерөнхий сайдын байгуулсан ажлын хэсэг 90, 75 гэсэн тоотой хоёр танхимд бий болгоё гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, энэ хоёр танхимын нэг нь сонгуулийн пропорцианоль системээр 75 гишүүнийг, нөгөөх нь 75 гишүүнийг мажоратор тогтолцоо сонгогдох, 15 гишүүн томилогдохоор тусгагдсан. Ингэж хуульчилж өгөхгүй бол мажоратор тогтолцооны нэг сул тал нь 40 хэдэн суудал авсан нам нь дийлэнх олонх болчихоод байна.

Бас нэг зүйлийг мөн бодох хэрэгтэй. Үндсэн хуулийг сайжруулснаар өргөс авсан юм шиг бүх юм сайхан болчихгүй. Үүнийг дагалдаж гарах хуулиудыг сайжруулах хэрэгтэй. Тухайлбал, Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулиудыг яаралтай хэлэлцэж батлах хэрэгтэй. Парламентын засаглалын гол хоёр оролцогч нь сонгогчид, улс төрийн нам байдаг. Энэ хоёрын дунд парламент оршдог.

Иргэдийн улс төр, эрх зүйн боловсрол тааруу бол улс төрийн нам тааруу байдаг. Улс төрийн нам тааруу бол парламентын чансаа сул байдаг. Тиймээс дан ганц парламентаа сайжруулахаас илүү дээрх хоёр хүчин зүйлийг байнга сайжруулах ёстой.

-Ерөнхийлөгчийн эрх мэдлийг яаж тодорхойлж, хаанаас сонгогддог байхаар зохицуулж байгаа вэ?

-Бидний шинэчилсэн найруулгын төслөөр Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын ард түмний эв нэгдлийн илэрхийлэл байна. Хоёрдугаарт, энэ хүн монгол хүний төлөө ажиллах ёстой. Монгол хүний эрх ашиг хаана зөрчигдөж байна Ерөнхийлөгч тэнд явах ёстой. Тиймээс Хүний эрхийн дээд зөвлөл гэдэг байгууллагыг байгуулж, Ерөнхийлөгч тэргүүлэх юм. Ерөнхийлөгчийг хоёр танхимаас томилогддог байхаар төсөлд тусгасан байна.

-Хоёр танхим гэдгийг яг ямар байдлаар ойлгох вэ. 1990 оны бидний хэрэглэж байсан УИХ, Улсын бага хурлаар төсөөлөх үү, эсвэл АНУ-ынх шиг байх уу?

-Онолын хувьд 1990 онд манайд хэрэглэж байсан хоёр танхим бол хоёр шатлал бүхий юм. Хоёр танхим гэдэг нь жишээ нь, Герман, Японы тогтолцоог хэлж байгаа юм. Хоёр танхимын нэгийг нь пропорционалиар, нэгийг мажоратороор сонгоно. Дэлхий дахинд парламент төлөөллийн дээд байгууллага байдаг. Ард түмнийг төлөөлдөг байх ёстой.

-Манайх холбооны орон биш учраас хоёр танхимтай байх шаардлагагүй гэдэг шүү дээ. Энэ тухайд?

-Холбооны улс л хоёр танхимтай байдаг, нэгдмэл улс нэг танхимтай байдаг гэсэн дүрэм, онол байхгүй. Аливаа улс өөрт ашигтай, иргэддээ сайн хувилбарыг л авдаг.

Монголд нэг танхим тохирохгүй байгааг бид өнгөрсөн хугацаанд харлаа шүү дээ. Парламент нь тардаггүй, төрийн эрх барих дээд байгууллага болчихсон. Хүн бүр ийшээ орохыг хүсдэг, тэмүүлдэг байгууллага болчихоод байгаа юм. Тиймээс энэ том эрх мэдлийг саармагжуулж, хоёр танхимд хуваарилж, өөр өөр чиг үүргүүдийг бий болгож парламентын засаглалыг бэхжүүлэх хэрэгтэй байгаа юм. Яг одоогийнхоороо явбал олигтой шинэчлэлт болохгүй. Дахиад энэ тогтолцоогоороо явна сонгогддог хэдэн хүмүүс л ахиад гарна.

-Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгыг хийх цаг нь одоо биш хэмээн нийгмийн тодорхой хэсэг үзэж буй. Үүнд таны байр суурийг сонсмоор байна?

-Цаг үе нь одоо мөн. Учир нь иргэд шинэчлэлийг, төрийн бүтцээ өөрчлөхийг хүсээд байна. Талбай дээр олон хоног жагсаал хийж байна. Энэ өөрчлөлтийг хийх улс төр, эрх зүй, эдийн засгийн нэг гол хэлбэр нь Үндсэн хуулийн өөрчлөлт юм шүү. Энэ өөрчлөлтийг хийхдээ нэг нам дангаар хийж болохгүй нь үнэн. Үүний оронд парламент ийм төсөл байна гээд өөрчлөлт хийх эсэх асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдэх ёстой.

2010, 2019 онд ҮХНӨ-т хийсэн. Энэ жижиг засварууд нь ямар ч үр дүн авч ирэхгүй байна гэдгийг харуулж байна. Тиймээс дорвитой өөрчлөлт хийж байж нийгэм урагшилна гэж харж байгаа юм. Тухайлбал, Үндсэн хуулийн эдийн засаг (Constitutional economics) гэж зүйлийг тодруулж өгөх хэрэгтэй. Бид өмнө нь эдийн засгийг сайн ойлгодоггүй байсан юм уу, эсвэл манай улс төлөвлөгөөт эдийн засагтай байсны гор уу Үндсэн хуульд эдийн засгийн талаарх ойлголт байдаггүй. Одоо бол бүх юм ерөөсөө эдийн засагтай хамааралтай. Сүүлийн үед “хууль” сайн, үр дүнтэй байгаа эсэхийг эдийн засагт хийх эрх зүйн аргаар тогтоодог (Economic analysis of law) болчихоод байна шүү дээ. Эрх зүйд хийх эдийн засгийн шинжилгээ гэсэн шинэ нэр томьёо хуульд орж ирж байна. Тиймээс эдийн засаг-хууль хоёр хоршсоноор сайн хууль гарч ирж байна.

Жишээ нь, татвар бий болгохыг Засгийн газар санаачилж, Улсын Их Хурал батлах, Санхүүгийн жил бүрийн тайланг Засгийн газраас Улсын Их Хуралд тайлагнах, Төсвийн дараах дүнг дараа жил хэлэлцэх гэх мэтээр Үндсэн хуульд заавал тусгах ёстой. Төсвийн байнгын хорооны даргыг парламентын сөрөг хүчин, цөөнхөөс томилдог баймаар байна. Гэтэл олонх болж эрх барьж байгаа нэг нам бүгдийг нь “атгачихаар” хүний эрх, эдийн засгийн хөгжил байхгүй болчихож байна. Хүний эрх байхгүй юм чинь эдийн засгийн шинэчлэл нурчихаж байна. Энэ бүгдийг Үндсэн хуулиар зохицуулж байж нийгмийн амьдрал тэгш болно.

-Татварын асуудлыг Үндсэн хуульд тусгана гэдэг нь?

-Жишээлбэл, татварыг зөвхөн Засгийн газраас өргөн мэдүүлнэ. Татвар шинээр тогтоох, өөрчлөх, хүчингүй болгохыг зөвхөн парламент шийдвэрлэнэ. Татварын тухай асуудал, Монгол Улсын санхүүгийн нөхцөл байдлын талаар жил бүрийн арваннэгдүгээр сард Засгийн газар УИХ-д албан ёсоор ил тод тайлан мэдээлэл өгнө гэсэн ийм агуулга өгүүлбэрийг оруулах хэрэгтэй. Энэ бол Үндсэн хуулийн эдийн засаг гэж тодорхойлогддог.


Онцлох нийтлэлүүд