Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Суданы ард түмэн хунтын дэглэмд шилжихийг шаардан жагсав Улаанбаатарт шөнөдөө 8 хэм хүйтэн ​Пабло Эскобарын усны үхэрнүүдийг хөнгөлөхөөр болжээ Сагсан бөмбөгийн нэгдсэн дээд лиг ирэх сард эхэлнэ ОХУ-д коронавирусийн халдварын болон нас баралтын тохиолдол эрс нэмэгджээ "Big Life for Lil Thug-E" нэртэйгээр Rock, Pop, Hip Hop артистуудын нэгдсэн хандивын тоглолт болж байна Улсын нөөцөд 44 мянган тонн өвс бэлтгэнэ Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл хуралдлаа Отрын бүс нутагт 850 мянган толгой мал өвөлжүүлэх боломжтой 3100 тонн нөөцийн мах бэлтгээд байна Суданы ард түмэн хунтын дэглэмд шилжихийг шаардан жагсав Улаанбаатарт шөнөдөө 8 хэм хүйтэн ​Пабло Эскобарын усны үхэрнүүдийг хөнгөлөхөөр болжээ Сагсан бөмбөгийн нэгдсэн дээд лиг ирэх сард эхэлнэ ОХУ-д коронавирусийн халдварын болон нас баралтын тохиолдол эрс нэмэгджээ "Big Life for Lil Thug-E" нэртэйгээр Rock, Pop, Hip Hop артистуудын нэгдсэн хандивын тоглолт болж байна Улсын нөөцөд 44 мянган тонн өвс бэлтгэнэ Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл хуралдлаа Отрын бүс нутагт 850 мянган толгой мал өвөлжүүлэх боломжтой 3100 тонн нөөцийн мах бэлтгээд байна
Цаг үе
2019.01.30 08:01

П.Баярцэнгэл: Миний дуунд дуртай, дууг маань сонсдог хүмүүст зориулж тоглолтоо хийнэ

Дуучин, жүжигчин П.Баярцэнгэлтэй ярилцлаа.


-Үзэгч, сонсогчдыг удаан хүлээлгэсний эцэст “Санахдаа” хэмээх анхны тоглолтоо хийх гэж байна. Санаандаа тултал чанартай тоглолт хийхийг хүсдэг гэж хэлж байсан. Тоглолтын талаар яриагаа эхэлье?

- Би 2010 оноос эхлээд уран бүтээлээ хийж эхэлсэн. Ингээд бодохоор есөн жилийн хугацаанд нэг ч удаа тоглолт хийсэнгүй л дээ. Үзэгч, сонсогчдоос маань тоглолтоо хийгээч ээ гэх хүсэлт олон удаа ирж байсан. Угтаа тоглолт хийх гэж хэд хэдэн удаа төлөвлөсөн л дөө. Тухайн үед ямар нэгэн шалтгаанаар өөр ажлууд давхцаад нэг л болж өгөөгүй. Миний дуунд дуртай, дууг маань сонсдог хүмүүст зориулж ирэх гуравдугаар сарын 2-нд Crocus Event Hall-д тоглолтоо хийх гээд ажиллаж байна. Хэдэн цагийн турш маш гоё уур амьсгалыг бүрдүүлэхийг зорьж байгаа. Мэдээж тоглолтод маань хамтлаг, дуэт дуулсан дуучид оролцоно. Гэхдээ хэн хэн ирэх нь нууц байх юм. Хүмүүсийг татахын тулд бусад хамтлаг дуучдыг зарлах сонирхол надад алга. Зөвхөн надтай цуг байх, миний дууг сонсох дуртай хүмүүсийг ирээсэй гэж хүсч байгаа. Энэ удаа эргэлт буцалтгүй бүх ажлаа хойш нь тавиад тоглолтын ажилдаа орчихсон явж байна даа. Тоглолтод маань 20 гаруй дуу дуулагдана. Саяхан “Хөгжим л намайг” дуугаа дүрсжүүлсэн.

-Баярцэнгэл “Universe best songs” наадмаар дуучин болох замналаа эхлүүлж байсан байх, тийм үү?

- Тэгсэн. 2007 онд би оюутан болж байлаа. Сурахын хажуугаар дуулах хүсэл, тэмүүлэл их байсан. “Nature sound” студи дээр дуулаачийн курст сурч байхдаа энэ тэмцээнд бэлдэж орсон. Би хоёр удаа “Uni­verse best songs” наадамд оролцсон юм. Анх 2009 онд орж, дөрөвдүгээр шатнаасаа хасагдаж байлаа. Дараа жил нь ахин орж шилдэг 25-т шалгарч байсан. Шилдэг 25–аараа бид тоглолт хийж, Мама мия кинонд тэр зунаа тоглосон. Ингэж л урлагийн зам маань эхэлж байжээ.

-Танайхнаас урлагийн хүн бий юу?

-Би Дорнодынх л доо. Аав ээжийн авьяасыг илүүтэйгээр өвлөж авсан нь ах бид хоёр юм болов уу гэж боддог. Би эхээс тавуулаа. Хамгийн бага нь ах бид хоёр. Гэхдээ манайхан их авьяастай, бүгдээрээ дуулна. Манай аав СТА дуучин хүн байсан. Хуучнаар Сүхбаатарын соёлын ордон гэж байхад дуучин байсан. Сүүлд багш болоод урлагаасаа хөндийрсөн л дөө. Ээж маань ч сайхан дуулчихдаг. Нутагт маань хөгжмийн мэргэжлийн 12-р сургууль гэж байдаг.Тэнд л ахтайгаа дуу хөгжимтэй холилдож өссөн. Бид хоёр морин хуур тоглодог байсан. Сүүлийн үед морин хуураа тоглохгүй болохоор зэвэрнэ гэдэг шиг мартагнасан байна лээ.

-Баярцэнгэл жүжигчин мэргэжилтэй. Хүмүүс харин дуучин гэдгээр тань илүү мэддэг шүү дээ. Жүжигчин мэргэжлээрээ ажиллах бодол байдаг л байх даа?

-Мэдээж номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уусан учраас жүжигчний мэргэжлээрээ ажиллах сонирхол их бий. Өөрт тохирох дүрээ л бүтээхийг хүсдэг. Надад дүр өглөө гэж бодоход тэр дүрээр би яаж амьдрах вэ, би өөрөөсөө юу гаргах вэ гэдгээ л харна. Бусдаар би учиргүй Чингис хаан ч юм уу, нэг их баатар эрийн дүр бүтээх гээд байх нь юу юм. Би баатар эрийн дүр бүтээхгүй шүү дээ. Жүжигчин хүний мэргэжлийн онцлог бол өөрийгөө мэдэрчихсэн байх хэрэгтэй. Хамгийн гол нь дүрээр дамжуулж ямар мэдрэмж өгөх гэж байгаа, хаана, юуны чиглэлийн юм бүтээвэл болох вэ гэдгээ мэдэрчих хэрэгтэй. Би эерэг талын, инээд хөөртэй, аз жаргалтай, хөгжилтэй дүрд л тохирох байх гэж боддог. Одоогоор дуучны мэргэжлээрээ түлхүү ажиллаж байна. Мэдээж жүжигчнээрээ ажиллах санал ирвэл дуртай хүлээн авна. “Аз жаргалын эрэлд”, “Миний хайр”, “Анчид” сүүлд “Single ladies 3” зэрэг кинонуудад тоглосон юм байна. Жеки Чан Монголд ирэхэд би ёодол дуулсан. Тэгээд зурагаа хамт авахуулсан. Тэр өдөр миний мөрөөдөл биелсэн гэж болно. Би Жеки Чаны ясны шүтэн бишрэгч. Бүр жаахан хүүхэд байхаасаа харж дуурайж, байнга шинэ киног нь үздэг байсан. Би дэлхийн аугаа жүжигчин, тамирчин хүнийг, тэр тусмаа Жеки Чантай уулзана гэж огтхон ч төсөөлж байгаагүй. Тэр хүний адилаар жүжигчин болох сон гэж мөрөөддөг. Шүтэж биширч явсан хүнтэйгээ өөд өөдөөсөө гар бариад, тэврэлдээд зогсож байхад үнэхээр сонин мэдрэмж төрдөг юм билээ.

-Ахтайгаа уран бүтээл хамтарч хийдэг гэсэн?

-Миний ахыг П.Отгонцэнгэл гэдэг. Дууны инженер мэргэжилтэй хүн бий. Ахтайгаа одоог хүртэл хамт уран бүтээл хийдэг. Нэг хүн шиг санал нийлнэ. Миний уран бүтээлүүд дээр хөгжмийн найруулга, мастеринг, хоолой бичнэ. Миний уран бүтээлийн арын албанд ажилладаг нэг номерын хүн дээ. Өөрөөр хэлбэл, миний продюсер юм уу даа. Ихэнх дууныхаа үгийг би өөрөө бичиж ирсэн. “Хийморьтой бай” дуугаа харин хүнээс авч дуулсан шүү. Ах минь хөгжмөө голлож бичнэ. Аль ч уран бүтээл дээр бид хоёрын хэн хэнийх нь санаа туссан байдаг. Өөд өөдөөсөө харж сууж байгаад л бүх юмаа хийчихдэг дээ.

-“Ёодол”-ыг манайд таниулсан хүн бол та. Нэг талаараа П.Баярцэнгэлийг таниулсан урлаг гэж хэлж болох байх?

- Швейцарь, Герман, Альпийн нуруу орчмоор нутагладаг бавари үндэстний дууг ёодол гэдэг юм билээ. Энэ хэсэг уулархаг, хөдөө нутаг тул хоньчин ард хонио бэлчээн, нэгэн өвөрмөц аялгуут дуу дуулдаг. Энэ бол нутгийн хэллэгээр “ёодол” юм. Манайхаар ардын урлаг буюу уртын дуу, хөөмийтэй төстэй гэсэн үг. Үгийн хувьд орчуулдаггүй, утгачилдаггүй. Ёодол бол ямар ч стрессгүй урлаг. Зөвхөн инээд хөөр, аз жаргалын тухай л дуулдаг. Хэзээ ч муу муухай үг ёодол дуунд байдаггүй нь сайхан.

-Ер нь ёодлыг анх яаж сурсан юм бэ?

-Миний ёодолын багш бол Youtube. Би “UBS” телевизийн “Universe best songs” тэмцээнд оролцож байхдаа ёодлын төрлийг сурч эхэлсэн. Тухайн үед манай улсад ёодол гэх урлагийн төрлөөр уран бүтээл гарч байгаагүй. Хамгийн анхны дуугаа 21 хоногийн дотор сурч байлаа. Түүнээс хойш “be hap­py” ,”holly dolly” зэрэг монгол ёодол дуунуудаа хийсэн. Мөн ёодол урлагаар хийсэн CD-гээ ч гаргаж байлаа. Тэгэхээр би ёодолтой салшгүй холбоотой. Ер нь миний уран бүтээлийг хүмүүс сонсож байгаа нь мөн энэ л урлагтай холбоотой гэж би ойлгодог. Би ёодлын төрлөөр дуулаагүй байсан бол миний уран бүтээлийг хүмүүс сонсох эсэх нь эргэлзээтэй шүү дээ. Энэ төрлөөр дуулдаг алдартай олон дуучид байдаг. Тэдний клипийг үзэж байгаад дууг нь байн байн ухрааж сонссоор байгаад сурсан.

-Мэргэжлийн дуучин биш хэрнээ энэ урлагийг сурна гэдэг хүнд байх л даа?

- Швейцарьт очоод дуулж сонирхуулахад хүмүүс “Яаж сурсан юм бэ” гэж асууж байсан. Би харин миний багш бол “Youtube” гэж хариулсан. Хүмүүс сонсоод л сурах боломжгүй дээ гэж байсан. Гэхдээ миний дуулдаг ёодол, тэдний дуулалт хоёр ялгаатай. Миний дуулаад байгаа ёодлын төрөл бол техник, хурд хоёрын нийлбэр. Харин Швейцарьчууд дуулалтандаа голлон анхаардаг. Өөрөөр хэлбэл миний дуулж байгаа ёодол бол орчин үеийн ёодол юм. Австри талынх. Надад Швейцарийн үндэсний ёодол уйтгартай санагдсан. Олон хуурцаг сонсох санаатай авч ирсэн ч бүтэн сонсолгүйгээр больсон доо. Уйтгартай, хэмнэл удаан, гингэнэсэн санагдсан.

-Ёодлоор хэр удаан уран бүтээл туурвина гэж бодож байгаа вэ?

-Бодсон, санасан зүйл их байна . Ёодлоо бол хэзээ ч орхихгүй.

-Тоглолтын билет хэзээ худалдаанд гарах вэ?

-Яг тэдийд гэсэн тов гараагүй байна. Менежмэнтийн баг маань хариуцан ажиллаж байгаа.

-Уран бүтээлч хүн мэдээж бүх л бүтээлдээ хайртай. Тэр дундаас хамгийн нандин, дурсамжтай бүтсэн дуу бий юу?

- Мэдээж бүх уран бүтээлдээ хайртай. Тэр дундаас “Санахдаа” дуундаа их хайртай байдаг. Энэ дуугаа эхнэртээ зориулж зохиож байсан, тиймээс ч тоглолтоо энэ дуугаараа нэрлэсэн. Харин “For you” дууг ах маань эхнэртээ зориулж зохиосон юм. Энэ дуу гарсны дараа олон хүмүүс надтай холбогдож байсан л даа. Хуримаа хийхдээ таны дууг дуулсан. Бид хоёр таны дууг сонсоод учирсан, бид маргаантай байж байгаад таны дууг сонсоод эвлэрсэн зэрэг олон сайхан дурсамжууд сонсож байсан.

-Хамтлаг дуучидтай хамтарч дуулъя гэж боддог уу?

-Энэ талаар харин боддог шүү. Ид уран бүтээл хийж байгаа сайхан залуучуудтай хамтарч дуулах хэрэгтэй гэж боддог. Энэ үеийн залуучууд нэгдэл гэдгээ олон түмэнд харуулж байх ёстой. Хамтарсан уран бүтээл хийх ёстой гэж боддог.

-Цаашдын төлөвлөгөө юу байна вэ?

-Би энэ оныг тоглолтын жил болгочихсон. Хотод тоглолтоо хийчихээд, гадаадад амьдарч сурч байгаа хүмүүстээ очиж тоглоно. Мөн 21 аймгаа тойрно гээд л төлөвлөчихсөн. Урлагийн хүн байна гэдэг их сайхан. Урлагийн хүмүүс нийгэм болоод хүмүүсийн сэтгэл зүрх, бодлыг гэгээрүүлж, үргэлж зөв зүг чиг рүү хандуулж байх ёстой гэж боддог.

-Гэр бүлийн хүнийхээ талаар танилцуулахгүй юу?

-Эхнэр, хоёр охины хамт амьдардаг. Эхнэртэйгээ арван жилийн нэг ангийнх. Одоог хүртэл он жилийг хамтдаа туулж байна даа. “Be happy” дууг эхнэр, хүүхдээ бодож байгаад бичсэн. Тэр өдөр яагаад ч юм бэ, гэртээ орж чадалгүй дөрөв, таван цаг алхсан. Гэрээ тойрч алхаж явахдаа тэднийхээ тухай бодож зохиосон болохоор энэ дуундаа ч их хайртай байдаг шүү.


Онцлох нийтлэлүүд