ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2019.12.01 01:12

П.Намуун: “Чи кинон дээр ямар арга хэрэглэж уйлсан бэ” гэж ангийнхан байнга асуудаг


133 дугаар сургуулийн 5 “Г” ангийн сурагч П.Намуунтай ярилцлаа. Тэрбээр хэд хэдэн кинонд тоглосноос гадна брэндийн нүүр царай болж зургаа авахуулдаг аж.


-“Нүдэн сондор” чиний анх тоглосон кино юу?

-Тийм ээ. “Царайлаг өдрүүд” кинонд бас тоглосон. Одоо бас нэг кинонд тоглож байгаа. Гол дүрд нь тоглосон болоод ч тэр үү “Нүдэн сондор” хамгийн гоё санагддаг. Гадуур явахаар хүмүүс чи “Нүдэн сондор”-т тоглосон охин мөн үү гэж асуудаг. Бусад киног нь асуудаггүй юм. Золбоот ах, Амгаа ах, Золзаяа эгч, Өлзийхүү эгч гээд маш мундаг хүмүүстэй хамт тоглосон. Золбоот ах намайг “Манай гавьяат” гэдэг байсан нь одоо бодохоор гоё санагддаг. Гэхдээ тэр үедээ ч гэсэн баярлаж байсан. Намайг шууд уйлахаар их магтана аа, Золбоот ах.

-Чиний уйлдаг хэсгийг хараад дагаад уйлах шахсан шүү...?

-Тийм үү. Гэхдээ заримдаа шууд уйлж чадахгүй үед найруулагч “Дотроо муухай юм бодоорой” гээд хэлчихээр шууд л уйлж байгаа юм чинь. Нээрээ нэг удаа уйлах гэж их зовсон. Гадаа хүйтэнд палаажтайгаа зураг авахуулсан чинь даараад. Аймаар даарахаар уйлж болдоггүй юм байна лээ.

-“Царайлаг өдрүүд”-д эрх охины дүрд тоглосон байсан. Чи ингэхэд хэр эрх вэ?

-Эрх байсан л даа. Одоо дүү гараад больчихсон. Дүүгээ харахгүй бол энд тэнд ойччих гээд их хэцүү шүү дээ. Хариуцлагатай байхгүй бол гэмтчих аюултай.

-Дүүтэй байх гоё уу?

-Хааяа гоё, заримдаа их уйлдаг байсан. Агаа дүүг тэврэхээр уйлуулчихдаг болохоор би дандаа тэвэрдэг байсан юм. Тэр үеэ бодохоор хэцүү санагддаг. Одоо мөлхөөд сурчихсан болохоор амар байгаа.

-Одоо ямар кинонд тоглож байгаа вэ?

-Нэрийг нь сайн мэдэхгүй байна аа.Тамхи зардаг охины дүрд тоглосон.

-Том болоод жүжигчин болъё гэж боддог уу?

-Боддог. Гэхдээ давхар гоо сайхны мэс заслын эмч болно гэж боддог. Байнга кинонд тоглохгүй болохоор завсраар нь хийх ажил хэрэгтэй л гэж бодоод байгаа.

-Чи саяхан “Гоёо” компанийн нүүр царай болсон байна лээ. “United colors of Benneton”-ий нүүр царайгаар шалгарч байсан гэсэн үү. Ер нь загварын зураг авахуулахад ямар байдаг вэ?

-Гоё байдаг. “Гоёо”-гийн зургийг ууланд авахуулахад жаахан даарсан. Таван жилийн өмнө “United col­ors of Benneton”-ы зураг авалтад шалгарч байсан юм. Тэр үед зураг авдаг хүмүүст нь миний шүд гологдоод. Жаахан болохоор хамаг шүд уначихсан, заримыг нь эмчлээд хар болгочихсон байсан болохоор гол зураг авалтад нь орж чадаагүй. Гэхдээ зөндөө гоё зураг авахуулсан. Одоо харахаар их жаахан байжээ гэж боддог.

-“Бяцхан мисс”-д орсон гэж ээж чинь хэлж байсан...?

-Өө тэгэхэд чинь бүр жаахан байсан. Цэцэрлэгт байхдаа ороод жүжигчин мисс болсон.

-Танай ангийнхан чинь чамайг кинонд тоглосон гэж бүгд мэдэх үү?

-Ер нь ихэнх нь мэдэж байгаа. Тэгээд л “Намуунаа чи ямар арга хэрэглэж уйлсан бэ” гэж асуугаад байдаг юм. Эхэндээ бол хариулаад л байдаг байсан. Байнга асуудаг болохоор сүүлдээ мэдэхгүй ээ гэчихдэг болсон.

-Аав ээждээ зориулж юу хэлмээр байна вэ?

-Намайг төрүүлж өсгөж өдий дайны алдартай хүн болоход тусалсан аав ээж хоёртоо бүхнээс илүү хайртай шүү.

Г.БАТЗОРИГ

Онцлох нийтлэлүүд