Өдрийн сонин үнэнийг хэлнэ
ҮСХ-ноос 1570 иргэнд 10 мянган төгрөг өгнө DNN.mn Хан-Уул дүүрэгт 1200 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо DNN.mn Цахим орчинд зээл гаргана гэж иргэдийг хохироосон этгээдүүдийг баривчлав DNN.mn Томуу, томуу төст өвчний халдвар нэмэгдэх магадлалтай тул амны хаалт тогтмол зүүхийг уриаллаа DNN.mn УЦУОШГ: Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна DNN.mn Дайны талбарт дайчин явлаа Энх цагт эмч байлаа DNN.mn Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 13.2 хувиар нэмэгджээ DNN.mn “Зөвлөлдөж шийдье“ зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглуулалтын явц 86.1 хувьтай байна DNN.mn АТГ-аас эрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүллээ DNN.mn Өчигдөр 122 жолооч согтуугаар жолоо барьж, 154 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn ҮСХ-ноос 1570 иргэнд 10 мянган төгрөг өгнө DNN.mn Хан-Уул дүүрэгт 1200 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо DNN.mn Цахим орчинд зээл гаргана гэж иргэдийг хохироосон этгээдүүдийг баривчлав DNN.mn Томуу, томуу төст өвчний халдвар нэмэгдэх магадлалтай тул амны хаалт тогтмол зүүхийг уриаллаа DNN.mn УЦУОШГ: Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна DNN.mn Дайны талбарт дайчин явлаа Энх цагт эмч байлаа DNN.mn Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 13.2 хувиар нэмэгджээ DNN.mn “Зөвлөлдөж шийдье“ зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглуулалтын явц 86.1 хувьтай байна DNN.mn АТГ-аас эрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүллээ DNN.mn Өчигдөр 122 жолооч согтуугаар жолоо барьж, 154 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn
Эдийн засаг
2022.12.04 11:12

П.Наранбаяр: 420 тэрбумынхаа задаргааг гаргаж чадаагүй байж, нийслэл Засгийн газарт 593 тэрбум төгрөгийг бүрдүүлж өгөхөөр болж байна DNN.mn


Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, олон улс судлаач, эдийн засагч П.Наранбаяртай нийслэлийн ирэх оны төсвийн хүрээнд болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Хуулиараа нийслэлийн төсвийг энэ сарын 5-ны дотор батлах ёстой байдаг. Тэгэхээр цаг хугацааны хувьд их тулгуу болж ирлээ. Ер нь таныхаар ирэх оны нийслэлийн төсөв ямар байдлаар тусгагдаж, батлагдах гэж байна вэ?

-Нийслэлийн төсөв энэ жил орлогоо 1.6 их наяд гэж тооцсон. Өнгөрсөн жил 1.2 их наяд байсан. Нөгөөтэйгүүр улсын төсөвт татан төвлөрүүлдэг орлого гэж бий. Энэхүү орлого 593 тэрбум төгрөг болсон орж ирсэн. Үүнийг өнгөрсөн жилтэй харьцуулахад 3.5 дахин өссөн гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жил энэхүү орлого 163 тэрбум төгрөг байсан. Тэгэхээр энэ нь ирэх оны нийслэлийн төсөвт маш их дарамт учруулах нь ойлгомжтой юм. Үүнийг дагаад дүүргүүдээс татан төвлөрүүлэх төсөв нэмэгдэж байгаа. Дарамт болж байна гэдэг бол шинэ зүйл санхүүжүүлэхэд хүндрэлтэй болж ирнэ гэсэн үг.

-Урсгал зардлын тухайд...

-Урсгал зардал 640 орчим тэрбум төгрөг байна. Үүнээс 593 тэрбум төгрөгийг улсад өгнө. Үлдсэнийг нь өнгөрсөн жилийн янз бүрийн дуусаагүй төсөл хөтөлбөрүүддээ хуваагдаад орно байх. Тэгэхээр энэ жилийн нийслэлийн төсөв үнэхээр хэцүү байдалтай орж ирж байна уу даа гэж харагдахаар байгаа. Ийм төсөв батлагдах гэж байхад эсрэгээрээ нийслэлийн иргэдийн зүгээс бидэнд тавьж байгаа шаардлага, хүсэлт, санал ямар билээ. Иргэдийн шаардлага бол жилээс жилд өснө. Түгжрэл, утаа, түлш, эрчим хүч, хичээл сургууль гээд олон асуудал бий. Энэ бүх зүйлээ өмнөхөөсөө илүү л шаардана.

Энэ долоо хоногийн эхээр хүүхүүдээ дахиад цахимаар хичээллүүлэхээр болголоо. Өвөл болж байна. Угаасаа л хүйтэн л байдаг шүү дээ. Ковид гээд хоёр жил гаруй хичээл сургууль гацсан. Өвөл болдог л хүйтэн өдрүүдийн нэг. Хүйтэн өдөр болгон хичээлийг цахимд шилжүүлээд байвал ирээдүйд гарах эрсдэл, боловсролын чанар юу болох билээ.

-Шинээр хөрөнгө оруулалт хийгдэхэд хэцүү болсон гэж ярилаа. Гэтэл зайлшгүй хийгдэх хөрөнгө оруулалтын төсөл байгаа. Энэ асуудлыг ямар байдлаар шийдэж байгаа юм бэ. Нөгөөтэйгүүр Хэмнэлтийн хууль ямар байдлаар үйлчлэв?

-Хэмнэлт их муу хийгдсэн төсөв орж ирсэн. Нийслэлийн Засаг даргын харьяанд 30 гаруй ангентлаг байдаг. Мөн орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар 60 гаруй бий. Энэ дотроо үйл ажиллагаа нь давхацсан, чиг үүргийн шинэчлэлт хийгээд тоог нь багасгах, танах, данхар байдлыг нь нүсэр биш төсөр болгох ажлыг хийх шаардлагатай байгаа юм. Энэ талын судалгаа их муу хийгдсэн гэж үзэж байна. Ерөөсөө өнгөрсөн жилийнхээ бүх зүйлийг энэ жил шууд хуулаад л оруулж ирсэн. Үүнийг манай төлөөлөгчид ид шүүмжилж, ярьж байна. Эдгээр зүйлүүдэд маш том хэмнэлтийг үүсгэх боломж байсан. Одоо ч байгаа. Татварын орлогыг нэмэх тухай ярьж байна. Тухайлбал, нэг ийм дүгнэлт гарсан. Манай Улаанбаатар хотод 443 мянган мал байна. Үүнийг дүүргүүдийн төсвөөр дамжуулаад малын тоо толгойд татвар тавих ёстой байдаг ч одоог хүртэл татвар авдаггүй гэсэн АУДИТ-ын дүгнэлт гарч байна лээ. Энэ олон мянган малдаа татвар тавих тухай зөвлөмж мөн ирсэн.

-Татвар нэмэх тухай ярилаа. Эрх баригч намын мөрийн хөтөлбөрт ямар ч төрлийн татвар нэмэхгүй гэсэн атлаа энэ мэт татвар нэмж байгааг та юу гэж харж байна. Мөн төсөв дээр татвар нэмнэ гэж орж ирсэн нь биелэх боломж бий юү?

-Биелэх боломж муу. Өнгөрсөн жил 1.2 их наядаас тодорхой хэмжээний төсөв тасарчихаад явж байгаа. Ер нь бол татварыг нэмнэ гэдэг хамгийн муу бодлого. Харин эсрэгээрээ татварыг бууруулж, ажлын байрыг нэмэгдүүлж, хөдөлмөрлөх таатай нөхцөлийг бий болгож байж юм явах ёстой шүү дээ. Гэтэл нөгөө талдаа татварын орлогоор нийслэл ажлаа явуулах ёстой. Энэ хоёрын уялдааг хангахад нэлээд их хүндрэлтэй төсөв бий болчихлоо л гэж харж байгаа. Нөгөөтэйгүүр надад нэг ийм санал байдаг. Өнөөдөр оюутнууд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчиж байна. Үүнийг болиулах хэрэгтэй. Харин оюутан, залуучууд сард нэг сая төгрөг хүрэхгүй үнэлэмжтэй цагийн ажил хийсэн тохиолдолд түүнээс нь нийгмийн даатгалын шимтгэл авахаа болих шаардлагатай. Ингэвэл асар олон ажлын байрыг дэмжинэ, залуучуудаа дэмжинэ гэсэн үг шүү дээ. Ийм маягийн зоригтой шинэчлэлт хийх шаардлагатай байна.

-Нөгөө олон нийтийн дунд шуугиан болсон 420 тэрбум төгрөгийн төсвийг яаж бүрдүүлэхээр байгаа юм бэ?

-Энэ их сонин зүйл болсон. Өнгөрсөн жил Д.Сумъяабазар дарга 420 тэрбум төгрөг олоод ирлээ гээд алгаа ташаад байсан. Би ёстой мундаг ажиллалаа, түүхэн шийдвэр гаргалаа гээд Л.Оюун-Эрдэнэтэй цуг суугаад л алгаа ташаад байсан. Гэтэл үүнээс хойш нэг жил өнгөрлөө. Одоог болтол 420 тэрбум төгрөгийнхөө задаргааг сайн тайлбарлаж чадахгүй л байна. Энэ төсвийг хаана, юунд зарцуулчихсан юм. Түгжрэлд зарцуулсан гэдэг. Гэтэл өнөөдөр хүн бүрийн нүдний өмнө түгжрэл улам нэмэгдсэн үү гэхээс буурсан зүйл алга байна. Монгол Улс Түгжрэлийн сайд гэж гаргаж ирсэн. Тэр сайд нь мөнгийг нь авчихсан. Энэ жил бол 390 орчим тэрбум төгрөг болсон гэж сонссон. Үүнээс нийслэлд гялаалгах зүйл юу ч байхгүй. Эсрэгээрээ нийслэл өнгөрсөн жилийнхээс гурав дахин их буюу 593 тэрбум төгрөг Засгийн газарт хураалгахаар болж байгаа. Тэгэхээр хотын даргын манлайллын асуудал яригдана. Хотын дарга маань дүүжин тээвэр, метро, LRT зэрэг асуудлаар иргэдийг хооронд нь талцуулах, муудалцуулах ажлыг л сайн хийж байна. Уул нь аль боломжтой хувилбараар нийтийн тээврийг төрөлжүүлэх, солонгоруулах шаардлагатай.

-Метро барих тухай асуудал чимээгүй л байна. Ирэх оны төсөвт нийтийн тээврийн салбарт хийгдэх томоохон төслүүдэд хөрөнгө оруулалт хийгдэх үү. Ямар төслийг нь дэмжиж байна вэ?

-Бидний хувьд LRT төслийг их ярьж ирсэн. Энэ нь илүү хямд тусна. Нөгөөтэйгүүр Азийн хөгжлийн банкны санхүүжилтэйгээр ТЭЗҮ-үүд нь хийгдчихсэн, ийм байгаа. Д.Сумъяабазар дарга LRT-ийг оруулаад ирсэн. Үүнийг нь ч бид дэмжсэн. Энэ бол цагт зөөх хүнийх нь тоо 14 мянга. Анхных нь шугам Яармагаас хөдлөөд Зуун айл, цаашлаад КТМС хүрэх байдлаар тооцсон. Энэ хооронд ердөө 40 минут л явна гэж байсан. Тэгэхээр нийтийн тээврийн салбарт гадны зээл тусламжуудыг оруулж ирээд энэ мэт төслүүдийг явуулах нь зөв. 1.5 сая хүн амттай хотод зөвхөн автобус биш бусад нийтийн тээврийг оруулж ирэх нь зайлшгүй шаардлагатай зүйл. Ирээдүйд метрогоо ч хийх шаардлагатай. Метро барихад тунель ухна. Энэ бол бидэнд асуудалгүй гэж боддог. Тэртэй тэргүй Оюу толгойд бид ямар урт тунель ухчихсан байна. Энэ арга туршлагаараа Улаанбаатар хотын гаднаас тунель ухахад болохгүй гэх газаргүй.

-Та хэллээ, Түгжрэл хариуцсан сайд нь 420 тэрбумыг авчихсан гэж. Тэгэхээр НИТХ-ын төлөөлөгч та бүхэн энэхүү сайдтайгаа ямар байдлаар уялдаж ажиллах ёстой юм. Та бүхэнд тайлангаа тавих ёстой юу?

-Өнөөдөр бид энэхүү асуудлыг хөндөж ярьж байгаа. Гэтэл Түгжрэлийн үндэсний хороо дээр очиж та нар энэхүү асуудлаа тавь гэсэн хариултыг өгдөг. Ер нь бол хоёр толгойтой болчихсон байна. Ямар нэгэн хариуцлагын асуудал яригдвал Д.Сумъяабазар нь уу эсвэл Ж.Сүхбаатар сайд нь хүлээх үү. Сүүлийн үед Түгжрэлийн сайд гэж гарч ирсэн хүн нь түгжрэлийн түмэн шалтгааныг нээж ярьдаг л болсон. Ер нь бол Төмөр замын төсөл, Улаанбаатар хотыг тойрсон 74 хурдны зам зэрэг ажлуудын аль нь ч эхлээгүй, юу ч хийгдээгүй.

-Ярилцлагынхаа төгсгөлд нэг зүйл асууя. Та судлаач, эдийн засагч хүн. Ерөнхийлөгч Хятад, Японд айлчилж байна. Энэхүү айлчлал эдийн засаг талаасаа ямар ач холбогдолтой болов гэдэг дээр товчхон хариулт өгөхгүй юү?

-Ерөнхийлөгчийн Хятадад хийсэн айлчлал бол их ажил хэрэгч, эдийн засгийн үр өгөөжтэй, томоохон асуудлуудыг шийдвэрлэсэн ийм айлчлал боллоо гэж харж байгаа. Одоо Ерөнхийлөгч Японд явж байх шиг байна. Японд бол эдийн засаг, ажил хэрэгч гэхээсээ илүү 50 жилийн ойг тэмдэглэх асуудлын хүрээнд айлчилж байгаа болов уу гэж харж байна. Миний хувьд гэхдээ Ерөнхийлөгчийн Япон дахь айлчлалын талаар нарийн судалж амжаагүй л байна.

Онцлох нийтлэлүүд