ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.12.04 08:12

П.Нямцэрэн: Ротавирусийн халдварын үед антибиотик хэрэглэхийг хориглоно

Хүүхдийн тэргүүлэх зэргийн эмч, анагаах ухааны магистр, клиникийн профессор П.Нямцэрэнтэй ярилцлаа.


-Ротавирус гэж юу вэ?

-Ротавирус нь нарийн гэдсийг халдварлуулж, суулгалт бөөлжилт үүсгэдэг вирус юм. Халдвар авсан хүн бөөлжиж суулгах үед эмч нар вирусийн гаралтай суулгалт гастроэнтерит гэж нэрлэдэг. Ротавирус нь ихэвчлэн бага насны хүүхдэд вирусийн гаралтай ходоод гэдэсний үрэвсэл үүсгэдэг. Энэ нь гадаад орчинд тэсвэртэй. Агаарын замаар дамжиж байгаа учраас уушгинд үрэвсэл үүсгэх юм шиг боловч гэдэс ходоодны замд үрэвсэл үүсгэдэг. Гэдэсний хананд байрлах өнгөр гэх ашигтай нян бактерыг устгах аюултай. Мөн улайлт үрэвсэл үүсгэдэг юм.

-Ямар замаар дамждаг юм бол?

-Халдвартай хүн эсвэл орчны гадаргуу, эд зүйлсэд хүрэлцсэний дараа гараа угаахгүй байх мөн бохир гараар хоол хүнс идэж, ууснаар уг өвчин халдварладаг. Ихэвчлэн хүүхдэд халдварладаг. Насанд хүрэгчид ротавирусийн халдвар авч болно. Гэхдээ хүүхдийг бодвол насанд хүрэгчид ариун цэврийн дэглэм харьцангуй сайн сахидаг учраас халдвар авах нь бага байдаг.

-Ротавирусийн халдварын үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Бөөлжих, усархаг зүйлээр суулгах, халуурах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Мөн огцом халуурах, хоол унд идсэний дараа шингэн зүйл уухаараа бөөлжиж эхэлдэг. Хүүхэд бөөлжиж, эсвэл суулгаж байна гэдэг их хэмжээгээр шингэн алдаж байна гэсэн үг. Нярай хүүхэд шингэн алдалтад орсон үед зулай нь хонхойж харагддаг. Энэхүү халдварын суулгалтын онцлог нь амархан хордлогонд оруулахаас гадна бусад эрхтэнүүд шингэн дутагдаж эхэлснээр хүндрэлүүд үүсдэг. Хүүхэд нэг удаа бөөлжихөд 10 суулгацтай тэнцдэг гэдэг. Гэтэл эцэг эхчүүд нэг л удаа бөөлжсөн. Нэг удаа гэсэн утгаар нь гайгүй гэж бодоод хүүхдээ хүндрүүлэх тал бий. Энэ халдварын үед эрт эмнэлэгт хандаж илрүүлэг хийлгэх хэрэгтэй. Суулгалт өвчин дотроо олон янз байдаг. Үүнд нян бактер, вирусийн халдвар, эгэл биетэн, хоол хүнсний гаралтай гэх мэт. Шууд хүүхдийг хараад ротавирусийн халдвартай гэж хэлэх боломжгүй. Хүүхдийг үзэж, илэрч байгаа шинж тэмдэг, зовиурт үндэслэн ротавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийх эсэхийг хэлнэ.

-Ротавирусийн халдварыг хэрхэн эмчилдэг вэ?

-Хэрэв хүүхэд бөөлжиж байгаа бол, хэдэн минутын зайтай цайны халбагаар шингэнийг бага багаар уулгана. Хөхөөр хооллодог бол хүүхдээ үргэлжлүүлэн хөхүүлэх хэрэгтэй. Суулгалтыг зогсоох зорилгоор ямар нэгэн эм бэлдмэл дур мэдэн өгч болохгүй. Хэрэв хүүхэд халдвар авч, шингэн алдалтад орсон бол эмнэлэгт заавал хандах ёстой.

-Ротавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах вэ?

-Ихэвчлэн ротавирусийн эсрэг вакцинаар дархлаажуулах нь үр дүнтэй гэж үздэг. Ротавирусийн вакцин хоёр төрөл байна. Вакцины төрлөөс хамаарч хоёр, эсвэл гурван удаагийн тунг тодорхой хугацааны давтамжтайгаар хийдэг.

-Ханиад томууны үеэр хүүхдэд ямар хоол хүнс түлхүү хэрэглэх шаардлагатай вэ?

-Эрүүл ахуйн болоод гарын ариун цэврийг маш сайн сахих хэрэгтэй. Мөн хоол хүнс бэлтгэхдээ ариун цэвэр сахихаас гадна хүүхдийн угж соосог зэргийг сайн угаах хэрэгтэй. Эрт илрүүлсэн үед тухайн хүүхдийг тусгаарлах ёстой. Хүүхдийн дархлааг сайжруулахын тулд жимс ногоо, аминдэмтэй хүнс хэрэглэх нь зүйтэй. Энэ өвчний үед хоолонд тулгуурсан шингэнүүдийг өгдөг. Жишээ нь хярам, буцалсан ус, шингэн байхуу байж болно. Энэ халдварын үед антибиотикийг хориглодог. Үрэвслийн эсрэг эмчилгээ хийж болохгүй харин вирус устгах эмчилгээ хийж болно. Хамгийн гол нь витамин Д-г сайн уулгах ёстой. Витамин Д-г авахад хүний биеийн 40-70 хувь ил гарсан байх ёстой байдаг. Тэгэхээр бид өвлийн улиралд биеэ ил гаргах боломжгүй. Тиймээс хүүхдүүддээ витамин Д-г авч өгч хэрэгтэй. Манайд дөрөвдүгээр сард витамин Д-г хамгийн их хангалттай тунгаар авах боломжтой байдаг. Витамин Д-гийн дутагдлаас бага насны хүүхэд их цочимтгой болох, хөхөө хөхөхдөө толгойн хэсэгтээ хөлөрнө. Үүнээсээ болж толгойгоо шилгээснээс арынх нь үс халцардаг. Энэ нь рахитын шинж. Мөн шээс нь хурц үнэртэй болдог. Витамин Д дутагдахаар кальци бас дутагддаг. Кальци дутагдсанаас хүүхдүүдэд янз бүрийн таталт өгөхөөс гадна хоолой нь сөөдөг. 7-8 нас хүрчихээд сүүн шүд нь унахгүй байна гэдэг нь витамин Д-гийн дутагдлаас болж байна. Үүнээс болж шүд нь хэврэг, цоорно. Ер нь витамин Д-г нөхөхгүй болохоор хүүхэд хичээлдээ идэвхгүй, уур уцаартай болдог.

-Эмийн санд витамин Д-гийн олон төрөл байдаг шүү дээ?

-Д-гийн төрлийн олон эм бий. Насны онцлогоос шалтгаалаад хүүхэд 500, өсвөр насныхан 1,000, насанд хүрэгчид 2,000 мг-тайг ууна. Харин хөхүүл ээжүүд 5,000-аас илүүг ууж болохгүй. Жирэмсэн ээжүүд 2,000-4,000 мг-тайг эмчийн заавраар заавал уух ёстой. Төрөн төртлөө уухад витамин Д-гийн нөөцтэй хүүхэд төрнө. Хүмүүс витамин Д-гийн гадаад, дотоод хүчин зүйлүүд ямар байдгийг мэдэхгүй яваад байна. Зун витамин Д ямар ч шаардлагагүй гэж боддог нь буруу юм.

-Энэ вирусаар хэр их хүүхэд халдварлаж байна вэ?

-Өвлийн улирал тэр тусмаа ханиад томууны үед энэ вирусийн тархалт өндөр байна. Эцэг эхчүүд хүүхдээ бөөлжөөд, суулгаад ирэхээр хоол унднаас хордсон байна гэж ойлгоод байдаг. Дэгдэлт гарч байгаа энэ үед ротавирусийн халдвар л байгаад байгаа. Энэ үед хүүхдийн өтгөнийг шинжилж үзэх хэрэгтэй байдаг. Бөөлжсөн суулгасан хүүхдийн ихэнх нь энэ халдварыг авсан байна. Халдвар авч байгаа хүүхдүүдийн дийлэнх нь 1-5 насныхан байна.


Онцлох нийтлэлүүд