Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Нийслэлд өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн насны 73,818 хүүхдийн хүсэлт бүртгэгджээ DNN.mn Монголд импортоор орж ирэх 9000 чингэлэг Тяньжинд гацаад байсныг татан авсаар 1200 үлджээ DNN.mn Энэтхэг улс тусгаар тогтносны 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ DNN.mn Гал түймрийн аюулаас 355 сая төгрөгийн эд хөрөнгө, 20 иргэний амь насыг авран хамгаалав DNN.mn Булган аймагт үхрийн арьс товруутах өвчин илэрч 1657 үхрийг вакцинжуулсан байна DNN.mn ҮХЦ: Засгийн газрын 4 гишүүн УИХ-ын гишүүн байж болох хязгаарлалтыг хүчингүй болгов DNN.mn Алба хаагчид 10-12 метрийн гүнд шумбалт хийлээ DNN.mn Дахин төлөвлөлтийн хүрээнд 1730 айлын орон сууц барина DNN.mn Нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага тааруу байна DNN.mn Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 74 хувийн биелэлттэй байна DNN.mn Нийслэлд өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн насны 73,818 хүүхдийн хүсэлт бүртгэгджээ DNN.mn Монголд импортоор орж ирэх 9000 чингэлэг Тяньжинд гацаад байсныг татан авсаар 1200 үлджээ DNN.mn Энэтхэг улс тусгаар тогтносны 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ DNN.mn Гал түймрийн аюулаас 355 сая төгрөгийн эд хөрөнгө, 20 иргэний амь насыг авран хамгаалав DNN.mn Булган аймагт үхрийн арьс товруутах өвчин илэрч 1657 үхрийг вакцинжуулсан байна DNN.mn ҮХЦ: Засгийн газрын 4 гишүүн УИХ-ын гишүүн байж болох хязгаарлалтыг хүчингүй болгов DNN.mn Алба хаагчид 10-12 метрийн гүнд шумбалт хийлээ DNN.mn Дахин төлөвлөлтийн хүрээнд 1730 айлын орон сууц барина DNN.mn Нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага тааруу байна DNN.mn Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 74 хувийн биелэлттэй байна DNN.mn
Цаг үе
2015.04.09 10:04

Р.Нямдорж: Би бол зөнгөөрөө, зоволгүй амьдарч байгаа хүн

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдоржтой ярилцлаа.

-МҮБХ-ны 25 жилийн ой болж байгаа гэхээр их л хэцүү цагт байгуулагдсан байж таарах нь. Цаг төр ороо бусгаа, нийгэм шилжиж байх үед чухам Монгол бөхийг онцлох санаа хаанаас төрсөн бол?

-Улсын заан Давааням анх санаачилсан юм. Миний дүү л дээ. 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд нийслэлд МоАХ-ны анхны жагсаал болсон. Энэ жагсаал нийгмийн дуудлага болсон. Олон санаа хүмүүст төрсөн. МҮБХ-г байгуулах санаа Даваанямд төрж л дээ. Яагаад намайг шахав гэхээр багаасаа нэг гэрт өссөн ах дүү хоёр. Дээр нь би бөхийн хорхойтон. “Монгол бөх” гэдэг сэтгүүл 1988 онд гаргасан хуульч мэргэжилтэй гээд хэрэг болох зүйл надад байж л дээ. Бид 1990 оны хоёрдугаар сард шуурхай ажиллаж эхэлсэн. Тэгээд 1990 оны дөрөвдүгээр сарын 14-нд МҮБХ-г зохион байгуулах хурлыг хийсэн юм.

-Бөхийн холбоог бөх бус хүн тэргүүлэх болсон нь тухайн үед хүлээн зөвшөөрөгдөхөд амаргүй байсан уу?

-Тэр үед их сургуулийн багш гэдэг нэр хүндтэй ажил. Их сургууль гэдэг тухайн үед ямар агуулгаар тодорхойлогдож байсан гэхээр манай багш нар Намын төв хорооны боловсон хүчний нөөцийн боловсон хүчин гэдгээр үнэлэгддэг байсан. Дээрээс бууж ирсэн дарга нар их сургуульд шингэдэг. Соёлын яамны сайд Ц.Намсрай гэдэг хүн буугаад, их сургуулийн багш болоход их сургуулийн ректор Ж.Батмөнх гэдэг хүн Намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга болж байх жишээтэй. Ийм үе юм.

-Таныг бас улстөрчидтэй ч хэл үгээ ойлголцох хүн гэж үзсэн болов уу?

-Намайг сонгоход нэгдүгээрт бөхийн хорхойтон гэдэг маань нөлөөлсөн болов уу. Хоёр хүн барилдсан ч очиж үздэг байлаа. Багаасаа Даваанямтай барилдаж өссөн. Яг нарийн яривал 1990 оны Ардчилсан холбооны хөдөлгөөн миний эрхэлдэг Кримналистикийн лабораторид төвлөрч байлаа. С.Зориг бид хоёр нэг факултетийн хоёр тэнхмийн багш байлаа. Лүндээжанцан, Амарсанаа, Дэлгэрмаа гээд манай их сургуулийн багш нар бүгд л тус тусын замаар улс төрд явсан. Гэхдээ би энд ирсэндээ баярлаж явдаг хүн шүү.

-Бөхийн өргөө байгуулахаар нэлээд хэдэн жил яригдаад сүүлд төрөөс хөрөнгө оруулж, барилгын ажлыг дуусгаж байсан санагддаг?

-Бөхийн өргөө байгуулна гэж 1991 онд Данзан, Нямдорж хоёр санаачлаад гараараа хар зураг гаргаад, ийм дугуй байх юм. Энэ дотроо найман сектортой, дээрээ цонхтой, найман сектор нь арагшаа арван эгнээ суудалтай байх юм, голдоо чөлөөт бөхийн дэвжээ гурвыг засах юм гээд л. МҮБХ байгуулагдаад жилийн дараа Бөхийн өргөө байгуулахаар хөөцөлдөж явлаа. Манай тэргүүлэгчид мундаг улсууд байв. Соёлын яамны орлогч сайд байсан Даваасамбуу гуай манай нэг дэд тэргүүн, Худалдаа аж үйлдвэрийн яам гэж байсан түүний дэд сайд Мандалсүрэн, Барилгын цэргийн удирдах газрын дарга, хурандаа Жаргал гэх мэт ажил амьдралын туршлагатай бүгд Данзан бид хоёроос ахмад улсууд байлаа. Улсын заан Мягмар, Дагвасүрэн гээд нэртэй тохьтой бөхчүүд мөн тэргүүлэгчид. Бид хоёр тэднээсээ айж байгаад ийм байшин барья гэж хэлж байсан даа.

-Тэр үед идэх талхаа олоход хэцүү үе байсан. Хандив өгнө гэдэг бэрх байсан үе биз?

-Бид 1993 онд ажлаа эхэлсэн. Тэгэхэд картын бараанд шилжсэн байсан. Лангуун дээр давс л байсан үе. Хандив цуглуулах гэж янз бүрийн юм сэдсэн. Тэгээд төгсгөлд нь төрөөс мөнгө гуйсан. Намайг ингэж гуйх чигийг одоогийн Ерөнхийлөгч гаргасан гэж болно. Засаг бариагүй жирийн иргэн байхдаа тэр нэг удаа бөх үзэж суугаад надад “Ард иргэдийн үүсгэл санаачилгын ажил 40 хувийн биелэлттэй байвал төр засгаас дэмждэг практик дэлхийд байдаг юм аа. Та Жасрай гуайд хандаач” гэсэн. Тэр үед нь би хандаагүй боловч 1996 онд одоогийн Ерөнхийлөгч Олонхийн бүлгийн дарга, УИХ-ын дарга Р.Гончигдорж байхад гэрээр бол ханаа дугуйлаад, тооноо босгоод, униа өлгөчихсөн. Бүрээс, зуух хэрэгтэй байх үед нь төрд хандсан юм. Р.Гончигдорж бид их сургуульд хамт багшилж байсан хүмүүс. Би түүн дээр ороод “Одоо бол ард түмэн юу ч өгөх чадваргүй болсоон. Өгдөгөө өгчихлөө. 800 сая төгрөг та нар шийдэж өг өө” гэж гэлээ. Гончигоо “Би ганцаараа шийдэхгүй” гэсэн. Олонхийн бүлгийн хурлаар энэ асуудал орсон юм. Ц.Элбэгдорж дарга бага залуу байж дээ. Тэр хурлыг их урлагтай даргалсан. Гончигдорж бол намайг хажуудаа суулгаж байгаад зааварчилсан. “Одоо дуугүй байгаарай. Одоо тайлбараа хэл” гээд...Зарим нь уур хүрмээр юм хэлнэ шүү дээ. “Арзайж сэрзийсэн хагас дутуу юм босгочихоод, мөнгө нэхээд байдаг болно шүү” гэж хэлэх хүн байсан. Янз бүрийн үзэл бодлын дундуур. 800 сая төгрөг шийдэж өгсөн дөө. “Төрөөс ТББ-д дэмжлэг үзүүлж болно” гэсэн ТББ-ын тухай хуулийн заалтаар өгсөн юм. Түүнээс төрөөс хөрөнгө оруулалт хийсэн юм биш л дээ.

-Хүн бүр гэрээ яаж авч явах вэ гэж байх үед монгол бөхийг яаж хөгжүүлэх вэ гээд явна гэдэг уужим сэтгэл ээ?

-Уужим ч гэх юу байх вэ. Ер нь аав ээжийн л буян юм. Манай аав, ээж хоёр намайг үнэнч хүмүүжүүлсний хүч гэж их байна гэж бодогддог. Хорвоо ертөнцөд тэнэж явсан сүнс аав, ээжид очиж, хүн болж биежинэ гэдэг том учрал ерөөл гэдэг. Үүний төлөө хүн аав, ээж хоёртоо баярлаж явах учиртай. Би аав ээжийнхээ зөв бүтээл болохоор зөнгөөрөө зоволгүй амьдарч байгаа хүн. Түүнээс би ингэчихвэл мөнгө олчих юм байна, ингэчихвэл миний нэр хүнд дээшлэх юм байна гэж яваагүй.

- Гэргий тань “Юун бөх вэ. Ахуй амьдралаа бод” энэ тэр гээгүй юу?

-Гэргий маань бас их сургуулийн физикийн анги төгссөн, нэг сургуульд сурч байсан, хар залуугаасаа хань бүл болчихсон. Угаасаа миний хийж байгаа ажлыг хүлээн зөвшөөрнө. Энэ хөнгөн савсаг юм хөөцөлдөхгүй гэж мэддэг л дээ. Би их боддог, бодож бодож тэгнэ ээ гэсэн юмыг “За, энэ хийгүй бодсон байгаа” гэж ойлгоод хүлээж авдаг юм. Амьдралаа энэ хүн аваад явсан. Манайх ядуу амьдраагүй бас баяжаагүй. Зүгээр л сайхан дундаж амьдарч байна.

-Тэр үеийн мундаг хүмүүс Бөхийн холбооны тэргүүлэгчид байсан гэж хэллээ. Тэр үед энэ хүмүүс Бөхийн холбоог байгуулахдаа монгол бөх цаашдаа ингэж хөгжих ёстой гэсэн төсөөлөл байсан болов уу?

-Тэр хүмүүс яг нарийндаа бөхийн нарийн ширийн юм руу оролцоогүй. Тэр мундаг хүмүүс яасан гэхээр Худалдаа аж үйлдврийн дэд сайд Мандалсүрэн гэхэд худалдааны салбарын байгууллагуудаар Бөхийн өргөөнд хандив өргүүлэх дэмжлэг авах ажлыг хийж байсан. Ю.Жаргал хурандаа Монгол бөхийн өргөөг барилгын цэргээр бариулах санаачилга гаргаж байсан гэх мэт.

-Бөхийн өргөөний хананд хэр олон байгууллага, хүмүүсийн нэрийг мөнхөлсөн бэ?

-Хувь хүн цөөхөн юм. Долоон хүн сая төгрөг, арваад хүн 500 мянган төгрөг, хориод хүн 250 мянган төгрөгөөр нэрээ мөнхжүүлж байсан юм. Байгууллагыг хоёр, гурав, таван сая төгрөгөөр мөнхөлсөн.

-Тэр үед онцгой хүмүүс сая төгрөг гаргасан байж таарна?

-Тэгэлгүй яах вэ. Б.Бат-Эрдэнэ аварга, санаачлагч Давааням, улсын заан Хүрэлбаатар, Баярсайхан, Ганболд гээд тухайн үедээ амьжиргаатай явсан хэд нь гаргасан даа. Гэхдээ амьжиргаатай явсан бөх болгон өгөөгүй юм шүү. Манайд 526 хүн хандив өгсөн байдаг.

-Та нэр төрийн арилжаа гэж яаж бодож олов?

-Говь-Алтай аймагт хандивын ажлаар очсон байсан чинь аймгийн захиргаан дээр хурал хийлээ. Хурал дээр хүмүүс ярих нь “Янз бүрийн гоё нэртэй хандивын гуйлга дарж байна, үүнийг болимоор байна” гээд бараг надад зориулсан юм шиг уур амьсгал үүслээ. Тэгэнгүүт л гэнэт нэр төрийн арилжаа гэдэг үг санаанд ороход нь босоод ярьсан. “Би та нараас хандив гуйх гэж ирээгүй. Би та нарыг наана яривал монгол бөхийн түүхэнд цаана яривал Монголын түүхэнд мөнхлөх гэж анх удаа аймагтаа ирлээ. Та нар одоо бүтээн босгож байгаа Монгол бөхийн өргөөнд 5 сая төгрөг өгвөл ингэнэ” гээд яралзтал ярьсан. Нэр төрийн арилжаа гэдэг ингэж эхэлсэн. Өмнө нь хандив өгсөн хүмүүс хандиваа нэр төрийн арилжаанд тооцуулъя гээд хоёр сая төгрөг өгсөн нь гурван сая төгрөг нэмж өгч явсан юм шүү дээ. Нэг уран тодорхой санаа мундаг шүү.

-Өнгөрсөн 25 жилийн турш та юу хийснээрээ бахархдаг вэ, хийж амжаагүйдээ харамсдаг зүйл байдаг уу?

-Монгол бөх хаягдаад байсан. Данзан бид хоёр 1988 онд “Бөхийн хөдөлмөр” гэдэг өгүүлэл бичсэн. Тэр үед Монгол улс дөрөв тавхан сонинтой байсан. Тэрэнд өгүүлэл бичнэ гэдэг эрдэмтэн болох шахуу юм байлаа. Бид хоёрын бичсэн зүйлийг “Хөдөлмөр” сонинд гаргасан. Тэгэхэд бөх ийм байж болохгүй, бөхчүүдийн хөдөлмөр үнэлэгдэх ёстой гээд бичсэнийг бодоход тэр үед ийм байх ёстой гэсэн ямар нэг дүр зураг босгочихсон байж. Тэгээд 1990 онд боломж гарахаар “Та, насаараа бөх үзлээ, ингэх ёстой гээд өгүүлэл бичлээ, сэтгүүл гаргалаа. Одоо үүнийгээ ажил болгооч, та худлаа хүн байна шүү дээ” гээд дүү маань хор хуссан. Хоёр сар шахуу ингэж яриад би эрдмийн ажил бүх юмаа орхиод холбоо байгуулаад нэг жил ажиллахад ямар бэрхшээл тохиолдсон гээч. Спортын төв ордон бөх барилдуулаад олсон орлогоо өөрөө авдаг байсан. Бөхөө барилдуулаад орлогоо аваад, бөхийнхөө нийгмийн асуудлыг шийдэх гэхээр зааландаа барилдуулахгүй гэлээ. Энэ байдлаас үүдээд Монгол бөхийг тууштай хөгжүүлье гэвэл бие даасан ордонтой болох ёстой юм байна гэж бодсон. Бөхийн өргөө 1998 оны арванхоёрдугаар сард ашиглалтанд орсон. Бид Монгол бөхөд урьд өмнө байгаагүй 50 шинэ зүйл хийсэн байдаг. МҮБХ-г байгуулна гэдэг өөрөө нэг шинэ зүйл. Нийгэмд 17 жишиг тогтоосон байна. Жишээлбэл МҮБХ гэдэг байгууллага зах зээлийн нийгэмд ТББ хэрхэн ажиллах жишиг тогтоосон. МҮБХ 200 төлөөлөгч хуралддаг “Их эе” гэдэг хуралтай. Дөрвөн жилдээ нэг хуралддаг, энэ хооронд МҮБХ-ны удирдлагыг хэн хэрэгжүүлдэг гэхээр 67 хүний бүрэлдэхүүнтэй Цэцдийн зөвлөл гэж жил бүр хуралддаг хурал шийддэг. Өдөр тутмын удирдлагыг тэргүүн, тэргүүлэгчдийн хамт хэрэгжүүлдэг ийм удирдлагын тогтолцоог бий болгосон. 10 рекорд амжилт тогтоосон. Нийгэмд өгөөжөө өгсөн 10 сэдэл хэрэгжүүлсэн. Сүмо бөхөд “Ошима” дэвжээний эзэнтэй гэрээ байгуулаад, зургаан хүүхдийг 1992 онд анх явууллаа. Энэ бол Монголыг дэлхийд сурталчлах цоо шинэ гарц. Сүмод явсан хүүхдийн тоогоор монгол айлын санхүүгийн асуудал шийдэгдэж байна.

-Монгол эр хүн монгол бөх гэдэг цаг үеэ дагаад өөрчлөгдөж байгаа байх аа. Гэхдээ монгол бөхийн ёс, жудгийг яаж хадгалах ёстой вэ?

-Монгол хүн бөхөө монгол эрчүүдийн загвар шүтээн гэдэг. Тэрэнд нийцэж байж монгол бөх байх ёстой гэдэг үүднээс Бөхийн холбоо ханддаг. Бөх хүн жудагтай. Монгол бөх зан араншингийн онцлогтой гэсэн судалгааны дүн бий. Монгол бөхөөр явахад зан араншингийн хувьд бөх араншин гэдэг юм байна гэж бид ярьж байгаа. Жирийн эр хүнд байдаггүй чанар. Амьдралаа алдсан бөх гэж байдаггүй.

-Спорт хүнийг хүмүүжүүлдэг гэдэг. Бөхийн секцэнд хүүгээ оруулбал жудагтай эр хүн болох байх гэж эцэг эхчүүд найдлага тээж магадгүй?

-“Нутгийн салхи”гэж хөтөлбөр бид хэрэгжүүлсэн. Ерөнхий боловсролын бүх сургуулийг бөх барилдах хивс, зодог шуудаг, Монгол бөхөд анхлан суралцах бичиг гэсэн бүтээлээр хангасан. Тавдугаар ангиас эхлээд бүх эрэгтэй хүүхэддээ зодог шуудаг өмсүүлж, ангийн аварга шалгаруулж барилдуулах удирдамжтай. Бүгдийг нь бөх болгох гэж байгаа юм биш зодог шуудаг өмсөөд, ялан дийлээд, туг тойрохоор хүний сэтгэл зүйд ямар өөрчлөлт гардгийг өвлүүлэх зорилготой. Одоогийн хүүхдүүд байнга компьютер ширтээд, амьд организмтай харьцаж чаддаггүй болж байна. Ийм болохоор спортын хүмүүжлийг япончууд бол жүдо, сүмогоор олгож байгаа юм билээ. Үүнийг бид монгол бөхөөр олгох хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм.

-Яагаад 1024 бөх барилдуулахаар болсон юм бэ?

-25 жилийн ойгоор дөрөвдүгээр сарын 11-нд цэцэрлэгийн насны 256 хүүхэд барилдана. 11-нд бас нийтийн монгол бөхийн шандастан барилдана. Монгол бөхөөр байнга барилддаггүй ч ажлынхаа хажуугаар хааяа барилддаг залуусыг нийтийн монгол бөх гэж байгаа юм. 12-ны 14 цагаас улс аймгийн алдар цолтой болон цолгүй 45 наснаас дээш ахмад бөхчүүдийн барилдаан болно.

-45 наснаас дээш бөхчүүдийн барилдаанд Б.Бат-Эрдэнэ аварга, бусад алдартай аваргууд зодоглох болов уу?

-Үгүй байхаа 45-51 насныхан барилдах болов уу. Манай бөхчүүд идэр залуу байсан бие хаагаараа хүмүүст тогтоогдсон болохоор өнөөдөр гарахад ямар байх вэ гэдгээ тооцоолдог. Ахмад бөхчүүдээ 11-ндээ бүртгээд 12-ндоо барилдуулна.

-Монгол бөхийн холбоог танаас өөр хүн тэргүүлж байгаагаар төсөөлөхөд хэцүү. МҮБХ-ны дараагийн удирдлага ямар хүн байгаа­сай гэж та боддог вэ?

-Үнэхээр бид энэ 25 жилд маш хурдтай эрчимтэй ажиллалаа. Хүрсэн түвшнээс буулгахгүй, бөхийн хоббитой, улс төрийн бус хүн энэ холбоог тэргүүлэх ёстой гэдэг жишиг бий. Гэхдээ бөхийн холбоог булааж авахыг санаархдаг увайгүй хүмүүст өгч болохгүй. Монгол бөхийн ирээдүй “Их эе”-ийн 200 төлөөлөгчийн гарт бий.

Б.ЯНЖМАА

Онцлох нийтлэлүүд