ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2020.09.25 09:09

Солонгосыг дайлсан нь


БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

Тухайн үед Солонгосын хойгт Корё династи (918-1270) оршиж байлаа. Хөрш зэргэлдээ хятанчууд тэдэн рүү байнга довтлон зовоож байсан. Хятаны хамгийн сүүлчийн довтолгоо 1219 онд болсон юм. Гэхдээ тэд Чингисийн цэрэгт хөөгдөн тийш очсон хэрэг. Араас нь элдсэн монголчууд ингэж анх удаа Солонгост “зочилжээ”. Кото цайзад бүгсэн хятанчуудыг монгол цэрэг бүслэн буулгаж аваад нутаг буцсан. Төв Азид их дайн эхлүүлсэн монголчуудад Солонгосыг эзэлж байх зав байсангүй. Харин ч хятан нарыг буулгаж авахад солонгосчууд Монголын холбоотон болж хамт дайтсан билээ.

Хойгийг эзлэх жинхэнэ дайныг 1231 онд Өгэдэй хаан эхлүүлсэн. Монгол цэрэг Корёгийн нийслэл Кэйсонг эзэлж, нийт нутгийнх нь ихээхэн хэсгийг булаан авчээ. Солонгосын хаан ихээхэн гувчуур өгч байж арай гэж найрамдав. Энэ өглөгийг монголчууд чамлан улам ихийг нэхсэн төдийгүй язгууртан удмын хүүхэд барьцаанд өгөхийг шаардав. Иймээс солонгосчууд найрамдлаа таслаад Ганва (Ganghwa) хэмээх арал руу зугтан бүгжээ.

Ердөө дөрвөн жилийн дараа монгол цэрэг Солонгос руу хоёр дахь довтолгоогоо эхэллээ. Ганва аралд тусгаар тогтнолоо хадгалсаар буй Чой Ү-ийн (Choe U) төрийг бууж өгөхийг шаардан эх газартаа эргэж ирэхийг шаардан элч илгээсэн боловч цаадуул нь шаардлагыг биелүүлсэнгүй. Хойтон жил нь гурав дахь довтолгоо боллоо. Энэ удаа Солонгосын хойгийг тэр чигээр нь эзлэв. Тусгаар Ганва арал эзлэгдэлгүй үлдсэн боловч эзэд ноёд энэ удаа гэр бүлийнхнээ монголчуудад барьцаанд өгөв.

1247 онд монголчууд дөрөв дэх удаагаа довтолсон боловч Ганвагийн төр мөн л бууж өгсөнгүй. 1253 оны тав дахь довтолгоонд Солонгосын ван өөрийн биеэр монголчууд дээр ирж хүүгээ барьцаанд өгсөн боловч аралдаа шигдэн үлджээ. 1254-1259 оны зургаа дахь довтолгоогоороо Солонгосын хойгийг тэр чигээр нь хоёр дахь удаагаа бүрэн эзэлж, бууж өгдөггүй Ганвагийн төрд уурсан залхсан монголчууд Солонгосыг үнсэн товрог болгожээ. Энэ тухай Корё түүхэнд:

Энэ үед (1254) монгол цэрэг ойролцоогоор 206 мянга 800 хүн олзолсон ба алагдсан хүний тоо хязгааргүй. Монгол цэрэг явж өнгөрсөн хот тосгон үнсэн товрог болов.Солонгосын хаад тоглоомын хүн болж цэргийнхэн энэ хооронд засаглаж байсан учир ийнхүү удтал эсэргүүцэн тэмцсээр байсан тул солонгосчууд асар их хохирол хүлээжээ. Дөнгөж 1258 онд Ганва аралд бослого гарснаар Чой Ү-гийн дэглэм унасан юм.

1259 онд Корё династийн сүүлчийн хаан болсон Воньжон (Wonjong of Goryeo) Хятад орж Хубилай хаантай уулзан бууж өгснөө илэрхийлсэн юм. Хубилай түүнийг Солонгосын хаан болгосон, энэ цагаас Солонгос нь Юань гүрний вассал болсон. Түүгээр үл барам Чун Ни Өл нь Хубилайн гүнжтэй гэр бүл болжээ. Энэ айлаас Юанийн томоохон язгууртан Ижилбөх ван төрсөн юм. Энэ үеэс монгол, солонгосчууд хүргэн бэр идэвхтэй солилцох болов. Хубилайгаас хойших Юанийн хаадын ихэнх нь солонгос эхнэртэй байсан.

Солонгосын хаан Гонминь (King Gongmin of Goryeo) монгол эхнэр авсан нь Будшир хэмээх монгол нэртэй Солонгосын хатан хаан Ногук (Qween Noguk) юм. Будшир нь Хубилай хааны гуч охин. Юанийн сүүлчийн их хаан Тогоонтөмөр ч солонгос эхнэртэй байсан, түүнийг хатан хаан Чи (Em­press Qi) гэдэг байлаа. Тэрээр Өлзийхутуг хааны эх бөлгөө.

1270 онд Ганва аралд үлдсэн цэргийн эрхтнүүд бослого гарган Солонгосын шинэ хаан Воньжоныг унагах гэж оролдов. Бослогыг Монгол, Солонгосын хамтарсан цэргийн хүчээр дарж, явцдаа Жэжү арлыг эзэлсэн билээ. Японыг эзлэхээр довтолсон Хубилайн довтолгоон нь ч Монгол, Солонгосын хамтарсан цэргийн хүч байсан юм.

Хянганы нуруугаар нутагладаг, Чингисийн дүүгийн удам Наян, Бадан нар, Өгэдэйн удмын Хайдутай хүч хавсран 1287 онд Юань гүрний эсрэг бослого дэгдээжээ. Нас өндөр болсон Хубилайд хол газрыг морь унан туулах тэнхээ байсангүй. Гэвч өөрийн биеэр цэрэг удирдахаар шийдэж заан хөлөглөн Буйр нуурт хүрчээ. Тэнд Наянгийн цэргийг бут цохиод, Хайдуг цохихоор Хангайн нуруу руу хөдөлсөн аж. Ингэсээр 1292 онд Монгол-Солонгосын хамтарсан цэргийн хүч бослогыг бүрмөсөн дарсан түүхтэй.

Онцлох нийтлэлүүд