Спорт
2015.03.13 06:03

Сонирхогчдын волейболын тэмцээн болно

Монголын Волейболын Залуучуудын холбоо, Монголын Залуучуудын холбоо хамтран энэ сард "Спортлог сар" аян өрнүүлэхээр болжээ. Уг аяны хүрээнд Медальд хүрэх зам “С” зэрэглэлийн волейболын тэмцээн зохион байгуулах болсон талаараа мэдээлэв. Тэмцээнийг А, В, С зэрэглэлээр ангилан явуулах юм байна.

Энэ удаагийн С зэрэглэлийн тэмцээн энэ сарын 21, 22-нд баруун бүсийн аварга, 28, 29-ны өдрүүдэд зүүн бүсийн аварга шалгаруулж, дөрөвдүгээр сарын 4, 5-нд хагас болон финалын тоглолт ОБЕГ-ын Аврагч спорт хорооны зааланд болохоор төлөвлөжээ. Тэмцээнд 16 наснаас дээш бүх насны сонирхогчид оролцох боломжтой бөгөөд 35-40 насны спортын мастер цолтой хоёр тамирчин орж болох юм байна. Мөн 40-өөс дээш насны бүх волейбол сонирхогч зэрэг цолтой тамирчид орох боломжтой. Энэ тэмцээн нь жилд дөрвөн удаа өрсөлдөн улиралд нэг удаа зохион байгуулагддагаараа онцлогтой бөгөөд багуудын нийлбэр дүнгээр медалийн эзэд тодрох аж.

Өнгөрсөн тэмцээнд нийт эрэгтэй 42 баг, эмэгтэй 21 баг нийт 700 гаруй тамирчид өрсөлдөснөөс одоогийн байдлаар эрэгтэй багуудаас нэгдүгээр байранд ДЦС-4 ТӨХК баг, эмэгтэй нэгдүгээр байранд Их засаг их сургуулийн баг тамирчид дөрвөн оноогоор тэргүүлж яваа юм байна. Харин энэ тэмцээнд шинээр баг нэмэгдэж орох боломжтой, техникийн зөвлөгөөн энэ сарын 19-ны 19:00 цагаас Монголын Залуучуудын Холбооны нэг давхарын хурлын танхимд болно гэж зохион байгуулагчдын зүгээс мэдээлэв.

Онцлох нийтлэлүүд