Нийгэм
2015.02.18 06:02

СХД-ийн АН-ын байрны хаалгыг эвджээ

Сүүлийн хэдэн жил дотооддоо хагаралтай болсон Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын хэсэг нөхөд сар шинийн битүүний энэ өдөр намынхаа байрны хаалгыг эвдэн оржээ. Сар гаруйн өмнө АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, Нийслэлийн орлогч дарга Н.Гантөмөр нарын оролцоотойгоор цөөн хэдэн нөхөд хуралдаж, СХД-ийн АН-ын гишүүн болох Ш.Одгэрэлийг дүүргийн намынхаа даргаар томилсон. Харин энэ хурлыг АН-ын хяналтын зөвлөлөөс “Дүрмийн бус хурал” болсон хэмээн дүгнэж, Ш.Одгэрэлийг дэмжээгүй аж. Гэвч тэрээр дөнгөж сая намынхаа тамга тэмдгийг авахаар хэсэг залуус дагуулан ирж, дүүргийн намын байрныхаа хаалга үүдийг эвдэн орсон таллар дүүргийн намын хорооноос мэдээллээ. Бүх хүмүүс амарч, сар шинэдээ золгохоор сэтгэл санаа амгалан үед ийнхүү дайрсан нь тэдний хэрхэн ёс зүйгүй болохыг харуулж байгаа үйлдэл гэж АН-ыхан хэлж байна. Түүний ард АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, Нийслэлийн орлогч дарга Н.Гантөмөр нар байгаа гэж хардах хүмүүс ч цөөнгүй байна.

Онцлох нийтлэлүүд