ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2017.09.21 12:09

СҮГ-үүд шийдвэр гаргах эрхтэй юу?

Монголчууд СҮГ гэдэг товчилсон үгийг хэдийнэ андахгүй болсон. Байнга л засаг огцорч, хөдөлгөөнтэй байдаг болохоор байсхийгээд СҮГ-үүд гараад л ирдэг. Тийм болохоор огцорсон Засгийн газрын гишүүдийг сайдын үүрэг гүйцэтгэгч буюу СҮГ-үүд гэж товчилсон үгээр хэлээд хэвшсэн. Сүүлийн хэдэн жил сонгуульд хугацаандаа буюу бүтэн дөрвөн жил тасралтгүй ажилласан Засгийн газар байсангүй. Монголд хамгийн удаан тогтвортой байсан Засгийн газар нь хоёр жил гаран болсон байдаг. Өмнөх парламентад Н.Алтанхуяггийн Засгийн газар 2012 оны наймдугаар сараас 2014 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийг хүртэл ажилласан. Дараа нь Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2016 оны УИХ-ын сонгууль хүртэл ажилласан юм. Энэ удаад Ж.Эрдэнэбатын Засгийн газар ч ялгаагүй жил гаруйхан хугацаанд ажиллаад уналаа. Түүний танхимыг энэ сарын 6-ны өдөр УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар огцруулсан. Дараагийн Засгийн газрыг 30 хоногийн дотор эмхлэн байгуулах хуулийн заалттай. Тиймээс одоо СҮГ-үүд ажиллаж байна. Тэд Засгийн газрын хоёр ч удаагийн хуралдаанаар хэд хэдэн шийдвэрүүдийг гаргаад авав. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт есдүгээр сарын 13-ны хуралдаанаар Ноён уул, Тост, Тосон бумбын нуруу орчим дахь тусгай зөвшөөрлийг цуцлахаар шийдвэрлэлээ. Мөн цагдаагийн алба хаагчид тэтгэмж, тусламж олгох журмыг баталсан. НДШ төлөхөд баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоов. СҮГ-үүд өчигдөр засгийн хуралдаанаар ч хэд хэдэн асуудлуудыг шийдвэрлэнэ лээ. Сүрьеэгийн тасгийн ажилтнуудад 30 хувийн нэмэгдэл олгоно, цалинг ур чадвар, гүйцэтгэл, мэргэшлийн зэрэгтэй уялдуулахаар болов. Мөн хүүхдийн хөгжилд чиглэсэн хөтөлбөрийг баталж, эрчим хүч хэмнэх хөтөлбөр хэрэгжүүлнэ гэлээ. Түүнчлэн энэ онд төсөв зардал ихтэй хоёр томоохон наадмыг Монголд зохион байгуулахыг СҮГ-үүд дэмжжээ.

Ер нь СҮГ-үүд шийдвэр гаргах эрхтэй юу. Яагаад ингэж хэлээд байна вэ гэхээр “Усанд ойчсон хүн бороонд норохоос айдаггүй” гэдэг ардын үг бий. Нэгэнт огцорсон, үүрэг гүйцэтгэгч хүмүүс улс орныхоо эрх ашгийг уландаа гишгэж, амин хувиа бодсон, ард түмнийг хохироосон шийдвэр гаргасан байлаа ч хариуцлага хүлээхгүй. Хэд хоногийн дараа огцроод алга болно, энэ СҮГ-үүд. Угаасаа тэднийг хоноцын сэтгэлээр хандсан гээд огцруулсан биш бил үү. Тиймээс СҮГ-үүдээр олон удаа шийдвэр гаргуулмааргүй байна. Эдийн засаг амаргүй байгаа, өвөлжилт хаяанд ирсэн энэ цаг үед төр засгаа хурдан байгуулаач ээ. Цаашдаа хариуцлага хүлээх эрх зүйн бүрэн чадамжтай албан ёсны хүмүүсээ тавих хэрэгтэй байна.

М.МӨНХ

Онцлох нийтлэлүүд