Өдрийн сонин үнэнийг хэлнэ
СОНИНЫ АРЫН НҮҮР: Багтаагаад аваад ирсэн юмаа буцаагаад ачаад яваарай DNN.mn Үнийн өсөлтийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсэг байгуулна DNN.mn "NAADAM NIGHT-2022" үдшийн цэнгүүний тасалбар худалдаанд гарлаа DNN.mn ЭМЯ: Коронавируст халдварын 54 тохиолдол батлагдлаа DNN.mn Барилгын салбарт гарсан ослын шалтгааныг судлах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулна DNN.mn МИАТ компани долдугаар сарын 10-нд Гуанжоу хот руу нислэг үйлдэнэ DNN.mn М.Рысбек: Монгол Улсын баялаг болсон хүүхдүүддээ сэтгэлгүй хандаж байгаа Л.Энх-Амгалан сайд хариуцлага хүлээх ёстой DNN.mn Монголоос Япон улсад ажилтан илгээхэд хамтран ажиллах санамж бичиг байгуулав DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn Өнөөдөр, маргааш УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд DNN.mn СОНИНЫ АРЫН НҮҮР: Багтаагаад аваад ирсэн юмаа буцаагаад ачаад яваарай DNN.mn Үнийн өсөлтийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсэг байгуулна DNN.mn "NAADAM NIGHT-2022" үдшийн цэнгүүний тасалбар худалдаанд гарлаа DNN.mn ЭМЯ: Коронавируст халдварын 54 тохиолдол батлагдлаа DNN.mn Барилгын салбарт гарсан ослын шалтгааныг судлах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулна DNN.mn МИАТ компани долдугаар сарын 10-нд Гуанжоу хот руу нислэг үйлдэнэ DNN.mn М.Рысбек: Монгол Улсын баялаг болсон хүүхдүүддээ сэтгэлгүй хандаж байгаа Л.Энх-Амгалан сайд хариуцлага хүлээх ёстой DNN.mn Монголоос Япон улсад ажилтан илгээхэд хамтран ажиллах санамж бичиг байгуулав DNN.mn Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn Өнөөдөр, маргааш УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд DNN.mn
Цаг үе
2017.07.04 09:07

Сүүж уулын бэлд гарсан “Хүч”-ийн галаас улсын заан Б.Пүрэвсайхан, аймгийн арслан О.Хангай нар өнгөтэй байна

Монгол түмний үндэсний их баяр наадам болоход арваадхан хоног үлдлээ. Наадам дөхсөн энэ өдрүүдэд бид уншигчдын хамгийн ихээр сонирхон үзэх дуртай хүчит бөхийн барилдаанд зодоглохоор бэлтгэл сургуулилтаа хангаж буй Ховд, Завхан, Дундговь, Дорноговийн бөхчүүд гарсан Сүүж уулын амралтыг зорилоо. Энэ өдөр халуун нартай ч хэд хоног орсон борооны дараа шороо тоос босохгүй, чийг үнэртсэн тогтуун сайхан өдөр тохиосон байв. Цагдаагийн ерөнхий газрын мэдэлд байдаг энэ амралтын газар нь Сүүж уулын бэл дэх үзэсгэлэнт ой хөвч дунд байрладаг. Энд ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны хүчит бөхчүүд сүүлийн 30 гаруй жил баяр наадмын бэлтгэл сургуулилтаа базааж байгаа юм. Энэ галаас даяар дуурсагдах далай даян дархан аварга Б. Бат-Эрдэнэ, Ардын хувьсгалын 93 жилийн ойгоор од нь гийж, улсын начин, харцага, заан цолыг алгасаж, улсын гарьд цолонд хүрэн, түмэн олноо баясгасан Завхан аймгийн Идэр сумын харьяат улсын гарьд Ш.Жаргалсайхан, үнэн хүчит, саруул сайжрах, уран барилдаант улсын заан Ч.Бямбадорж, Монгол бөхийн түүхэнд “Зургаан залуу заан” хэмээн нэрлэгдэх хүчтэнүүдтэй ид өрсөлдөж байсан Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын заан Чогсомын Батзориг, Цэдэвийн Мягмарсүрэн, тэртээ 1990-ээд оны эхээр Б.Бат-Эрдэнэ аваргыг ид байх үед нь улсын наадамд өвдөг шороодуулж байсан улсын начин Идшийн Мөнхбаатар нарын алдар цуутай улсын цолтнууд төрөн гарсан, өгөөж буянаа хайрласан нутаг билээ. Сүүлийн жилүүдэд Сүүж амралтад “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн Б.Адъяахүү начингийн шавь нар, Дорноговь, Хөвсгөл нутгийн бөхчүүдийн гал төвхнөх болсон.

Хойд чиглэлд Баруунтурууны даваанд орших “Сүүж уул” нөхөн сэргээх сувиллын амралтын газар ийнхүү жил бүр “Хүч”-ийн хэмээх тодотголтой олон аймаг, галын бөхчүүд наадмын бэлтгэлээ хангадаг уламжлал тогтсон гэж болно.

Биднийг очих үед бөхчүүд өглөөний хөнгөн бэлтгэлээсээ бууж ирж байлаа. Энэ жил тус амралтад улсын харцага Т.Амартүвшин, өсөх идэр начин Ц.Лхагвасүрэн нар “Хүч” спорт хорооныхоо бөхийн галыг, улсын гарьд Ш.Жаргалсайхан Завхан аймгийн бөхийн галыг, улсын начин Б.Адъяахүү “Аварга” дэвжээгээ ахлан гарсан байв. Завхан аймгийн бөхчүүдээс өнгөрсөн жилийн тэгш ойн баяраар зургаа давж, улсын харцага цол хүртсэн Нөмрөг сумын харьяат бөх Д.Бат-Эрдэнэ, улсын начин цол хүртсэн Их-Уул сумын харьяат бөх Б.Чимэдвандан нарын улс, аймгийн цолтой 50 гаруй бөхчүүд бэлтгэлээ базааж байлаа. Харин Ховд аймгийн бөхчүүдээс өнгөрсөн жилийн баяр наадмын долоогийн даваанд улсын харцага Ц.Содномдоржтой тунан давж, улсын заан хэмээх эрхэм цолыг хүртсэн Ховд аймгийн Чандмань сумын харьяат Б.Пүрэвсайхан, Ардын хувьсгалын 94 жилийн ойгоор Өсөхөө аваргатай үнэн хүчийг үзэж, олныг баясгаж чадсан улсын харцага Нямаагийн Батзаяа, өнөө жилийн хамгийн сүүлийн барилдаан болох Чингэлтэй хайрханы хишиг барилдаанд иртэй, бяртай барилдан түрүүлсэн улсын начин Ч.Цогбаяр, аварга, арслан цолны хүндэтгэлийн барилдаанд дараалан түрүүлсэн аймгийн арслан Оргихын Хангай тэргүүтэй Ховдын 80 гаруй хүчтэн наадмын бэлтгэлээ базааж байв. Тус галынхан Буянт сумын уугуул, аймгийн арслан О.Хангайг улсын цолонд хүрэх залуу бөх хэмээн итгэл хүлээлгэж байгаа нь лавтай. Мөн улсын заан Б.Пүрэвсайханыг өнгөтэй байгаа талаар галын ахлагч, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат улсын харцага Түмэннасангийн Амартүвшин ярьж суув.

Б.ПҮРЭВСАЙХАН ЗААН, О.ХАНГАЙ АРСЛАН НАРЫН БЭЛТГЭЛ СУРГУУЛИЛТ ЖИГДЭРЧИХСЭН, ӨНГӨТЭЙ САЙХАН БАЙНА

Тэрбээр “Өнөө жил манай Ховдоос улсын шинэ цолтон төрөх магадлал өндөр байгаа. Өнгөрсөн жилүүдэд нутгаас минь төрөн гарсан заан, начингууд өнөө жил цолоо ахиулан барилдах, Ховдын ард түмэн, нийт монголчуудаа баярлуулсан сайхан амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна. Манай гал зургадугаар сарын эхээр уламжлал ёсоор Сүүж уулын амралтад гарч ирлээ. Энэ үзэсгэлэнт хангай нутаг, нутгийн бөхчүүдийг ивээлдээ авч, өгөөж буянаа хайрладаг их сайхан газар л даа. Өнөө жил хур бороо, хурц нар хоёр ээлжлэн, газар ногоо чийг алдахгүй, сайхан зун болж байна. Зун сайхан болбол наадам сайхан болдог гэдэг. Энэ жил бидний дундаас Б.Пүрэвсайхан заан, О.Хангай арслан нарын бэлтгэл сургуулилт жигдэрчихсэн, өнгөтэй сайхан байна. Тийм болохоор удахгүй болох үндэсний их баяр наадмаар нэг нь цолоо ахиулж, нөгөө нь шинэ цолонд хүрнэ хэмээн ихэд найдаж байна. Хэрэв Б.Пүрэвсайхан заан түрүүлж, арслан цол хүртчихвэл 77 жилийн өмнөх Ховдын Ш.Ванчинхүү арслангийн амжилтыг давтана гэсэн үг. Тиймдээ ч нутгийн зон олны олон арван жил хүлээсэн итгэлийг Б.Пүрэвсайхан заан алдахгүй болов уу. Гэвч улсын наадмын дэвжээ хатуу гэдгийг санах хэрэгтэй. Харин улсын шинэ цол хүртэх боломжтой олон сайхан аймгийн цолтнууд манай галд бий. Тухайлбал, Буянтын О.Хангай, Дарвийн Б.Тайван, Мянгадын Н.Батсайхан нарын шилдэг аймгийн арслангууд бэлтгэл сургуулилтаа чамбайруулж байна. Эдгээр бөхчүүд өнөө жил улсын начин, цаашлаад өндөр цолонд хүрч барилдах бүрэн боломж бололцоо харагдаж байгаа юм” гэлээ. Түүнийг нь батлах мэт галын ахлагч Ц.Лхагвасүрэн начин энэ жилийн бэлтгэл сургуулилтын явцын талаар яриа өрнүүлэхийг шамдахгүй байсан юм. Энэ хангайд галд гарсан бөхчүүд өглөө 6 цагт босч ойрын зайд тайван гүйж, биеэ халаах хөнгөхөн дасгалуудыг гурван цаг давтдаг аж. Ингээд 9 цагт байрандаа ирж, өглөөний цайгаа уучихаад амардаг гэнэ. Харин өдөр 13 цагаас бөхчүүд нэгдсэн журмаар өдрийн хоолоо иддэг байна. Бид ч бөхчүүдийн өдрийн хоолноос ам тослов. Бөхчүүд өглөөний цайнд бантан, өдрийн хоолонд тахианы махтай, ногоотой шөл, мөн хоёрдугаар хоол иддэг байна. Хоолны порц нь аргагүй л бөх хүн идэж баймаар их ажээ. Улмаар хоолоо шингээх дасгал, хөдөлгөөн хийж байгаад хоёр, гурван цаг унтаж амрав. Харин үндсэн бэлтгэлээ үдээс хойш буюу 16 цагаас эхэлж хийдэг гэнэ. Энэхүү бэлтгэлээр галын бөхчүүд зодог, шуудгаа өмсөж, олон жил бэлтгэл сургуулилтаа хангасан тэгшхэн талбай болох дэвжээн дээр очин, 50 орчим метр зайд дэвэн дэвсээр гүйдэг ажээ. Барилдаан эхэлж бөхчүүд хоёр талын засуулаас дэвэн гардаг шиг хэд хэдэн удаа энэхүү үйлдлээ давтлаа. Энэ үеэр улсын өсөх идэр начин Цогтоогийн Лхагвасүрэнтэй бөхчүүдийн бэлтгэл сургуулилтын арга барилын талаар тодрууллаа.

Улсын начин Д.Адъяахүү шавь нараа бэлдэж байна

Улсын начин Ч.ЦОГБАЯР: БИЕИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛАА АШИГЛАЖ, ХИЙ БАГАТАЙ БАРИЛДВАЛ ЦОЛОО АХИУЛАХ БОЛОМЖ БИЙ

Тэрбээр “Бөхчүүд ийн дэвэн гарах нь их учиртай. Нэгдүгээрт, үндсэн бэлтгэлд орохын өмнөх биеийн халаалт болно. Хоёрдугаарт, зүлэг ногоон дэвжээн дээрээ хэрхэн зөв гарахыг мэдэж авна. Мөн барилдахын өмнөх сэтгэл санааны бэлтгэл болж өгдөг. Гуравдугаарт, хэдэн удаа дэвэн гарч байна, тэр тоогоор наадамд давна гэсэн бэлгэшээлийг боддог. Ингээд бөхчүүд маань 8-10 удаа гарч дууссаны дараа жижиг биетэй бөхчүүд том биетэй бөхтэй хослон барилдаж, халаалт авдаг юм” гэлээ. Үнэхээр түүний хэлснээр зарим бөхчүүд нь долоон удаа гарч, зарим нь 10 удаа гараанаас туг хүртэл дэвэн гарч байв. Энэ үеэр улсын харцага Н.Батзаяа, улсын начин Ц.Цогбаяр нар хоорондоо “Хоёулаа хэдэн удаа гарчихав аа. Ер нь долоо гарчихсан байхад болно доо” гэцгээн ярилцаж байлаа. Энэ нь өнөө жилийн баяр наадмаар долоо давна гэсэн санаа юм. Ч.Цогбаяр начин бусад бөхчүүдээс арал чац сайтай, бяр ихтэй бөх. Энэхүү биеийн онцлог, давуу талаа ашиглаж, хий багатай барилдаж чадвал өнөө жил долоогийн даваанд гараад ирэх боломж бий хэмээн галын ахлагч Т.Амартүвшин харцага ярилаа.

Улсын харцага Н.БАТЗАЯА: ӨНӨӨ ЖИЛИЙН НААДМААР ЦОЛОО БАТЛАХЫГ ХИЧЭЭНЭ

Мөн энэ үеэр Ардын хувьсгалын 94 жилийн ойгоор тавын даваанд Г.Өсөхбаяр аваргатай урамтай сайхан барилдаж, олныг шуугиулсан, зургаагийн даваанд хүчит арслан Намсрайжавын Батсуурийг давж, Монгол Улсын харцага цолыг хүртсэн Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын харцага Нямаагийн Батзаяатай ярилцлаа.

-Бэлтгэл сургуулилт тавлаг уу. Хэзээнээс эхэлж галдаа нэгдэв?

-Зургадугаар сарын 10-наас эхэлж энэ сайхан хангайдаа нутгийн болон бусад бөхчүүдтэй хамтран бэлтгэлээ базааж байна. Одоогоор нийт бөхчүүдийн бэлтгэл сургуулилт жигдэрчихсэн, сайхан байна. Өнөө жил манай галд дөрвөн аймгийн 150 гаруй бөхчүүд нэгдсэн нь урьд жилүүдийнхээс олон бөхчүүд нэгдэн бэлтгэл хийж байгаагаараа онцлог болж байна.

-2015 оны баяр наадмыг та сайн санаж байгаа байх. Үнэхээр үзэгчдийг шуугиулсан барилдааныг та гаргасан шүү?

-Тэр жил миний бэлтгэл сургуулилт маш сайн байсан. Зургаан жил начин цолтой барилдаж байгаад тэр жил цолоо ахиулахыг үнэхээр их хүссэн. Тэр хүсэлдээ хүрэхийн тулд олон жил хөдөлмөрлөсөн. Ингээд харцага болж чадсан. Тухайн жил начин цолоо баталчихаад л маш их баярлаж байлаа. Тавын даваанд хүндэлж явдаг аваргадаа амлуулж, барилдан, давсан.

-Мөн та өнгөрсөн жилийн сар шинийн барилдаанд шөвгийн дөрөвт шалгаран үлдсэн байх аа?

-Тийм ээ. Тэр жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэсэн. Миний хувьд тэр жил улсын аварга Г.Эрхэмбаярыг давсан бол түрүү булаалдахаар үлдэх байсан. Тухайн үед би эхлээд барьц сонгоод дараа нь аварга сонгосон. Барьц салах явцад аваргыг ардаа алдаад унасан. Аваргатай урьд нь олон барилдаж байсан. Гэхдээ сар шинийн барилдаанд их шөвөгт үлдэнэ гэдэг их хэцүү.

-Энэ жил танай галаас хэнийг илүү өнгөтэй байна гэж харж байна?

-Мэдээж хэрэг нутгийн сайхан заан Б.Пүрэвсайхан маань өнөө жил их өнгөтэй байгаа. Мөн Буянтын О.Хангай арслан, Дарвийн Б.Тайван гээд аймгийн арслангууд бий. Ер нь бөхчүүд маань дор бүрнээ бодлоготой, хийгүй, хамаг бүхнээ дайчлан барилдаж чадвал улсын цолонд хүрэх тийм ч хол биш юм шиг санагддаг.

-Таны хувьд өнөө жил хэрхэн барилдах бодолтой байна. Мэдээж хэрэг цолоо ахиулахыг бодох байх?

-Би өдий хүртэл харцага хэмээх цолныхоо хэмжээнд хүрч барилдахыг хичээсэн. Цаашдаа ч сайн барилдах болно. Харин өнөө жилийн баяр наадмаар цолоо батлахыг, цаашлаад ахиулахын төлөө хичээнэ дээ” хэмээв.

УЛСЫН ЗААН Ч.БЯМБАДОРЖ АГСАН ШАВЬ НАРТАА ХАТУУ ШААРДЛАГА ТАВЬДАГ БАЙЖЭЭ

Монгол Улсын манлай заануудын нэг, хөдөлмөрийн баатар Чадраабалын хүү улсын заан Бямбадорж гуай ид үедээ наадамчин олныг шуугиулсан, зоригтой дайчин барилдаан гаргаж байсныг ард түмэн мэднэ. Тэрбээр барилдахын зэрэгцээ нутгийнхаа болоод бусад нутгийн залуу бөхчүүдийг дэмжиж, улсын цолонд хүргэж байсан хүн юм. Улсын заан Ц.Мягмарсүрэн, Ч.Батзориг нарын багш байсан тэрбээр шавь нартаа хатуу, зөөлнийг уялдуулан бөхийн эрдэмд сургадаг байсан гэдэг. Наадмын өмнө галд гарч бэлтгэл сургуулилтандаа орсон л бол залуу бөхчүүдийг бүтэн сарын турш өндөр шаардлага тавин бэлддэг байсан тухай түүний шавь нар нь дурсаж байв. Ч.Бямбадорж заан бэлтгэлээс хоцорсон, мэх зааж өгөөд сурахгүй байгаа бөхчүүдийг сураар ороолгож, заримыг нь автомашинаар араас нь хөөн элдэж байсан тухай яриа ч бий. Залуу бөхчүүдтэй ийн өндөр шаардлага тавьж ажилласны хүчинд Ховд нутгаас өдгөө гурван заан, гурван харцага, өчнөөн улсын начин төрсөн байдаг гэнэ. Орой бэлтгэл дууссаны дараа Ховдын бөхчүүд ийн багшийгаа санагалзан ярьж суусан билээ.

ЗАВХАНЫХАН ӨНӨӨ ЖИЛИЙН НААДАМД АЙМГИЙН АРСЛАН ШАРХҮҮГИЙН ПҮРЭВГАРЬДАД НАЙДЛАГА ТАВЬЖ БАЙНА

Харин Завханы бөхчүүдийг ахалж буй улсын гарьд Ш.Жаргалсайхан хувийн ажлаар хот руу буцсан, удахгүй ирнэ хэмээн нутгийн бөхчүүд нь хэлж байсан юм. Завханыхан өнөө жилийн наадамд аймгийн арслан Шархүүгийн Пүрэвгарьдыг өнгөтэй байгаа, наадмаар улсын цол хүртчих байх гэсэн найдлага тавьж байлаа. Ш.Пүрэвгарьдын хувьд хурдан шаламгай хөдөлгөөнтэй, ямар ч бөхтэй барилдсан дайчин, шуурхай барилдаж, олон угсраа мэх, уран барилдаан гаргадгаараа онцлогтой бөх. Тиймдээ ч өнөө жил од нь гийж, улсын цол авч магадгүй аймгийн шилдэг арслангуудын нэг билээ. Ирэх долдугаар сарын эхээр “Сүүж уул” амралтад гарсан галуудын бөхчүүд их баяр наадмын өмнөх сүүлийн сорилго барилдаан зохион байгуулна гэнэ. Энэ барилдаанаас аль галын хэний бэлтгэл нь ханаж, иртэй, уртай, хүчтэй, тамиртай болж өв тэгш жигдэрснийг харуулах биз ээ.

Гэрэл зургуудыг Ц.Мягмарсүрэн


Онцлох нийтлэлүүд