Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн байна 11 дүгээр ангийн сурагч галаас хүний амь аварчээ 1.374.796 ширхэг хувьцаа арилжжээ Тайланд хэрэглэсэн эмнэлгийн бээлийгээ АНУ-д экспортложээ Нийслэлийн 10 га газрыг нийтийн эзэмшилд бүртгэхээр болжээ “Gazprom” энэ онд Европт нийлүүлэх байгалийн хийн экспортын төлөвөө хэвээр үлдээлээ Шуурхай бүлэг Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж байна ​12 настай Н.Содбилэгт шатар сонирхогчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Ж.Сандагсүрэн: Номын сангийн тоог нэмэх, номын санчдыг чадваржуулах хэрэгтэй Газартай холбоотой хүсэлт, өргөдлийг цахимаар авч, гэрээ, гэрчилгээг ч цахимаар олгоно Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн байна 11 дүгээр ангийн сурагч галаас хүний амь аварчээ 1.374.796 ширхэг хувьцаа арилжжээ Тайланд хэрэглэсэн эмнэлгийн бээлийгээ АНУ-д экспортложээ Нийслэлийн 10 га газрыг нийтийн эзэмшилд бүртгэхээр болжээ “Gazprom” энэ онд Европт нийлүүлэх байгалийн хийн экспортын төлөвөө хэвээр үлдээлээ Шуурхай бүлэг Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж байна ​12 настай Н.Содбилэгт шатар сонирхогчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Ж.Сандагсүрэн: Номын сангийн тоог нэмэх, номын санчдыг чадваржуулах хэрэгтэй Газартай холбоотой хүсэлт, өргөдлийг цахимаар авч, гэрээ, гэрчилгээг ч цахимаар олгоно
Онцлох нийтлэл
2020.02.11 09:02

С.Бямбацогт: Хууль дээдлэх үзэл Үндсэн хуулиас эхлэлтэй


УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогттой ярилцлаа.


-Та саяхан Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх тухай зарлиг буулгахыг Ерөнхийлөгчөөс хүсчээ. Энэ талаар ярилцлагаа эхэлье...

-Эрхзүйт төрийн гол шүтээн нь Үндсэн хууль байдаг гэсэн үг бий. Нөгөө талаар Монгол Улсын Үндсэн хууль бол улсын маань тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний баталгаа болсон эрх зүйн эх сурвалж юм. Монголчууд бид төр ёсны өндөр их түүхтэй, төрийн сүлдэндээ сүслэн залбирдаг уламжлалтай ард түмэн. “Төр төмбөгөр ёс ёмбогор” гэдэг үг ч эндээс эхтэй байх. Хууль дээдлэх үзэл санаа, хуулийн хүрээнд амьдрах эрх зүйт нийгмийн төлөвшил Үндсэн хуулиасаа эхэлнэ гэж би боддог. Өнгөрөгч 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталлаа. Монгол Улсын төрийн тэргүүн энэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг анхдугаар Үндсэн хууль батлагдаж Бүгд найрамдах улсаа тунхагласан түүхт ойн өдөр ёсчилсон. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бид төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт хариуцлагыг илүү тодорхой оновчтой болгож, ард түмний засаглах эрхийг улам баталгаажууллаа. Үе үеийн Ерөнхийлөгч төрт ёсоо дээдлэх, түүх соёлын нандин өвөө өвлөн дэлгэрүүлэх олон зарлиг буулгаж байсан. "Монголын нууц товчоо"-г эрхэмлэн дээдлэх тухай, Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай гэх мэт. 1992 оны Үндсэн хуулийн эх баригч Ч.Чимид гуай нэгэнтээ “Үндсэн хууль бол “Алганд багтсан” Монгол Улс юм” хэмээн хэлж байсан удаатай. Тэгвэл алганд багтсан, амин зүрхэнд багтсан тэрхүү Үндсэн хуульдаа хураан баринтагласан Монгол Улсаа, монгол төрөө эрхэмлэн дээдэлцгээе.

Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны эх сурвалж болсон Монгол Улсын Үндсэн хуулиа монгол хүн бүр эрхэмлэн дээдлэх нь, өрх айл бүр хоймортоо хүндэтгэн залах нь төрт ёсны хийгээд учир бэлгэдлийн хувьд утга төгөлдөр үйл хэрэг. Тиймээс Монгол Улсын Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх зарлиг буулгах хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчид илгээгээд байна.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хамгийн гол өөрчлөлтийг нэрлээч. Ерөнхий сайдын эрх мэдэл хэтэрчихлээ. Ямар ч үед УИХ, Засгийн газрыг тараах эрхтэй болчихлоо гэх шүүмжлэл байна.

-Монгол Улсын Үндсэн хуульд Парламентын ардчиллыг төлөвшүүлж ард түмний засаглах эрхийг хангах, гүйцэт-гэх эрх мэдлийг тодотгох, шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, нутгийн удирдлагыг бэхжүүлэх гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр нэмэлт, өөрчлөлт орсон. Юун түрүүнд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр өмнө нь дордуулсан байсан заалтуудыг зассан. Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг улам баталгаажуулсан. Тухайлбал, 25.1.16.-д Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөд ийм зорилгоор ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно хэмээн заасан. Байгалийн баялаг ард түмний мэдэлд байж, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд очдог байх асуудлыг Үндсэн хуульдаа тодотгож өгсөн. Эрх мэдэлтэй, мэдээлэлтэй цөөнх нь баялгаас завшдаг өнгөрсөн үеийн алдаа гажуудлыг арилгаж, байгалийн баялгийн өгөөжийг иргэн бүр тэгш хүртдэг байх, ирээдүй үедээ өвлүүлэх, стратегийн ордуудыг ашиглахдаа ард түмнээсээ асууж шийдвэрлэх асуудлыг хуульчилсан. Монгол төр алсын хараатай, хөгжлийн бодлоготой байх, түүнийгээ заавал хэрэгжүүлдэг байна гэдгийг тов тодорхой зааж өгсөн. “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна” гэдэг заалт шинээр оруулсан. Парламентын хэтийдсэн эрх мэдлийг хумьсан. Тухайл-бал “Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болно. Ингэхдээ Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэг-дүүлж үл болно” хэмээн тодорхой зааж өгсөн. Төсвийн зардлыг дураараа нэмдэг, үрэлгэн төсөв баталдаг, улсаа өрөнд оруулдаг гажуудлыг Үндсэн хуулийн энэ нэмэлт, өөрчлөлтөөр эцэс болгож байна. Ерөнхийлөгч, Улсын их хурлын гишүүн, Засгийн газар гэсэн 78 субьектийн хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг тодорхой болгосон. Ер нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр сүүлийн 20 шахам жил өөрчлөх, засах ёстой гэж ард түмний хүсэн хүлээж байсан, нийгэмд яригдаж ирсэн асуудлуудыг бараг бүгдийг нь шийдвэрлэж чадсан гэж үзэж байгаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайдад хэт их эрх мэдэл өглөө гэх шүүмжлэл мэр сэр байна. Би хувьдаа ийм байр суурьтай огтхон ч санал нийлэхгүй. Олон жил яригдсан “Давхар дээл”-ийг бид энэ нэмэлт, өөрчлөлтөөр нимгэлсэн. Үндсэн хуульд “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын их хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гээд тодорхой заачихсан. Мөн Ерөнхий сайд танхимын гишүүдээ өөрөө томилж, чөлөөлж, огцруулдаг байх зохицуулалт оруулсан нь зөв болсон гэж бодож байна. Хоёр жилийн насгүй тогтворгүй Засгийн газруудтай байгаад өнгөрсөн 30 жилд Монгол Улс хожсон уу. Энэ асуултыг тавиад үзэх хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын их хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын их хуралд өөрөө өргөн мэдүүлнэ гэдэг чинь Ерөнхий сайддаа эрхийг нь ч өгье, үүргийг нь ч нэхье гэсэн л үг. Засгийн газрын гишүүнийг Ерөнхий сайд өөрөө томилж, чөлөөлж, огцруулдаг байж гэмээнэ ажил хийдэг, хариуцлага хүлээдэг сайдуудтай болно. УИХ, Засгийн газрын цус ойртолтыг тэгж байж байхгүй болгоно. Мэдээж хэрэг Ерөнхий сайдад багагүй эрх мэдэл очиж байгаа учраас түүнийг дагаад хууль зүйн хийгээд ёс зүйн өндөр хариуцлага хамт ирж байгаа гэдгийг Засгийн газрын тэргүүн ухамсарладаг байх учиртай. Үндсэн хуулийн энэ нэмэлт, өөрчлөлт нийгмийн хөгжлийн нэгэн шинэ үеийг эхлүүлэх, хөгжил дэвшлийг түргэтгэхэд түүхэн үүрэг гүйцэтгэх нь гарцаагүй.

-Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж гарах ёстой органик хуулиудыг боловсруулах ажил хийгдэж эхэлсэн үү?

-2020 оны нэгдүгээр сарын 09-ний өдөр Улсын их хурлаас“Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын их хурлын тогтоолыг баталсан. Энэ тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарийг хавсралтаар баталсан. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж шинээр батлах анхдагч 3 хууль, шинэчлэн найруулах 20 орчим хууль, нэмэлт, өөрчлөлт оруулах 20 орчим хууль бий. Улсын их хурлын тухай, Засгийн газрын тухай, Улс төрийн намын тухай гээд холбогдох хуулийн төслүүд боловсруулах ажил эхлээд цэгцрэх шатандаа явж байна.

-Томсгосон тойргоор сонгууль явуулахын ач холбогдол нь юу юм бэ. Сул тал нь бас юу вэ?

-Олон эерэг тал байна. Жижиг 76 тойргийн үед сонгогч ганцхан л сонголт хийдэг. Тийм болохоор сонголтгүй сонгууль хэмээн гомдоллодог. Харин томсгосон тойрогт олон нэр дэвшигч өрсөлдөж, сонголтын илүү боломж бүрдэх учраас энэ нь сонгогчдын хувьд нэг давуу тал болж байгаа юм. Сонгох эрхээ өргөн хүрээнд хэрэгжүүлэх бололцоог олгож байна гэсэн үг л дээ. Нөгөөтэйгүүр тухайн тойрогт нэг намын нэр дэвшигчид баг болж, намынхаа мөрийн хөтөлбөрийг хамтдаа таниулах боломж бүрдэнэ. Тойрог том учраас хууль зөрчиж бэлэг сэлт, мөнгө төгрөг тараадаг асуудал гарахгүй. “Царцааны нүүдэл” ч багасна. Нэг ёсондоо мөнгөний сонгууль болохоос сэргийлж байгаа хэрэг. Өөр нэг давуу тал бол том тойрогт сонгогчид зөвхөн нэг намын нэр дэвшигчийг дэмжих бус холимог сонголт хийх боломж өргөн. Хамгийн гол нь сонгуулийн дараа байгуулагдах УИХ улс орны хийгээд ард түмний нийтлэг эрх ашигт нийцсэн, хөгжлийн бодлогодоо захирагдсан бодлого явуулахад ихээхэн ач холбогдолтой. Улсын төсвийг 76 жижиг тойрогт хуваарилж тарамдуулдаг, үүний урхагаар хөгжлийн том төслүүд гацдаг асуудал байхгүй болно гэж харж байна. Мэдээж хэрэг сул талууд ч бас бий. Гэхдээ давуу тал нь сул талаасаа илүү давж гарна гэж үзэж байгаа.

-Манай улс сонгуулийг гурван өөр хуулиар анх удаа зохицуулах гэж байна. Аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын Сонгуулийн тухай хууль батлагдсан. Энэ хуулийн онцлог нь юу вэ?

-Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг УИХ энэ оны нэгдүгээр сарын 30-ны өдөр баталсан. Энэ хуулиар орон нутаг дахин сонгуулиа зарлаж чадахгүй нөхцөл үүсдэг байсан асуудлыг нэг мөр арилгаж байгаа. Өөрөөр хэлбэл, орон нутгийн Хурлын дахин болон нөхөн сонгуулийг жил бүрийн зургадугаар сарын гурав дахь долоо хоногийн ням гаригт улс даяар нэгдсэн журмаар явуулах, дахин сонгууль зохион байгуулах тухайн шатны сонгуулийн хороо нь татан буугдсан, эсхүл бүрэлдэхүүнгүй болсон бол Сонгуулийн ерөнхий хороо энэ хуульд нийцүүлэн тухайн шатны сонгуулийн хороог байгуулахаар хуульчилж өгсөн. Түүнчлэн өөр нэг чухал зохицуулалт бол 1996 оны Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль хүчингүй болсноос хойш Орон нутгийн Хурлын сонгуульд зэрэг нэр дэвшихийг хориглож ирсэн. Тэгвэл Сум, дүүргийн хурлын төлөөлөгчид нэр дэвшигч нь аймаг, нийслэлийн Хурлын төлөөлөгчид зэрэг нэр дэвшиж болохоор болж байна. Мөн ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, ийм агуулга бүхий мэдээллийг хэвлэмэл материалын хэлбэрээр, эсхүл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин дахь олон нийтийн сүлжээгээр тараасан болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон этгээдийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзана гэдэг заалт оруулсан. Өрсөлдөгчөө гүтгэн доромжилж, гутаан харлуулж байгаад сонгуульд нэр дэвшээд ороод ирдэг этгээдүүдийн бусармаг үйлдлийг үүгээр хааж өгч байгаа юм. Орон нутгийн хурлын сонгуулийг аль болох улстөржүүлэхгүй байхыг их чухалчилсан. Энэ хүрээнд мөнгөн хандивын хэмжээг иргэний хувьд хоёр сая төгрөг хүртэл, хуулийн этгээдийн хувьд 10 сая төгрөг хүртэл байхаар бууруулсан. Сонгуулийн сурталчилгааны хугацаа 22 хоног байсныг 15 хоног болгон багасгасан гээд дэвшилтэт өөрчлөлтүүд хийгдсэн гэж үзэж байна.

-Намрын чуулган завсарлалаа. Хаврын чуулганаар ямар асуудлууд хэлэлцэхээр байгаа вэ?

-Энэ УИХ-ын отгон чуулган гэдгээрээ хаврын чуулган онцлог болно. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас бүх нийтээр дагаж, мөрдөж эхэлнэ. Тиймээс эн тэргүүнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагалдан гарах учиртай холбогдох хуулиудыг хэлэлцэн батлах их ажил хүлээгдэж байна. Тухайлбал, Монгол Улсын их хурлын тухай, Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай, Үндэсний баялгийн сангийн тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай, Улс төрийн намын тухай зэрэг хуулийн төслийг хэлэлцэн батлах зайлшгүй шаардлага тулгарч байна. Хаврын чуулган нэлээн ачаалалтай, ажил хэрэгч чуулган байна байх.

Онцлох нийтлэлүүд