ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2017.05.23 09:05

С.Ганбаатарыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж гадаадын хөрөнгө оруулалтын эсрэг шүгэл үлээдэг нь ямар учиртай вэ

Монголын улс төр, эдийн засгийн хүрээнд болж өнгөрсөн буруу солгой үйл ажиллагаануудыг сануулж байхгүй бол болохгүй нь. Улс орон, ард түмнийхээ эсрэг гэж болох муу үйлсийн эзэд өнөөдрийг хүртэл оршин тогтносоор байна. Тэдний нийгмийн анхаарлыг татах сэдвээр эхэлж дуугардаг, эцсийн хортой үр дүнг бодохгүйгээр хувийн эрх ашгийн үүднээс хашгирахыг шүгэл үлээх гэдэг юм.

Хэтээсээ С.Ганбаатар бол гадаадын хөрөнгө оруулалтын эсрэг цогтой тэмцэгч юм. Монголын Уго Чавес гэсэн үг. Уго Чавес бол эх орноо гадаадын хөрөнгө оруулагчдаас, гадаад ертөнцөөс салган тусгаарлахын төлөө цогтой тэмцсэн нэгэн. Өнөөдөр Венесуэльд ямар тамын үйл явдал болж байгааг дэлхий харж байна. Тэр ард түмэн одоо сүйрч байна. Тэр улсад хариуцлага хүлээх, хүлээлгэх хүн алга.

Үүнтэй агаар нэг юм даа, Монгол Улс нэр бүхий хэдэн хийрхсэн “эх оронч”-доос болж гадны хөрөнгө оруулалтыг хөөж гарган, түүнийхээ гороор өнөөдөр ядарч байна. С.Ганбаатар Монголоо гэсэн сэтгэлтэй хөвгүүдийн нэг байж болно. Түүнийхээ төлөө гудамжинд жагсаж болно. Гэхдээ тэр наад зах нь 8000 хүнийг хоолтой нь залгуулж буй компанийг, нэг их наядаар тоологдох татвар төлж буй уурхайг хаалгаа барьтал нь “эх оронч” үйлдэл хийж болохгүй. Энэ дэлхийн бүх улс оронд Ганбаа шиг популистууд байсан, байсаар ч байгаа. Америкт ч, Анголид ч өнөөдөр популизмаар улс төр хийгсэд байна. Ялгаатай нь хөгжлийн өндөр түвшинд гарсан Америк зэрэг оронд иймэрхүү поп улстөрчдөдөө эрх мэдэл өгдөггүй. Хөгжиж ядаж буй манайх шиг улсад харин эрх мэдэл өгдөг. Үүнд л аюул нь байна. Хэрэв Оюу толгой, Таван толгой... гээд уул уурхайн том төслүүд хэвээр үргэлжилсэн бол өнөөдөр бид хэн байхаар байв. 2011 онд эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрсэн үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж, дэлхийн баячууд манайх руу анхаарлаа хандуулж, бид пээдгэр байлаа шүү дээ. Өнөөдөр тэгсэн гадагшаа бадар барьсан хэдэн даргынхаа юутай ирэхийг нь хүлээн чагнасан гурван сая иргэн сууж байна.

Ийм түвэгтэй цаг үеийг авчрахад онцгой үүрэгтэй оролцсон, Монголын Уго Чавес гэж хэлж болох хүнийг МАН, МАХН хоёр улс төрийн наймаа тохироогоор Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлдэг нь ямар учиртай юм бэ хэмээн улс төр судлаачид ярьж, бичиж эхэллээ. Дэлхий Монголыг гурван зүйлээр л мэднэ. Нэгдүгээрт, Чингисээр мэднэ. Хоёрдугаарт, Оюутолгойн ордод дэлхийн акул Рио Тинто орсноор зах зээлд шилжсэн орон юм байна гэж мэдсэн. Гуравдугаарт, Монголд коммунистуудын үлдэгдэл байгаа гэдгээр нь гадарладаг юм шиг байна лээ. Баруунд популистуудыг коммунистууд гэж үздэг юм. Ийм л гурван зүйлээр өнөөдрийн дэлхий Монголыг анзаардаг.

Өнөөдрийн даяаршиж, хавтгайрсан дэлхийд нууц юм гэж байхгүй болсон. Хоорондоо холбоо, хамааралгүй улс орон ч гэж байхгүй болсон. Дэлхийн 200 гаруй улсын дотор юу болж байгааг бүгдээрээ тал талаас нь ажиглаж, бусдадаа зарлах, мэдээлэх, бүр болгоомжлуулах ч боллоо. Жишээ нь бид АНУ-ыг харж байна. Шинэ Ерөнхийлөгч Трампын гайхшруулсан үйлдлүүд нь, болчимгүй алхмууд нь өөрийн орныхоо тэрбумтнуудын хөрөнгийг даруй 30 тэрбум ам.доллараар бууруулаад байгааг дэлхий сонслоо. Үндэсний хөрөнгөтнүүдээ устгаж эхэллээ гэж ч бичиж байна. Трампын Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөхөө халсан, залгуулаад Тагнуулын төв газрын даргаа бас чөлөөлсөн, ОХУ-ын Гадаад хэргийн сайдтай уулзахдаа нууц задалсан гэх мэт наад захын бодлогогүй үйлдлүүд нь богинохон хугацаанд олон улсын бирж дээр 30 тэрбумын шууд алдагдалд ортол нөлөөллөө. Сүүлдээ АНУ-ын конгрессоос түүнд итгэл үзүүлэх эсэхдээ тулж байх шиг байна.

Энэ жишээгээр юу хэлэх гээд байна гэхээр Монгол Улсыг жижиг гэхгүй гадны улс орнууд, дэлхийн баячууд, хөрөнгө оруулагчид харж ажиглаж байгаа. Наад зах нь л Оюу толгойгоо тэд популист улстөрчдөөсөө болж гацаасан, одоо популистуудаа яаж байгаа бол, арай эрх мэдэл өгч байгаа юм биш биз гэхчлэн. Учир нь дэлхийд гайхагдсан эрдэс баялгийн их нөөц Монголд байна. Тэд шунаж байна. Шунал нь хөдлөхийн хэрээр Монголыг харж байна. С.Ганбаатарыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр боллоо гэсэн МАХН-ын их хуралдайн шийдвэртэй зэрэгцээд шахуу “Ройтерс” агентлаг олон улсад мэдээлэл цацлаа. Тэр мэдээнд юу гэж байна гэхээр “Монгол дахь Оюутолгойн төсөл болоод гадаадын хөрөнгө оруулалтыг тууштай эсэргүүцэгч, парламентын гишүүн асан С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр боллоо” гэж. Ойрын өдрүүдэд Монголын талаар дэлхийд очсон хамгийн муу мэдээлэл энэ байв. Гадны хөрөнгө оруулагчид одоо сонгууль дуустал гацна. Гэтэл орчин үед бизнесийн ертөнцөд цаг хугацаа алтнаас үнэтэй байдаг.

Сая Н.Энхбаяр телевизээр ярилцлага өгөхдөө “МАН, МАХН хоёр сонгуульд нэр дэвшигчээ тодруулахын өмнө олон удаа уулзаж, улс төрийн наймаа ярьсан” хэмээн нийгмийн өмнө ил шулуун ярив. “М.Энхболдод би Ерөнхий сайд болъё гэж хэлсэн” гэж хүртэл ярих юм. Эрх мэдэл, албан тушаалын төлөө ил цагаандаа гарсан яриа шүү. Эдгээр ярианы үргэлжлэл нь мэдээж “АН-ын нэр дэвшигч Х.Баттулгын саналыг хэн хуваах вэ” гэдгээр өрнөж С.Ганбаатарыг гаргаж ирэх шиг байна. Энэ хоёр намд эх орноо, ард түмнээ гэх сэтгэл өчүүхэн ч байхгүй нь эндээс харагдана. МАН, МАХН хоёр ийм хүнийг олж нэр дэвшүүлсэн нь хариуцлагагүй, ёс суртахуунгүй гэдэг үг багадахаар, хувиа хичээж, амиа бодсон, эрх мэдлийн төлөө юугаа ч өгөхөөс буцахгүй болсон хүмүүсийн тохиролцоо юм даа.

Тоглоом тоотой нь дээр, толгой мөлжүүртэй нь дээр гэж үг бий. Та нарын улс төрийн тоглоом хэрээс хэтэрч, мөлжүүр чинь дуусч байгааг ард түмэн мэдэж байгаа байх. С.Ганбаатарыг нэр дэвшүүлж байгаа нь гадаадын хөрөнгө оруулалтыг улам үргээх дохио боллоо. МАН, МАХН хоёрын тохироогоор Х.Баттулгын саналыг хуваах золиосонд С.Ганбаатарыг гаргаж байгаа нь дан ганц та хэдийн хэрэг явдал биш. Цаана нь гадны хөрөнгө оруулагчдыг өшиглөж, эх орныхоо эдийн засгийг агшааж хатаасан улс орны хувь заяаны асуудал юм. Үүнд л гол горойж байна. Ингэж эх орноороо тоглож болохгүй. Эх орноороо тоглосон хүмүүс эх оронгүй болдог гунигт хувь зохиол дэлхийн улс орны удирдагчдын дунд бий шүү дээ.

Өнөөдрийн дэлхий ертөнцөд бизнес цаг минутаар хэмжигдэж байгааг сая хэллээ. Нэг сар байтугай нэг цагийн алдагдал ч хөрөнгө оруулалт, уул уурхайн салбарт саад тотгор болно. Нөхцөл байдал ийм байхад, цаг хугацаа ийм үнэ цэнэтэй байхад Монголд гадны хөрөнгө оруулалт дахиад хүлээлтийн байдалд орлоо. Аягүй бол Валютийн сангийн хөтөлбөр ч хойшлогдож магадгүй. Ийм хүн гараад ирвэл манай хөтөлбөр будаа болж магадгүй гэж ОУВС-гийн захын нэг захирал хойшлогдсон тайлбартаа хэлэх байлгүй.

Яахав, өөдрөгөөр төсөөлөхөд том ганц нэг төсөл цаг хугацаандаа хөдлөөд явна гэж бодъё. Цаана нь өчнөөн дунд болоод жижиг уул уурхайн төсөл хөтөлбөрүүд хүлээгдэж байна. Нэлээд хэмжээний гадны хөрөнгө оруулалттай хайгуулын ажил бий. Бүгд л Монголд орж ирэх мөнгө шүү дээ. Энэ бүх ажил зогсчихлоо. Ганц тайлбар нь “Танай сонгуулийн дүнг харна” гэж. Үнэндээ сонгуулийн эцсийн дүнг тэр өдрийн тэнгэр л мэднэ. Ялангуяа ганц хүнийг сонгох Ерөнхийлөгчийн сонгуулийн тухайд. 2009 онд Н.Энхбаярыг Ц.Элбэгдорж ялна гэх боломж харагдахгүй байсан юм. 300 ажилтантай байгууллага дээр Ц.Элбэгдорж уулзалт хийхээр очиход бүгдээрээ хаяад гарах нь наад захын үзэгдэл байлаа. Ямар ч найдваргүй юм байна гэсэн тийм л нөхцөлд Элбэгээ ялсан. Тэгэхээр таамаглахад бэрх.

Тийм болохоор улс төрийн наймаа гэсэн нэрийн дор МАН, МАХН хоёр болчимгүй алхам хийлээ гэж үзэж байна. Монгол Улсын хувь заяаг хариуцаж явсан, хариуцаж байгаа хүмүүсийн хувьд улс орноороо тоглоом хийж, ард түмнээрээ тохуурхсан ийм л үйлдэл хийлээ. Улс төрийн тохироо гэдэг бол тоглоом наадгай биш. Ард түмний амьдралтай холбоотой, улс орны хувь заяа юм. Монголчууд бид наадам хүртэл хагас Чавес улс, хэрэв наадмаар С.Ганбаатар ялбал бүтэн Чавес улс болох нь тодорхой боллоо. С.Ганбаатарын юу ярьж, юуны эсрэг тэмцдэгийг гадаад ертөнц мэдэхгүй байв гэж дээ.

С.БАТМӨНХ

Онцлох нийтлэлүүд