Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Шүүхийн байранд халдвар гарч, үйл ажиллагаагаа түр зогсоов Ковид туссан нь шинжилгээгээр батлагдсан иргэдэд түр амбулатори үйлчилнэ Цунамид өртсөн Тонгад нэг ч иргэн ковидын халдвар аваагүй Ор зохицуулалттай холбоотой мэдээллийг 77330404 дугаараас лавлана ЗӨВЛӨМЖ: Өрөө, тасалгааны салхивчийг 10-20 минут нээж, агаар сэлгээрэй ​НӨАТ: 1.5 сая төгрөгийн 30, гурван сая төгрөгийн 1 азтан тодорлоо Энэ онд зохиогдох жудо бөхийн тэмцээний хуваарь Нутгийн зүүн хагаст цас үргэлжлэн орно Японы Элчин сайдын яам Солонгосын ерөнхийлөгчийн бэлгийг буцаажээ "Дэлхийн мисс" тэмцээний финалын шат гуравдугаар сард болно Шүүхийн байранд халдвар гарч, үйл ажиллагаагаа түр зогсоов Ковид туссан нь шинжилгээгээр батлагдсан иргэдэд түр амбулатори үйлчилнэ Цунамид өртсөн Тонгад нэг ч иргэн ковидын халдвар аваагүй Ор зохицуулалттай холбоотой мэдээллийг 77330404 дугаараас лавлана ЗӨВЛӨМЖ: Өрөө, тасалгааны салхивчийг 10-20 минут нээж, агаар сэлгээрэй ​НӨАТ: 1.5 сая төгрөгийн 30, гурван сая төгрөгийн 1 азтан тодорлоо Энэ онд зохиогдох жудо бөхийн тэмцээний хуваарь Нутгийн зүүн хагаст цас үргэлжлэн орно Японы Элчин сайдын яам Солонгосын ерөнхийлөгчийн бэлгийг буцаажээ "Дэлхийн мисс" тэмцээний финалын шат гуравдугаар сард болно
Улс төр
2022.01.15 09:01

С.Ганбаатар: Монголын Засгийн газрыг дорд үзэж өөрсдийгөө дээрэмчин гэж итгэсэн Рио Тинтогийн саналуудаас алийг нь ч хүлээж авах боломжгүй

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.


-Оюу толгойн хөрөнгө оруулалттай холбоотой Монгол Улсын Засгийн газар, Рион тинто компанийн хоорондох хэлэлцээрийн явц ямар байна вэ. Ажлын хэсгийн гишүүний хувьд шинэ мэдээлэл өгөхгүй юү?

-“Рио Тинто” хөрөнгө оруулагч биш зээл зуучлагч болсон. Бид зэсийн баяжмалыг нэг тонн нь 4200 ам.доллар байхад гэрээ хийж байсан бол одоо 10000 ам.доллар давчихсан.

Цаашид 20000 ам.долларт хүрнэ гэж байгаа энэ баялгаараа ажилгүйдэл, ядуурлаа л байхгүй болгомоор байна. 2037 он хүртэл ногдол ашиг хүртэхгүй хэвээр байна. Тэглэсэн гэх 2.3 тэрбум ам.доллар нь Оюу толгойн өрийг нэг төгрөгөөр ч бууруулахгүй гэсэн судлаач, эрдэмтдийн судалгаа бий.

Өнөөдөр “Рио Тинто” өнгөрсөн 10 жилийн хугацаанд анх удаа Монголын Засгийн газрын өмнө хүлээцтэй буулт хийж хандаж байгаа гэдэг бол тун чухал асуудал. Энэ нь Монголын Засгийн газар арбитрийн шүүх дээр ялах том давуу тал үүссэн гэдгийн баталгаа юм. Монголын Засгийн газар “Рио Тинто”-той байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ нь “авилгын гэрээ” болсон гэсэн үндэслэлээр таван улсын шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан. Энэ сөрөг нэхэмжлэлээр Монголын талд давуу байдал үүсч байгаа. Нотлох баримтууд нь хангалттай байгаа гэж үзэж байна. Энэ утгаараа хэлэлцээрийн явцад Монголын Засгийн газар давамгай байдалтайгаар, Монголын талд ашигтай байдалтайгаар асуудлыг шийднэ гэж би ойлгож байгаа.

-Одоогоос нэг сарын өмнө Рио Тинто, Туркойз Хилл компанийн удирдлагууд манай Ерөнхий сайдад таван санал ирүүлсэн. Та энэ үйл явцыг хэрхэн дүгнэж байна вэ?

-“Рио Тинто” урагшаа 100 алхаж, хойшоо ганцхан алхаж байна! Эцсийн эцэст хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах нь чухал. Монголын Засгийн газар, ард түмний өмнө буулт хийж байгаа нь олон жилийн, олон хүний хөдөлмөр. Харин "Рио Тинто" буулт хийж байгаа нэрийдлээр бас л хуурчих вий. Нэгдүгээрт, Монголын талын 34 хувьд ногдох өрнөөс 2.3 тэрбум ам.долларыг тэглэе гэсэн ч “Рио Тинто”-гоос ирүүлсэн нарийвчилсан тооцоо огт өөрчлөгдөхгүй, ирээдүйд бий болох 23 тэрбум ам.долларыг та нар төлөх хэвээрээ шүү гэсэн санаа. Хоёрдугаарт, Дубайн гэрээг угаасаа цуцлахаас өөр аргагүй. Энэ луйвар байсан. Дубайн гэрээн дээр заасан олон луйврыг нөхөн төлүүлж, хохиролгүй болгох хэрэгтэй. Үүнийг байгуулсан Монголын болон гадаадын хүмүүстэй хариуцлага тооцох ёстой. Дубайн гэрээг хийснээс үүссэн хор хохирлыг Монголын ард түмэн үүрнэ. Тиймээс энэ хохирлыг арилгах ёстой. Гуравдугаарт, далд уурхайн төслийн санхүүжилтэд аудит оруулна гэдэг бол ямар ч гэрээнд байдаг л зүйл. Наад захын гэрээнд байдаг асуудлыг "Рио Тинто" харж үзэж оруулж байна. Ийм дэмий юм ярилгүй Монголын талын ТУЗ-ийг хяналт тавих эрхтэй болгооч ээ. Бид хяналт тавьдаг баймаар байна. Хяналтгүй хүч бол үхэл гэдэг. 600 тэрбум ам.долларын баялгийг захиран зарцуулахад Монголын тал ямар ч хяналт тавьж чадахгүй байна гэдэг бол өр гэсэн үг. Тиймээс хяналттай байх ёстой. Дөрөвт, далд уурхайн хөрөнгө оруулалтыг 100 хувь "Рио Тинто" хариуцна гэсэн байна. Гэтэл Монголын тал 34 хувийн өрийг хариуцаж байгаа. 100 хувь буруу хөрөнгө оруулалтаас бид дараа нь 100 хувь алт, зэсээрээ төлдөг. Тавд, Оюу толгой, далд уурхайн төслийн хяналтыг сайжруулна гэж байна. Дандаа ийм ерөнхий санал тавьдаг. Хамгийн гол нь хөрөнгө оруулалтын гэрээнд л өөрчлөлт оруулах ёстой. Хүүхэд чихрээр хуурч байгаа юм шиг ийм зүйлээр хуурахгүй шүү. Сөрөг нэхэмжлэл бол бид 600 тэрбум ам.долларын баялагтаа дахиад эзэн байж, "Рио Тинто"-той дахин хэлэлцээрт орох боломжийг олж авах гарц. Та нар урагшаа 100 алхаж, хойшоо ганцхан алхаж байна.

-Нөгөөтэйгүүр Оюу толгойн хөрөнгө оруулагчдыг буулт хийлээ гэж нийгэм дүгнэж байгаа. Тэд яагаад ийм саналууд ирүүлэх болов гэсэн асуултын тэмдэг бий?

-Арбитрын шүүх дээр Монголын Засгийн газар ялах бүрэн үндэслэлтэй болсон. Монголын Засгийн газарт, төрийн өндөрлөгүүдэд авлига өгч байж Оюу толгойн гэрээ байгуулагдсан гэсэн Монголын Засгийн газрын сөрөг нэхэмжлэл үндэслэлтэй учраас тэд буулт хийж байна. "Рио Тинто" авлигаа дарагдуулах гэж, Монгол Улсыг дуугүй болгох нэг удаагийн хариу төлбөр гэж ойлгож болно.

-Захидалдаа арбитрийн маргааныг зургаан сар түдгэлзүүлж өгнө үү гэсэн байсан шүү дээ. Энэ шүүхийн асуудал ямар шатандаа яваа бол?

-Энэ бол дахиж олдохгүй боломж, үүнийг зогсоож болохгүй. Арбитрын шүүх дээр Монголын тал ялах бүрэн үндэслэлтэй байгаа. Зургаан сараар түдгэлзүүлж өгнө үү гэсэн асуудал дээр УИХ-аас Засгийн газарт чиглэл өгөхдөө энэ тухай огт ярих үндэслэлгүй. Зургаан сар битгий хэл нэг өдөр ч түдгэлзүүлж болохгүйгээр асуудлыг Монголын талд шийдвэрлэж өгнө үү гэдэг хүсэлтийг Засгийн газар гаргах ёстой гэсэн байр суурьтай байгаа.

-Хөрөнгө оруулагчид захидалдаа нэг зүйлийг онцолсон байсан шүү дээ. Энэ бол эцсийн санал, үүнээс өөр боломж байхгүй. Хэрэв татгалзвал аманд орсон шар тосыг хэлээрээ түлхсэн болох мэт тайлбарыг дагалдуулсан харагдсан?

-Ингэж Монгол Улсыг доромжилж болохгүй гэдгийг байн байн илэрхийлж байгаа. Тэд өөрсдийгөө мэргэшсэн дээрэмчин, биднийг тэнэг гэж бодоод байна. Монголын улстөрчид бүгдээрээ биеэ үнэлэгч, Рио тинтод бараа шахаж байвал хорвоо дэлхий хамаагүй гэж эх орноо боддоггүй муу хүмүүс биш ээ. УИХ-ын олонх гишүүд эх орондоо хайртай. Үүнийгээ ч сая УИХ-ын тогтоолоор баталлаа. Харин тэд Арбитрын шүүх дээр ялагдаж, гэрээг цоо шинээр Монголын талд ашигтай байдлаар шийдүүлэх нөхцөл үүссэн гэдгээс л айж байгаа. Хэрвээ бид татгалзвал, тэд татгалзвал арбитрийн шүүх дээр сөрөг нэхэмжлэлээр Монголын тал ялна гэдэгт би итгэж байна.

-Ерөнхий сайд, УИХ-ын түр хороо хамтран Рио Тинтогийн ирүүлсэн захидлыг нийгэмд задалсан нь тэдний саналыг хүлээн зөвшөөрч байгаа гэсэн мессэжийг өгөх шиг болсон...?

-Би тэгж бодохгүй байна. Рио тинтогоос ирсэн санал бүрийг Ерөнхий сайд, УИХ-ын түр хороо ард түмэндээ зарлаж ард түмний нэрийн өмнөөс шийдэж байгаа. Яагаад гэвэл Оюу толгойн баялаг бол УИХ-ын гишүүдийн хувийн өмч биш. Ерөнхий сайдын хувийн өмч биш. Монголын ард түмэн, тэр дундаа өнөөдөр төрөөгүй байгаа олон монголчуудын өмч. Тэд эзэн нь. Тэд эзэндээ ийм захидал ирлээ. Би яаж хариулах вэ гэж хариулж байгаа явцаа үргэлж нээлттэй илэрхийлж байх ёстой. Тэр утгаараа задалж мэдэгдсэн гэж би ойлгож байгаа.

-Рио Тинтогийн саналуудыг ажлын хэсгийн түвшинд харилцан зөвшилцөж чадвал нэгдүгээр улиралд багтаан гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд бэлэн гэдгээ хөрөнгө оруулагчид оны өмнө илэрхийлсэн. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар далд уурхайн улаар огтлох олборлолт нэгэнт эхэлбэл зогсолтгүй үргэлжилнэ гэж байсан?

-2009 онд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа Рио тинто болон хөрөнгө оруулалтын талд энэ уурхайг далд болон ил уурхайг ашиглалтад оруулна гэж амласан тэр амлалтандаа хүрч чадахгүй байгаа.

Өнөөдөр тэр амлалтаа биелүүлэхийн тулд биднийг шахаанд оруулж боймолсон байдалтай хандаж л байвал хөрөнгө оруулагчид луйварчид болсон байна гэдгээ тодорхой болгож байна.

-Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээрийн явц гадаадын хөрөнгө оруулагчдад ямар мессэж өгч байгаа бол?

-Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээрийн явц гадаадын хөрөнгө оруулагчдад маш том дохио өгч байгаа. Монголын улстөрчид, Монголын ард түмэн бол зарим Африкийн орнууд шиг авлигад идэгдсэн, эх орноосоо урвагч улстөрчидтэй өөдгүй, амиа бодсон ард түмэн биш юм байна гэдгийг харуулж байгаа. Монголын ард түмэн, улстөрчдийг бүү басамжил, бүү доромжил! Бид мэдлэгтэй, бид туршлагатай. Эрдэнэт гэсэн зэсийн уурхайтай. Уул уурхай хөгжсөн орон гэдгийг нотолж байгаа. Дэлхий Монгол орныг увайгүй Нигер шиг авлигад идэгдсэн гэдгээр биш ардчилалтай, эх орондоо хайртай, мэргэшсэн, мэдлэгтэй ард түмэн байна гэж дүгнээсэй гэж хөрөнгө оруулагчдад, бусад дэлхийн улс орнуудад нэр төртэйгөөр бид дуулгаж байгаа явдал юм.

-Зарим шинжээчид Рио Тинтогийн саналыг хүлээгээд авчихвал манай улс болон хөрөнгө оруулагчид хамтаар хожино гэж харж байгаа юм билээ...

-Олон жил хөрөнгө оруулагчдад бид дээрэлхүүлж, тэдний тавьсан санал болгонд буулт хийсээр байгаад 600 тэрбум ам.долларын баялгаа өгөөд дээр нь 23 тэрбум ам.долларын өртэй болсон. Энэ бол үе үеийн хөрөнгө оруулагчдын шаардлаганд буулт хийвэл сайн шүү гэж тархи угаадаг Рио тинтогийн захиалгат нийтлэг луйварчдын хийсэн ажлын үр дүн юм.

Бид баялгаа өгөөд ядууралгүй баймаар байна. Ажлын байртай болмоор байна гэдгээ тулгаж шаардаж байгаа нь Монголын эрх ашиг юм. Тэдний тулган шаардалт болгонд үг дуугүй бууж өгөх нь эх орноосоо урваж байна гэсэн үг. Үндсэн хуульд иргэний эрх үүрэгт “эх оронч байх” гэдэг үг байгаа шүү. Өөрийнхөө нэр төрийг гутаалган байж, үнэний төлөө зогсоно гэдэг бол эх оронч байгаагийн нэгдүгээр илэрхийлэл гэж би хувьдаа итгэж энэ 20-иод жил түмний төлөө дуугарлаа.

-Таны зүгээс гэрээнд өөрчлөлт оруулах ямар хувилбарууд дэвшүүлж байгаа вэ?

-Нэгдүгээрт, би 27 зүйл заалттай хувилбарыг 2005, 2007, 2009 онуудад гэрээ байгуулагдахаас өмнө Төрийн гурван өндөрлөгт, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Тагнуулын газарт хүргүүлж байсан. 34 хувийг өөрчлөн роялти руу шилжүүлж 15-20 хувийн роялтигаа нэмэх нь миний чин хүсэл юм. Хоёрдугаарт, ТУЗ-ийн гурван гишүүнийг амралтад явдаг мануухай шиг байлгалгүйгээр Монголын тал хөрөнгө оруулалтын зарцуулалт, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа, төслийн бүх үйл ажиллагаанд хяналт тавьдаг болгомоор байна. Манайх одоо ямар ч хяналтгүй байгаа. Гуравт, менежмэнтийн зардал гэж луйвар. Мөн хувь нийлүүлэгчдийн гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээнд менежмэнтийн зардал, 34 хувийг жилийн 10 орчим хувийн хүүтэй зээлээр явж байгаа энэ луйвруудаа зогсоо гэсэн саналуудыг бид удаа дараа тавьж байгаа.

Монгол Улс төв Ази дундах Африкийн нэг жижиг хэлтэрхий болж түүхэнд бичигдэхэд дөхөж байна. 50 жилийн дараах монголчууд өнөөдрийн амьдарч байгаа Монголчуудыг хараана шүү. Амиа бодсон, арчаагүй, биеэ үнэлэгч улстөрчидтэй гэж хараалгахгүйн тулд өнөөдөр энэ гэрээг өөрчилж Монголд ашигтай болгох хэрэгтэй. Монгол оронд ажлын байр хэрэгтэй байна. Монгол орон өргүй баймаар байна. Ажилгүйдлээ бид шийдмээр байна. Ядуурлаа бууруулмаар байна. Энэ бол гэрээний туйлын зорилго. Гэрээ байгуулсан хэдэн луйварчин улстөрчид хагартлаа баяжина гэж энэ гэрээг байгуулаагүй.

Онцлох нийтлэлүүд