Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Тусгаар тогтнолын баярын жагсаалын үеэр 6 хүн амиа алджээ DNN.mn Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гурван асуудлыг хэлэлцлээ DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан DNN.mn Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn Үндэсний их баяр наадмын үеэр нэмэлт галт тэрэг аялуулна DNN.mn Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хуулиар хориглов DNN.mn ТББХ: Хуулийн төслүүдийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийг явууллаа DNN.mn Улсын хэмжээнд 570.8 мянган га талбайд тариалалт хийжээ DNN.mn Наадмын үеэр нэмэлт галт тэрэг аялуулна DNN.mn ​Барилгын материалд хорт бодис байгаагаас үүдэж бидний үр хүүхэд, гэр бүл хорт хавдраар өвдөж байна DNN.mn Тусгаар тогтнолын баярын жагсаалын үеэр 6 хүн амиа алджээ DNN.mn Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гурван асуудлыг хэлэлцлээ DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан DNN.mn Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв DNN.mn Үндэсний их баяр наадмын үеэр нэмэлт галт тэрэг аялуулна DNN.mn Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хуулиар хориглов DNN.mn ТББХ: Хуулийн төслүүдийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийг явууллаа DNN.mn Улсын хэмжээнд 570.8 мянган га талбайд тариалалт хийжээ DNN.mn Наадмын үеэр нэмэлт галт тэрэг аялуулна DNN.mn ​Барилгын материалд хорт бодис байгаагаас үүдэж бидний үр хүүхэд, гэр бүл хорт хавдраар өвдөж байна DNN.mn
Нийгэм
2021.10.27 10:10

С.Давааням: Дагуул, хоёрдогч хотуудад зарим чиг үүргийг шилжүүлснээр хэт төвлөрлийг сааруулна


Барилга хот байгуулалтын яамны харьяа “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын Хүн амын нутагшилт, бүс нутгийн судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Даваанямтай ярилцлаа.


-БХБЯ-ны харьяа Барилгын хөгжлийн төвд Хүн амын нутагшилт, бүс нутгийн судалгаа, төлөвлөлтийн хэлтэс “Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийг хэрэгжүүлж, судалгааг хийсэн. Энэхүү судалгааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-“Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” (ХАНСХЕТ) нь ирэх 20 жилд Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлж, хөгжлийн орон зайн оновчтой төлөвлөлтийг хийх судалгааны суурь баримт бичиг юм.

БХБЯ-ны харьяа Барилгын хөгжлийн төвд Хүн амын нутагшилт, бүс нутгийн судалгаа, төлөвлөлтийн хэлтэс, Хот суурин дэд бүтцийн судалгаа төлөвлөлтийн хэлтэс гээд нийтдээ 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2018 оны 6 дугаар сараас эхлээд үйл ажиллагаагаа явуулж Монгол Улсын нийт 220 гаруй хот, суурин газарт орон нутгийн судалгаа хийлээ. Мөн өнөөгийн байдлын судалгаа, үнэлгээний ажлууд хийгдэж, одоо төлөвлөлтийн шийдлүүдийг боловсруулах түвшинд ажил явагдаж байна. Энэ оны эцэс гэхэд төлөвлөлтийн шийдлүүдээ боловсруулж, хэлэлцүүлээд 2022 оны хаврын чуулганаар УИХ-аар батлуулахаар төлөвлөсөн. Тус төслийг боловсруулах үндэслэл нь юу вэ гэхээр Монгол Улсад хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоо алдагдсан. Нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг хэрнээ эсрэгээрээ хүн амын хамгийн их хувь нь ганц том хотод суурьшдагаар бас дэлхийд тэргүүлж байгаа нь агаар, ус, хөрс, дуу чимээ зэрэг орчны бохирдол, халдварт өвчин болон байгалийн гамшигт өртөх эрсдэлийг нэмэгдүүлэхээс гадна авто замын түгжрэл зэргээр эдийн засагт ч сөрөг нөлөө үзүүлж байна.

Иймд хүн амын шилжилт хөдөлгөөний асуудлыг шинжлэх ухааны онолын үндэслэлтэйгээр авч үзэж, нийслэлийн дагуул болон Эрдэнэт, Дархан зэрэг хоёрдогч хотуудад нийслэлийн дээд боловсрол, төрийн захиргааны зарим чиг үүргийг шилжүүлэх, хотуудын улсын зэрэглэлийг оновчтой тогтоож хуульчлах, сум дундын төв буюу бүлэг суурингийн төвийг оновчтой тогтоож, тэдгээрт хот байгуулалтын дэд бүтцийн болон нийгмийн үйлчилгээний таталцлыг бий болгож, нийслэлийн хэт төвлөрлийг сааруулж, орон нутагт хүн амын зохистой тогтвортой суурьшлыг хангах боломжтой.

-Нийслэлийн дагуул хотууд байгуулах ажил үндсэндээ эхэлсэн. Энэхүү ажлууд хэр уялдаж явж байгаа вэ?

УИХ-аас дагуул хотууд байгуулах тогтоол гарсны дагуу шаардлагатай газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, Шинэ Зуунмод буюу Аэросити, Майдар гэсэн шинэ дагуул хотуудыг газарзүйн ойр байршил, таталцлыг харгалзан Төв аймгийн төв Зуунмодтой зам тээвэр, хот байгуулалтын дэд бүтцийг уялдаатайгаар төлөвлөж, эхний ээлжинд шаардлагатай зураг төслийн ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлээд явж байна. Шинэ Зуунмод нь олон улсын агаар, төмөр зам, авто замын тээвэр логистикийн том зангилаа төв болж,дотоод, гадаадын хөрөнгө оруулалт татах боломжтой, эдийн засгийн хувьд бие даан хөгжих чадавхитай хот байгуулагдсанаар нийслэлийн дөрвөн уулын дундах хэт төвлөрлийг сааруулах боломж гарна. 1990 оныг хүртэл Монголд 29 хотыг хуучин ЗХУ-ын туслалцаатайгаар байгуулж байсан бол одоо бие дааж анхны хот байгуулах ажлыг эхлүүлж байна.

-Улаанбаатар хотыг төлөвлөлтийн хувьд өргөтгөх нь зөв юмуу, эсвэл дагуул хот байгуулах нь зөв юм уу?

-Улаанбаатар хот суурьшлын бүсийн хувьд хүн амын даац хэтэрсэн. 800 мянган хүн суурьшихаар төлөвлөсөн ч одоо бараг хоёр дахин хэтэрсэн. Нутаг дэвсгэрийн түвшинд төвлөрөл ялгаатай байна. Төвийн зургаан дүүрэгт, Их тойруу, Бага тойруу, Зайсан, Шинэ яармаг гээд төвлөрөл хамгийн их хэсэгтээ суурьшлыг хязгаарлаж, алслагдсан хаяа, дагуул хот тосгодод төвлөрлийг хот байгуулалтын дэд бүтэц болон зам тээврийн төлөвлөлт, хүн шилжилт хөдөлгөөнийг татах хүчин зүйлс, бодит ажлын байртай нь уялдуулж суурьшлыг нэмэх боломжтой. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд аймаг, сум орон нутагт ажилгүйдлийг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр төрөөс олон зуун тэрбум төгрөгийг зарцуулсан. Үүний гол зорилго нь нийслэлийг чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөнийг сааруулах, орон нутгагт хүн амын төвлөрлийг хадгалах, нэмэгдүүлэх байсан ч үр дүн нь эсрэгээрээ гарч ихэнхи сумдын хүн ам буурсан. Шилжилт хөдөлгөөний таталцлын онолоор хамгийн том хот нь хоёр дахь том хотоос хоёроос дээш дахин их хүн амтай бол том хотыг чиглэсэн шилжилт хөдөлгөөн зайлшгүй явагддаг гэж үздэг.

-Тэгэхээр манайд энэ харьцааг хэрхэн харж болох вэ?

-Улаанбаатар, Эрдэнэт хотын хооронд авч үзвэл энэ харьцаа 15 дахин зөрүүтэй байна.Дэлхийд байхгүй хүн амын таталцлын том соронз үүсчихсэн гэсэн үг. Монгол Улс дахиад Улаанбаатар хотоос том соронз үүсгэж чадахгүй тул энэ соронзын татах хүчийг сулруулах ганц л арга зам байна. Дэлхийн улс орнуудын туршлагыг харахад нийслэлийн зарим чиг үүргийг дагуул болон хоёрдогч хотуудад шилжүүлж энэ асуудлыг шийдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, төр засаг ньасуудлынхаа ард биш урд нь манлайлж явж байж шийддэг. Өнөөдөр барилгын зах, техникийн захыг УБ-ын төвийн хэсгээс гаргалаа гэхэд ачаалал багасч, иргэдийн үйлчилгээ холдох ч түүнийг орлосон барилгын материалын жижиг дэлгүүр, үйлчилгээний төвүүд хотдоо байж л байна. Улаанбаатараас өөр соронзыг бид хэзээ ч байгуулж чадахгүй. Хүн амын таталцлын соронзын татах хүчийг ганц зүйлээр бууруулах боломжтой. Тэгвэл энэ соронзын татах хүчийг бууруулахын тулд соронзоо хагалаад зарим хэсгийг хоёрдогч, дагуул хотуудад байршуулах замаар хүн амын шилжилт хөдөлгөөнийг сааруулах боломжтой. Дээр нь хүрээлэн буй орчны бохирдол, авто замын түгжрэл, амьдрах чанар аюулгүй байдал нэлээд алдагдаж байна. тэрийг дагаад бид цаашдаа ирэх 20 жилдээ одоогийн хүн амын өсөлтийн түвшнээр явах биш тодорхой хязгаарлаад хүн амын шилжилт хөдөлгөөнийг татах хэрэгтэй. Ялангуяа цөөн хүн амтай улсын хувьд төр засаг нь асуудлынхаа араас явах биш урд нь манлайлж явах үүднээс төрийн захиргааны зарим чиг үүрэг буюу зарим яамд, агентлаг, дээд боловсролын зарим чиг үүрэг буюу ШУТИС, ХААИС зэрэг их дээд сургуулиудын мэргэжлийн хөтөлбөрийн 50 орчим хувийг хоёрдогч болон дагуул хотуудад байршуулж эдгээр хотуудын хөгжлийг дэмжих асуудлыг судалж авч үзэх шаардлагатай.

-Одоо нийслэл ачааллаа дийлэхгүй хэзээ мөдгүй доголдоход хүрээд буй салбар, бүтцүүдийг нэрлэж болох уу?

-Хотын үндсэн суурь болох байгалийн нөхцөл, нөөцийн хувьд ачаалал даац хэтэрчихсэн. Нийгмийн дэд бүтэц болох сургууль, цэцэрлэгийн анги дүүргэлт их, төвийн хэсэгт шинээр барьж байгуулахад газрын хүрэлцээ дутагдалтай, хот бүрдүүлэгч гол дэд бүтэц гэгддэг газар, эрчим хүч, усны нөөц цаашдаа хүн ам ихээр өсөх эрэлтийг хангаж чадахааргүй түвшинд байна. Зам тээврийн түгжрэл, орчны бохирдол зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдэж байгаа хурд нь өдрөөс өдөрт нэмэгдэж буй хүн амын өсөлтийн хурдаа гүйцэхгүй байна. Иймд бид дараагийн макро түвшний өөрчлөлтийг хийх шаардлагатай.

-Өөр ямар арга механизмаар хэт төвлөрлийг сааруулж, орон нутагт төвлөрлийг нэмэгдүүлэх боломжтой вэ?

-Санхүүгийн хөшүүргийн механизм байж болно. Улаанбаатар хотоос 200 км болон 500 км-ээс дээш зайд татварын хөнгөлөлтийг шатлалтайгаар үзүүлж болно. 200 км-ээс дээш зайд өдөр тутамдаа нийслэл рүү таталцах боломжгүй, мөн Дархан, Эрдэнэт, Чойр зэрэг хотуудын хөгжлийг дэмжих боломжтой болно. Заавал тэр хот, суманд тэр үйлдвэрийг хөгжүүлнэ гэж хатуу заахаас илүү тэр боломжит зайд дотоод, гадаад зах зээлд гарах боломж, хөдөлмөрийн нөөц, хот байгуулалтын дэд бүтэц зэргээсээ хамаараад хөрөнгө оруулагч талд уян хатан байдлаар шийдэх сонгох боломжоор хангах хэрэгтэй. Өмнө нь хотуудыг байгуулахдаа эдийн засгийн чиг үүрэгтэйгээр байгуулж байсан бол одоо ихэнх хот, сумын төвүүдэд төрийн захиргааны болон нийгмийн үйлчилгээ л давамгайлж байгаагаас хот, суурин газруудын бие даан хөгжих чадавх сул байна. Иймд хотуудыг бүсчилэн үйлдвэрлэл, үйлчилгээгээр төрөлжүүлэн хөгжүүлэх, орон нутгийн хотууд хоорондын эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэх хэрэгтэй.

-Хууль эрх зүйн ямар механизм байж болох вэ?

-Хот, суурин газруудын зэрэглэл, ангилал, засаг захиргааны статусыг оновчтой тогтоох хууль эрх зүйн механизм байна. Тухайлбал Япон, БНСУ, Казахстан, БНХАУ, ОХУ зэрэг ихэнх улсад нийслэлээс бусад 2-10 хүртэл тооны хоёрдогч том хотуудыг засаг захиргааны 1 дүгээр түвшний бие даасан нэгжийн статустай байдаг. Гэтэл манайд аймаг, суманд харьяалуулдаг тогтолцоог өөрчилж, Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж, Дархан, Эрдэнэт, Чойр, Замын-Үүд, Хархорин гэсэн хотуудыг улсын зэрэглэлтэй, засаг захиргааны бие даасан статустай хот болгох асуудлыг авч хэлэлцэх нь зүйтэй. Үндсэн хуулийн хамгийн том зайлшгүй хийгдэх ёстой өөрчлөлтийн нэг гэдгийг хэн хүнгүй мэддэг ч одоог хүртэл хийгдэлгүй ирсэн. Учир нь Орхон аймгийн ЗДТГ, Баян-Өндөр сумын ЗДТГ, Эрдэнэт хотын Захирагчийн ажлын алба гээд 1 хотын хөгжлийн асуудлыг хариуцдаг 3 давхардмал бүтэц байна. Нөгөө талаар стратегийн ач холбогдол, эдийн засгийн хөгжлийн олон төрөлжилттэйг харгалзан Замын-Үүд, Хархорин хотуудыг улсын зэрэглэлтэй засаг захиргааны бие даасан статустай байж болно.

Учир нь хүн амын өсөлт хамгийн хурдацтай явагдсан Замын-Үүд хот 20 мянган хүнтэй хэрнээ 2000 хүнтэй сумтай адил статустайгаас нэг талаас төрийн үйлчилгээний чанар хүртээмж муудахад хүргэж байгаа бол нөгөө талаас Замын-Үүд нь зөвхөн Дорноговь аймгийн сум биш, Монгол Улсын, цаашлаад Зүүн хойд Азийн бүс нутгийн хэмжээнд зам тээвэр, логистик, аялал жуулчлал, гадаад худалдааны том төв болон бие даан хөгжих боломжтой. Хархорин хот нь Монгол орны төв цэгт байрладаг бөгөөд тус хотоос бусад бүх хот, сумын төвүүд хүртэлх зай хамгийн бага бөгөөд зам тээврийн хэвтээ тэнхлэгийн зангилаа болдог, олон улсын аялал жуулчлалын том төв болгон хөгжүүлэх боломжтой. Тус хот орчмын Өвөрхангай аймаг болон Архангай, Булган аймгийн сумдад түүх соёл, байгалийн болон амралт сувиллын аялал жуулчлал хөгжүүлэх хамгийн их нөөц, бүтээгдэхүүнүүд нэг дор байрласан бүс нутаг болдог.

Бүсийн төв болох Ховд, Чойбалсан зэрэг хотууд нь улсын зэрэглэлтэй бөгөөд засаг захиргааны статус нь аймагтаа харьяалагдаж, аймгийн төвөөрөө байна. Мөн аймгийн дэд төв болон хөгжих боломжтой, хүн ам ихтэй, эдийн засгийн төрөлжилттэй Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Хөтөл, Ховд аймгийн Булган, Завхан аймгийн Тосонцэнгэл, Хөвсгөл аймгийн Хатгал, Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций сумын төвүүдийг орон нутгийн зэрэглэлтэй хот болгон статусыг нь нэмэгдүүлэх боломжтой юм.

-Сум дундын төв буюу бүлэг суурингийн төвүүдийг тогтоохын ач холбогдол юу вэ?

-Олон улсын зах зээлийн эдийн засгийн онолоор 5000-аас хүнтэй суурин газарт орон нутгийн бие даасан үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих зах зээл бүрэлдэж эхэлнэ гэж үздэг. Гэтэл дундаж сумын төвийн хүн ам 300-800 хүртэл хүнтэй, тэдгээрт үсчин гоо сайхны газар, талх нарийн боовны цех, зочид буудал, цайны газар зэрэг наад захын хэрэгцээг хангах үйлчилгээ байхгүй сумууд ч байна. Нөгөө талаар орон нутагт сум дундын эмнэлэг, шүүх, цагдаа, онцгой байдлын хэлтэс гээд нийгмийн зарим дэд бүтцүүд бий болсон. Монгол Улс өнөөгийн байдлаар 330 сумын төв, нэмээд 20 орчим хот, суурин газартай байна. Эдгээр нь үндсэндээ 1931 онд бий болсон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийн тогтолцоо юм. Тухайн үед сумын төвөөс дундаж байршилд алслагдсан хөдөөгийн иргэд өдөртөө мориор очоод ирэх 5 цаг орчмын зай байсан бол энэ хугацаа зам тээврийн нөхцөл сайжирснаар өнөөдөр 1 цаг хүртэл багассан байна. 90 орчим сум дундын төв буюу бүлэг суурингийн төвтэй болсноор дунджаар 3-4 сум дундаа 2000-5000 хүнтэй нэг төвтэй болж боловсрол, эрүүл мэнд зэрэг аймгийн төв, том хотууд рүү таталцдаг төрийн үйлчилгээг орон нутагт сайжруулан хүргэх, сумд хоорондын нийгмийн болон эдийн засгийн хамтын харилцаа нэмэгдэх, бэлчээр зэрэг байгалийн нөөцөө томсгосон түвшинд зохистой ашиглах, орон нутагт хүн амын зохистой төвлөрөл нэмэгдэж, хот байгуулалтын дэд бүтцийн болон бусад гадаад, дотоодын төсөл хөтөлбөрүүдийг эхний ээлжинд эдгээр төвүүдэд хэрэгжүүлснээр төсөл, хөрөнгө оруулалтуудын үр ашиг сайжирна.

Бүх сум эрчим хүчинд холбогдсон, зарим сумын төвүүд инженерийн дэд бүтэц, хатуу хучилттай автозамтай болж, үүрэн телефоны болон шилэн кабелийн интернэт сүлжээнд холбогдсон зэргээр хот хөдөөгийн ялгаа эрс багассан. Цаашдаа бүх сумыг жигд хөгжүүлэхээс илүүтэйгээр өрсөлдөх чадвар өндөртэй бүлэг суурингийн төвүүд болон хотуудыг уул уурхай, аялал жуулчлал, зам тээвэр, боловсруулах үйлдвэрлэл зэрэг эдийн засгийн хөгжлийн нөөц, онцлог, давуу талуудад тулгуурлан төрөлжүүлэн хөгжүүлэх шаардлагатай.Эцэст нь хэлэхэд, бид асуудлаа мэдэж байгаа нөхцөлд шийдвэрлэх арга замыг хайх, өөрчлөх хэрэгтэй. Мэдэхгүй байгаад өөрчлөхгүй байх нэг хэрэг, мэдэж байгаа хэрнээ өөрчлөхгүй байх өөр хэрэг.

Онцлох нийтлэлүүд