Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн ДХБ-ын Сайд нарын бага хурлыг хойшлуулжээ Монголын агрономчдын "Өндөр ээж" гавьяат боллоо Нефтийн үнэ буурчээ Бээжин хотод анхны жолоочгүй такси үйлчилж эхэлжээ Энхийг сахиулагчид Өмнөд Африкаас биш Суданаас ирнэ Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно "MPDU Fashion Week" загварын шоу боллоо Согтуу жолооч осол гаргаж 4 хүн гэмтээжээ "Модерна" компани “Омикрон”-ы эсрэг вакцин гаргах ажлыг яаралтай эхлүүлжээ Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн ДХБ-ын Сайд нарын бага хурлыг хойшлуулжээ Монголын агрономчдын "Өндөр ээж" гавьяат боллоо Нефтийн үнэ буурчээ Бээжин хотод анхны жолоочгүй такси үйлчилж эхэлжээ Энхийг сахиулагчид Өмнөд Африкаас биш Суданаас ирнэ
Нийгэм
2021.08.07 10:08

​С.Дэлгэр: “Нэг гар нөгөө гараа угаадаг” гэдэг дүрэмтэй шүү дээ, би чинь


Наранрестораны захирал С.Дэлгэртэй ярилцлаа.


-Таныг “21 000” реалити шоунд оролцож байхад анх харсан. Тэгэхэд ялагдсан мөртлөө ялагч шиг байж болдог юм байна гэж бодогдсон шүү.

-Гурван жил өнгөрсөн байна шүү..

-Энэ шоунд хамт оролцсон тэрэгчин Г.Батхүү гуайтай холбоотой байдаг уу?

- Холбоотой байна аа. Бид гэр бүлийн найзууд болсон. Хоёр хөөрхөн охин нь өсч явна. Эхнэр нь надаас ном авч уншдаг юм, их хөөрхөн. Би чинь номчин хүн.

-Охин нь Анагаахад сурч байгаа юу?

- Охин нь их мундаг сурч байгаа. Одоо ер нь “Нохойн дуу ойртож байна”. Зуны амралтаар нь найз эмч дээрээ аваачиж, дадлага хийлгэнэ. Хөөрхөн явдаг юм аа, бид хэд чинь.

-Би гадаад мэдээгээр нэгэн рестораны эзэн, эмч нарт үнэгүй хоол хүргэж өгч байгааг харсан юм. “Ямар гоё вэ, Монголд ийм хүн байдаг болов уугэж бодсон. Гэтэл та бас эмч, онцгой, цагдаагийнханд хоол хүргэсэн юм билээ?

-Ковид гээд жил хагасын өмнө сүржигнэсэн шүү дээ. Хил гааль хаасан шиг 22-ын товчоог хаасан. Өвлийн хүйтэн зэврүүн өдрүүд байлаа. Ресторан, гуанзнуудыг бас хаагаад эхэлсэн шүү дээ. 22-ын товчоо манайхаас ойрхон юм чинь. Манай ресторан Москва хорооллын замын урд талд байхгүй юу. Ажилчдынхаа цалинг өгөх ёстой. Гэхдээ бас зүгээр мөнгө авч суумааргүй байсан. Тэгээд нэг л өдөр хоол хүргэж очсон. Гэтэл хүмүүс маш их баярласан. Цагдаа, эмч, онцгой байдал, мэргэжлийн хяналтын гуч гаруй албан хаагч байсан л даа. Бүгд олигтой хоолгүй, өдөржин ажиллаж байлаа. Аймаар стресстэй шүү дээ.

Болохгүй гээд байхад л дүрэм зөрчөөд, яаж ийгээд аргалчих гээд байдаг монгол зан байдаг. Тэднийг зохицуулж байгаа хүмүүс аягүй өрөвдмөөр байхаар нь хайр хүрээд, бид нарын төлөө ингэж ажиллаж байгаа юм чинь ерөөсөө 14 хоногийн хөл хориог дуустал хоол хүргэе гэж шийдсэн. Тэгээд л өдөр бүрийн хоолны меню гаргаад, нөгөөдүүл рүүгээ хоол хүргэх ажилтай болсон. Ажилчдаа дагуулаад, хоолоо машиндаа ачаад явна шүү дээ. Яах вэ дээ, чаддаг юмаараа л тус болъё гэж бодсон юм. Би чинь ресторан ажилуулж л чадна. Аймаар мөнгөтэй хүн биш шүү дээ. Олсон орлогоороо хэдэн ажилчдаа цалинжуулаад, өөрөө болж л байдаг хүн. Их мөнгө хураая гэсэн мөрөөдөл байхгүй. Хэдэн айлыг тэжээж байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Хүмүүс гайхаад “Эд нар мөнгө төлж байгаа юм уу” гэж асууж байсан л даа. Юуг нь төлөх вэ дээ. Гэрийн бараа харахгүй, бидний төлөө ковидыг наашаа цаашаа болгохгүй гээд зогсож байгаа хүмүүс шүү дээ.

-Ковидын нөхцөлд аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн байдал ч муу байгаа. Үнэгүй хоол яаж түгээх вэ, та яаж зохицуулав?

-Хоол үйлдвэрлэл гэдэг яг үнэхээр үйлчилгээ сайтай байвал тийм ч муу бизнес биш шүү дээ. Хоол хүргэж байх үед бол хэвийн ажиллаж байгаад дөнгөж зогссон үе. Манайх буяны ажил их авдаг байхгүй юу. Тэндээс орж ирсэн орлогууд жаахан цугласан л даа. “Нэг гар нөгөө гараа угаадаг” гэдэг дүрэмтэй шүү дээ, би чинь. Би нэг хүнд тус боллоо гэхэд нөгөө хүнээсээ хариу нэхэхгүй. Нэг хүнд гар сунгасан байхад нөгөө гараас буян нь орж ирдэг. Түүнийгээ цацаж байхгүй юу. “Нэг гар нөгөө гараа угаана” гэдэг еврэй үг байдаг. Түүнийг хүмүүс гар угаах тухай гэж бодоод байдаг. Нэг гар өөрийгөө угааж чадахгүй. Хоёр гар байж л угаадаг.

-Ковидоос болоод хоолны газруудыг хязгаарладаг. Ковидтой нөхцөлд ажиллахад халдвар хамгааллын дэглэм баримтлах боломжтой юу?

-Боломжтой байлгүй яах вэ. Манайх жишээлбэл 150 хүн ордог ресторан. Орчин үед буяны ажилд үнэндээ 20-30 хүн л явдаг. Хуучин шиг 60-100-гаад хүн явахаа байсан. Буяны ажил болохоор хүмүүс “Дансаа явуулаач” гэдэг болсон шүү дээ. 150 хүн ордог газар 30 хүн зай бариад, хооллож ундлаад гарахад яагаад болохгүй гэж. Үнэндээ буяны ажил аваад байгаа хэрнээ сүүлийн жил хагас нийтэд үйлчлээгүй. Ариутгалын компанитай гэрээтэй. Ариутгалын компани овоо хэдэн төгрөг хийж байх шиг байна аа. Долоо хоногт гурав ирж ариутгана. Өөрсдөө халдваргүйжүүлэлтээ сайн хийдэг. Яг өнөөгийн нөхцөлд ковидоор олон хүн өөд болж байгаа. Тэдний хавьтагч нар явж л байгаа шүү дээ. Ариутгаад оруулдаг, хоол ундаа идээд гараад явдаг. Манай ажилчдаас түй түй (ширээ тогшив) нэг ч хүн ковид тусаагүй. Ажилласаар л байсан, үйлчилсээр л байсан. Хэтэрхий боож хаагаад, ресторанаас л халдвар авчихна гэж ойлгож болохгүй. Хүмүүс өөрсдөө ч их болгоомжтой байдаг. Би ч хэнхэг амьтан л даа. Надаас шаардаагүй ч байсан өөрөө дүрэм бариад давхичихдаг.

-Та Германд оюутан байхдаа хоолны газар зөөгчөөр ажиллаж байсан гэсэн шүү дээ. Германчууд хатуу зарчимтай хүмүүс. Тэдний нөлөө байгаа л даа?

-Тэрний үлдэгдэл надад байна аа. Ковидгүй байхад ч аяга, халбага, сэрээ яаж ариутгагдсан байх ёстой, рестораны нөхцөл байдал ямар байх ёстой, хүнд яаж үйчилдгийг тэнд оюутан байхдаа зөөгч хийхдээ мэдэрсэн учраас энд ч тийм л байгаа. Мөнгө олохоос гадна зовлон, жаргал үзээд ирсэн хүмүүсийг сайхан хүлээж авах чухал. Хоол нь амттай, тайван, цэвэр цэмцгэр нөхцөлд үйлчлүүлээд “Сайхан байлаа” гээд гардаг. Уг нь архи зарах зөвшөөрөлтэй. Гэхдээ зардаггүй. Ажилчдаа эртхэн гэртээ харь, гэр орон, үр хүүхдэдээ цагаа зарцуул гэдэг. Ажил хийж байгаа гээд өглөөнөөс орой хүртэл мал шиг ажиллаж болохгүй.

-Саяхан та хүүхдийн төрсөн өдрийн захиалга авсан гээд ягаан чимэглэлтэй тайзны гоё зурагтай пост оруулсан байсан даа?

-Ковидоос болоод хэсэг хугацаанд ямар ч баярын захиалга ирээгүй. Тэгж тэгж нэг насны ойн төрсөн өдрийн баярын захиалга авсан. Гучин хүнтэй айл байсан л даа. Өсч яваа хүүхдийн баяр гээд ач холбогдол өгөөд, ресторанаа чимэглээд, өөрсдөө тэрнээсээ кайф авч байгаа юм. Ойрд хөгжим, дуу дуугараагүй. “Эрвээхэй эрвээхэй” гээд дуу яваад, өөрөө баярлаад гүйгээд байгаа юм биш үү.

-Та хуульч мэргэжилтэй хүн. Германд мэргэжлээрээ ажиллаж, монголчууддаа бас тус болж явсан юм билээ. Эх орондоо ирээд, хуулийн чиглэлээр ажиллая гэж бодоогүй юу?

-Хуулийн чиглэлээр ажиллах зорилготой ирсэн. Манай төрийн албан хаагч болох зам мөр амар биш. Уг нь яг манай үеийнхэн хийж байх ёстой ажлыг огт өөрөөр эргүүлчихсэн. Улс төртэй бүгд хутгалдчихсан. Хэн нэгэн хүн намайг татах ёстой юм билээ. Нааш ир энд ажилд оруулъя гээд. Би тэгээд жаахан мөнгө өгч орох учиртай юм билээ. Зүгээр орж болохгүй. Миний диплом юу ч биш юм билээ. Надад тийм арын хаалга байгаагүй. Тэгээд больсон. Яг үнэнийг хэлэхэд би бас Монголын нөхцөлд тохирохгүй хүн шиг байгаа юм.

-Шударга, шууд үнэнийг хэлдэг хүн хэцүү л дээ.

-Яг байгаагаар нь хэлчихээр их хэцүү. Хүний дургүй хүргэх юм билээ. Өөрийнхөөрөө чөлөөтэй байя гээд ресторан ажиллуулах болсон юм. Сэтгэлд хүрч үйлчлэх гэдэг Монголд дутагдаж байна гэж үзсэн. Хүмүүс гайхдаг юм. Одоо ч манайх ажиллаж байна. Би сая жорлонгоо орж угаачихаад гарч ирсэн.

-Монголд эзэн, захирал жорлон руу хавьтахгүй л дээ?

-Тэрэнд ядах юм байхгүй. Хүмүүс “Та жорлон цэвэрлэдэг юм уу” гэдэг. Бүх л юмаа хийх ёстой. Германд даргаасаа сурсан зуршил ийм. Оюутан байхдаа хоолны газар ажиллаж байхад тэр том рестораны босс эмэгтэй өөрөө их ажиллана. Хүн ихтэй үед хоол зөөгөөд гүйдэг гээд бод доо. Дээр нь ширээ цэвэрлээд явна. Жар гарсан мундаг эмэгтэй. Би залуу байсан болохоор их гайхдаг байсан. Тэр бас жорлон цэвэрлэдэг байлаа. Гаднаа мянган хүн суудаг гардентай, дотроо 500 хүн авдаг. 1500 хүнд зэрэг үйлчлэх чадалтай газар байсан. Тэр том рестораны эзэн ингэж ажиллаж байхад С.Дэлгэр бол уучлаарай байхгүй юу. Энгийн юманд дуртай. Миний өрөө гэхэд хоёр хүн ороод л дүүрнэ. Надад том өрөө хэрэггүй. Харин ажилчдад хувцсаа солих том өрөө хэрэгтэй. Би бол яах вэ, одиноороо суудаг хүн.

-ТаКовидын үе түр зуурынх, эерэг хандлагаар даван туулнагэж уриалсан байсан даа?

-Мэдээж олон байгууллага хаалгаа хаагаад, хэцүү байгаа. Гэхдээ түр зуурынх шүү гэж бодох ёстой. “Одоо дампуурлаа, баларлаа” гээд унжийгаад эхэлвэл дуусна шүү дээ. Бидний ард хичнээн гэр бүлийн амьдрал яваа билээ дээ. “Цоглог байна шүү. Эерэг амьдарна шүү” гэж хэлдэг. “Гэхдээ гоёор...” гэж хэлдэг. Манайхан бүгд мэднэ.

Би лагерийн байшин бариулж байгаа. Барилгын материал их үнэтэй болсон. Үнэхээр даам гарсан үнэтэй байгаа. “Яах вэ дээ, хил гааль хаагдаад баларчихгүй юу, наймаачид хөөрхий, аймаар их мөнгө төлж байгаа юм чинь. Тэд бас юмаа олж авах ёстой шүү дээ. Битгий горой” гэж өөртөө хэлж, тайвшруулж байгаа. Бүх юманд бухимдвал хэцүү шүү дээ. Өөдрөгөөр сэтгэж байгаа нь тэр, чааваас. Машиндаа нэг гоё асдаг зүрхтэй. Хажуугийн замаас орох гэхээр оруулдаггүй шүү дээ. Тэгэнгүүт нь зүрхээ гаргаж асаагаад “Орчихъё, тэгэх үү” гэдэг. Гайхаад оруулчихаар нь “Баярлалаа“ гэдэг. (инээв) Орчихсон шүү гээд онгироод давхичихна. Болно доо болно гээд явна шүү дээ.

- Та хандивын ажилд их оролцдог. БасХандивын аянаас залхсангээд нэг удаа ярьсан байна лээ.

- Эхлээд европ сэтгэхүйтэй ч байсан юм уу. Хандив их өгдөг байлаа. Одоо жаахан татсан. Ядарч байгаа нэгэндээ жаахан дэм өгчихвөл бүгдээрээ жигдэрчихмээр санагддаг байв. Германд 18 жил амьдраад ирсэн С.Дэлгэр сүүлдээ хөрсөн дээрээ буусан. Өгөхгүй гэж хэлсэн ч өгч байгаа. Гэхдээ одоо тэр тухайгаа зарлахаа больсон. Юм хоёр талтай юм билээ. Халамжинд хэтэрхий дасчихсан. Ядарснаа гайхуулж байгаад монжоод сурчихсан хүмүүс олон юм билээ. Яг үнэхээр амьдрах гээд зүтгээд гал алдсан хүмүүс ч бий. Нэг охин над руу чатаар орж ирээд, “Эгч ээ, би яг гал алдаж байна. Нөхөр маань ковидоос болоод ажилгүй болсон. Хоёр хүүхэдтэй, үнэхээр идэж уух юм алга. Гэхдээ хүмүүст зарлахаас ичээд байна. Та надад тус болооч” гэсэн юм. Би чинь өмхий санаатай болчихсон, очоод үзсэн үнэн байсан л даа. Тэд бүтэн сар хоолтой, түлээтэй байсан. Саяхан ээж, аав нь шинэ ургацын ногоогоо хураасан гээд надад хандсан. “Чамайг өвөл хөлдөж үхэх гэж байхад хандив өгсөн эгчдээ өгөөрэй” гээд надад шуудай дүүрэн ногоо явуулсан байна лээ. Нөхрийнх нь аав, ээж малчин юм билээ. Яргуй идсэн ямааны мах гээд авчирч өгсөн. Их хөөрхөн. Буруу хүнд туслаагүй юм байна гэж баярласан.

-Та хоолны газар ажиллуулдаг юм чинь өөрөө хоол хийх хоббитой юу. Хамгийн хурдан хийдэг хоолны жороо хэлж өгөөч?

-Хамгийн хурдан 15 минутад хийдэг хоол байдаг. Тэр нь шпагетти. Ус буцаллаа. Гоймонгоо хийлээ. Буцалж байх хооронд нь махаа хуурлаа. Томатаа хийлээ. Амталлаа, гоймон бэлэн боллоо. Хоол бэлэн. Дээр нь бяслаг үрээд хийнэ. Хамгийн амархан, хүн болгон дуртай иддэг хоол. Хүнс цуглуулахдаа шпагетти гоймонг тав, зургааг авчихдаг. Балчрууд бүр дуртай. Ах эгч нарын хүүхдүүд, ач гуч, зээ нар нь ирэхээрээ шпагетти иднэ. Тахиа шаруулна. Европт тахиа хамгийн хямдхан хоол шүү дээ. Би чинь махаа санаад ирсэн чинь манайхан тахиа шарахаар гоё гээд байсан. Тахиа нь Монголд үнэтэй. Оюутан байхад бол ганцхан еврогийн тахиа ядрахаараа иддэг байлаа шүү дээ. Тэгсэн манайд тансаг тал руугаа ордог. Нэг тийм ялгаа байдаг.

-Тийм шүү, пицца бас Монголд үнэтэй.

-Германд бол хөлдөөсөн пицца 2 евро байсан шүү дээ. Тэгсэн хэрнээ гурван хөлдөөсөн пицца ирдэг. Печинд 15 минут болгоод, одоо бидний иддэг пицца гарч ирдэг. Мөнгө бага олдог байхдаа хүүхдэдээ зориулж авдаг байлаа. Одоо энд үнэтэй. Хүүхдийг баярлуулах гэж пицца хийж өгдөг. Тийм л байх юм даа.

-Та одоо Германд очихсон гэж боддог уу?

- Учиргүй их бодохгүй. Анх эх орондоо ирээд хямарсан шүү. Тоож байгаа ч хүн алга. Тоогддог газар руугаа очъё гэж боддог юм билээ. Хоёр жил болоод дасаад, одоо ёстой тэмцэл дунд үзээд л байна шүү дээ. Гандан буурахгүй шүү гээд л явдаг.

-Та фэйсбүүктээ аавынхаа тухай бичсэн байсан. Аавынхаа тухай яриач?

-Н.Сампил гэж миний сайхан аав. Миний аав 90 хүрч байгаа ч ажил хийдэг. Төмөр замд насаараа ажилласан өвгөн бий. Нэг дэх, гурав дахь, тав дахь өдөр ажилдаа явдаг. Төмөр замд орон сууцны жижигхэн подваль түрээслээд, хутга заазуур ирлэдэг, түлхүүр олшруулдаг ажилтай. Төмөр замынхаа хөгшчүүлийг цуглуулаад, даалуу, шатар тоглоно. Завсраар нь хүмүүс ирэхээр ажлаа хийнэ. Зүгээр сууж чаддаггүй хүн. Цаг янзын баримталдаг. Энэ нь надад их нөлөөлсөн. Юмыг хөнгөн хүлээж авч, хөдөлмөрлөх дуртай байдаг маань ааваас өвлөгдсөн болов уу. Ном унших дуртай. Тэтгэврээ аваад “Аз хур” ордог. Тийм нэг мундаг өвгөн байдаг юм.

Онцлох нийтлэлүүд