Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Шүүхийн байранд халдвар гарч, үйл ажиллагаагаа түр зогсоов Ковид туссан нь шинжилгээгээр батлагдсан иргэдэд түр амбулатори үйлчилнэ Цунамид өртсөн Тонгад нэг ч иргэн ковидын халдвар аваагүй Ор зохицуулалттай холбоотой мэдээллийг 77330404 дугаараас лавлана ЗӨВЛӨМЖ: Өрөө, тасалгааны салхивчийг 10-20 минут нээж, агаар сэлгээрэй ​НӨАТ: 1.5 сая төгрөгийн 30, гурван сая төгрөгийн 1 азтан тодорлоо Энэ онд зохиогдох жудо бөхийн тэмцээний хуваарь Нутгийн зүүн хагаст цас үргэлжлэн орно Японы Элчин сайдын яам Солонгосын ерөнхийлөгчийн бэлгийг буцаажээ "Дэлхийн мисс" тэмцээний финалын шат гуравдугаар сард болно Шүүхийн байранд халдвар гарч, үйл ажиллагаагаа түр зогсоов Ковид туссан нь шинжилгээгээр батлагдсан иргэдэд түр амбулатори үйлчилнэ Цунамид өртсөн Тонгад нэг ч иргэн ковидын халдвар аваагүй Ор зохицуулалттай холбоотой мэдээллийг 77330404 дугаараас лавлана ЗӨВЛӨМЖ: Өрөө, тасалгааны салхивчийг 10-20 минут нээж, агаар сэлгээрэй ​НӨАТ: 1.5 сая төгрөгийн 30, гурван сая төгрөгийн 1 азтан тодорлоо Энэ онд зохиогдох жудо бөхийн тэмцээний хуваарь Нутгийн зүүн хагаст цас үргэлжлэн орно Японы Элчин сайдын яам Солонгосын ерөнхийлөгчийн бэлгийг буцаажээ "Дэлхийн мисс" тэмцээний финалын шат гуравдугаар сард болно
Эдийн засаг
2022.01.06 09:01

С.Дэмбэрэл: Төр өөрөө уймарсан нь өнгөрсөн хоёр жилийн менежмэнтийн алдаа байсан


УИХ-ын гишүүн асан, эдийн засагч С.Дэмбэрэлтэй ярилцлаа.


- Сэдэл санаа, сэжим түлхэц төрийн бодлогод хэрэгтэй байна -


-Өнгөрсөн хоёр жил дэлхий нийтээрээ цар тахалтай нүүр тулсан. Энэ үед манай улсын эдийн засгийн нөхцөл байдал тийм ч сайнгүй байх шиг байна. Та улсынхаа эдийн засгийн талаар ямар бодолтой байна вэ?

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлаас улбаалж дэлхийн улс орнууд болоод манай улсын эдийн засагт огцом өөрчлөлт оруулсан он цагийг бид үдэж байна. Коронавирусийн халдвар тархахаас өмнө манай улсын эдийн засаг 5-6 хувийн өсөлттэй байсан. Харин 2020 онд цар тахлын улмаас бүх төрлийн хориглолт, хязгаарлалт хийснээр оны эцэст манай улсын эдийн засаг -5.6 хувьтай гарсан.

Дэлхийн эдийн засгийн төвийг ихэвчлэн АНУ тодорхойлдог гэж үзвэл тус улсын хувьд 2019 оны дөрөвдүгээр улирал,2020 оны эхний хоёрдугаар сард эдийн засгийн тэлэлт эхэлснийг онцлон тэмдэглэж байсан. Гэтэл 2021 он дуусахад дэлхийн эдийн засагт олигтой тэлэлт харагдахгүй байна. Ковидоос үүдэн эдийн засагт учирсан бодит үр дагавар төдийлөн арилаагүй байна. Улс орнууд эдийн засгаа ковидын өмнөх болон дараах үе хэмээн ангилж, цар тахал дэгдэхээс өмнөх эдийн засгийн үзүүлэлтдээ хүрэхэд хэр ойртсоноор эдийн засгийн өсөлтөө хэмжиж байна. Улс орны эдийн засгийг том зургаар нь харуулдаг үзүүлэлт бол дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлт байдаг. Манай улсын ДНБ-ий бодит өсөлтийг харахаар 2021 оны эхний улиралд хөөсөрсөн дүр зурагтай гарсан. Шалтгаан нь өмнөх оны мөн үетэйгээ харьцуулдаг учраас хөөрөлт үүссэн дүнтэй гарсан.

Үргэлжлүүлэн хоёрдугаар улиралд хасах, гуравдугаар улиралд -0.6-1.2 орчим хувьтай гарсан. Эдийн засгийн өсөлтийг нэг талаас нийт эрэлт, нийлүүлэлтийн балансаар хэмждэг. Нийт эрэлт гэдэг ойлголтод та бидний буюу Монгол Улсын хэмжээнд байгаа 903 мянган өрхийн хэрэглээ, ААН-үүдийн хөрөнгө оруулалт, экспорт, импортын зөрүү нь ямар байгаа зэрэг үзүүлэлтүүд багтдаг. Харин нийлүүлэлтийн талд ХАА, аж үйлдвэр, үйлдвэрлэл үйлчилгээ, жижиглэн ба бөөний худалдаа, барилга, дэд бүтэц гэх мэт үзүүлэлт хамаарна. Манайх ихэвчлэн нийлүүлэлтийн талаа хардаг. Гэтэл угтаа бид үргэлж эрэлтээ харж байх ёстой. Эрэлт талаас нь харвал 2021 оны эхний гуравдугаар улирлын байдлаар та бидний өдөр тутамдаа хэрэглэдэг бараа бүтээгдэхүүний хэрэглээ хасах дүнтэй гарсан. Мөн ҮСХ-ноос өрхийн нийгэм, эдийн засгийн түүвэр судалгааг сар бүр гаргадаг. Уг судалгаанд 2021 оны сүүлийн гурван улирлын байдлаар өрхийн бодит орлого -1.2 хувьд хүрчихсэн байна. Үүнээс харахад олон салбарт эдийн засгийн хасах үзүүлэлттэй байна. Өрхийн бодит орлого болоод улсын орлого царцмал байдалтай байна.

-Эдийн засаг улс орны түвшинд болоод өрх гэрийн түвшинд хасах үзүүлэлт олонтой байгаа ч түүний эсрэг хариу арга хэмжээг бодитоор төлөвлөж, төсөвтөө суулгаж чадсангүй шүү дээ?

-Энэ оны төсөвт өрхийн орлолго, иргэдийн цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар юу ч тусгаагүй. Эцсийн хэрэглээ хумигдчихсан, хасах дүнтэй эдийн засаг гэдэг бол тийм ч сайн зүйл биш. Өөрөөр хэлбэл, бид энэ онд тогтвортой эдийн засгийн өсөлтийг бий болгох сууриа 2021 оны байдлаар бүрдүүлээгүй. Эдийн засгийн ерөнхий өсөлт 2022 онд хэдийгээр 5-6 хувьтай байна хэмээн олон улсын байгууллагууд болоод Монголбанкнаас төсөөлж байгаа боловч уг өсөлтөд хүрэх суурь үзүүлэлтүүд эргэлзээ дагуулж байна. Тэр тусмаа эдийн засгийн эрчимтэй өсөлтийн үед дагалдаж явдаг инфляци, эдийн засаг өсч чадаагүй байхад тээвэр ложистик, зах зээл дэх барааны эргэлтийг удаашруулсан хүчин зүйлсийн улмаас нийлүүлэлтийн гаралтай инфляци өсчихлөө. Тиймээс төрийн тэргүүнүүдийн анхаарах ёстой асуудал бол тээвэр ложистикийн асуудал. Гэхдээ анхаарал хандуул гэдэг нь өөрсдийн биеэр очиж дүр эсгэхийн нэр биш л дээ. Тээвэр ложистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийнхний бодол, санааг сонсож төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчим дээр тулгуурлан энэ салбараа 2022 онд эргэлт буцалтгүй сэргээх хэрэгтэй.

-Бидэнд улсынхаа эдийн засагт баримтлах алсын хараа, чиг шугам гэж ер нь байна уу?

Монгол Улсад эдийн засгийн алсын хараа байна уу гэвэл байна аа. Байх байхдаа хангалттай байна. Алсын хараа 2050, 2030 гээд л хөвөрнө. Монгол Улсын ядуурлын хэмжээ 2018 онд 28-30 хувь байсан. Монголын нийгмийн давхраажилт буюу дундаж хэсэг 40 орчим хувьтай байгаа гэсэн тоо баримт бий. Монгол Улсын нийт иргэдийг цалингаар нь ангилан авч үзвэл дундаж дархарга нь 40 хувьд хүрчихсэн зүйл байхгүй. Миний таамаглаж байгаагаар 20 орчим хувьтай л байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд Шинэ сэргэлтийн бодлогоо танилцууллаа. Тэр дундаа Монголын нийгмийн давхраажилт буюу дундаж анги буюу цөм сүрэг нь нийгмээ хэрхэн авч явах вэ, энэ ангийн эзлэх хүрээг хэрхэн томруулах асуудлын талаар тодорхой танилцуулсан. Одоогоор түүнийг тодорхойлсон тодорхой бодлого алга. Мөн хоёр хөрштэйгөө хамтарч хэрэгжүүлэх болон бусад улс орнуудтай хамтарч хэрэгжүүлэх мега төслүүдийн талаар ярьсан. Гэхдээ мега төслүүдийн талаар хэтэрхий их яриад, түүгээр улс орныхоо хөгжлийг төсөөлж байгаа бол тухайн улс хөгжлийн төөрөгдөлд орсны шинж гэж би үздэг. Өөрөөр хэлбэл, иргэдийн амьдрал, өрхүүдийн бодит орлогын аж байдлыг өсгөх асуудалд хамгийн түрүүнд анхаарч, түүнд нөлөөлөх бүх төрлийн хүчин зүйлийг тооцоолсон, түүнийг арилгахын төлөө чиглэсэн бодлогууд нэн түрүүнд тавигдах ёстой. Энэ бодлогууд дотор мега төслүүд дэмжигч төсөл болох учиртай. Гэтэл бид мега төслүүд хэрэгжүүлнэ хэмээн зургаан зорилт тавьчихад сууж байна. Эцсийн эцэст ОХУ, БНХАУ-тай хийн хоолой холбогдлоо гээд иргэн Доржийн амьдралд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг сайн тооцоолсон байх ёстой. Энэ мэт дутагдал УИХ, Засгийн газар дээр ч харагдаж байна.

-Тэгвэл та ямар зөвлөмж өгмөөр байна вэ?

-Дэлхийн бүх улс орнууд иргэдийн аж байдалдаа анхаардаг. Гэхдээ амаараа сайхан ярих биш, бодитоор бодлогоор дэмждэг. Тийм учраас эдийн засгийн эрэлт буюу улс орны өрхүүдийн эдийн засаг ямар байгааг тусгайлан судалж байна. Тиймээс уг судалгааныхаа үр дүнг тэргүүн зорилтоо болгож, түүнийг сайжруулахын төлөө ажиллах нь бидний үүрэг. Мега төслүүдийг дагаад иргэдийн амьдрал, эдийн засаг сайжирна гэвэл хөнгөн, хийсвэр зүйл бодоод байна. Энэ бол манай өнгөрсөн түүхийн гашуун сургамж юм л даа. Гэтэл үүнийг дахин давтах гээд байна.

-Энэ оны төсвийг халамжаас хөдөлмөрт шилжсэн төсөв болсон хэмээн тодорхойлсон. Гэтэл бодит байдал дээр хэрхэн хадамжаас хөдөлмөрт шилжиж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх асуудал тодорхой бус байна. Цаасан дээрээ зурагласан төсөв бодит байдал хоёр тэнгэр газар шиг л ялгаатай байна?

-Миний хувьд анх 2022 оны төсвийн төсөлтэй танилцаад нэлээд урамшсан. Хөгжлийн реформ буюу есөн төрлийн реформ хийхээр тоочоод биччихсэн байсан. Батлагдах процесс хүртэл жаахан гүнзгийрүүлээд харахаар таны хэлсэн зүйлүүд байхгүй байсан. Өөрөөр хэлбэл, цалин тэтгэвэр нэмэх, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал юу ч тусгагдаагүй. Инфляци өндөр, иргэдийн бодит орлого бага, тэр дундаа ядуу, эмзэг, орлого багатай нийгмийн дундаж хэсэгт багтахгүй байгаа иргэдийн орлого мэдэгдэхүйц хэмжээнд буурч, царцанги байдалд орчихлоо. Энэ үед 2022 оны төсөвт тодотгол хийхээс өөр аргагүй УИХ дээр тэтгэврийн асуудлыг хөндөж байна. Энэ бол зөвхөн өндөр настнуудад хамааралтай хэрэг огт биш. Нийт өрхүүдийн асуудал. Тэр дундаа Монгол Улсын өрхийн нийт давхраажилтыг авч үзвэл цалин орлогын асуудлыг зайлшгүй ярих ёстой. Тэр байтугай төсөв хуваарилж байгаа концепцио эргэн харах ёстой. Он гарсаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж нийслэлд 420 тэрбум төгрөг хуваарилагдаж байгаа талаар бүгд бахархалтайгаар ярьж байна. Энэ бол их мөнгө. Гэхдээ нийслэл Улаанбаатар хотод тулгамдсан асуудлууд хэдэн их наядаар яригдах хэмжээнд бий. Хотын асуудлуудыг эхний ээлжинд шийдэхэд 420 тэрбум төгрөг яагаад ч хүрэхгүй. Хотын доор дэлбэрэхэд бэлэн болчихсон тэсрэх бөмбөг шиг асуудлууд бугшчихсан байгаа. Өөрөөр хэлбэл, улсын нийслэлд нь иргэн бүрийн амьдралтай шууд холбоотой асуудлууд шийдлээ хүлээгээд шил шилээ дараад байж байхад төсвийн хуваарилалт хийхдээ тойрогтоо гишүүн бүр ямар нэгэн хөрөнгө оруулалт хийх нэрийдлээр хулгана хөеөгөө зөөж байгаа мэт зарцуулж байна. Энэ бол хуучин хандлага. Тойрогт чиглэсэн үрэлгэн төсөв хангалттай баталлаа. Нэг удаадаа нийслэл хотоо бод, хоёрдугаарт хотод амьдарч байгаа иргэдийнхээ амьжиргааг бодмоор байна. Төсвийн ихэнхийг голдуу хөдөө орон нутагт соёлын ордон, хөшөө дурсгал, зам нэрийдлээр зарцуулаад дуусч байна. Үүнийгээ нэг удаа зогсооё. Хөдөө орон нутаг сүйрчихгүй байх. Хоёрдугаарт, төсвийн орлогыг хуваарилахдаа шууд өрхийн орлогод нөлөөлөх байдлаар хуваарилах концепцийг хийх ёстой.

-Гэхдээ сонгуулиа жижиг мажоритор тогтолцоогоор явуулдаг манай улсад таны хэлснээр төсвөө хуваарилна гэдэг үлгэр болох юм биш үү?

-Таны хэлж байгаа үнэн. Жижиг можаритор тогтолцоогоор сонгууль явж байгаа цагт УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл сонгогдсон тойрогтоо л хөрөнгө оруулахыг хичээнэ. Харин пропорцианаль тогтолцоонд шилжсэнээр Монгол Улсын нийт иргэдийн эрх ашгийг тооцдог төсвийн бодлогын хандлага, сэтгэлгээ УИХ-ын гишүүдийн тархинд үүснэ. Энгийн жишээ дурдахад, 2012-2016 онд миний бие УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үед С.Оюун тэргүүтэй бидний хэдэн гишүүд тойргийн асуудал ярьдаггүй байсан. Том зургаараа Монгол Улсын эрх ашгийг харж, төсвийн хуваарилалтад санал оруулдаг байсан. Үргэлж өрхтэйгөө наалдуулсан төсвийн талаар хэлдэг, ярьдаг байсан.

-Үнэндээ өнгөрсөн хугацаанд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүд ар араасаа үүд хаалгаа бариад эхэлчихсэн. Засгийн газраас ААН-үүдээ бодлогоор хэрхэн дэмжих ёстой вэ. Арван их наядын хөтөлбөр хэр үр дүнтэй байсан гэж та харж байна вэ?

-Арван их наядын хөтөлбөр үр дүнтэй болсон. Гэхдээ нийтийг хамарч чадаагүй. Бизнес утгаараа ч тэр, өрхүүдэд очих үр нөлөөгөөрөө ч тэр. Сүүлийн үеийн бизнесийн санал асуулгыг харж байхад бизнес эрхлэгчдэд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн бодлогуудаас хамгийн их таалагдсан нь НДШ-ийн хөнгөлөлт байсан. Энэ юуг илэрхийлж байна гэхээр ерөөсөө Нийгмийн даатгалын тогтолцоо бизнес эрхлэгчдэд дарамт болдог юм биш үү гэсэн зураглал харагдаж байгаа юм. Бид татвар, мэргэжлийн хяналт гэх мэтийг ярьдаг мөртлөө нийгмийн даатгалын тогтолцоог орхигдуулчихдаг. Нэг талаас нийгмийн даатгалын мөнгийг өсгөх менежмэнт хийж байгаа боловч нөгөө талаар бизнес эрхлэгчдэд дарамт болдог. Тиймээс НДШ-ийг хөнгөвчилсөн нь хамгийн үр нөлөөтэй ажил байсан гэдэг нь судалгаагаар харагдсан. Хоёрдугаарт, Засгийн газраас иргэдийн ус, цахилгаан дулааны төлбөрийг Эрдэнэт үйлдвэр хариуцах шийдвэр гаргасан нь иргэдийн эдийн засагт бодит үр нөлөө үзүүлсэн үү гэвэл бас асуултын тэмдэг. Нөгөө талаас хөнгөлөлтийн арга хэмжээ авахдаа иргэдийн авир төрхийг яаж өөрчилж байна. Бэлэн байдалд сургаж байна уу, үгүй юү гэдгийг тооцох л ёстой. Тухайлбал, халамж хавтгайрвал хөнгөлөлт, урамшуулал иргэдийн авир төрхөд сөрөг нөлөөтэй гэж үздэг. Цаашлаад халамжийн бодлого, татварын бодлого, нийгмийн даатгалын бодлогыг ч өөрчлөх ёстой. Одоо нэр дурдагдах салбарынхан их л уурлах байх л даа. Гэхдээ НДШ төлдөггүй Батлан хамгаалах салбарынхан НДШ төлдөг болох хэрэгтэй. Хилийн манаанд ажиллаж байгаа тодорхой хэсэгт нь хөнгөлөлт үзүүлж болох юм. Харин нийтэд нь НДШ-ээс чөлөөлж байгаа нь бодлогын алдаа. Нийтээрээ тэгш төлдөг болох хэрэгтэй.

-Засгийн газраас Ковидын түр хуулийг УИХ-д өргөн барьж батлуулсан. Уг хуулийн үйлчлэх хугацааг дахин зургаан сараар сунгалаа. Ковидын түр хуулиар далимдуулж бүх зүйлийг хуулийн гадуур хийдэг, мөнгө санхүүг хяналтгүй зарцуулж байгаа талаар шүүмжлэл нэлээд байна. Та энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

-Ковидын үеийн хуулиар далимдуулж ил тод байдлыг үгүй хийнэ гэсэн үг биш шүү дээ. Гэтэл манайхан ийм болгочихсон. Ковидын үеийн менежмэнт буюу өнгөрсөн хоёр жил төрөөс авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд менежмэнтийн хувьд их сул, тааруу байсан. Нийгмийн хүлээлт эрэлтийг сайн хангаж чадаагүй. Үр ашиггүй хөл хорионууд тавьсан нь иргэдийн дургүйцлийг төрүүлсэн. Паник, пандемик хоёр хосолдоггүй юм. Өөрөөр хэлбэл, паник гэдэг бол уймраа гэсэн үг. Төр нь паникт орвол түмэн олон нь паникт орно. Ковид гарсан эхний үед манай төр паникт орсон. Тийм учраас түмэн олон нь дагаад паниктсан. Өөрөөр хэлбэл, төрөөс паник эхэлсэн. Төр өөрөө уймарсан нь өнгөрсөн хоёр жилийн менежмэнтийн алдаа байсан. Дээр нь мэргэжлийн бус хандлага нэлээд ажиглагдсан. Тухайн үед доктор, анагаахын чиглэлийн судлаачид буюу мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсож тэд нараар удирдуулах нь зүйтэй байсан болов уу. Өөрөөр хэлбэл, Онцгой байдлын хэн нэгэн хурандаагаар бус яг мэргэжлийн боловсон хүчнээр удирдуулж, хөндлөнгийн экспертүүдийн үгийг сонсож, эдийн засаг, эрүүл мэнд гээд салбар салбарт мэргэжлийн баг бүрдүүлж, тухайн багаа Ерөнхий сайд нь гардан удирдаад явсан бол, олон нийтийн хүсэлд нийцнэ гэдгийг би олон удаа хэлсэн. Даанч тэгээгүй л дээ. Тэд онцгой байдал гэдэг утгаар нь ойлгоод онцгой байдлын үед хэрэглэдэг арга техникүүдээр буюу гудамжинд цагдаа зогсоогоод, иргэдээ хорьж цагдаад, шалгаад эхэлсэн. Яах аргагүй онцгой байдлын үед дагаж мөрдөх хуулиндаа тэгээд заачихсан өөр арга байхгүй. Гэтэл онцгой байдлын үед ч улс орны эрүүл мэнд, эдийн засаг, бусад салбаруудын хэвийн үйл ажиллагааг хангах балансыг зөв олох ёстой. Өөрөөр хэлбэл, бид эдийн засаг, эрүүл мэнд гэх хоёр салбарын балансыг олсон хууль тогтоомж, хуулийн секторыг л олох ёстой байсан. Өнгөрснийг “Хэрэв тэгсэн бол, ингэсэн бол” хэмээн ярих амархан. Гэхдээ одоо бид бодлогоо өөрчлөхөд оройтоогүй байна. Нэгэнт бид ковидын нөхцөл байдалтай дасан зохицоод амьдраад сурчихлаа. Тийм учраас энэ 2022 оныг монгол хүний амны бэлгээр сайхан жил болно гэдэгт итгэлтэй байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын төгсгөл ирээсэй гэж хүсч байна.

-Та одоогийн Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүдийн мэдлэг ур чадварт хэр сэтгэл хангалуун байдаг вэ. Таны үед төрд ажиллах, сайдын албан тушаал хаших шалгуур арай өндөр байсан уу?

-Тийм юм байхгүй. Одоогийнхтой яг адилхан намын нөлөөгөөр л гарч ирдэг байсан. Ний нуугүй хэлэхэд, Монгол Улсад төрийн дээр нам гарчихсан тогтолцоо үйлчилж байна шүү дээ. Тийм учраас Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулахаар эрх баригч намаас санаачилж байна. Намуудын төлөвшлийг хангах, сонгуулийн тогтолцоог өөрчлөх гэх мэт асуудлыг одоо л ярьж байна. Улс төрийн хүрээн дэх реформыг агуулсан хуулиуд дуншаад эхэлчихсэн байна л даа. Үүнийг би сайны тэмдэг гэж бодож байна. Зарим хүмүүс Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг шүүмжилдэг л дээ. Зарим нь бүр Л.Оюун-Эрдэнийг доромжилдог. Харин би тэгдэггүй.

-Танай хүү Л.Оюун-Эрдэнэ сайдын багт ажилладаг болохоор уу?

-Түүний багт миний хүү ажиллаж байгаа гэдэгтээ биш. Ерөнхийдөө би эдийн засгийг судалдаг, олон жил судалсан хүний нүдээр харахад Монголыг авч явах ачааг тэр залууд бид бүгд үүрүүлчихсэн. Тэр залуугийн хандлагыг ажигласан л даа. Л.Оюун-Эрдэнээс мэдлэг боловсролыг хүндэтгэдэг, мэдлэг боловсролтой хүнээр багаа бүрдүүлдэг, намын ялгаврыг үл харгалздаг сайн чанар ажиглагдсан. Энэ талаар хэн ч ярьдаггүй л дээ. Аль ч Засгийн газрын тэргүүний нэг алдаа, өөрт нь хүмүүс дургүй болдог шалтгаан нь бодлого нь хүмүүст наалдацгүй болоод ирэхээр л дургүй болдог. Улс орон ирээдүйд хүрэх замаа сайн харлаа гээд түүнд хүрэх арга зам ойрын зайгаа сайн харах хэрэгтэй. Тэр арга зам нь иргэддээ ээлтэй, наалдацтай байх хэрэгтэй. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийн хувьд алсын хараандаа хүрэх ойрын зорилгоо зөв тодорхойлж, багаа зөв хүмүүсээр бүрдүүлсэн нь давуу тал гэж боддог. Би бол аль нэг намын харьяалалтай бус жирийн судлаачийн хувьд түүний Засгийн газарт шууд болон шууд бусаар зөвлөгөө өгнө. Сая дурдсан сайн хандлага байлаа гэхэд аль ч үеийн Ерөнхий сайдад бас нэг зүйл дутагддаг. Тэр нь юу вэ гэвэл тэгээд яаж хийх юм, хэн хийх юм, хэзээ хийх юм гэсэн асуултыг өөрөө удирдаж авч явах ёстой. Тухайлбал, Засгийн газрын нэг тогтоол гаргаад, хууль баталчихаад нэг сайддаа хариуцуулаад орхичихвол сайдууд салбарынхаа хэмжээнд л сэтгэнэ. Өргөн цар хүрээнд харах, түүнийг хөтөлж явах, манлайллыг өөрийн биеэр үзүүлж, түүнд хяналт тавих ёстой. Уг тогтоол, хууль дүрмийг амьдралд хэрэгжүүлэхийн тулд юу хийв гэдэг үр дүнг тогтмол хянах ёстой. Засгийн газраас гарч байгаа бүх шийдвэрүүдээс иргэдэд наалдаж байгаа нь юу байна гэдгийг л тооцох ёстой. Дээрээс нь намайг муулж байна уу, Засгийн газрыг муулж байна уу гэсэн судалгаа хийх хэрэггүй. Харин зүгээр л миний явуулж байгаа бодлогын үр өгөөж иргэдийн амьдралд наалдаж байна уу, тэдний санаа сэтгэл сайжирч байна уу гэдгийг л судал. Тухайлбал, намын их хурал дээр, Засгийн газрын түвшинд авлигыг бууруулахаар ярьж байна. Гэхдээ авлигыг бууруулахад АТГ л том үүрэг гүйцэтгэх юм шиг санагдаг. Гэтэл үгүй л байхгүй юу. Харин Л.Оюун-Эрдэнэ төрийн хүнд суртлыг арилгах ажлыг манлайлж, хотын дарга Д.Сумъяабазар тусгай зөвшөөрлийн тоог цөөлсөн. Үүн дээр Д.Сумъяабазарыг би магтсан. Энэ бол том реформ. Тийм учраас Д.Сумъяабазарт “Энэ шийдвэрээсээ битгий ухраарай. Үүнийг чимээгүй эсэргүүцэгчид дотроос чинь гардаг юм шүү” гэдгийг твиттерээр дамжуулж сануулж хэлсэн.

Өөрөөр хэлбэл, реформ хийхийг хүсдэггүй олон жил түрээс авч байсан хэв маягаа өөрчлөхийг хүсдэггүй хүмүүс Засаг захиргааны нэгжээр дүүрэн байгаа. Үүнээс болгоомжлох хэрэгтэй. Энэ бүхнийг залуучууд зоригтой хийгээд эхэлбэл авлигын индекс буурна. Авлигын тухай төсөөлөл хаана үүсдэг вэ гэхээр хүнд суртал дээр үүсдэг. Хүнд суртал авлигыг бий болгодог шимтэй хөрс юм байна. Тиймээс энэ хөрсийг алга болгох реформуудыг хийчихээр авлига буурна. Нөгөө талаас улс төрийн авлига хэзээ арилдаг вэ гэхээр намуудын санхүүжилт ил тод болоод, сонгуулийн тогтолцоогоо жижиг можаритороос пропорциональ давамгайлсан тогтолцоонд шилжүүлбэл буурна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын баримталж байгаа хандлага нь цахимын газрын нэг дарга эмэгтэйгээр л заалгачихаад байна л даа. Тэр хөөрхий цахимжуулж л чадна. Гэтэл энэ бүхнийг цахимжуулахаас өмнө эхлээд хялбаршуулдаг. Дараа нь нэгдсэн системд оруулж ижилтгэдэг. Түүний дараа бүгдийг нь харилцан уялдаа холбоотой цахимжууцлалт хийснээр цахимжуулалтаар дэмжигдсэн засаглалын тогтолцоо болж хувирдаг.Харин энэ бүхнийг анхаарахгүйгээр хийвэл цахимжсан хүнд суртал болно. Энэ тал дээр л жаахан дутмаг байгаа.

-Та чинь ярилцлагаараа Ерөхий сайд Л.Оюун-Эрдэнэ, хотын дарга Д.Сумъяабазар нарыг дорвитойхон магтчихаж байгаа нь нэг талдаа шулуун, шударга хэрэг болчихов уу даа. Үнэхээр сайн байвал ил магтаж, муу байвал ил шүүмжилдэг байх нь цагаахан ч юмуу?

-Таны ярилцлагаар дамжуулж Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар нарыг магтаж байгаа нь үнэн (Инээв). Гэхдээ энэ бол аванз. Өөрөөр хэлбэл, урьдчилгаа захиас. Магтаал дотроо зөвлөгөөгөө ч хавчуулсан. Миний захиас, зөвлөгөөг хэрэгжүүлчихвэл улам их магтана л гэсэн үг. Энэ бол эцсийн дүндээ улс оронд хэрэгтэй. Улс орон гэж ерөнхий яриад ч яахав нийт иргэдийн амьдралд, өрхүүдэд, бизнес эрхлэгчдэд хэрэгтэй юм. Өрхийн, бизнесийн, Засгийн, гадаад эдийн засаг гэж бий. Ийм дөрөвхөн зүйлд л фокуслах хэрэгтэй. Ерөнхий сайд саяхан зөвлөлүүд байгуулсан байна лээ. Эдгээр зөвлөлүүдийг дээр дурдсан дөрвөн эдийн засгийн хүрээнд хуваагаасай гэж хүсч байгаа юм. Зөвлөл гэдэг Засгийн газрын албан бүтцэд ордоггүй. Улсынхаа олон эрдэмтэй толгойг нэг дор суулгаад бодлого шийдвэр боловсруулж, санал санаачилга гаргаж, тэдний үгийг сонсдог энэ чиглэлд эрчимтэй ажлуулах хэрэгтэй. Ковид дуусах болоогүй байна.

- Манай улсын эдийн засаг үндсэндээ уул уурхайгаас бүрэн хамаарч байна. Хэдий болтол энэ байдлаараа явах вэ. Эдийн засгаа төрөлжүүлэх, хэрэглэгч орноос үйлдвэрлэгч орон болох талаар олон арван жил ярьсан. Гэсэн ч бодит байдал дээр гарсан үр дүн алга. Эдийн засгаа солонгоруулахын тулд юу хийх ёстой вэ?

-Таны наад асуулт чинь социализмын үеэс л тавигдаж ирсэн, монголчуудын хүсч байсан асуудал л даа. Харамсалтай нь одоо болтол биеллээ олдоггүй ийм л асуудал. Асуудлын гол нь нэгдүгээрт, бидний бодлогын сэтгэлгээний алдаанд байна. Тухайлбал, бид үйлдвэрлэгч орон болно хэмээн их ярьдаг. Үйлдвэрлэгч орон болох тухай ойлголт манай улсын хувьд хязгаарлагдмал. Учир нь бид хоёр том гүрний дунд оршиж байгаа, жижиг эдийн засагтай улс. Тиймээс бүх зүйлийг Хойд Солонгос шиг улсдаа үйлдвэрлэх боломжгүй. Харин олон улсын худалдаанаас үр шим хүртэх ёстой. Өөрөөр хэлбэл, худалдаачин үндэстэн болох ёстой. Хоёрдугаарт, үйлдвэрлэгч орон болох концевцийг худалдаатай сөргүүлж болохгүй. Худалдаагаа сайн хийх тусам үйлдвэржилт тэлж, түүний дотор экспортыг баримталсан үйлдвэржилт, импортыг орлох үйлдвэржилт явагдах учиртай. Импортыг орлох үйлдвэржилтийг төр хийх биш, хувийн хэвшлүүд өөрсдөө аль салбарт импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой гэдгийг зах зээлийн өрсөлдөөний дагуу гаргаж ирэхэд, төр бүх боломжийг нь нээж өгөх хэрэгтэй. Нийт нутаг дэвсгэрийн 0.3 орчим хувьд нь нийт хүн амынх нь 50-иас илүү хувь нь амьдардаг, нийслэл Улаанбаатар хот нь хамгийн том зах зээл учраас эдийн засгийн хамгийн гол эргэлт энд л бий. Тийм учраас зах зээлийнхээ цар хүрээг тэлэхийн тулд экспортлогч буюу худалдаачин үндэстэн болох ёстой. Экспортлогч улс болох талаар албан ёсоор төрийн ямар баримт бичгүүдэд тусгагдаж, аливаа нэг Засгийн газрын шууд хэрэгжүүлэх бодлогод тусгагдаж ирсэн үү гэвэл үгүй. Тухайлбал, 2018 онд Монгол экспорт төсөл хөтөлбөр батлагдсан боловч огт хэрэгжээгүй. Хэрэгжих ч боломжгүй. Учир нь маш ерөнхий төсөл. Тэр дундаа огт яригдахгүй байгаа асуудал бол эдийн засгаа солонгоруулах шүү дээ. Одоогийн байдлаар нийт экспортын 90 орчим хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байгаа бол үлдсэн 10 орчим хувийг уул уурхайн бус бүтээгдэхүүн эзэлж байна. Өөрөөр хэлбэл, манай улсын экспорт иймэрхүү л дүр зураг, хандлагатай байна.

-Тэгвэл уул уурхайн бус бүтээгдэхүүнийхээ экспортыг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

-Дээр дурдсан уул уурхайн бус 10 хувийн бараа бүтээгдэхүүнийг экспортод гаргадаг 500 гаруй компани манай удсад үйл ажиллагаа явуулж байна. Уул уурхайн бус экспортод гаргадаг бараа бүтээгдэхүүнд жин дарахуйц нөлөө үзүүлж байгаа нь ноос, ноолуур, арьс, шир, мах гэх мэт уламжлалт экспортын бүтээгдэхүүнүүд бий. Тэгвэл уламжлалт бус бүтээгдэхүүний тоог хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг бас бодох асуудал. Тухайлбал, Монгол орны хөрсөнд ургадаг хунчираар эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд гурван удаа экспортлогдоод зогссон байдаг. Гэтэл хунчиртай адил экспортод гаргах гээд чадаагүй, эсвэл санхүүгийн дэмжлэггүй зогссон, зах зээлээ буруу судалсан, эсвэл бодлогын дэмжлэггүй бүтээгдэхүүн манайд олон байна. Ийм бүтээгдэхүүний жагсаалтуудыг гаалиас авсан.

Энэ бол манай улсын гадагшаа гаргаж болох бараа бүтээгдэхүүний нөөцийг илэрхийлж байгаа хэрэг. Үнэндээ хоёр хөршдөө болон түүнээсээ халиад дэлхийн улс орнууд руу нийлүүлэх бараа бүтээгдэхүүн олон л байгаа шүү дээ. Хүсвэл бид талхаа ч экспортолж болно. Социализмын үед Монгол экспорт нэгдэл байсан. Тус нэгдэл олон төрлийн бараа бүтээгдэхүн экспортолж байсан. Тэр үед манай улс Гадаад худалдааны яамтай ч байсан. Тус яам экспорт, импортынхоо асуудлыг хариуцаж, экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах бодлогоо тодорхой гаргадаг байсан. Гэтэл одоо манайд энэ бүтэц алга. Хоёрдугаарт, уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг яаж олшруулж 90:10 харьцааг хэдэн жилийн дараа 80:20, 70:30 болгох тодорхой зорилтуудыг агуулсан, түүндээ тохирсон санхүүжилтийн бүтэцтэй хөтөлбөр байхгүй. Тийм учраас 2022 оны Монголбанкны мөнгөний бодлогод энэ дүн шинжилгээ тусаад цаашид уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх, нэр төрлийг нь олшруулах, санхүүжилтийн схемийг хийх нь манай улсын чухал зорилт юм байна гэдгийг онцолсон. Засгийн газар, Монголбанктай нийлээд уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүнийг дэмжих гурван жилийн хөтөлбөр боловсруулсан. Түүнчлэн Засгийн газарт гадаад худалдаа хариуцсан яам байх ёстойгоос гадна түүний дэргэд экспортыг дэмжих, тэр дундаа уламжлалт бус, уул уурхайн бус экспортыг дэмжсэн тусдаа агентлаг байх ёстой. Гадны улс орнуудын туршлага ердөө л энэ. Азийн ихэнх орнуудыг харахад эдийн засгийн гадагшаа чиглэсэн экспортын баримжааг нэмэгдүүлж байж, өөрийн дотоод зах зээлийн хязгаарыг давж чаддаг юм. Тэр тусмаа манай улсын хувьд энэ бол үеийн үед баримтлах ёстой бодлого байх ёстой. Энэ бодлогын ухамсар зөвхөн төр засагт нь төдийгүй нийт үндэстний хэмжээнд экспортын төлөө гэсэн уур амьсгал бий болгож, түүндээ хүрэх санхүүгийн болон, бодлогын арга хэмжээг цогцоор нь хамруулсан бодлого хэрэгтэй.

-Улс орны төрийн тэргүүн болоод өрх гэрийн өрхийн тэргүүнүүд сайхан сайхан зүйл хийх талаар төсөөлж, төлөвлөж болно. Гэхдээ түүнийг бодитоор хөдөлгөгч хүч нь эдийн засаг, мөнгө санхүү шүү дээ?

-Энэ бүхнийг бодитоор бий болгодог ганцхан шидтэй үг бий. Сэдэл санаа буюу мотиваци. Сэдэл санаа, сэжим түлхэц ч гэж би орчуулаад байгаа юм. Өрхийн тэргүүн ч бай, улсын тэргүүнд ч бай, тэдний гишүүн бүрт ч аливааг хийх сэдэл санаа өгөхөөс гадна түүнийг хийх сэжим санаачилгуудыг хуулийн хүрээнд, бодлоготоо тусгаад өгчихвөл эдийн засаг нь сэргээд эрнэ. Сэдэл санаа, сэжим түлхэц төрийн бодлогод хэрэгтэй байна. ААН-үүд зөвхөн дотоодынхоо зах зээл дээр ажилладаг байсан бол гадаад зах зээлд гарах талаар бодно. Цаашлаад хэн юу хийвэл, яаж амжилтад хүрэх тухайгаа сэтгэнэ. Дор хаяж аймаг бүр нэг экспортын бүтээгдэхүүнтэй болчихвол 21 төрлийн бүтээгдэхүүн болчихно шүү дээ.

-Улстөрч бүхэн эдийн засагч байх албагүй ч эдийн засгийн мэдлэг, ухагдахуун, ойлготтой байх нь улс орны хөгжилд чухал нөлөөтэй санагддаг юм. Төр засгийн удирдаж байгаа эрхмүүдийн эдийн засгийн мэдлэг, боловсрол, цар хүрээний талаар та юу гэж дүгнэдэг вэ?

-Их сонирхолтой асуулт байна. Хоёр талтай л юм даа. Нэг талаас бид эдийн засгийг хэтэрхий их тоочилж, математикчилж, хэтэрхий хийсвэр хүрээнд сэтгэдэг. Сурах бичгүүд нь ч тийм. Гэхдээ бодит амьдрал дээр бодоод үзэхээр шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа хүмүүст эдийн засгийн мэдлэг хэрэгтэй юү гэвэл хэрэгтэй. Гэхдээ тэдэнд учир зүггүй макро, микро түвшний эдийн засаг заагаад хэрэггүй бас утгагүй. Эрэлт ба нийлүүлэт гэдэг үгийг монголчууд 1990 оноос хойш мэддэг болчихлоо. Өөрийнхөө ухамсраар, үйлдлээр ойлгодог болчихсон. Одоо хамгийн гол нь эдийн засаг энгийнээр гэдэг ойлголт руу явмаар байна. Инфляци ДНБ эрэлт, нийлүүлэлт, орлого талаасаа яаж үүсдэг юм, түүнийг яаж тооцдог юм. Яагаад бид ДНБ-ий өсөлтөөр эдийн засгийнхаа ерөнхий идэвхжлийг хэмжиж, яагаад төсвийн алдагдлаа бууруулах талаар ярьдаг юм гэх мэт бүхий л ойлголтыг наад зах нь интернэтээс авчихна. Хамгийн гол нь энэ бүх мэдлэгийг бодлогод яаж хэрэглэж байгааг судалгаа шинжилгээний байгууллагууд төдийгүй бодлого боловсруулдаг УИХ, Засгийн газрын гишүүд эдийн засгийг энгийнээр тайлбарлаж сурах хэрэгтэй. Бид өрхийн санхүүгээ тооцохдоо орлогоосоо зарлагаа хэтрүүлчихвэл өр зээлд орж, алдагдал хүлээнэ. Энэ бол муу зүйл гэдгийг ойлгодог шүү дээ. Тэгвэл өрхийн түвшинд ойлгож байгаа зүйлийг улс орны түвшинд хамаатуулаад ойлгочих хэрэгтэй. Хүссэн хүсээгүй шийдвэр гаргагчдын амнаас эдийн засагжсан томьёоллууд гараад эхэлнэ. Энэ бол эдийн засагжиж байгаа хэрэг. Дээр нь иргэдийн бодол санаа бодлыг тоо баримтуудтай харьцуулж, туршлага мэдлэг дээр суурилсан, онолын судалгаан дээр дүгнэлт хийх, эргэцүүлэх чадвар чухал байдаг.


П.Батзаяа

Онцлох нийтлэлүүд