Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн байна 11 дүгээр ангийн сурагч галаас хүний амь аварчээ 1.374.796 ширхэг хувьцаа арилжжээ Тайланд хэрэглэсэн эмнэлгийн бээлийгээ АНУ-д экспортложээ Нийслэлийн 10 га газрыг нийтийн эзэмшилд бүртгэхээр болжээ “Gazprom” энэ онд Европт нийлүүлэх байгалийн хийн экспортын төлөвөө хэвээр үлдээлээ Шуурхай бүлэг Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж байна ​12 настай Н.Содбилэгт шатар сонирхогчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Ж.Сандагсүрэн: Номын сангийн тоог нэмэх, номын санчдыг чадваржуулах хэрэгтэй Газартай холбоотой хүсэлт, өргөдлийг цахимаар авч, гэрээ, гэрчилгээг ч цахимаар олгоно Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн байна 11 дүгээр ангийн сурагч галаас хүний амь аварчээ 1.374.796 ширхэг хувьцаа арилжжээ Тайланд хэрэглэсэн эмнэлгийн бээлийгээ АНУ-д экспортложээ Нийслэлийн 10 га газрыг нийтийн эзэмшилд бүртгэхээр болжээ “Gazprom” энэ онд Европт нийлүүлэх байгалийн хийн экспортын төлөвөө хэвээр үлдээлээ Шуурхай бүлэг Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж байна ​12 настай Н.Содбилэгт шатар сонирхогчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Ж.Сандагсүрэн: Номын сангийн тоог нэмэх, номын санчдыг чадваржуулах хэрэгтэй Газартай холбоотой хүсэлт, өргөдлийг цахимаар авч, гэрээ, гэрчилгээг ч цахимаар олгоно
Цаг үе
2015.02.24 03:02

С.Дэмбэрэл: Хөрөнгө оруулалтыг татъя гэвэл хүний эрхийг зөрчсөн, халдашгүй байдал, дансны нууцад халдсан олон заалтыг арилгах ёстой

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлтэй ярилцлаа.

-Цагаан сар болж, чуулган завсарлалаа. Төрийн ордон эзэнгүй шахам байна. Таны хувьд өнгөрсөн чуулганд ямар дүн тавьж энэ завсарлагаар ажлын ямар төлөвлөгөөгаргав?

-Их хурал завсарлахад тойрогтой гишүүд нь тойрог руугаа явсан байх. Харин Монгол Улс гэх нэг тойргоос гарсан гишүүд нь үлдээд ажлаа хийж байгаа. Төлөвлөгөөт ажил гэвэл гурван байнгын хороонд харьяалагддагийн дагуу аймгуудаар явж хууль сурталчилна. Мэдээж хажуугаар нь хуулиуд дээр ажиллана. Сая хаврын чуулганаар батлах хуулийн жагсаалтыг гаргасан. Намрын чуулганы төгсгөлд нэлээд олон чухал хуулийг баталсан ч гэлээ эдийн засгийн холбогдолтой хуулиуд хэлэлцүүлгийн шатанд байна. Хамгийн гол нь 2015 он гарлаа, согтууруулагч хэмээх хонин жил орлоо. Энэ жилийн өнгө ямар байх юм бэ гэдэг нь сонин байгаа. Зурхай уншихад өнөө жилийг өнтэй сайхан байна гээд бичдэгээрээ бичиж. Эдийн засгийн талаас нь харвал хүндрэлтэй байгаа учраас үүнийг даван туулах тогтоолын төслийг УИХ-аар баталсан. Одоо яг ямар төлөвлөгөө гаргаж хөтөлбөр хэрэгжүүлэх вэ гэдгээ ярих ёстой. Тиймээс Засгийн газарт хүргүүлэх санал боловсруулаад сууж байна.

-Энэ хүндрэлтэй цаг үеийг ямар замаар даван туулах ёстой гэж та үзэж байгаа юм?

-Миний санал гэвэл хамгийн эхэнд Татварын ерөнхий хууль болон холбогдох бусад хуулиа авч хэлэлцээч гэж байгаа. Ингэснээр татвар төлөгч ба төрийн хооронд тэгш байдал үүснэ гэж үзсэн. Өнөөдөр татвар төлөгчийн үүрэг нь хэт их, эрх нь тун бага хувьтай байгаа дутагдал арилах ёстой.

Татварын маргаан шийдвэрлэхэд ёс төдий ханддагаа болих хэрэгтэй. Татварын маргааныг эрүүгийн хэрэг болгож явдаггүй байх эрх зүйн орчин үүсэх ёстой. Өөрөөр хэлбэл Татварын хуулийн 74.1, 74.2 гэх мэтээр олон заалт асуудлыг эрүүгийн хэрэг болгочих гээд байдаг. Эс бөгөөс дурын байцаагч данс хааж байна шүү дээ. Тиймээс хаврын чуулганаар Гэмт хэрэг ба зөрчлийн тухай хуулиудыг батлах ёстой. Дараа нь аж ахуйн орлогын, хүн амын албан, НӨАТ-ын тухай хуулиудад хувь хэмжээний тухай асуудлыг хөндөх ёстой. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед татварын хувь хэмжээг нэмж биш бууруулах бодлогыг зоригтой хийх ёстой.

-Ер нь дэлхийн жишигт нийцсэн бодлого явуулж чадаж байгаа юм уу. Энэ тал дээр ямар санал нэмэрлэх вэ?

-Ер нь өнгөрсөн 20 жил Монгол Улсын эдийн засаг мөчлөг дагасан шинж чанартай явж ирсэн.

Харин 2000 оноос хойш хөгжиж буй орнуудын сангийн бодлогод өөрчлөлт гарсан. Энэ нь мөчлөг сөрсөн бодлого. Монгол Улсын хувьд мөчлөг сөрсөн бодлогод бүрэн шилжиж чадахгүй байна. Тиймээс энэ онд мөчлөг сөрсөн бодлогыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай. Өрийн хуулийг баталлаа. Баталчихаад зүгээр орхиж болохгүй. Тиймээс өрийн тогтвортой байдлын анализыг хийх ёстой. Өр ба ДНБ, өр ба гадаад валют, өр ба экспорт өр ба төсвийн орлого ч гэдэг юм уу 6-8 үзүүлэлт дотор улирал бүр анализ хийгээд төсвийнхөө үзүүлэлтийг сайжруулж байдаг практик руу орох хэрэгтэй байна. Дээр нь 2015 оны төсөвт тойргийн сонирхол нэлээд орсон. Тиймдээ ч төсөв оновчтой болж чадаагүй. Тэгэхээр төсвийн зарлага, санхүүжүүлэлт дээрээ ач холбогдол өгч анхаарах хэрэгтэй. Төсвийн тэргүүлчлэл гэж ярьдаг ойлголтыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай. Одоо бас “Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг зогсоо" гэж яриад эхэлж. Зогсоож болно. Үнэ тогтворжуулах хөтөлбөрт олон алдаа дутагдал гарсан ч гэсэн гол ач холбогдол нь юу вэ гэдгийг бас харах ёстой. Бензин, гол нэрийн барааны үнийг тогтвортой барьж чадсан уу, чадсан. Үүний үр дүнд нийлүүлэлтийн гаралтай инфляц 32 хувийг эзэлдэг байсан бол 2010-2013 оны хугацаанд таван хувь болсон. Харин энэ байдал цаашид өсөх хандлагатай болчихсон байна. Тэгэхээр “үнэ тогтворжуулах хөтөлбөр"-ийн оронд юу хийх вэ гэхээр Монголбанк Засгийн газар хоёр хамтран ажиллах ёстой. Мөн нийгмийн халамжийг яаж хүртээх вэ гэдэг асуудал бий. Засгийн газар сая хүн амыг амьжиргааных нь түвшингээр 20 хуваасан. Энэ шалгуур үзүүлэлтээ бариад нийгмийн хамгааллын арга хэмжээг зорилтот бүлэгт нь чиглүүлэх ажлыг няцалгүйгээр хийх ёстой. Сая Ч.Сайханбилэгийн Засгийн газар хүүхдийн мөнгийг хасах гэх мэтээр эвгүй сонсогдохуйц халамжийг яг зорилтот бүлэгт нь өгье гэсэн. Гэтэл АН, МАН-ынхан ард түмэнд таалагдахын тулд асуудлаас няцаж УИХ ухарч баталсан. Ийм байж болохгүй.

-Хөрөнгө оруулалтыг татах тухайд яаж ажилла гэж байгаа юм?

-Монгол Улсын нэр хүнд навсайтал унасан. Одоо Hotel Mongolia гэж нэрлэх боллоо. Зөвхөн гадаадын гэлтгүй дотоодын тэр олон компанийн эздийг оргон зайлж болзошгүй гэдгээр зорчих эрхийг нь хаасан. Монгол Улс зөвхөн Хөрөнгө оруулалтын хуулиа баталчихаар хүрээд ирэх бус хүний эрхийг энэ улс яаж хангадаг юм. Хуулийн засаглал яаж хэрэгждэг юм. Чөлөөтэй явах эрх нь хэр байдаг вэ гэдэг талаас нь хардаг учраас саяын муухай нэрийг дуулж байгаа юм. Тиймээс хөрөнгө оруулалтын идэвхжлийг сэргээхийн тулд Дэлхийн банкны бизнес эрхлэлтийн индекс, авлигын төсөөллийн индекс, хуулийн засаглалын индекс, эрх чөлөөний индекс гэх мэт үзүүлэлтүүд өнөөдөр ямар байгаа юм. Ирэх жилүүдэд ямар болох юм гэдгийг гаргаад ажиллах хэрэгтэй. Мөн донор орнуудын зөвлөгөөн гэж хийдэг байсан. Түүнийг сэргээж Монгол Улсын талаарх зөв төсөөллийг өгөхийн тулд эхний хагас жилдээ багтаан хийх ёстой байна. Тэрчлэн улс бүрт аялал жуулчлалын уриа үг гэж бий. “Итгэж үнэмшихийн аргагүй сайхан байгаль-Итгэл дааж чадах ард түмэн" гэсэн утгатай уриа гаргаад үүнийхээ дагуу 2015 оны аялал жуулчлалыг зохион байгуулах саналыг мөн Засгийн газарт хүргүүлж байгаа. Үүнээс гадна Элчин сайд нарын ажлыг эдийн засагжуулах хэрэгтэй. Нэг элчин сайд нэг экспорт, нэжгээд технологийг эх орондоо нэвтрүүлэх ажлыг дааж авдаг болно гэсэн үг. Ядаж хивс гэдэг бүтээгдэхүүнийг сонгож аваад Элчин сайдаар очсон орондоо нэвтрүүлэх ажлыг хий гэсэн даалгаврыг өгдөг болох хэрэгтэй. Дээрээс нь Гэмт хэргийн, Зөрчлийн, АТГ-ын, шүүх, Прокурор, цагдаагийн, Хүний эрхийн, иргэний, Банкны тухай хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай. Энд хүний эрхийг зөрчсөн, халдашгүй байдал болон, дансны нууцад халдсан олон заалт бий. Үнэхээр хөрөнгө оруулалтыг татъя, хуулийн засаглалыг бэхжүүлье гэж бодож байвал энэ бүх заалтуудыг арилгах хэрэгтэй. Зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн гэлтгүй уул уурхайн бус экспортыг хөгжүүлэх, солонгоруулах хөтөлбөр зайлшгүй хэрэгтэй. Санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр орхигдсон байна. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах үйлчилгээг нэвтрүүлэх шаардлага бас байна. Хөгжлийн банк сүүлдээ хогийн сав шиг болчихлоо. Энэ банкийг дампууруулахгүйн тулд иж бүрэн арга хэмжээ авч, өрийн тогтвортой байдлын дүн шинжилгээ хийдэг болох шаардлага бий. Ийм ажил хийвэл өнөө жилийн эдийн засгийн өнгө сайжирна гэж үзээд саналаа Засгийн газарт хэлж байгаа.

-Ер нь дэлхий ямар байгаа юм. Монгол л зөвхөн хямраад байна уу?

-Эдийн засгийн өсөлт өндөр түвшинд хүрч чадахгүй. Тэр сайхан цаг өнгөрсөн. Өөрөөр хэлбэл дэлхий даяар хөгжилтэй орнуудын эдийн засгийн өсөлт 2-3, хөгжиж буй орнуудынх 3-5 хувьтай байна. Хятадынх долоо орчим хувьтай, ОХУ-ынх их бага гарах байх. Инфляц нь 22 хувьд хүрсэн прогноз байна. Гадаад орчин тааруу байх энэ нөхцөлд Засгийн газар дээр хэлсэн санаануудыг шингээгээд тууштай ажиллавал 2015 оныг манайх гайгүй давчихна.

-Уул уурхайн түүхий эдийн үнэ хэрхэх тооцоолол гарч байна уу?

-Дэлхийн банк, Олон улсын валютын сан гээд байгууллагуудын судалгаа гарсан. Дэлхий дээр уул уурхайн түүхий эдийн уналт учир зүггүй доошоо уруудахгүй. Өнгөрсөн жилийн балансаа барина. Харин түүхий эдийн үнэ өснө гэсэн ойлголт байхгүй. Хатуурч байгаа санхүүгийн орчинд бонд гаргана гэдэг утгагүй болох учраас дундаас доош орлоготой ангилалд үлдэхийг хичээх ёстой.

-Уул уурхайн томоохон төслүүд Монголд ямар үр өгөөжтэй байх юм, 2015 онд?

-Эдийн засагт мөнгө хэрэгтэй л байна. Бид 20 жил өрийн удирдлагагүй явж байгаад сая өрийн удирдлагатай боллоо. Энэ нь зөв цагт нь зөв гараас зөв нөхцөлтэй зээл авах боломж гарч байна гэсэн үг. Одоо Таван толгой, Оюу толгойн хоёрдугаар ээлж, бусад обьектын ард хөрөнгө оруулалт, мөнгө босгох шаардлага гарна. Нэг хэсгийг нь концессийн хэлбэрээр барьж байгуулах, үйл ажиллагаа явуулах, шилжүүлэх гэсэн хэлбэрээр явна. Таван толгойд хөрөнгө оруулагчдыг урьчихсан. Төлбөрийн балансаа эерэг болгоё гэхэд 1.1 их наяд төгрөг хэрэгтэй байна. Тийм учраас хөрөнгө оруулалтын итгэлийг сэргээх гэх мэт арга хэмжээ төрийн бодлого байх ёстой.

-Битүүний өдөр ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орууллаа. Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталлаа. Ингэснээр эдийн засагт өөрчлөлт мэдрэгдэх үү?

-Тодорхой бус байдалд байсан компаниуд хөдөлнө. Тэд маш өндөр хяналт дор олборлолт явуулна. Өөрөөр хэлбэл Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогыг бид өмнө нь баталчихсан. Сая Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орууллаа. Одоо Ашигт малтмалын салбарт ил тод байдлыг хангах тухай хууль нь ороод ирлээ. Мөн батлагдчихаад олон жил болсон, тэгсэн хэрнээ байгаль орчин нь муудаад байдаг, нинжа нар нь сүйтгээд байдаг Урт нэртэй хуулийг гацаанаас гаргалаа. Энэ бол эерэг, зөв алхам. Нийгэм үүнийг олон янзаар хүлээж авна. Гэхдээ л үүний үр дүн гарна.

-Ам.доллар 1970-1980 төгрөгт хүрлээ. Энэ хамгийн том асуудал биз?

-Валютын ханш гэдэг хүмүүсийн бодлоос, хүлээлтээс үүсдэг. Тэр дундаа психологийн сэтгэлзүйн түвшин гэж байдаг. Мянга, мянга 500 гэдэг ч юм уу дандаа тэгш тоотой. Манай улсын бүх тооцоолол мянга гэж өнөөдрийн байгаа бүх түвшнээр түүнээс ч доогуур хийгдсэн. Энэ нь хамгийн зөв. Ерөнхийдөө валютын ханшийн гол нөлөөлөл бол инфляцаар дамжиж ирдэг. Энэ нөлөөлөл манайд байсан. 2013 онд инфляцийн 11.5 хувийн өсөлтийн 30-35 хувь нь ам.долларын ханшийн нөлөөлөл байлаа. Өөрөөр хэлбэл валютын ханш байнгын хөдөлгөөнтэй байдаг. Энэ хөдөлгөөнтэй байгаа ханшийг инфляцийн хувьтайгаа харьцуулаад үзэхээр нэрлэсэн ханш биш бодит ханшийн хэмжээ гарна. Энэ ханш сулраад байвал Монголбанк, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл арга хэмжээ авах ёстой. Миний бодлоор Монгол Улс 2015 онд валютын ханшийг удирдана. Нэг ёсондоо 2015 оны төсвийн санхүүжүүлэлтэд анхаарч мөчлөг сөрсөн төсөв байлгаж чадвал тодорхой хэмжээнд валютын ханшийг удирдах боломж бүрдэнэ.

-Өрийн тааз нэмэгдэнэ гээд зээл авч болохоо байсан тухайд. Зээл авалгүйгээр яаж эдийн засгаа сэргээх юм бол?

-Өрийн менежмент дотор хөнгөлөлттэй элемент гэсэн ойлголт бий. Тэр нь нийт өрийнх нь 30-35 хувьд хөнгөлөлттэй зээл байвал зохино. Аль болох арилжааны бус хөнгөлөлттэй зээл байвал улс оронд ашигтай. Урт хугацааны хүү багатай зээлийг л ихээр авах ёстой. Тэгэхээр миний яриад байгаа донор орнуудын түншлэлийн уулзалтыг энэ оны эхний хагас жилд хийх хэрэгтэй. Энд өрийн тухай, 2015-2016 оныхоо төлөв байдлыг ярьцгаая. Санхүүгийн хэрэгцээ, төлбөрийн балансаа ярихад бусад орнууд санхүүгийн болон технологийн тусламж үзүүлнэ. Монгол орон учир зүггүй муудчихаад үүнийг хийх гэж байгаа юм биш. Олон улсын жишиг ийм.

-Эцэст нь асуухад Эдийн засгийн түншлэлийн гэрээг Япон улстай байгууллаа. Харилцан хийж байгаа бүх наймаа татваргүй явагдах бололтой. Бусад үр дүн нь юу байх вэ?

-Түншлэлийн гэрээний гол зорилго бол эдийн засгийн утгаараа биш Монгол Улс Японы онцгойлон үздэг түншийн хувьд Монголд өгч байгаа улс төрийн бэлэг. Энэ нь Монголын эдийн засаг тэлэхэд Япон зах зээлээ нээж өгч байгаа хэрэг. Японоос бид өнөөдөр юу авдаг юм. Хэдхэн жилийн өмнөх Монголын машиныг харахад бүгд Солонгосын үйлдвэрийнх байдаг байлаа. Харин одоо Солонгосын машинууд ховордсон. Японоос дан ганц машин авалгүйгээр технологийг нь авна. Монголын зах зээлд шинэ элемент оруулж ирэх, ноу хау авах, Японы хөрөнгө оруулалтыг авах боломж нээгдэж байгаа юм. Бараа нь татваргүй орж ирнэ. Тодорхой бараан дээр тодорхой нөхцөлүүд заасан. Тиймдээ ч энэ түншлэлийн гэрээ Монголын эдийн засгийг солонгоруулах учиртай. Япончууд Монголын уул уурхайн баялгийг татваргүй авах хэрэг угаасаа байхгүй. Хамгийн гол нь Японы эдийн засгийн ололт, чанартай үйлчилгээ, сайн бүтээгдэхүүн энэ бүгдийг Монголын зах зээлд оруулж ирэх боломж нь манай талд илүү ашигтай. Үүнээс нь ядаж суралцах боломж гарна. Гэхдээ гэрээ байгуулагдсанаар манай бүтээгдэхүүн Япон руу урсана гэж ойлгож болохгүй. Яагаад гэвэл тэдний зах зээлийн шаардлага өндөр.

Л.МӨНХТӨР

Онцлох нийтлэлүүд