Өдрийн сонин үнэнийг хэлнэ
​"Өдрийн сонин"-ы цахим сонины аппликэйшн DNN.mn Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 224 автобус оруулж ирнэ DNN.mn ЕБС-ийн сурагч доод ангийнхаа сурагчдыг зодож буй бичлэгийг цагдаагийн байгууллага шалгаж байна DNN.mn Ханх суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо DNN.mn Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав DNN.mn ​“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Монгол Улсын агаарын тээвэр “Airbus” онгоцтой боллоо DNN.mn Эрт илрүүлгээр 18-45 насныхны дунд ХДХВ/ДОХ илрүүлэх шинжилгээг оруулжээ DNN ​ЧАТБОТ-оос Өдрийн сонинтой холбоотой мэдээлэл аваарай DNN.mn Монголоос ОХУ-ын нутаг дэвсгэр рүү үхрийн мах, бяслаг оруулахыг завдсан иргэнд хэрэг үүсгэжээ DNN.mn ​"Өдрийн сонин"-ы цахим сонины аппликэйшн DNN.mn Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 224 автобус оруулж ирнэ DNN.mn ЕБС-ийн сурагч доод ангийнхаа сурагчдыг зодож буй бичлэгийг цагдаагийн байгууллага шалгаж байна DNN.mn Ханх суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо DNN.mn Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулав DNN.mn ​“Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Монгол Улсын агаарын тээвэр “Airbus” онгоцтой боллоо DNN.mn Эрт илрүүлгээр 18-45 насныхны дунд ХДХВ/ДОХ илрүүлэх шинжилгээг оруулжээ DNN ​ЧАТБОТ-оос Өдрийн сонинтой холбоотой мэдээлэл аваарай DNN.mn Монголоос ОХУ-ын нутаг дэвсгэр рүү үхрийн мах, бяслаг оруулахыг завдсан иргэнд хэрэг үүсгэжээ DNN.mn
Онцлох нийтлэл
2015.03.19 12:03

С.Жавхлан: Би дуугаа дуулдаг шиг тэд улс орныг сайн удирдсан бол ингэж тэмцэхгүй л байлаа

С.Жавхлан: Би дуугаа дуулдаг шиг тэд улс орныг сайн удирдсан бол ингэж тэмцэхгүй л байлаа

Гавьяат жүжигчин С.Жавхлантай ярилцлаа.

-Хоёулаа ярилцлагаа өнөөдөр өрнөөд байгаа үйл явдлын халуун сэдвээс эхэлье. Та төрийн удирдлагуудыг халз мэтгэлцээнд дуудлаа. Гэвч энэ биеллээ олоогүй учраас МҮОНРТВ-ийн захирлыг буруутгаж, заримыг нь огцруулах хэмжээнд асуудлыг ярьж байна. Яагаад ийм юм болов оо?

-Өнөөдрийн эрхэм дээдсүүд улс шиг хөгжиж, хүн шиг амьдаръя гэж наанаа ярьдаг хэрнээ цаанаа хуйвалдаад байна. Үүнийг түмэн олон мэддэг хэрнээ дөжирчихөж. Бид ийм их баялагтай агуу эх оронд төрсөн байж яагаад эв түнжингүй, хагаралдаж бутраад байна. Төр яагаадийм хүчгүй болчихов. Үүнийг л асуух гэж түмэн олноос асуулт цуглуулсан юм. Ингээд халз мэтгэлцээн хийхээр МҮОНРТВ-ээс цаг авсан. УИХ-ын 76 гишүүн, төрийн гурван өндөрлөгийг дуудсан. Харамсалтай нь ирсэнгүй. Өнгөрсөн долоо хоногт төрийн гурван өндөрлөгийг дахиад дуудсан. Үндэсний телевиз цаг өгсөнгүй. Захирал Ц.Оюундарь нь зугтаад алга боллоо. Төрийн удирдлагууд бултаад байна. Түмэн олноос ирүүлсэн энэ асуултуудыг хэнээс асуухаа мэдэхээ байчихаад байна.

-Төр засгийн удирдлагаа дуртай газраа дуудаад уулздаг юм уу гэж эгдүүцэх хүмүүс ч байна...

-Яахаараа болдоггүй юм. Сонгууль болохоор хошного долоочих гээд гүйцгээдэг юм билээ. Тэднийг сонгосон юм бол дуудаад уулзах, асуулт тавих эрх нь ард түмэнд байдаг юм байгаа биз дээ. Бид ямар тэднийг дуудаж авчраад зодох гэсэн биш. Өнөөдөр энэ төр, улс оронд юу болоод байгааг асууя гэсэн юм. Ийм асуултад хариулчих чадваргүй юм бол төрийн гурван өндөрлөг гэж яваад яах юм. Үнэндээ өнөөдөр тэд төрийн гурван намханлаг болчихсон байна.

-Иргэдээс ямар асуултууд ирсэн юм бэ?

-Эх орныхоо газар шороог ухаж төнхөж ирсэн өвөг дээдсийн улбаа бидэнд бий юу. Газар шороогоо ухдаггүй байхдаа дэлхийг яаж хурааж явсан юм бэ. Монгол хүний үнэ цэн хаана байна. Наанаа инээж, цаанаа хумсалдаг зүйлийг төрт ёс гэдэг юм уу гэх мэтчилэн 5000 гаруй асуулт байна. Үүнийг 15 сэдэвт хуваасан байгаа.

-Тэднийг мэтгэлцээнд дуудсаар байх юм уу?

-Иртэл нь дуудна. Ирэх долоо хоногт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дуудна.

-МҮОНРТВ-ийн захирал Ц.Оюундарь “Хэрэв надад болон манай гэр бүлд ямар нэгэн зүйл тохиолдвол С.Жавхлан буруутай шүү” гэж мэдэгдсэн байна лээ. Та сүрдүүлээд байгаа юм уу?

-"Айсан хүнд аргал хөдөлнө" гэсэн үг бий. Олон нийтийн телевизийг олон түмэнд нь хүртээлгүй болгож байгаад нь тэд бухимдаж байна. Тэгээд над руу утсаар ярьж, бичиж сэтгэлээ хуваалцаж байна. Харин би түүнийг Ц.Оюундарь захирал мэдэх ёстой гэж үзээд утсыг нь "ТВ9"-ийн нэвтрүүлэгт оролцохдоо ил хэлснээс өөр зүйлгүй. Олон нийтийн гэсэн тодотголтой хэвлэл мэдээллийн байгууллагыг толгойлдог хүн олон түмэнтэйгээ ойр байхад буруугүй байх аа.Тэр хүн рүү 1000 хүн бухимдаж байгаагаа илэрхийлж залгаж байна гэсэн. Над руу өдөрт 3000 хүн утасдаж дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Эндээс ялгаа нь харагдах биз ээ.

-Ноён уулыг ухуулахгүй гээд яваа та нарыг популизм хийж байна гэж дүгнэдэг. Та юу хэлэх вэ?

-Би гадаад үг хэрэглэдэггүй. Мэдэхгүй хэлээрээ гадааддаа очиж ярих хэрэгтэй.

-Популизм гэдгийг ард түмэнд таалагдахын тулд бүтэшгүй зүйлийг ч үнэн мэт ярих арга гэж тайлбарлаж болох юм...

-Бид өнөөдөр олон нийтийн төлөөлөл болж яваа. Тиймээс наадах чинь явцгүй яриа. Ард түмэн цөм гомдчихоод байна. Жавхлан бол тэдний нэг. Түмэн олонд таалагдахын тулд нэг хэсгийг нь муулаад яваа юм биш. Би тэртэй тэргүй нэр алдартай хүн. Угаасаа түмэн олон намайг таалчихсан. Ард түмний эсрэг ажиллаад байгаа хүмүүсийн зам дээр хөндөлдөж байгаа жирийн нэг залуу. Ер нь миний бодлоор Ноён уул бол өгөөш. Ийш нь бүх хүний анхаарлыг хандуулж байгаадцаагуур нь Таван толгойг зарж ч байгаа юм бил үү. Ийм л бодол төрж байгаа.

-Тийм бол Ноён уулыг ухуулахгүй гэж та бүхэн тэмцэж, олны анхаарлыг сарниулах хэрэггүй юм биш үү?

-Би ийм л үзэл бодол, байр суурь илэрхийлж байгаа шүү дээ. Гэхдээ Ноён уулыг ухаад хаяхыг зөвшөөрөхгүй. Бид уул ус газар шороогоо хамгаалах ёстой. Үгүй бол өвөг дээдэс минь тусгаар тогтнол, газар шорооныхоо төлөө яах гэж цусааурсган байж, амиа золин байж тэмцсэн байх вэ. Тэд эх орны минь ширхэг цагаан чулууг бүү хөдөлгө, гол, булгийн тархийг бүү хөнд гэж захиж үлдээсэн. Өнөөдөр энэ бүхнийг мартаад Оюу толгой, Таван толгойг ухах гэж байна шүү дээ. Үүний эсрэг тэмцээд байна. Төр засгийн удирдлагууд хамаг монголчуудынхаа асуултад хариулдаг болтол би тэмцэнэ. Үүнийг тэр гадаад үгээрээ нэрлэнэ үү, яана дурын хэрэг. Энэ гадаад үгийг багш нар нь оруулж ирээд бидний дунд хаяж байгаа байх л даа.

-Ноён уулыг ухуулахгүй гээд байгаа хүмүүсийн ард УИХ-ын гишүүн байгаа гэж нийтлэлч Баабар телевизээр ярьсан. Тэр нь хэн гэдэг гишүүн юм бол?

-Тэгж ярьсан хүнээсээ асуух хэрэгтэй.

-Өнөөдрийн эдийн засгийн хүндрэл, ард түмний бухимдал, доройтолд юу нөлөөлсөн юм бэ. Хөрөнгө оруулалт буурч бид мөнгөгүй болчихсон учраас ийм болсон юм биш үү?

-Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэг зарчим алдагдсанаас болсон юм. Бүгдээрээ булаацалдаж хулгайлбал зөв гэдэг зарчим руу шилжчихээд байна. Төрийн өндөрлөгүүдард иргэд цуглаж, ярих вий гэхээс айгаад байна. Тийм учраас хүмүүс хүчгүй болчихсон байна. Ардчилал буюу ардыг чилээж алах арга нь өвгөрчихжээ. Төрд байгаа хүмүүсийн тэмцэгч чанар нь дуусчихсан байна. Дандаа өвгөчүүд цугларчихаж. Эргээд харъя л даа. 1990-ээд онд энэ ардчилал гэж яриад байгаа хүмүүс бүгдээрээ галзуу барын аманд гараа хийсэн ч буцахааргүй залуучууд байж. Гэтэлтэд 1990-ээд оны Улс төрийн товчооны гишүүдийн насан дээр ирчихлээ. Тиймээс тэднээс илүү хөшүүн, хоцрогдсон, аймшигтай араатан болж хувирлаа. Яахав ардчилсан хувьсгалыг эхлүүлж байхдаа зөвийг харж тэмцэж байсан байх. Тэгвэл одоо зөвийг олж харах, зөв үг хэлж байгаа хүнийг ялгаж таних чадвар тэдэнд үгүй болжээ.

-Тэгэхээр таныхувьсгал хийх цаг ирсэн гэж үү?

-Зөвхөн С.Жавхлангийн хүсэл биш. Түмэн олон маш том шинэчлэлийг хүсч байна. Яагаад гэвэл шуналын багаас ард түмэн залхаж байна шүү дээ. Өдөрт над руу 3000 гаруй дуудлага ирж байна гээд бод.

-Таны яриад байгаа хувьсгал нь монголчлол юм уу?

-Тийм.

-Монголчлол гэж яг юу юм бэ. Монгол дээлээ өмсч, машин унахаа байж, харилцаа холбоогүй хуучин үе рүүгээ буцахыг хэлээд байгаа юм уу. Монголыг яаж хөгжүүлэх тухай яриад байгаа юм бэ?

-Монголчууд ёс жудаг, ариун сайхан сэтгэл, байгаль дэлхийгээ хайрлах ухаанаа сэргээж, өөрсдийнхөө хөдөлмөрөөр ихийг бүтээх тухай яриад байна. Айлаас эрэхээр авдраа уудалдаг байх хэрэгтэй. Өөрсдийнхөө оюун ухааны авдрыг онгойлгож,өвөг дээдсийнхээ мэргэн ухааныг олж авч, монголчууд Монголоороо сэрэхийн тухай яриад байна.

-Ийм болохын тулд яах ёстой юм бэ. Арга зам нь юу вэ?

-Үлгэрлэхгүйгээр үглээд хэрэггүй л дээ. Хэдхэн жилийн дотор бүх зүйлээ 100 хувь гадаад болгож чадсан шигээ бага багаар бид монголжих ёстой. Монгол хүнийхээ оюун ухаанд итгэдэг байх ёстой. Ард түмнээ сонсч хэлэлцдэг байх ёстой. Ийм л цагийг уриалан дуудаж байгаа. Хэдхэн шуналтай хүн хөгжил нэрийн дор ард түмнийг залилж басамжилдаг байдлыг дуусгая.

-Машин биш морь унадаг болъё.Орчин үеийн технологи ашиглахаа байя гэж үү. Та өөрөө машин унадаг биз дээ. Ухаалаг утас хэрэглэдэг юм байна шүү дээ?

-Унана аа. Төмөр хүлэг гэж ярьдаг шүү дээ. Ер нь намайг дээл өмсье гэхэд пий паа гэдэг байсан. Гэтэл өнөөдөр бүгд дээлээ өмсдөг боллоо. "Хамаг Монгол"-ыг нийлүүлэх юм гэнэ энэ мэдрэл муутай юм, Шар хаданд аваачаач гэдэг байсан.Өнөөдөр Хамаг монгол нийлээд дуу хуураа дуултал монголчууд баярлахын дээдээр баярлаж байна. Үүн шиг миний яриад байгаа зүйл хэтдээ Монголыг өөрчилнө. Хүн өргөн хорвоогоос авахыг нь аваад хаяхыг нь хаях хэрэгтэй. 100 хувь гадаадыг шүтсэн байдлаар явах хэрэггүй гээд байгаа юм. Миний хувьд бүгдийг нь 100 хувь үгүйсгээд үзэн ядаад байгаа юм байхгүй.

-Таныхаар Монголоороо үлдэж гадаадтай харьцахаа байчихъя. Тэгвэл дотооддоо яаж мөнгөтэй болох юм бэ?

-Монголчууд бид адгийн баян эд баялаг,дунд баян үр хүүхэд, эрхэм баян эрдэм мэдлэг гэж ярьдаг. Тэгэхээр сэтгэлээрээ баян хүмүүс Монголын төрд байх ёстой. Гэтэл ухаалаг хүмүүс цөм Монголын төрөөс зугтчихлаа.

-Жишээ нь хэн?

-Ухаантай хүмүүс төрийн албанаас зугтаж байна шүү дээ. Харин мөнгөнд шуналтай хэсэг нь үлдэж байна. Мөнгөгүй бол үхчих гээд байгаа гэдэг бол цэвэр тархи угаалт.

-Мөнгөгүйгээр яаж амьдарна гэсэн үг вэ. Та ч мөнгө олохын тулд ресторан ажиллуулж байгаа байх л даа?

-Мөнгийг хүн дагах биш дагуулж амьдрах ёстой байдаг юм.Дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олохгүй гэдэг дээ. Тэд харийн бодлогын нөлөөгөөр тархи угаалт явуулаад байгаа учраас мөнгөгүй бол үхнэ гэдэг ойлголтыг төрүүлээд байгаа юм. Бид ингэж зээлэнд баригдах ёсгүй. Энэ бол эдийн засгийн дарангуйлал.

-Та ер нь шуналгүй юу?

-Намайг мөрөөдлийн багт оруулсан байна лээ. Монголд хоёр сая 900 мянган мөрөөдлийн баг байна. 100 мянга гаруй шуналын баг байна гэж тооцоолоод байгаа ш дээ. Мөрөөдлийн баг шуналыг багтай тэмцэх тэмцэл эхэлчихлээ. Тийм учраас би мөрөөдлийн багтаа байсан нь дээр байх аа.

-Гэхдээ ямар ч улс оронд хөрөнгө оруулалт хэрэгтэй биз дээ?

-Хөрөнгө орууллаа гээд дээшлэхээр байсан бол дээшилчих цаг хугацаа хангалттай байлаа. Гэвч тэгсэнгүй. Ядаж л хөрөнгө гэдэг үгийнхээ үндсийг хар л даа. Хөрсөн, хөлдсөн гэдэг язгуур утга явж байна. Энэ мэтээр нэг ч олигтой үг хэрэглэхгүй юм. Бид эдэлж хэрэглэж байсан бүхнээ өөрсдөө хийгээд хэнээс гуйхгүй амьдарч байсан үе ердөө 50 жилийн өмнө байлаа. Яагаад энэ зөрчигдөөд байгаа юм.

-Социализмын үе рүү буцъя гэж үү?

-Бид ололттой бүх зүйлээ устгасан шүү дээ. Тэр үедбид яасан эв нэгдэлтэй, эмх замбараатай байсан юм. Өнөөдрийн төрд байгаа хүмүүс 1990 онд Үндэсний телевизийн хаалгыг хэмх өшиглөж ороод төр засгийн дарга нартай халз мэтгэлцэж л байсан байна лээ ш дээ. Төр засгийн удирдлагууд нь очиж суугаад “Миний хүүхдүүд өлсч болдоггүй юм, монголчууд өлсч явсан түүх байхгүй. Шаардлагатай гэвэл бид буруугаа хүлээе” гээд ярьж л байсан байна. Яагаад ийм байж болохгүй гэж. Эндээс харвал тэр үед бид эрх чөлөөтэй байсан юм уу, одоо эрх чөлөөтэй байгаа юм уу. Үүнийгээ бодох ёстой болчихоод байна.

- Ер нь хөрөнгө оруулалтгүй болчихвол бид яаж амьдрах бол...

-Өмнө ньбид газар шороогоо ухахгүйгээр амьдарч болоод л байсан.Өвөг дээдэс маань хар толгойгоо “ухаад” биднийг тэжээсээр байсан юм шүү.

-Тэр үед Монгол ядуу, хөгжилгүй байсан байх аа...

-Тэр үед хүн өлсдөггүй байсан юм. Эв түнжинтэй байсан юм.

-Уул уурхайн баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулж мөнгөтэй болох нь зөв юм биш үү?

-Ингэж ярьж болохгүй. Ээжийгээ зарчихаад жаргана гэдэгтэй адил сонсогдож байна. Гишгэж яваа газар чинь, амьсгалж байгаа агаар, өвөг дээдэс чинь бидэнд гомдоно шүү. Түмэн олны заяа гомдоно шүү. Цөлд чи таван км алттай, бид 40 литр устай яваад үзье л дээ. Та тэр алтыг идэх үү. Үгүй шүү дээ. Харин би усаа уугаад амьд гарна шүү. Энэ талаас нь л харах хэрэгтэй.

-Та хоёр ч удаа сонгуульднэр дэвшсэн. Эхлээд Чингэлтэй дүүрэгт бие дааж, дараа нь МАХН-аас нутагтаа нэр дэвшээд сонгогдоогүй. Яагаад сонгогдоогүй гэж боддог вэ?

-Тэр нь сонин биш. Болохгүй байгаа зүйлийн төлөө тэмцэж байгаа нь чухал байсан юм. Туршлага хуримтлуулах нь чухал байлаа. Үнэндээ хоёр дээд сургууль төгссөн хэмжээнд нийгмийг мэдэрч чадсан юм шүү. Би зүгээр гэртээ гэдсээ илээд, дуу дуулаад хэвтэж байсан бол энэ бүхнийг олж харахгүй байсан.

-Яагаад ингэж асуусан гэхээр таны яриад байгаа амьдралыг ард түмэн хүсээгүй учраас сонгоогүй байж болох шүү дээ?

-Монголчууд өөрсдийн зөн билэгтэй. Буруу, хар зүйл рүү битгий ороосой гэж бодсон ч байж магадгүй. Надад хөгшчүүд ингэж хэлдэг байсан. Нөгөө талаар сонгуулийн луйвар нөлөөлсөн байх.

-Та одоо сонгуульд нэр дэвших үү. Үүний төлөө л ийм тэмцэл өрнүүлээд байна гэж хүмүүс хардаг...

-Миний ярьж байгаа монголчлол хэрэгжиж, үр дүн нь гарч эх орон минь хөгжиж байвал УИХ байтугай юу руу ч ороход бэлэн. Гэхдээ хүнд эх орноо гэсэн зүрх сэтгэл байвал энэ ажлыгхаанаас ч хийж болно. Заавал УИХ-ын гишүүн болж байж хийдэг юм биш. Хүн болгон эх орноо өмгөөлдөг, харамладаг байх хэрэгтэй. Бүгд гэр гэрээсээ гарч ирж оюун ухаанаа ажиллуулах хэрэгтэй.

-Дэлхийн орнууд ёс уламжлалаа хадгалж авч үлдэх бодлого барьдаг болохоос улсаараа ухаръя гэж ярьдаггүй...

-Одоо бид өөдөө өгсөөд байгаа нь хаана байна вэ. Бүгд хэлийг нь мэдэхгүй түвд ном уншуулж, залбирч байна. Солонгос, америк киногоор хангалттай тархиа угаалгаж байна шүү дээ. Өмсч байгаа хувцас нь данжаад. Тэгээд хуучин бүхнээ мартсан сармагчин шиг болох ёстой юу. Бидний өвөг дээдэс сармагчин байгаагүй, дэлхийг дагуулж явсан юм 13 дугаар зууныг сармагчин, хүй нэгдлийн үе гэх гээд байгаа юм уу. Тэр үед жинхэнэ Монгол Улс мандаж явсан юм. Тийм учраас дэлхий Монголыг дагаж байсан. Үүнийг мушгин гуйвуулж, “Бид хөгжих гэтэл Жавлан гай болоод байна” гэж яриад байгаа юм. Эх орноо зарж худалдахыг, гадны банкинд хулгайлсан мөнгөө хадгалахыг хөгжил гэх юм уу. Өнөөдөр бидний шүтээд байгаа америкчууд химийн хортой хүнснээс татгалзаад байгаллаг амьдралыг шүтэж, уул руу гарч байна шүү дээ. Гэтэл бид тэдний таягдан хаяж байгаа зүйл рүү тэмүүлээд байна. Үнэндээ байгаллаг буюу эко амьдралын хамгийн дээд хэлбэр нь манай нүүдэлчин амьдрал. Үүнийг юу ч биш гэж хаячихаад тэр улсын сүйрч байгаа хөгжил рүү хошуураад байгаа нь ичгэвтэр. Харийг дагаж салбалзваас хөх монгол гутмуу, хахаж цадталаа баяжваас хамаг олон жигшимүү гэж өвөг дээдэс минь хэлсэн байна.

/Биднийг ийн ярьж байхад МҮОНРТВ-ийн захирал Ц.Оюундарийн туслах хэмээх эмэгтэй нэгэн дугтуйтай бичгийг түүнд гардуулахаар ирэв. С.Жавхлан гавьяат бичгийг задлаад чанга дуугаар уншив.“Та бүхний мэтгэлцээнийг зохион байгуулах боломжгүй. Харин манай телевизээр гардаг ... юу гэнэ вэ. Үндэсний телевиз ийм гадаад нэртэй нэвтрүүлэг явуулж болдог юм уу” хэмээн асуухад өнөө эмэгтэй “De facto” гэж байгаа юм” гэв. Тэгэхэд С.Жавхлан гавьяат “Нөхөдтэйгээ ярьж байгаад шийднэ” гэдэг хариу өгөөд гаргав. Ингээд бидний яриа үргэлжиллээ/.

-Та ер нь хэвлэл мэдээлэлтэй тэмцээд хэрэг байна уу. Таныг айгаад дуугаа хамхи гэж байгаа юм биш л дээ...

-Би ямар хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй тэмцсэн юм. Дарга нарын гар хөл болж байгаа олон нийтийн биш намын мэдэлд орчихсон хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хатуу ярина. Энэ чинь олон нийтийн телевиз биз дээ. Үгүй юм бол нэрээ намын харьяалалтай болгож өөрчлөх хэрэгтэй.

-Монголоороо байх үндсэрхэг үзлийн тухай ярьж хийрхээд байгаа нь монголчуудыг хөмсгөө зангидсан, бухимдуу хүмүүс болгочихлоо гэдэг дүгнэлтийг зарим хүмүүс хэлдэг юм билээ. Та үүн дээр юу хэлэх вэ?

-Энэ бол хийрхэл биш ээ. Өөрийнхөө өв соёлыг хамгаална гэснийхээ төлөө хийрхлээ гэж хэлүүлээд сууж байгаадаа харамсч байна. Хүмүүсийг ийм бухимдуу болгосон нь хэний буруу юм бэ гэдгийг олохын тулд халз мэтгэлцье гээд байгаа юм шүү дээ. Харийн цөөвөр чонотой нийлж гурван сая иргэнээ цөлмөж, иргэдээ ууртай болгосон хүмүүс нь дарга нар учраас мэтгэлцээнээс зугтаад байгаа юм биш үү. Эсвэл миний буруу юм бол буруугаа хүлээе.

-Таны тэмцлийн үр дүн юунд хүргэх юм бэ. Магадгүй хойд Солонгос шиг хаалттай улс болчих юм биш байгаа гэдэг болгоомжлол зарим хүмүүст байдаг...

-Монголчуудын заяа гэж бий. Монгол бол ямар нэгэн өөр улстай харьцуулагдах хэмжээний улс биш.

-Өнөөдрийн ард түмний гундсан сэтгэлийгт а сайхан дуугаараа сэргээж, гэрэл гэгээ нэмж байгаа санагддаг. Үүгээрээ та Монголын ард түмний хайртай хүү нь шүү дээ. Тиймээс таныг улс төрд орж яах гэсэн юм гэж ханддаг хүмүүс бий...

-Дуулаад л байгаа шүү дээ. “Хар хархан харц” гэдэг дуу Монгол төдийгүй дэлхийд тарчихлаа. Японд хүмүүс дасгал хийхдэээнэ дууг сонсдог гэсэн шүү дээ. Энхийг сахиулж байгаа гадны цэргүүд "Алсад суугаа ээж" дууг миньдуулж байна.Хүмүүс намайг муулах болохоороо л ингэж ярьдаг байх. Түүнээс биш би дуулсаар л байгаа. "Тэмээн жингийн цуваа"-г дуулаагүй гэх үү.

-Тэмцэл яриад байгаа нь дуу дуулахаасаа олдоод байгаа юм болов уу?

-Харин ч би их алдаа хийж. 15 жил дуулсан байна. Намайг дуулж дуугаараа ард түмнийг уярааж байх хооронд Монголыг минь үрэн таран хийж байж шүү дээ. Тиймээс нэг талаар би өөрийгөө нүгэл хийжүү дээ гэж боддог юм.

-Ер нь та яагаад улс төр рүү орох болсон юм бэ. Хэн нөлөөлөв?

-Би Монголыг зургаан удаа тойрсон. Тэгэхдээ Монгол орноо яаж сэглэгдсэнийг олж харсан юм. 15 мянган хүнтэй Хятадын суурин бий болсныг ч харсан. Яг энэ байдлаар явах юм бол би дуу дуулах ч эцэсгүй болох юм байна. Эх орныг минь цөлмөж дуусвал би хаана дуулах юм гэж бодогдсон. Нөгөө талаар аавын маань захиас бий. 2012 оноос хойш Монголд мөнх тэнгэрийн цаг ирнэ, та нарын үеийн хүүхдүүд сайхан цаг авчрах ёстой. 400 жил дарлуулсан монголчууд 2000 оноосжаргах ёстой шүү. Тэр цагийг та нарын үеийнхэн авч ирнэ гэж захисан. Буруу муухайг тэвчдэггүй зөв монгол айлд өссөн учраас яс цусанд минь байдаг чанар одоо бадраад байгаа юм. Монголоо гоё болгочихоод дуулмаар байна шүү дээ.

-Талийгаач "Донж"-ийн н.Төгөлдөрийг танд зөвлөж, ийм тэмцэл рүү хөтөлсөн хүн ч гэлцдэг...

-Төгөлдөр ах шиг зөв хүмүүсийг байхад ньурам өгч, тэднийхээ бодол ухаанаар зөв явж чадсангүй. Дандаа шуналтай хүмүүсийг тахин шүтжээ. Одоо та нар Төгөлдөр ахын хийдэг байсан Тархины түгжээ мултлагч нэвтрүүлгийг үзээрэй. Яг өнөөдрийн Монголд болж байгаа зүйлийг тэр үед ярьж байжээ. Төгөлдөр ах бол онцгой хүн байсан гэж боддог. Надад зөвлөдөг байсан. Түүнтэй адил олон сайхан ах нар бий. Дээрээс нь нийгэм намайг давхар хүмүүжүүлж байна.

-Одоо танд зааж зөвлөдөг хүн байна уу?

-Маш олон залуу бий. Үе тэнгийн найзууд,"Хамаг Монгол" төслийн багийнхан байна.Бүх хүнээс аль зөвийг нь өөртөө шингээж авдаг даа. Надтай уулзаж байгаа хүн бүр зөвлөгч.

-Ц.Нямдоржгуай танд зөвлөдөг гэж ярих юм билээ?

-Тэр хүнтэй би сүүлийн зургаан жил уулзаагүй.

-"Хамаг Монгол" төсөл юу болсон бэ. Үр дүн нь юу байв?

-Үргэлжилж байгаа шүү дээ. Хоёр жилийн өмнө эзэн Чингэс хааныхаа хөшөөний өмнө хамаг монголчууд чуулаад ямар жаргалтай байв. Гэтэл одоо юу болов Чингэсийн хөшөөнийхөө өмнө өлсцгөөдөг болсон байна. Манай төсөл явж байна. Дэлхийгээр тарсан ах дүүстэйгээ харилцаа тогтоосоор байна. Үүний хажуугаар"Хамаг Монгол" төслийн баг хайртай монгол орноо цэгцлэх их аянд мордож байна даа.

-Та хандивын тоглолт хийж ядарсан зүдэрсэн түмэнд их тусалдаг. Хичнээн хүнд тусалсан байна. Тоо гаргаж үзсэн үү?

-Анх нэг тоглолтын орлогоосоо 11 айлд гэр өгч байлаа. Долдугаар сарын 1-нд үр хүүхдээ алдсан ээжүүдэд, өрх толгойлж яваа ядарсан эхчүүдэд тоглолтынхоо орлогоос өгч байлаа. Хулгайлж биш дуулж олсон орлогоо хандивладаг байсан. Гэх жишээгээр зөндөө л зүйлүүд бий. Тусламж авсан хүмүүс хэзээ нэгэн цагт өөрсдөө ярих байлгүй дээ. Архангай аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, Увс аймгийн 340 өрх, Цагаан давааны хогийн цэг дээр байгаа 300 гаруй хүн, асрамжийн газрынханд тусалж байлаа. "Хүнээс тэвнэ авснаа үргэлж санаж яваарай, тэмээгээр тусламж авснаа мартаж яваарай" гэж аав минь захидаг байсан. Жавхлан баян цатгаландаа баярхаад байгаа юм биш. Миний сэтгэлд Монгол минь багтаж байгаа учраас чадлаараа бусдад тусалж байна. Гадаадад хэдэн тэрбумаар нь мартчихаад юу ч болоогүй юм шиг сайд хийгээд явж байгаа хүмүүсийн дэргэд сэтгэл баян байвал бүх юм болдог гэдэг зарчмаар явж байна даа.

-Сайн үйлсийн аянаа өргөжүүлээд явбал тэмцлээсээ илүүбуянтай биш гэж үү...

-Ядарсан хүмүүст чадлынхаа хэрээр тусална. Харин задарсан хүмүүсийг зүгээр орхиж болохгүй. Бурууг нь зөв болгохын төлөө л явна.

-Та гавьяат цолынхоо тэмдгийг өөр хүнд зүүгээд өгчихсөн бил үү?

-Одоо яахав дээ, намайг соёлын тэргүүний ажилтан Жавхлан гэхгүй юу. Надад гавьяат цол өгөхөд “Би энэ цолыг чимж явах ёстой болохоос энэ цол намайг чимэхгүй” гэж хэлж байлаа. Маш олон хүн урам зориггүй, гавьяа шагналгүй хийснээ үнэлүүлж чадаагүй байхад би гавьяат гээд явах ичгэвтэр санагддаг. "Ээжийн чанасан цай", "Насны намар", "Зүүдэн бороо" гэдэг агуу дуунуудыг зохиосон Магсаржав гуайн хажууд гавьяат гэж дуудуулаад явахдаа ичсэн юм.

Би Магсаржав гэдэг хүнийгхарааж биш гавьяат болоорой гэж ерөөжтэр тэмдгээ өгсөн юм.

-Таны дуулсандуу бүхэн хит болдог. Ид мандаж явсан он цагаа эргээд харахад танд юу бодогддог вэ?

-Ажилдаа эзэн болох ёстой. Намайг дуугаа дуулдаг шиг улс орныг сайн удирдаад явсан бол би ингэж тэмцэхгүй байлаа. Гэвч дарга нар ажлаа муу хийж байгаа учраас дууныхаа хажуугаар улс төрд орлоо шүү дээ. Шуналын багийнханд ингэж л хэлье. Өнгөрсөн хугацаанд алдаа биш оноо хайж л явлаа. Намайг түмэн олон дүгнэнэ биз дээ. 60, 70 гарчихсан хөгшин хүн байгаа биш дурсамж яриад байх нь хаашаа юм. Тэртэй тэргүй түмэн олон мэдэж байгаа даа. Харин өнөөдөр улс төрд хийж байгаа миний тэмцэл Жавхлан Насан багын дурсамж гэдэг анхнытоглолтоо хийж байгаа үе шиг оргилж байна.

-Та төрийн түшээ болсонч дуулна биз дээ?

-Миний толгой мөрөн дээр байгаа цагт дуулж л таарна.

-Улиг болсон асуулт байх л даа. Гэхдээ С.Жавхлан, Т.Баясгалан гэдэг нэр нийтийн дууны ертөнцөд нэг хэсэг брэнд болж байлаа шүү дээ. Гэхдээ яагаад хамт дуулахаа байсан юм бэ?

-Оюутны ширээнээс салаад амь амьдралынхаа замыг хөөгөөд явсан шүү дээ.

-Та хоёрыг хайр сэтгэлийн холбоотой байсан гэлцдэг...

-Тийм зүйл байгаагүй ээ.

-Одоо та хоёрын дууг залуу хос дуучид дуулаад байх юм. Та хоёр өөрсдөө хэзээ нэгэн цагт хамтран дуулах болов уу?

-Мэдэхгүй. Ач холбогдол өгөхгүй байна. Цаг хугацаа харуулах байх.

-Таны хувийн амьдрал хүмүүст сонирхолтой байдаг. Та хоёр дахь амьдралаа зохиосон хүн. Таны анхны амьдрал яагаад бүтээгүй тухай хүмүүс их л асуудаг...

-Тавилан төөргийг яалтай билээ дээ. Үүнийг гэмт хэрэг гэж үзэх арга алга. Буруу явлаа ч гэж үзэх арга алга.

-Та охинтойгоо уулздаг уу?

-С.Жавхлангийн хувийн амьдрал бусдад сонирхолгүй дээ. Хувийн амьдралаа дэлгэж яримааргүй байна.

-Одоо та хэдэн хүүхэдтэй билээ?

-Нууц.

-Танай эхнэрийг араг түшиж төрсөн. Монгол дээлнээс өөр хувцас өмсдөггүй. Тэр бүр эмэгтэй хүний хүсээд байх амьдрал биш гэж зарим хүүхнүүд ярьж байдаг...

-Үлгэрлэхгүй бол үглээд хэрэггүй. Миний үзэл бодлыг таашаасан учраас надтай хамт байгаа байлгүй дээ.

-Та хамгийн сүүлд татвар төлөхөө больё гэдэг уриалга гаргасан байна лээ. Яагаад тэгсэн юм бэ?

-Гадаадын хүн Монголын хуулийг нулимж болдог. Төрийн томчууд нь тэднийг эргэж, хошногыг нь долоож болдог. Гэтэл монголчууд өр зээлэндээ баригдчихсан байна. Гадныхныг уучилж болж байгаа бол өөрсдийгөө бас өршөөх ёстой. Би дахиад уриалъя. Монголчуудаа уучилтал нь татвар хураамж, банкны зээлээ төлөхгүй байх ёстой.

-Та өөрөө татвар төлөхгүй юм уу?

-Үнэхээр итгэл алдарчихлаа шүү дээ.

-Цалингүй яаж ажиллах юм бэ. Ард түмэн хохирох байх аа...

-Гадныхныг уучлаад явуулдаг Ерөнхийлөгчөөс цалингаа нэхэх хэрэгтэй.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Онцлох нийтлэлүүд