ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2019.06.27 03:06

С.Нямдэлгэр: “Би” гэсэн үзлээр бус “бид” гэсэн санаагаар нэгдэж сайн дурын үйл ажиллагаанд оролцох хэрэгтэй


МУИС-ийн ШУС-ийн II түвшний оюутан С.Нямдэлгэртэй ярилцлаа. Тэрээр “Лантуун дохио” ТББ-ын гишүүн юм.

-Сайн байна уу. Та анх хэзээ, хэрхэн "Лантуун дохио" ТББ-д нэгдэж байв. Энэ талаар яриагаа эхлэх үү?

Сайн дурын ажил хийж үзье, хүнд тусалъя гэсэн бодолтой байсан. 2015 онд “Лантуун хүү”-гийн байшингийн нээлт болж байна, сайн дурын гишүүн бүртгэж авна гэсэн зар фэйсбүүкээс олж хараад нэг найзтайгаа цуг очиж сайн дурын ажил хийж үзсэн. Тэр үеэс хойш одоог хүртэл “Лантуун дохио”-д идэвхтэй ажиллаж байна.


-Сайн дурын аил хийхийн сайхан зүйл нь юу вэ. Таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?

Би сайн дурын ажил хийгээд 4 жил болж байна. Сайн дурын ажил хийгээд олон нийттэй харилцах, ярианы ур чадвар сайжрах, үзэл бодлын хувьд өөрчлөгдөх гээд маш олон давуу тал бий болсон. Гэхдээ сайн дурын ажлыг надад ямар нэгэн ашиг авчраасай гэсэн зорилгоор хийдэггүй. Аливаа хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд хүчирхийлэгч болох магадлалтай байдаг. Тэр хүүхдүүд миний төрсөн дүү, хамаатны дүү гэх мэт хүмүүстэй зэрэгцэн амьдарч байгаа. Магадгүй тэдэнтэй нэг гэр бүл, ойр дотны харилцаатай болж болно. Тэдний төлөө ямарваа нэгэн сайн зүйл хийх ёстой гэсэн үүднээс сайн дурын ажил хийсээр байна.

-Одоогоор ямар үйл ажиллагаанд оролцож байна вэ?

Одоо "Лантуун дохио" ТББ-д туслах менежерээр ажиллаж байна. Мөн “Ид шидийн орон 2” төслийн үйл ажиллагаанд бичил төслүүд дээр багийн гишүүнээр ажилладаг.

-"Лантуун дохио" ТББ-аас “Ид шидийн орон” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ ажил ямар шатандаа явж байгаа вэ?

“Ид шидийн орон 2” хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийг БЗД-ийн 23-р хороонд барьж байгаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас “Шидэт төгөл” ногоон байгууламжийн ажил эхлээд дууссан, одоо арчилгаа тохижуулалтын ажил хийгээд мөн байшингийн суурийн ажил хийгдэж байна.


-"Ид шидийн орон1,2 төслийн ялгаа юу вэ. Хэрхэн санхүүждэг вэ?

“Ид шидийн орон I”нь СХД-ийн 10-р хороонд байрлалтай. Хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хамгаалах, хүүхэд хөгжүүлэх үйлчилгээ үзүүлдэг. “Ид шидийн орон II” бол нэг дэхээсээ 3,3 дахин том бүтээн байгуулалт юм. Энэ нь холбон зуучлах үйлчилгээ үзүүлж, бүх насныханд шууд болон дам байдлаар урьдчилан сэргийлэх мэдээллийг олон нийтэд хүргэх, хүүхдийн хөгжлийн ажлыг түлхүү хийх зорилготой. Санхүүжилтийн хувьд "Ид шидтэй ах эгч” хөтөлбөр хэрэгжүүлж ид шидтэй ах, эгч нарын дэмжлэгээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд АНУ-д сурч ажиллаж амьдардаг хүмүүсээс 200 гаруй хүн өдөрт 1$ хандив өгч ид шидийн орны урсгал зардлыг шийддэг. Энэ жилээс Монголдоо “Ид шидтэй ах эгч” хөтөлбөрийг хэрэгжүүлээд өдөрт 100 төгрөгийн хандивыг тогтмол өргөдөг болсон. Дээрээс нь байнгын дэмжигч ид шидтэй ах эгч, албан байгууллагын хандиваар санхүүждэг.

-Иймэрхүү төрлийн сайн дурын ажил хийх явцад байхад бэрхшээлтэй бас сэтгэл эмзэглэм зүйлүүд тохиолддог байх?

Анх сайн дурын ажил хийж эхлэхэд гэр бүл мөн найз нөхөд дэмждэггүй, “хичээлээ хий, дэмий зүйлд хайран цагаа үрлээ, чамд ямар ашигтай юм” гэх мэтчилэн зөрчилдөг байсан. Одоо бол бүгд ойлгодог дэмждэг болсон.

Үйл ажиллагаанд оролцож байхдаа сэтгэл эмзэглэх олон кейстэй таарч байсан. Бид жил болгон “Ид шидийн уут” аянг зохион байгуулдаг. Аяны үйл ажиллагааг бүтэн сарын өмнөөс бэлдэн өөрсдөө малгай, ороолт гэх мэт зүйлийг хийж хүүхдүүдэд бэлэглэдэг. Энэ нь хүүхдийг баярлуулахаас гадна хүчирхийллийн тандалт, судалгааг цаагуураа хийгээд явж байдаг. Би “Ид шидийн уут” аянд анх алиалагч болж явж байсан. Тэр жил нийгмийн бодит төрхийг анх удаагаа тийм бодитоор харж мэдэрч явахдаа дөрвөн ихэр хүүхэдтэй, өрх толгойлсон эгчийнхээр орж байсан. Хүүхдүүд нь өвлийн хүйтэнд өдөр бүр хоёр км гаруй алхаж сургуульдаа очдог, зарим айлууд нь харьяалалгүй учраас тоггүй, хүүхдүүд нь сургууль цэцэрлэгт явж чаддаггүй айлууд ч байна.

ид шидийн уут зурган илэрцүүд

-Сайн дурын үйл ажиллагаанд өсвөр насныхны оролцоо хэр байдаг вэ?

Манай байгууллагын үйл ажиллагаанд оролцдог сайн дурын 300-гаад гишүүд байдаг. Тэдний ихэнх нь оюутнууд, цөөн тооны ажил хийдэг хүмүүс байдаг. Арван жилийн сурагчдын хувьд насанд хүрээгүй учраас аливаа үйл ажиллагаанд оролцдоггүй, элсүүлж авдаггүй. Манай байгууллагаас гадна маш олон сайн дурын гишүүнчлэлтэй газарт залуучууд идэвхтэй ажилладаг болж байгаа юм билээ.


-Оюутан гишүүд их байдаг гэж байна. Тэд хичээл номоо ажлынхаа хажуугаар яаж зохицуулдаг бол?

Дургүйд хүчгүй гэдэг шиг аливаа зүйлийг хийх дургүй хүн зав гаргахгүй шүү дээ. Үнэхээр сэтгэлээсээ сайн дурын үйл ажиллагаанд оролцох, бусдад туслах хүсэлтэй хүмүүс олон байдаг учраас ихэвчлэн ажлын бус цагаар оролцдог. Заримдаа шөнийн 12, 1 хүртэл ажиллах үе ч байдаг. Манай гишүүд сэтгэлээсээ маш идэвхтэй оролцдог.

-Хувийн зүгээс сайн дурын үйл ажиллагаатай холбоотой ирээдүйн төлөвлөгөө бий юү?

"Лантуун дохио" ТББ-д цаашдаа идэвхтэй ажилласан хэвээр байна. Их сургуулиа төгсөөд "Ид шидийн орон II" хүүхдийн төвд ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

-Өөрийнхөө үеийн залууст хандаж зөвлөгөө уриалга хэлж болно?

“Би” гэсэн үзлээр бус “бид” гэсэн санаагаар нэгдэж тууштай, сайн дурын үйл ажиллагаанд оролцож, сурсан мэдсэн зүйлээ бусдадаа хуваалцдаг, хамтран суралцдаг байгаасай гэж хүсэж байна.

Ярилцсанд баярлалаа.

Э.АМИНАА

Онцлох нийтлэлүүд