Өдрийн сонин үнэнийг хэлнэ
С.Ганбаатар: Тэтгэврийн мөнгөнд улстөрчдийн гар хөлийг оруулахгүй байх явдлыг л баталгаажуулах нь чухал DNN.mn ХНХ-ын сайдад хэн хэн зүтгэж байна вэ? DNN.mn УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр ТББХ-ны хурлаар хэлэлцэнэ DNN.mn Бид ардчилсан нийгэмд амьдарч байгаагаа мартах учиргүй байгаа DNN.mn Өнөөдөр бар өдөр DNN.mn Улаанбаатарт -8 хэм байна хүйтэн DNN.mn ТОЙМ: “Сонгуулийн сурталчилгааг гадны хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулахыг хориглоё" хэмээн өгүүллээ DNN.mn Нийтийн тээвэрт туршилт хийхэд автобус хүлээлтийн хугацаа 2-4 минутаар багассан DNN.mn Хүүхдийн тоглоомын талбайд хяналт шалгалт хийнэ DNN.mn УЕПГ: Нүүрс тээвэрлэлт, төлбөрт холбоотой хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ DNN.mn С.Ганбаатар: Тэтгэврийн мөнгөнд улстөрчдийн гар хөлийг оруулахгүй байх явдлыг л баталгаажуулах нь чухал DNN.mn ХНХ-ын сайдад хэн хэн зүтгэж байна вэ? DNN.mn УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр ТББХ-ны хурлаар хэлэлцэнэ DNN.mn Бид ардчилсан нийгэмд амьдарч байгаагаа мартах учиргүй байгаа DNN.mn Өнөөдөр бар өдөр DNN.mn Улаанбаатарт -8 хэм байна хүйтэн DNN.mn ТОЙМ: “Сонгуулийн сурталчилгааг гадны хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулахыг хориглоё" хэмээн өгүүллээ DNN.mn Нийтийн тээвэрт туршилт хийхэд автобус хүлээлтийн хугацаа 2-4 минутаар багассан DNN.mn Хүүхдийн тоглоомын талбайд хяналт шалгалт хийнэ DNN.mn УЕПГ: Нүүрс тээвэрлэлт, төлбөрт холбоотой хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ DNN.mn
Улс төр
2022.05.18 09:05

С.Эрдэнэ: Хэн нэгэн зайл гэхээр зүгээр л зайлаад өгөх гэж би 32 жил улс төрд зүтгээгүй DNN.mn


Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.


-Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны эргэлтийн сонгуульд нэр дэвшигчдэд өчигдөр үнэмлэх гардууллаа.Энэ яг ямар учиртай сонгууль билээ?

-Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон бусад дүрмийн байгууллагуудын бүрэн эрхийн хугацаа дуусаад хоёр жил орчим болох гэж байна. Хоёрдугаарт, өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд Ардчилсан намаас хүргүүлсэн Үндсэн дүрмийн өөрчлөлтийг УДШ-ийн бүх шүүгчдийн хуралдаанаараа хэлэлцээд улсын бүртгэлд бүртгэсэн. Уг шийдвэрийн үр дүнд Ардчилсан нам Үндсэн дүрмийн өөрчлөлт хийх эрх зүйн боломж бий болсон. Тиймээс нэн тэргүүнд манай намын төлөөллийн төв байгууллага буюу хуульд зааснаар эрх бүхий байгууллага болох ҮБХ мөн болох нь дүрмийн өөрчлөлтөөр бүртгэгдсэн. Ингээд дотоод сонгуулийн хороо дүрмийн дагуу эргэлтийн сонгууль зарлаж, өчигдөр нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлж, нэр дэвшигчдэд үнэмлэх гардууллаа.

-Нийт хичнээн нэр дэвшигч үнэмлэхээ гардан авав?

-Намын дүрмээр ҮБХ-ны 304 гишүүний 76-аас доошгүй хувь нь залуучууд байх ёстой. Энэ бол төлөөллийн хувьд хангалттай үзүүлэлт юм. Өчигдөр 123 мандатаар бүртгэл явагдсан. Ингээд энэ сарын 29-нд болох санал хураалтын дараа АН-ын ҮБХ-ны эрх зүйн чадамжтай гишүүдийн тоо 80 орчим хувьтай бүрдэхээр байна.

-ҮБХ эрх зүйн бүрэн чадамжтай болчихвол цаашлаад намын даргын сунгааг дахин зарлах боломж бүрдэнэ гэсэн үг үү?

-Үгүй л дээ. АН-ын Дотоод сонгуулийн хороо намын даргын сонгуулийг хэрхэн зохион байгуулах аргачлал, журмаа боловсруулаад түүнийгээ шинээр бүрэлдэх ҮБХ-оор оруулж хэлэлцүүлнэ. Ингээд шинээр бүрэлдсэн ҮБХ-оо хэлэлцэн баталсан тохиолдолд ҮБХ-ны баталсан журмын дагуу намын даргын сонгууль явагдана. Тиймээс эхний ээлжинд ҮБХ-оо эрх зүйн бүрэн чадамжтай болох нь чухал.

-Үнэндээ ойр ойрхон болж байгаа намын даргын сунгаанаас болж танай намын гишүүд болоод жирийн иргэд төөрөгдөлд орж байна. Цаашид явагдах намын даргын сунгааг хууль ёсны гэж ойлгож болох уу. Х.Баттулгын талтай ойлголцолд хүрэх талаар алхам хийсэн үү?

-Х.Баттулгатай ямар нэгэн байдлаар ойлголцох, харилцан биенийгээ хүлээн зөвшөөрөх алхмуудыг бид олон удаа хийсэн шүү дээ. Х.Баттулга анхнааасаа АН-ын удирдлагыг хууль бусаар авах оролдлогууд хийж Ц.Туваан, О.Цогтгэрэл, Ж.Батсуурийг ч намын даргад дэвшүүлж үзсэн. Сүүлдээ өөрөө ч намын даргад нэрээ дэвшүүлсэн. АН-ын удирдлагын эрх мэдлийг гартаа оруулахын тулд дөрвөн удаагийн оролдлого хийсэн. Энэ хүн угтаа хууль дээдлэх ёсны тухайд өөрөө манлайлал үзүүлэх ёстой хүн. Монгол Улсын төрийн тэргүүн байсан, энэ намаас нэр дэвшиж удаа дараа УИХ-ын гишүүн, сайд дарга хийж явсан хүн. Үнэндээ АН-ын буяныг хангалттай хүртсэн хүний нэг. Гэтэл өнөөдөр өөрийг нь тэр өндөрлөгт хүргэсэн намынхаа эрхийг булааж авахын тулд улайран зүтгэж байгаад харамсаж явдаг. Бид нэгдэж нийлэх оролдлогуудыг хийгээгүй биш хангалттай хийсэн. Сүүлдээ Х.Баттулгын хийж байгаа үйлдэл гэмт хэргийн хэлбэрт шилжиж байна. Учир нь хуулийн этгээдийн нэр, лого, туг, тамга гэх мэт бүх зүйлийг хууль бусаар, зөвшөөрөлгүй ашиглана, хэрэглэнэ гэдэг бол өөрөө залилангийн гэмт хэрэг. Хууль зөрчсөн маш ноцтой гэмт хэрэг. Сүүлдээ хувийн дансаараа мөнгө хүртэл хурааж авч байна. Үнэхээр хууль ёсны нам мөн л юм бол албан ёсныхоо дансаар гишүүдээсээ татвар авахгүй яасан юм бэ. Бүх зүйл нь хууль бус байхад тэд ийм байдлаар цаашаа явахгүй. Тэдэнд хүнд үзүүлэх хууль ёсны юм юу ч байхгүй. Тэд иргэдийн тархийг юу гэж угааж байна гэхээр “Биднийг маш олон мянган хүн дэмжиж байна. Олон аймаг сумын намын хороо тамгаа дарсан” гэж хүчингүй болсон тамганы дардас үзүүлдэг. Юманд чинь хууль ёсны юм гэж байх ёстой шүү дээ. Тэдэнд эрх бүхий байгууллагын шийдвэр буюу УДШ-ийн тогтоол, бүртгэл нь хаана байна. УДШ-ийн тогтоол шийдвэрийг үндэслэж олгосон улсын бүртгэлийн гэрчилгээ нь хаана байна. Мөн улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэж олгосон тамга нь хаана байгаа юм.

-Танд тэгвэл АН-ын бүх хууль ёсны бичиг баримт нь байгаа гэж ойлгож болох уу?

-Дээр дурдсан бүх бичиг баримт надад бий. Тухайлбал, 2017 оны гуравдугаар сард намайг намын даргаар бүртгэсэн УДШ-ийн 01 тогтоол шийдвэр өнөөдөр ч хүчинтэй байна. Уг тогтоол шийдвэрийг үндэслэж олгосон улсын бүртгэлийн гэрчилгээ байна. Гэрчилгээг үндэслэж олгосон хүчин төгөлдөр тамга нь надад байна. Тэгэхээр эрх бүхий байгууллагын шийдвэрээр олгогдсон энэ бүх эрх зүйн баримт бичгийн тодорхойлолт над дээр бий. Харин тэдэнд юу ч байхгүй.

-Тэгвэл цаашид АН нэг талдаа гарах хууль эрх зүйн орчин улам баталгаажсан гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгож болно. Ер нь бол АН анх ямар байсан түүгээрээ л байгаа. Зарим нэг хүмүүсийн олон хүн цуглуулж, элдэв хурал хийсэн хэмээн сүржигнэж байгаагийн цаана ерөөсөө л мөнгө байгаа шүү дээ. Мөнгө тарааж, мөнгөөр хүмүүс цуглуулж байна. Түүнийгээ АН-ын гишүүд цугласан мэтээр харуулах гэж оролдож байна. Үнэндээ манай намын гишүүд тэнд нь очсон гэдгийг хэн тогтоочихсон юм бэ.

-Ардчилсан намд залуусын манлайлал ер нь байна уу. Гучин жилийн өмнө талбай дээр жагсаж ардчилсан тогтолцоог авч ирсэн өнөөх л хэдэн хүн энэ намын дуу хоолой болж байна. Танай намын залуус хэдий болтол та нарын ард суух юм бэ?

-Өнөөдөр дэлхийд 70,80 настай хүн яагаад Ерөнхийлөгч болоод байгаа юм бэ. Тэд залуучууд байхгүй болохоор ерөнхийлөгч, сайд даргын албыг хашаад байгаа юм уу.Үгүй шүү дээ. Улс төрд насны хязгаар байдаггүй л байхгүй юу. Тэнд хэн бодлого боловсруулж, манлайлал үзүүлж чадаж байгаа нь тухайн нийгмийнхээ улс төрийг манлайлдаг. Түүнээс биш энэ залуу учраас манлайлах ёстой гэсэн ойлголт хаана ч байхгүй. Тэгж ярих юм бол нас тогтсон улстөрч байх тусмаа алдаж, оноод үзчихсэн, хангалттай туршлага хуримтлуулчихсан учраас ямар нэг зүйлд улс суурьтай ханддаг. Тийм ч учраас дэлхийн олон оронд 70,80 настангууд төрийн эрх барьж, бодлогоо хэрэгжүүлж байна. Сүүлийн үед юм болгоныг залуу гэдэг болж. Залуучууд өөрсдөө хөгшрөхгүй юү. Ийм байдлаар асуудалд хандаж болохгүй шүү дээ. Ялангуяа манайд 50-иас дээш насныхныг үзэхгүй. Залуучууддаа байр сууриа тавьж өг гэх юм. Юу гэсэн үг вэ. Яг ид туршлага суугаад, ухаан бяр нь тэгширсэн насан дээр нь хүнийг нас, хүйс, нүд шүдээр нь ялгаж үздэг байж болохгүй. Би залуучуудыг үгүйсгэдэггүй. Би өөрөө анх 26 насандаа улс төрд орж байлаа. Ер нь өнгөрснийгөө одоо нь, одоогоо ирээдүй нь, эсвэл өнгөрсөн, ирээдүй нь одоогоо үгүйсгэдэг байж болохгүй.

Өнгөрсөн үеэ гар буугаар буудвал, ирээдүй чамайг их буугаар буудна гэдэг. Аливаа юманд залгамж чанар гэж байдаг. Өнгөрсөн, одоо, ирээдүй нэгдэж байж амьдралын үнэ цэнэ оршино. Үнэндээ залуу үе хийтэй, юм юманд нүдний хор нь арилаагүй л байдаг. Үүгээр залуу үеэ үгүйсгэж байгаа юм биш. Чадал нь байвал манлайлагчийн үүргийг гүйцэтгээд лидер болоод гараад ир л дээ.Лидер байхад насны ялгаа огт байхгүй.

-Шулуухан хэлэхэд, АН-аас та бүхний үе зайгаа тавиад өгчихвөл энэ намын ирээдүй сайн сайхан болох мэтээр олон нийт ярьж байна шүү дээ. Тухайлбал, таныг “АН-ын даргын үүрэгт ажлаа өгөөд амар тайван амьдар. Одоо болно” гэж байгаа харагдах юм?

-Би АН-ын даргын албыг мерит зарчмаар явж байгаад авсан. Үүрийн дарга, дүүргийн намын дарга, нийслэлийн намын дарга гэх мэт албан тушаалыг 30 гаруй жил хашиж өнөөдрийн өндөрлөгт ирсэн. Би хэн нэгнээр крандуулаад гараад ирсэн юм биш. Тэгвэл тэр залуус нь бидний туулсан замыг туулаад гараад ир л дээ. Адилхан өсч өндийгөөд, өрсөлдөөд гараад ир л дээ. Чадлаараа даргыг нь булаагаад ав л даа. Булаах нь байг гэхэд чаддаг, мэддэгээ харуулаад ав л даа. Хэн ч байг гээгүй. Та шулуухан асууж байгаа бол би шулуухан хариулъя. Залуучууд уйланхай, гомдомхой. Энэ хэд зайлаад өгчихвөл гээд гараа элгэндээ тэвэрчихээд суугаад байна. Зайлахгүй. Тэгж ярих юм бол зайлмааргүй байна.Би хэн нэгэн зайлаад өг гэхээр зүгээр л зайлаад өгөх гэж 32 жил улс төрд зүтгээгүй.

-Таны хариултаас танд цаашид ч улс төрд хүч үзнэ гэж ойлголоо. Тийм ч амархан зайгаа тавьж өгөхгүй гэсэн үг үү?

-Миний хүч чадал, ухаан санаа барагдаагүй байна. Би яачихсан юм. Миний нүдний хараа, хэл ам, ухаан санаа муудчихсан юм уу. Би та нарын нэгэн адилаар эрүүл саруул байж л байна. Надаас илүү ярь л даа, илүү юм олж хараад, надаас илүү сэтгээд намайг хол хаяад даваад гар л даа. Тэгвэл би хүлээн зөвшөөрөөд явна шүү дээ.

-Дараагийн намын даргад ямар хүмүүс өрсөлдөх бол?

-Дараагийн намын даргад хэн өрсөлдөх, хэн өрсөлдөхгүйг би шийдэхгүй. УДШ-ээр бүртгэгдсэн Үндсэн дүрмийн өөрчлөлтөөр өмнө нь намын даргын сунгаа явуулдаг байдлыг өөрчилсөн. Дотоод сонгуулийн хороо намын даргын сонгуулийн журмыг боловсруулна. Уг журмыг ҮБХ-гоор хэлэлцүүлнэ. ҮБХ-ноос баталсан журмын дагуу намын даргын сонгуулийг явуулна.

Одоогийн төсөөллөөр хоёр төрлийн хувилбар судлагдаж байна. Нэгдүгээрт, 21 аймаг, есөн дүүргийн намын хороодоор Дотоод сонгуулийн хороонд бүртгүүлсэн нэр дэвшигчид орно. Тэндээс хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч ҮХБ-ны хуралдаанд орж, хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг намын их хурлаар оруулж, намын их хурал ёсчлон батламжилна. Хоёрдугаарт, Дотоод сонгуулийн хорооноос ҮБХ-нд нэр дэвшигчдийн нэрсийг оруулж, хамгийн олон санал авсан нэг хүнийг намын их хуралд өргөн барьж, намын их хурал тэр хүнийг ёсчилон батлах гэсэн хувилбар бий.

-Намын даргын асуудал яригдах үед та нэр дэвших үү?

-Яг одоогоор надад тийм бодол алга. Хоёрдугаарт, өөртөө итгэлтэй байвал хэн ч намын даргад нэрээ дэвшүүлж болно.Яагаад болохгүй гэж. Яагаад түүнийг хааж боох ёстой юм.

-Ерөхийлөгч асан Ц.Элбэгдоржийг АН-ын дараагийн даргаар томилох тохироо хийгдсэн гэх яриа байна. Та бүхэн ойрд уулзалдсан уу?

-Хэнтэй хийсэн юм бол. Би Ц.Элбэгдоржтой ойрд уулзаагүй. Тийм зав гараагүй. Харин өчигдөр Ц.Элбэгдорж ҮБХ-нд нэр дэвшсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч байхдаа намаасаа түдгэлзчихсэн байсан. Ноднин билүү, уржнан намын харьяаллаа сэргээсэн. Намын ямар нэгэн сонгуульт албан тушаалд очоогүй байсан. Харин одоо л ҮБХ-нд нэр дэвшиж байна.

-Орос Украины асуудалд та ямар байр суурьтай байна. АН-ын хагарал дээрх хоёр улсын дайнтай холбоотой асуудалд нэлээд хурцадмал байдалд хүрлээ шүү дээ?

-Нэгдүгээрт, АН Орос, Украины дайны асуудалд дайн дөнгөж эхлэсэн өдрөөс байр сууриа илэрхийлсэн. Би хувь хүнийхээ хувьд, АН-ын даргын хувьд ч “Бид хэзээ ч түрэмгийллийг дэмжихгүй” гэсэн байр сууриа илэрхийлсэн. Ямар ч шалтгаантай бай түрэмгийлэл бол түрэмгийлэл. Айлаар бол гэрийнх нь үүд хаалгыг эвдээд, эхнэр хүүхдийг нь хүчирхийлэх нь хэрхэвч зөвтгөж болохгүй үйлдэл. Бүхэл бүтэн тусгаар улс руу дайрч ороод олон мянган хүний амь насанд аюул учруулж болохгүй. Тэр дундаа хүчирхэг том гүрэн жижиг буурай улсыг түрэмгийлж байгааг манайх шиг жижиг улс хэзээ ч дэмжиж болохгүй.

Хоёрдугаарт, ний нуугүй хэлэхэд, Х.Баттулга гэж хүн Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн маш олон боломжийг даалгавартай юм шиг үгүй хийж, ОХУ-д олгосон. Үүнийг би олон жишээгээр хэлж чадна. Манайх нүүрсээ БНХАУ-д амжилттай экспортолж байсан бол өнөөдөр хэдэн арван тэрбум ам.долларын бодит орлого олох боломж байсан. Үүнийгээ ашигласан бол иргэдийн амьдрал ямар түвшинд хүрчихсэн, улс орон яаж хөгжих байсан бол. Тооцоод үзвэл Монгол Улсын хөгжлийн боломжийн эсрэг үйлдсэн маш том гэмт хэрэг. Үүнийг хийсэн хүн нь Х.Баттулга. Нэвтрүүлэгт орох үеэрээ Дамба гуай “Энэ хүн хэний төлөөний хүн гэдгийг би мэдэхгүй” гэж үнэн үг хэлсэн ш дээ. Тухайн үед нарийн царигтай төмөр зам тавьчихвал Хятадын танк орж ирж Монголыг эзэлнэ гэж иргэдийн тархийг угаасан. Үнэндээ нарийн царигтай цариггүй тэр том гүрэн манайхыг эзэлье гэвэл хаагуур бол хаагуур танкаа байна уу, юугаа байна оруулаад ирнэ. Манайд Оросуудыг “ахаа” гэж хүндэлдэг хүн олон бий. Гэтэл Оросууд бидэнд ямар их гай боллоо. Монголын уураг тархи болсон сэхээтнүүдийг хэн толгой дараалан устгасан юм бэ. Сайн муу нийлсэн зургаан Ерөнхий сайдыг Орост аваачиж цаазалж, 700 гаруй сүм хийдийг устгасан, 20,30 мянгаар нь эрүүдэж, буудан хороосон. Яахаад тусгаар улсын Ерөнхий сайд нарыг тэр үеийн Оросын хуулиар шүүж, буудаж байгаа юм. Манайхыг колони улс гэдгийг л нотолж харуулсан. Манай улсын 1951 оны газрын зураг дээр сайн газар нутгаасаа бид урд хөршдөө сөөм газар ч өгөөгүй. Гэтэл хойд талдаа 100 гаруй км хэмжигдэх газар нутгийг Оросууд булааж авсан. Тува, Буриадыг хэн булааж авсан юм бэ. Гэтэл энэ үнийг Орост бэлтгэгдсэн суртал ухуулгын машин болсон монголчууд монголчуудынхаа тархийг угааж байна. Ийм нөхцөл байдлын гол зохион байгуулагч болж байгаа Х.Баттулгыг бид үзэл санааны хувьд илчлэх л шаардлагатай.

-Та бүхэн хэдхэн жилийн өмнө Х.Баттулгыг намаасаа нэр дэвшүүлж, түүнийг Ерөнхийлөгч болгохын төлөө хамтран зүтгэж бүр улсын Ерөнхийлөгч болгож байсан. Гэтэл өнөөдөр Х.Баттулга шиг урвагч, шарвагч хүн байхгүй мэтээр ярьж байна. Тийм муу хүн байсан юм бол тэр үед яагаад хамтарч зүтгэсэн юм бэ?

-Тэр үед ямар хүн нь танигдаагүй л байсан байхгүй юу. Тэр маш болгоомжтойгоор, үе шаттайгаар, аажуухнаар Монголын төрд гарч ирлээ. Гарч ирмэгцээ харин маш хурдтай маскаа хуулсан. Богино хугацаанд хэн бэ гэдгээ таниулсан. Яриад байвал Х.Баттулга Монголын эдлэх маш олон боломжийг Орост шууд болон шууд бусаар шилжүүлсэн.

-Та дээр яриандаа “Манай намын гишүүд тэр хуралд нь оролцсоныг хэн батлах юм бэ” хэмээн дурдсан. Тэгвэл Х.Баттулгын дээр дурдсан үйлдэлд хамааралтай гэдгийг хэн батлах юм бэ. Хууль шүүхийн байгууллагаас шалгаад, тогтоочихсон зүйл байдаг юм уу?

-Бид хууль шүүхийн байгууллагад нь өгсөн. Энэ хүний үйлдсэн маш олон гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд ил тод л байгаа шүү дээ. Харин яагаад хууль шүүхийн байгууллага шалгадаггүй нь сонин байна.

Онцлох нийтлэлүүд