Өдрийн сонин үнэнийг хэлнэ
"Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn "Өдрийн сонин"-ы цахим хувилбарыг нэг өдрөөр захиалж уншаарай DNN.mn "Дүрэмт хувцсаа хандивлая" аяныг эхлүүллээ DNN.mn Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn “Qpay” ашиглан цахим “Өдрийн сонин”-ыг уншаарай DNN.mn Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn ​Өдрийн сонины ЧАТБОТ танд үйлчилж байна DNN.mn Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn "Өдрийн сонин"-ы цахим хувилбарыг нэг өдрөөр захиалж уншаарай DNN.mn
Цаг үе
2014.12.15 10:12

Таван Засгийн газарт сайдын алба хашсан дархан төрийн түшээ Б.Жигжидийнх

Монгол төрийн жудагт түшээ Чононбөрт Бямбын Жигжид гуайтай утсаар холбогдож, гэрт нь өнжих хүсэлтээ дурдвал ажлын өдрүүдэд зав зай хомсоо учирлаад "Бямба гаригт хүрээд ирэх үү" гэлээ. Хагас сайны их үдэд зурагчинтайгаа Дарь-Эх дэх гэрт нь явуулсан унаагаар нь хүргүүлж очлоо. Жолооч залуу "Манай нагац ах" гэж ганц үг амнаас унагаснаас олныг дурдсангүй. Дарь-Эхийн рашаанаас нэлээд дээхнэ уулын эх бэлд шахуу гудамжны дээд үзүүрт байдаг гурван давхар байшин Жигжид сайдынх аж. Хашааны төмөр хаалга удирдлагаар онгойдог бололтой, хүн харагдаагүй атал цэлийтэл нээгдэв. Жигжид гуай гэрийнхээ үүдэнд улавчтай зогсож харагдана. Хашаанд нь машины гараашаас гадна зун суудаг бололтой ширээ сандал бүхий асрын араг төмөр, амралтын газруудынх шиг буурийг нь өндөрлөн цардмалдаж тохижуулсан таван ханат гэр бөмбийнө. Гурван давхар байшинд орвол халуун сайхан амьсгал угтаж, амар мэндээ мэдэлцлээ.

Зурагтаар Ерөнхий сайд асан С.Баярын хөөрөлдөөн гарч байна. Жигжид гуай Архангай аймгийн Жаргалант сумын уугуул, арван хүүхэдтэй айлын хоёр дахь, хөвүүдийн ууган аж. Жаргалант нутаг бол арвангуравдугаар Далай ламаас "Эрдэнэ мэргэн бандид, ханчин хамба" цол хүртсэн их соён гэгээрүүлэгч, зохист аялгууч Сүрэнхорын Жамьянгарав гэгээнтэн, их хутагтын удаах дүр Очиржанцан, Жалцав маарамба, гарамгай баатар Л.Дандарын хорооны байлдагч, сумангийн улс төрийн орлогч "Эх оронч" хэмээн алдаршсан Ч.Жүгдэрнамжил, хөдөл­мөрийн баатар, саятан жолооч Л.Самбуу-Ёндон, зохиолч А.Самбалхүндэв, улсын арслан "эрээн хавирга" Б.Төрбат нарын алдартнуудын өлгий. Миний бие С.Жамьянгаравын нэрэмжит Дорно дахины утга зохиолын дээд сургуулийг дүүргэсэн болохоор ихэд бэлгэшээж их хүмүүний талаар өрхийн тэргүүнээс лавлатал "Жамьянгарав гэгээнтэнтэй манайхан их ойрын төрөл юм шүү. Буддын гэгээрэхүйн ухаан, яруу найраг, түүх, гүн ухааны 13 боть бүтээснээс ганцхан нь үлдсэн юм гэнэ лээ" гэж харамсангуй өгүүлэв. Жаргалант нутгийн хүү

"Асайт, Даага, Чулуут, Элгэт

Ажраг, Зуслан, Улиастайн голууд

Асралт Дулаанхан, Пэрэнлэйлхүндэв

Ар өврийн тахилгат хайрханууд

Арын хангайг хойморлон байдаг

Ашид мөнхийн Жаргалант нутаг аа

Алслан холдохоор санаад очдог

Азаар заяасан жаргалын ороон" гэж унаган бага насаа үдсэн газрын диваажиндаа зориулж дууны үг, аяыг бичин амилуулсан нь нутгийнхны сүлд дуу болсон гэнэ.

Бидний яриа Дарь эхийн оройд шахуу хад бартаатай газар амьдрахад хэцүү биш үү гэсхийж үргэлжлэв. Тэр хэдийгээр хэд хэдэн Засгийн газарт сайдаар ажиллаж байсан ч хувьдаа зуслангийн байшин ч авч байгаагүй болохоор 1990 онд айлын хашаа худалдан авч, өөрийн гараар тохижуулж засварласаар өдий хүрчээ. Гурван давхар байшинг дулаан тохьтой байлгахад нэг өвөл гурван машин нүүрс шаардлагатай ч нарны зай, цахилгаан халаалт ашиглаж, утааг харьцангуй бага "үйлдвэрлэдэг" болжээ. Өрхийн ерөнхий цахилгаанчин, слесарь, холбооны инженер, ус түгээгч, мужаан гээд бүхий л ажлыг хариуцдаг, хэрвээ би л гар хөдлөхгүй бол ямар ч мундаг инженер ирээд энэ бүхнийг ажиллуулж чадахгүй гэж Жигжид гуай хүүрнэж суутал гэргий Сүхээ нь үдийн хоол бэлэн болсныг дуулгав. Нутгаас нь хоёр хоногийн өмнө өвлийн идэш нь ирээд амталж амжаагүй байсан аж. Үхрийн алаг махыг төмстэй чанаж, гурилаар бүтээж, ногоотой шөл хийжээ. Эднийх ер нь монгол хоолоо л таашаадаг гэнэ. Жигжид гуайн аав Янживын Бямба 1910 онд төрсөн. Асайтын хүрээнд шавилан сууж бурхны ном сурч байсан ч сүм хийдийг тарааж эхлэх үед хөдөө гарч, өөрөөсөө хорь орчим дүү бүсгүйтэй гэрлэснээр арван нэгэн хүүхдийн аав эжий болж аж төрлийн хатуу хөтүүг үүрч ирсэн хөдөөгийн эгэл малчин ард байж. Мал муулахыг харж чаддаггүй, ан хийдэггүй номын нэгэн тул гарын үзүүрээр гэрийн мод, авдар сав урлан албан даалгавар, дайн тулааны хүнд бэрх жилүүдийг борви бохисхийлгүй үдэж, жар гаруй насандаа бурхан болсон ааваасаа айлын ууган хүү амьдрахуйн жам, аж төрлийн сургаалыг өвлөн авчээ. Бямба гуай нутаг нугадаа нэртэй дуучин байсан болохоор "Алиа саарал", "Хүрэн толгойн сүүдэр" хэмээх ардын сайхан дуунуудыг сонсоход хүүгийнх нь сэтгэл хүүхэд ахуйн янзаар нялхарч уярдаг хэвээр аж.

Жигжид гуай ээжийгээ дурсахдаа хоолой нь зангираад ирэв. Түүний ээж Ногоон суунаг овогт Пүрэвийн Галсан бага балчраасаа өнчин ядуугийн зовлон туулсан, дөчхөн насандаа хань ижлээ алдахдаа "сахил хүртлээ" хэмээн хондлой шүргэсэн урт хархан гэзгээ хадагтай хайчаар үргээлгэсэн, арван үрсээ хүний зэрэгт хүргэх гэж хүзүүний махаа барсан хүний дээд байжээ. Энэ тухай хүү нь

"Саахалт, нугынхан ээжийг минь

Сайдын ухаантай гэдэг сэн.

Садан төрлийнхөн бүгдээрээ

Сатаарч амрахыг гуйдаг сан.

Наймтайдаа бүтэн өнчирсөн ч

Хорвоогийн хатууд нугараагүй

Наян тавтай золгосон

Хосгүй буянт эжий мину" гэж "Ээжийгээ л санаад байх юм" шүлэгтээ бичсэн байх юм. Жигжид гуайн эгчийг Пунсалдулам, дүү нар нь гэвэл малчин Жавзмаа, улсын аварга малчин Сэдбазар, компанийн захирал Доржгочоо, хувиараа хөдөлмөр эрхлэгч Отгонбаяр, Цэрэндаш, барилгачин Отгонбаяр, малчин Нарандэлгэр, Батмөнх гэдэг хүмүүс байдаг аж. Эднийх нь хоёр нь хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Жигжид гуайг төрөхөд Ширбазар хэмээх нэр хайрласан ч багадаа өвчин ороон, хөлд орсон хойноо шөнө зүүдлэн гэрээсээ гарч, нүд нь хараастай мөртлөө унтаагаараа яваад байдаг байсан учир ламдвал Жигжидсүрэн гэдэг нэр өгчээ. Харин сургуульд бүртгүүлэхдээ Жигжид гэж бичүүлжээ. Гол усныхан нь түүнийг "Бямба гуайн Хүрэн банди" л гэдэг байж. Жаргалантад бага анги төгсөж, Эрдэнэмандалын арван жилийн дунд сургуулийг онц дүнтэй дүүргэсэн тэрээр 1964 онд ЗХУ-д Үйлдвэрийн дулаан хангамж мэргэжлээр суралцах хуваарийг өрсөлдөөнт шалгалтгүй орох эрхтэйгээр авчээ. Аравдугаар анги төгсөхдөө хамгийн сүүлийн математикийн шалгалтаа өгсөн явдал нь түүний сэтгэлд их содон үлджээ. Тооны текстийг Намсрай багшийгаа самбарт бичиж дуусав уу, үгүй юу шууд бодоод ангийнхнаасаа хамгийн түрүүнд гараад ирж. Сүүлд гарч ирсэн хүүхдүүдээс тооны хариу хэд гарсныг асуухад өөрийнхтэй нь таардаггүй гэнэ дээ. Тэгтэл шалгалтын дүнг гаргалцаж байсан Банзрагч багш нь ангиас гарч ирээд "Жигжээд, чиний тоогоо бодсон чинь хачин юм болсон байна" гэх нь тэр. За өнгөрч, ингээд малчин, ТМС-д л орох боллоо гэж бодогдоод явчихаж. Улсын комиссынхон хуралдаад, хүүхдүүдийг дуудаж уулзаад эцэст Банзрагч багш нь "Чи анхааралтай байхад яадаг юм. Тооны өгүүлбэрээ буруу бичиж аваад түүгээрээ бодчихсон байна шүү. Гэхдээ Намсрай багш эхэлж буруу бичээд дараа нь засч бичсэн гэж хүүхдүүд баталсан учраас комисс бодсоноор чинь дүгнэх болсон" гэжээ. Тэр Намсрай багш нь зузаан дуран шил зүүдэг, хараа тааруу нэгэн байснаас ч болсон уу, ирээдүйн нэгэн инженерийн хувь тавиланг орвонгоор нь эргүүлэх шахсан нь энэ байжээ. Түүний сурагч байхаас сэтгэлийг нь соронзодсон, хожим бүхий л насных нь хообий болсон зүйл бол элдэв техник сонирхох сэтгэлгээ байсан гэнэ. Хөдөөгийн хүүхэд мөртлөө машин, мотоцикль барих, радио, цаг засах, гэрэл зураг дарах гээд бүгдийг л сурч эзэмшихийг хүсдэг байж. Оёдлын машин улны утсаа татахгүй зэрэг ойр зуурын засварыг бол нүд ирмэх зуур янзалчихдаг их эд байсан гэж байгаа. "Шинэ үсгийн багш" кинон дээр гардаг шиг есдүгээр анги төгссөнийхөө зун гол усныхнаа бичиг үсэгт тайлах даалгаврыг сумын захиргаанаас өгч, цалин хөлс ч авч явжээ.

Бид гал тогооны өрөөнд мах хөшиглөж, шөл оочлонгоо ийн хөөрөлдөх зуур ханьтайгаа хэрхэн учирсныг Жигжид гуай, түүний гэргий Алтансүх хоёроос сонирхлоо. Хойно сургууль төгссөн шижгэр инженер Улаанбаатарт ирээд ажилд орж амжаагүй байхдаа үеэл Ч.Загдхорол болон гэрт нь түр амьдарч буй Самбуу нарын ажлын газар ашиглалтад ороод удаагүй асан Мах консервийн комбинатаар орж гардаг байжээ. Залуу хүн болохоор шинэ үйлдвэрийн будаг нь ханхалсан барилга, бужигнах залуусын идрийн золбоо сэтгэлийг нь татаж байсан биз. Нэгэн удаа МКК-ын ажил тарах үеэр үйлдвэрийн хашааны хаалгаар гарах гэж явтал барууны хийцийн зургаан талтай саарал даавуун малгайтай, богинохон бошинз өмссөн, тэгш шулуун хөлдөө өндөр өсгийтэй шаахай жийсэн, бэлхүүс нарийн, бие зэгзгэр, сормуус дэрвэгэр, алаг нүдэн охинтой таарсан нь ирээдүйн амьдралынх нь хань, алаг үрсийнх нь эжий байжээ. Тэр охиныг харсан даруйдаа нүд унагаж араас нь дагасаар автобусны буудал хүрэхэд нөгөөх нь үеийнхээ нэг охинтой инээлдэн, хотын төвийн хаягтай унаанд сууснаар танилцаж ч амжилгүй үлдсэн байна. Маргааш нь тэрээр найз Самбуугаасаа мөнөөх охины талаар судалгаа хийвэл олигтой үр дүнд хүрсэнгүй, харин Самбуугийн гэргий МКК-ын захиргааны боловсон хүчний байцаагч Алтансүх "Тэр чинь саяхан Болгар улсад техник мэргэжлийн сургууль төгсөж ирээд хиам боловсруулах цехэд ажиллаж байгаа Алтансүх гэдэг охин, амьдай болохоор би нэр болоод хаана хуваарилагдсаныг нь ч сайн мэдэж байна" гэжээ. Дараа өдөр нь нүдэлсэн охиноо амдан байж танилцсанаар залуу хосын амьдралын гараа эхэлсэн түүхтэй аж. Гэрийн эзэн, гэргий хоёр 1967 оны долдугаар сарын тэр л гэрэлт өдрүүдээ мартаж эс чадах буюу. Биднийг ёстой л ам халан суутал эзэгтэйн утас дуугарч, хүүгийнхэн ирлээ гэв. Гэрээс нэг товч дарж хашааны хаалгаа онгойлгож буй бололтой. Удалгүй хүү Ж.Батмөнх нь бэр Б.Мандухай, ач охин Аминаа, ач хүү Сэдүбазар нарынх нь хамт орж ирэв. Хүү, бэрийнх нь нэрийг анзаарвал Монголын их хаан, хатан хоёрын алдартай ажээ. Заяаны ханийн учрал ерөөл гэдэг цаанаасаа их учир жанцан агуулжээ гэлтэй.

Эмээ нь ач нарынхаа гадуур хувцсыг тайлж өлгөн, бяцхан хоёр нь өвөөдөө ирж үнсүүлэв. Хоёр хөгшний нар ёстой нэг гарч байгаа янзтай. Мах, шөл таваглан хүү бэрдээ барих нь цагаан сар болж байгаа ч юм шиг сэтгэгдэл төрүүлнэ. Аав, ээждээ хүүхдүүд нь гадаад хатуу хэмийн умдаан, чихэр жимс өгч байгааг нь харахад дээрх бодол батлагдах шиг. Дөрвөн охин төрж, Жигжид гуай хүүтэй болохгүй нь гэж дотроо жаахан дурамжхан явтал отгон үр Батмөнх нь мэндэлжээ. Хүү нь АНУ-ын Хьюстэнд сургууль дүүргэж, эдүгээ "Сант-Асар" хувийн компанийнхаа бизнес хариуцсан орлогч захирлаар ажиллаж байгаа юм байна. "Сант-Асар" компанийн ерөнхий захирал нь Жигжид гуайн гэргий Алтансүх бөгөөд Хэвлэлийн комбинатад ажиллаж байгаад хувь тэнцүүлсэн тэтгэвэрт хөөгдөн гарснаасаа хойш нөхрийнхөө дүү Доржгочоотой гахай үүрэн, ганзагын наймаанд явсаар хөл дээр нь босгож иржээ. Батмөнхийг АНУ-д суралцаж байхад эхний жилийн сургалтын төлбөрийг нь аав, ээж хоёр нь хуруу хумсаа хугалах шахан байж, машин унаагаа заран арайхийн хийжээ. Тухайн үед Жигжид сайдаар ажиллаж байсан ч хүүдээ "Бид одоо мөнгө төгрөг өгч чадахгүй нь, өөрөө л төлбөрөө аргалах замаа хай" гэснээр хүү нь найз нартайгаа ярилцан, Колумбусын их сургуулиасаа Техас мужийн Хьюстэнд шилжин сурснаар ажил хийж сургалтын төлбөрөө өөрөө хийж эхэлжээ. Учир нь Колумбуст оюутан хүн ажил хийж болохгүй, үйлдвэрийн хот учраас ажил ч хомс байж л дээ. Бэр Мандухайн хувьд СЭЗДС-ийг дүүргэсэн ч багаасаа төгөлдөр хуурын дугуйланд явж байсан сонирхлоороо СУИС-д сурахын зэрэгцээ хөгжим-уран зураг сургалтын "Урлан" компанийг байгуулан ажиллаж байгаа гэнэ. Ач охин Аминаа нь 2014 онд Испани, Франц улсад болсон өсвөрийн төгөлдөр хуурчдын тэмцээнээс гурван гран при хүртжээ.

Бидний яриа хоёр давхар дахь наран талдаа цонхтой Жигжид гуайн ажлын өрөөнд үргэлжиллээ. Өрөөнийх нь үүдэнд гүйлтийн зам харагдана. Мань эр өглөө зургаагийн үед босоод биеийн чилээгээ гарган гимнастик хийж, цаг гаруй гүйлтийн зам дээрээ гүйнэ. Өнгөрөгч зун нутагтаа амраад ирэхдээ гурван килограмм жин нэмсэн болохоор үүнийгээ хаях гэж мачийгаа л байгаа аж. Жигжид гуайг харахад дал дөхсөн хүн гэхээргүй тавьтай хүн шиг л жавхаатай. Гэдэс гүзээ гээд байхаар ч юмгүй хүн шүү дээ. Тэрээр "Солонгос, япончууд миний гүзээг гэж шоолно шүү" гэж тоглож байгаа юм шиг өгүүлнэ. Эдний хүүхдүүдийн ууган нь Ж.Билгээ, нөхрийг нь Ш.Батцэнгэл, зээ нарыг нь Тэнүүн, Тэмүүлэн, Батбилиг, Орхон, Төгөлдөр гэдэг аж. Охин Билгээ нь 1991 онд анх зохиогдсон Монголын гоо бүсгүйн тэмцээнд "Есөн эрдэнэ"-ийн нэг болж байсан, Шүд, эрүү нүүрний мэс заслын төвийн орлогч даргаар ажиллаж байгаад Японд докторын зэрэг хамгаалсан, шүдний хувийн эмнэлэг ажиллуулж, үйлчлүүлэгч нарт дарагдсан газар байдаг аж. Ямар сайндаа л аав нь шүдээ янзлуулъя гэхэд "Аав та хоёр долоо хоногийн дараа л үзүүлэх дугаар байна" гэж байхав дээ. Хүргэн Ш.Батцэнгэл нь "Юнайтед машинери", Э.Энхбат нь "Хөх Монгол" компанийн захирал бол бас нэг хүргэн Эрдэнэчулуун хувиараа бизнес эрхэлдэг юм байна. Охин Ж.Булгаа зээ Ирмүүндорж, Дариймаа, Тэлмэн нарыг, отгон охин Ж.Энх-Оюун нь Наранзаяа, Аминзаяа, Гэгээнзаяа нарыг төрүүлж, өнөр өтгөн гэр бүл болцгоожээ. Жигжид гуайн ажлын өрөөнд бүрэн мөнгөн тоноглолтой сайхан монгол эмээл, мөнгөн хазаар, бүүрэгт нь өлгөсөн ташуурын хамт нүдэнд тусав. Ноднин төрсөн өдрийнх нь баяраар гэргий нь "Монгол хаад" цуврал ботиудыг, хүүхдүүд нь "Таны нутаг бол эмээлийн орон билээ" гэж аавдаа уг эмээл, хазаарыг бэлэглэжээ. Эрчим хүчний дэд сайд асан Энхтайван "Гоё халиун"-ыхаа төлийг бэлэглэсэн үе ч таарч ихэд бэлгэшээжээ. Саяхан "Тоотой насны тохиол тавилан" номынх нь хурим болоход УИХ-ын гишүүн асан Р.Буд, Ц.Цэнгэл нар хоёр хөгшинд тус бүр хурдан азарганыхаа төлийг ч бэлэглэхээр амлаж. Жигжид гуай "Манайх ядуувтар айл байсан болохоор гурав дөрөвхөн морьтой байсан. Нэг сайхан хонгор морь, шувуу шиг хоёр бор морьтой. Аав мал тамлана гээд морь уядаггүй. Нутгийн алдартай уяач Чунаг гуай л хоёр бор морио зарчих гэж их шалдаг байлаа. Би ч морь малд нэг их хорхойсоод байдаггүй. Гэхдээ монголчууд морины гайхамшгаар л дэлхийг хураасан. Хубилай хааны үед Адууны яамтай хүртэл байлаа" гэж хуучлав. Бичгийн ширээнийхээ хажуугийн тавиур дээр олон гаанс тавьж. Түүний цуглуулах дуртай зүйлсийн нэг нь чамин гаанс ажээ. Хорь гаруй гаанстай гэж байгаа.

Ажлын өрөөнийх нь цаана бас нэг өрөө байна. Цагаан эсгий битүү дэвссэн эл өрөөндөө улавчаа ч тайлж орох юм. Анзаарвал, бурхан тахил, аав ээжийнх нь хөрөг, авсан шагнал гээд нарийн нандин бүхэн нь энд байдаг аж. Аравдугаар ангиа төгссөн Б.Жигжид ЗХУ-ын хувьсгалч С.М.Свердловын нэрэмжит Уралын Политехникийн дээд сургууль буюу одоогийн Екатеринбургийн Технологийн их сургуулийн оюутан болж. Энэ сургуулийг ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга асан Н.Рыжков, ОХУ-ын Ерөнхийлөгч Б.Ельцин нар төгссөнөөрөө алдартай. Хэлний бэлтгэлд суугаагүй очсон болохоор хичээл нь анхандаа Гималайн оргилд мацахаас ч бэрх зүйл байж дээ. Яваандаа орос оюутан нөхдийнхөө дэмээр хэл усандаа зүгширч цагааширсаар дараагийн хичээлийн улирлаас онц сурлагатан болсон байна. Онц сурлагатан болсноор ар гэрээсээ санхүүгийн дэмжлэг тааруу, арилжаа наймаа хийдэггүй Жигжид Зөвлөлтийн албан байгууллагын гүйцэтгэх ажилтны цалинтай дүйцэх 90 рублийн цалин авч эхэлжээ. Үүгээрээ аав, ээж, дүү нартаа ховор живэр зүйл аваачиж өгнө. "Битлз" хамтлаг ид хүчээ авч байсан үед нэг өрөөнд амьдардаг Б.Жигжид, Ц.Баасандорж, Л.Данзан нар нэг орос найзтайгаа нийлж хамтлаг байгуулан "Весна УПИ" фестивальд оролцон "Монгол бүсгүйн үзэсгэлэн" дууг дуулан дахиулж, "Дүвчин унзад" дуугаар урлагийн наадмын хоёрдугаар байр эзлэн Хар далайд 14 хоног амрах эрхийн бичгээр шагнуулж байжээ. Тэгэхэд тэд банзан гитарыг цахилгаан болгож өсгөгч залган тоглосон гэдэг. Жийгээ сайд энэ түүхийг ярингаа сэтгэл нь хөдөлж, өрөөндөө буй гитарыг аван, бичгийн ширээнийхээ өмнөх буйдан дээр суун баруун хөлөө товшин тоглож эхэллээ. Аав, ээж, нутгийн тухай сэтгэлийн утас хөндсөн дуунаас ганц нэг бадаг дуулж сонирхуулснаа "Тунгалаг Тамир" дээр Итгэлт "Ичмээр дамшиг даа" гэдэг шиг зүйл үзүүлье" гээд "Амьдрал аа гэж...", "Сэтгэл ээ гэж..." гэсэн нэртэй хоёр цомог гаргаад ирдэг юм байна. Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбатын шахаж шордсоор байж бичүүлсэн гэх цомгийг нь сонсоод "Хүний авьяас гэдэг ямар гайхамшигтай, бас далд мөн чанартай юм бэ" гэж гайхах сэтгэл төрөв. Ардын болон нийтийн тавь гаруй дууг үнэхээр сайхан дуулжээ. Зүгээр ч нэг уран сайханч нөхөр биш юм. Монголын үндэсний радио, FM-үүдээр түүний дуунууд нэр усгүй явдаг гэж байна. Учир нь энэ хоёр цомгоо олон нийтэд биш хамаатан садан, хамт олондоо дурсгадаг, тэрийг нь араажавууд "будаа идэн" нэвтрүүлдэг болжээ. Бас ч үгүй нэлээд алиа зантай бололтой, "Орчин үед "Задгай цагаан үүл" ийм үгтэй болсон байна ш дээ хө" гэснээ

"Жинсэн өмдтэй гарсан юм сан

Жиндээ болов уу, яагаа бол.

Жирэмсэн намайгаа зовоосон юм сан

Жаргаа болов уу, яагаа бол" гээд хангинуулж байна. Жигжид гуай ДБЭТ-ын дууны найруулагч Ц.Буян-Оршихтой хамтран "Санаад байна" гэсэн сайхан дуу зохиосноо цомогтоо дуулж оруулжээ. Ая зохиогч Буян-Оршихыг "Айраг шуугин шуугин иснээ хө, айлын бүсгүй дуулан дуулан өснөө хө" гэдэг Ж.Раднаадаргиагийн шүлэг "Хуртай зуны аялгуу" дууны зохиогч гэдгээр ард түмэн мэднэ дээ. Биднийг ид урлагийн увдист урхидуулж суутал гаднаас "Өвөө, өвөө" гэсэн цолгиун дуу гарч зээ охин нь гүйн орж ирж өвөөдөө үнсүүллээ. Ач, зээ нараас нь энэ Гэгээнзаяа охин ёстой нэг жаатай, өвөөгийнх нь хэлснээр "галзуу" нэгэн гэнэ дээ. Энэ үгийг тэрээр зээ охиноо бахдсан аясаар хэлсэн юм. "Энима" компанийн захирал, отгон охин Ж.Энх-Оюун нь охидтойгоо иржээ.

Хойно сургуулиа төгсөж ирээд, 1969 онд Эрчим хүчний төвийн диспетчерээр ажлын гараагаа эхэлсэн Б.Жигжид Улаанбаатар хотын Дулааны шугам сүлжээний газрын ерөнхий инженерээр жилийн дараа томилогдож, улмаар НАААҮЯ-ны орлогч сайдаар 1984 оноос томилогджээ. Тэрээр ажил алба эрхэлж эхэлснээсээ хойш ар гэрийн бараа ч харах завгүй, ганц удаа ч кино үзэлгүй, театрт очилгүй хориод жил болж байтал 1990 оны есдүгээр сард Ерөнхий сайд Д.Бямбасүрэнгийн Засгийн газарт Түлш эрчим хүчний яамны сайдаар томилогдсон байдаг. Дараагийн сонгуулиар гарч ирсэн П.Жасрайн Засгийн газрын Эрчим хүч, геологи, уул уурхайн яамыг толгойлж, 1996 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг НААҮ-ийн газрын даргаар томилогдлоо. Шинэ мянганы босгон дээр Н.Энхбаярын Засгийн газарт Дэд бүтцийн яамны сайдын албыг хашиж, Монгол-Туркийн, Монгол Улс-ОХУ-ын, Монгол-БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссын даргаар ажилласан тухай нь сонсоход нэгэн хүний дааж давамгүй ачааг үүрэн гарсан нэгэн болох нь анзаарагдана. Таван Засгийн газарт сайдын алба хашиж Монгол төрийн дархан түшээ болсон эл эрхмийн бүтэн өдрийн яриаг бүгдийг сонины нэгээхэн дугаарт багтаах аргагүй аж. Б.Жигжид Монгол Улсынхаа төлөө ажил амьдралын олон салбарт хонины морь мэт зарцлагдсан нэгэн гэлтэй.

Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Жигжид "Мянганы зам", "Эрчим хүчний нэгдсэн систем", "Холбоо мэдээлийн дунд хугацааны стратеги", "Гадаад далайн хөлгүүдэд Монгол Улсын далбааг мандуулах бүртгэл эрхлэх" зэрэг томоохон төслүүдийг санаачилж, Дэлхийн банкны ерөнхийлөгч Вульфонсонтой гэрт нь уулзан хандив тусламж авчирч, Налайхын уурхайн осол, цахилгаан станцын дээврийн нуралтын халуун цэгт ханцуй шамлан ажиллаж явсан хүн. Түүний хашаанд буй монгол гэрт халаалттай хойморт нь тухлан айраг шимж суухдаа одоо ямар алба эрхэлж буйг нь асуувал "Монголын, Азийн супер сүлжээ" нийгэмлигийн ерөнхийлөгч, Эрчим хүчний барилга угсралт, засварчдын холбооны тэргүүн, Усан хангамжийн ариутгах татуургын ашиглалт үйлчилгээний зохицуулах зөвлөлийн зохицуулагч зэрэг өчнөөн алба хашдаг ажээ.

Л.БАТЦЭНГЭЛ

Гэрэл зургуудыг

Г.ЛХАГВАДОРЖ

Онцлох нийтлэлүүд