ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2020.05.31 04:05

Тархины багтаамж

Юуны өмнө онцлоход, бид тархиныхаа аравхан хувийг ашигладаг гэдэг огт худлаа юм билээ. Хүний тархи нь хэдэн тэрбум нейрон буюу эсээс бүрдэж тэд нь үнэрлэхүй, сонсохуй, амтлахуй гэх мэтчилэн зорилгот үүргээрээ хуваагдан шаардлагатай үед ээлжлэн ажилладаг тул тийм бага хувийг ашигладаг гэсэн хуурамч ойлголт үүссэн гэх. Эдгээр нейронууд нь хоорондоо хэр их холбоос үүсгэж чадах вэ гэдгээс шалтгаалан бидний тархины багтаамж, ой санамж их, бага байдаг аж. Түүнээс бус том толгойтой нь ухаантай, хушга шиг жижигхэн нь жаахан тийм гэдэг нь шинжлэх ухааны үндэслэлгүй гүтгэлэг гэнэ. Нярай хүүхдийн нейронууд хоорондоо холбоосгүй төрж улмаар үзсэн, үнэрлэснээ мэдэрч эсүүдээ холбосоор ухаан сууж ирдэг ба хүүхэд насанд нь хэр зэрэг тархины дасгал, тогтоолт хийлгэнэ, тэр чинээгээрээ тархины багтаамж нэмэгддэг гэж эрдэмтэд тодорхойлжээ. Тэгээд хорвоог орхих хүртлээ тархиа цэнэглэж амьдрах зам урд чинь нээлттэй байх вий. Таны амжилттай, эсвээс унхиагүй амьдрах, урт, богино наслах гээд бүх үзүүлэлт чинь тархинаас хамааралтай гэдгийг мэдэх үү. Тухайлбал, арван жилийн багш хүн ихэнх тохиолдолд урт насалдаг жам нийтлэг. Сургууль дүүрэн хашгирах хүүхдүүдийн солиором шуугиан дунд он жилүүдийг өнгөрөөх багштайгаа уулзалгүй удаад харах нь ээ яг хэвээрээ, зарим нь залуу ч болчихсон мэт байдгийг анзаарсан уу. Яагаад гэвэл тэд чинь гэнэн болчимгүй насандаа яваа хүүхдүүдээс эерэг энерги авч тархиа цэнэглэдэг, өөрсдөө үргэлж багачуудтай хамт шинийг сурч боловсорч байдаг тул хэмээн бичсэн байхыг харлаа. Ер нь гэгээлэг, дулаан бодол нас уртасгадаг гэдгийн нууц тэр ч юм билүү.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Онцлох нийтлэлүүд