Техник, Технологийн олимпиад 24 дахь жилдээ зохион байгуулагдаж байна DNN.mn

Техник, Технологийн Улсын XXIV Олимпиад тавдугаар сарын 03-06-ны өдрүүдэд МУБИС-ийн Дүрслэх урлаг, Технологийн Сургууль дээр зохион байгуулагдаж байна.
Тус олимпиадад 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс шалгарсан нийт 216 багш, сурагч дүрслэх урлаг, дизайн технологи, усан онгоцны загвар, нисэх загвар, авто загварын чиглэлээр мэдлэг, чадвар, ур авьяасаа сорин өрсөлдөж байна.
Жил бүр уламжлал болгон явагддаг Техник, Технологийн Улсын Олимпиадын I шатанд 1800 гаруй багш сурагч хамрагддаг бөгөөд жилд дунджаар 3550 багш сурагчдыг хамруулан зохион байгуулдагаараа онцлогтой юм. Олимпиадын үр дүнд ЕБС төгсөгчдөөс 3400-аад сурагч инженер техникийн мэргэжлийг сонгон, гадаад дотоодын их дээд сургуульд элсэн суралцаж, мэргэжил эзэмшин, улс эх орондоо ихийг бүтээж, шинэ технологи, инновацийн хөгжилд хувь нэмрээ оруулж байна.
1997 онд анх удаа явагдсан тус олимпиад техник технологи хөгжихийн хэрээр оролцогчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж, ур чадвар, гүйцэтгэл нь улам сайжирч дүрслэх урлаг, робот, график дизайн, зураг зүйн төрлүүдээр хүрээгээ тэлэн Дүрслэх урлаг, Технологи, Зураг зүй, техник загварын багш сурагчдын нэр хүндийг өргөж авьяас, чадварыг нээн харуулсан мэргэжлийн томоохон тэмцээн болон өргөжиж, улсын хэмжээнд 3 шаттайгаар, 9-12 төрлөөр өнөөдрийг хүртэл тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн билээ.
Багш сурагчид ухааны ур, биеийн ур, сэтгэлийн урыг цогц байдлаар хослуулан газар дээр нь урлан бүтээж, зохион бүтээсэн техник загваруудаа өөрсдөө удирдан жолоодож, өрсөлддөгөөрөө онцлог юм.