Өдрийн сонин үнэнийг хэлнэ
Шаамар сумын хэмжээнд хүлэмж барих 600 сая төгрөгийн хүсэлтийг шийдвэрлэв DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 3 хэм дулаан DNN.mn Аки башёд Тамаваши Б.Мөнх-Оргил түрүүллээ DNN.mn Сэлэнгэ аймагт үр тариа хураалт 12.8 хувьтай байна DNN.mn Зүрхний хавхлагыг нөхөн сэргээх мэс заслын шинэ технологийг нэвтрүүлж байна DNN.mn Г.Бямбасүрэн:Алтанбулаг боомтоор ОХУ-ын 3000 гаруй иргэн орж ирсэн DNN.mn Алтанбулаг боомтоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна DNN.mn "The Hu" хамтлаг "Aim Awards"-т нэр дэвшжээ DNN.mn DNN-ФОТО СУРВАЛЖИЛГА : Автомашингүй өдөр DNN.mn ОХУ-ын иргэн монгол залуугийн толгойг алхаар цохиж гэмтээжээ DNN.mn Шаамар сумын хэмжээнд хүлэмж барих 600 сая төгрөгийн хүсэлтийг шийдвэрлэв DNN.mn Улаанбаатарт шөнөдөө 3 хэм дулаан DNN.mn Аки башёд Тамаваши Б.Мөнх-Оргил түрүүллээ DNN.mn Сэлэнгэ аймагт үр тариа хураалт 12.8 хувьтай байна DNN.mn Зүрхний хавхлагыг нөхөн сэргээх мэс заслын шинэ технологийг нэвтрүүлж байна DNN.mn Г.Бямбасүрэн:Алтанбулаг боомтоор ОХУ-ын 3000 гаруй иргэн орж ирсэн DNN.mn Алтанбулаг боомтоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна DNN.mn "The Hu" хамтлаг "Aim Awards"-т нэр дэвшжээ DNN.mn DNN-ФОТО СУРВАЛЖИЛГА : Автомашингүй өдөр DNN.mn ОХУ-ын иргэн монгол залуугийн толгойг алхаар цохиж гэмтээжээ DNN.mn
Спорт
2021.10.02 10:10

“Токио-2020” паралимпийн шагналт, Азийн анхны аварга Н.Алтанцэцэг: Хувийн амьдралаа дэлгээд ч хамаагүй мянга мянган хөгжлийн бэрхшээлтэй хүнд урам, зориг авчирч байвал зорилго минь тэр

Таван тивийг цуурайтуулсан олимпийн бамбарын дөл унтарч амжаагүй тэрхэн зуурт монголчууд “Токио-2020” паралимпийн тамирчдаа алтан медаль, шагналт байрын амжилттайгаар тосон авсан билээ. Анхны гэх амжилтуудын эзэн тамирчин эмэгтэйтэй уулзаж ярилцлаа. “Токио-2020” паралимпийн V байрын шагналт Нямаагийн Алтанцэцэгийн хүрэл медалийн төлөөх барилдааныг олон нийт уухайлан дэмжиж үзсэн.


-“Токио-2020” наадамд амжилттай оролцоод ирсэн танд баяр хүргэе. Монголд анхны гэх амжилтыг тогтоолоо гэж тайлбарлахыг олон хүнээс сонслоо. Паралимпийн төрөлд монголчууд анх удаа олимпийн наадамд шагналт байранд орлоо.

-Сэтгэгдэл маш өндөр байна. Юуны өмнө намайг дэмжсэн нийт монголчууддаа маш их баярлалаа. Паралимпээс анх удаа шагналт байранд орсон монгол эмэгтэй болсондоо баяртай байна. Бас хүмүүсийн халуун хайрыг мэдрэх сайхан байсан.

-Олимпод оролцох эрх авахын өмнөхөн таныг нохойнд уруулж, хүнд бэртэл авсан тухай танай холбооноос мэдэгдсэн. Тэмцээний үеэр бэртэл нь сэдэрсэн үү?

-Олимпод оролцох эсэх нь тодорхойгүй, их хүнд байдалд байсныг эргэн тойрны хүмүүс мэдэх байх. Ялангуяа тэмцээний эрх авах тэмцээнд явахын өмнөхөн бэлтгэлдээ явж байгаад нохойд уруулчихсан. Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч охин “Та яаж тэмцээнд явах вэ дээ. Гартайгаа үлдвэл их юм” гэсэн. Үнэхээр ч миний гарын булчин махнаас яах ийхийн зуургүй тасдаад идчихсэн болохоор оёдол тавиулахад онгойсон нүх шахуу юмыг хоёр талаас нь алсаас холбосон байсан. Өвдөлт зовуурь ихтэй байсан ч зорилгоосоо ухраагүй. Өвдөлт одоо ч мэдрэгдэж байгаа. Гэхдээ дэлхийд эхний 8-д эрэмбэлэгдэж байсан болохоор зорилгоосоо ухраагүй ээ. Сая амжилтаа ахиулсандаа ч урам орж, өвдөлтөө мартчихсан, дайрч байсан.

-Уучлаарай, таныг ийм сул хараатайг тайлбарлагчийн ярианаас л мэдлээ. Та шилээ авчихаар бүр бэрхшээлтэй болдог уу?

-90 хувь хараагаа алдсан гэж оношилдог. Шилээ зүүхээр ойр зууртаа боломжийн харна аа. Дэвжээн дээр гарахдаа шилээ авах шаардлагатай учраас барьц, мэхээ мэдрэмжээрээ тооцоолдог.

-Анх тамирчин болох сэдлийг хэн өгсөн бэ?

-Миний бие Увс аймагт төрж, өссөн. Манайх 2004 онд Эрдэнэт хотод шилжиж ирсэн. Тухайн үед хүүхдүүдтэйгээ хамт амьдарч, зургаан нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулж, бариа засал хийдэг байлаа. Орхон аймгийн Хараагүйчүүдийн холбооны тэргүүн Сандагдорж нэг өдөр намайг дуудаад “Миний охин барилдах уу? Чи бөхийн удамтай юм байна” гэсэн. Тухайн үед шууд л зөвшөөрсөн. Баярлаад л, бэлтгэл хийж эхэлсэн. Манай аав Аймгийн хурц арслан Нямаа гэж бөх хүн байсан. Аав минь ч тэр үед их дэмжиж, таатай хүлээж авсан. Тэр үед, одоо ч намайг дэмжиж, тусалж ирсэн бүх хүнд баярлаж талархаж явдгаа хэлье. Нэг тамирчны хүч, хөдөлмөр, амжилтын ард маш олон хүн байдаг юм шүү дээ. Д.Нямхүү даргатай Монголын Паралимпийн холбооны хамт олонд, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, хоёр багшдаа, багшийнхаа нөхөрт, хоол зүйчдээ гээд маш олон хүнд баярлалаа гэж хэлье. Сая олимпод оролцох багт хоол зүйч зөвлөж хамтран ажилласан нь бидний амжилтыг ахиулахад их дөхөм байсан. Сэтгэл зүйч томилсон байсан ч харамсалтай нь ирээгүй.

-Тамирчин хүнд сэтгэл зүйн дэмжлэг ихээхэн нөлөөтэй байдаг. Тэр тусмаа хөгжлийн бэрхшээлтэй паралимпийн тамирчдыг үл тоомсорлох, ялгаварлах хандлага манай нийгэмд байгаа нь нууц биш. Та өөрийн сэтгэл зүйг хэрхэн даван туулдаг вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд өөрийгөө ялан дийлээд бусдын адил хэвийн амьдралаар амьдрахад амаргүй. Орчны хүртээмж бусад зүйлээс шалтгаалаад бид хэн нэгний гарт, хэн нэгэн хүнээс хараат болчих гээд байдаг талтай. Миний хувьд харааны бэрхшээлтэй ч гэлээ энэ бүхнийг даван туулж, аль болох бусдад гай болохгүй, өөрөө өөрийнхөө амьдралыг авч явахыг хичээж ирсэн. Зовлон, шалтаг тоочоод байвал хэн ч амжилтад хүрэхгүй. Паралимпийг телевизээр үзүүлсэн бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст урам зориг, итгэл төрүүлэхэд нэмэртэй байсан байх.

-Таныг орон гэргүй явааг сэтгүүлчид анзаараад, олж хараад сурвалжилж, хандив хүссэн байсан. Олимпийн шагналт байрын тамирчин зуны амбаарт амьдарч байна гэхээр зарим хүн итгэхгүй байх шиг ээ?

-Та бүхний харсан зүйл үнэн байсан. Танихгүй хүмүүс битгий хэл, таньдаг, ойр дотны гэж бодож явдаг зарим нэг найз нөхөд, ах дүүс “Алтаа, энэ үнэн юм уу? Чи үнэхээр амбаарт амьдарч байгаа юм уу” гэж утасдсан. Аавынхаа нэр хүндийг бодсонгүй гэх хүн ч байсан. Багаасаа өөртөө баримталж ирсэн зарчим бол хэн нэгэнд гай болохгүйхэн шиг амьдрах. Тиймдээ ч өнөөдрийг хүртэл өөрийнхөө сонгосон зам мөрөөр явж ирсэн. Би хичээж байгаа. Хөдөлмөрлөж байгаа. Гэхдээ надад тулгамдсан хэрэгцээ, шаардлагыг олж харж туслахаар шийдсэн тэр сэтгүүлчид баярлаж байгаа. Тамирчин хүний хувьд маш хурдан сэргэлт авч, сайн амрах хэрэгтэй байдаг учраас түрээсийн байраар явах тохиромжгүй. Эрдэнэтээс хотод ирсэн жилээ хөлсний байранд амьдардаг байсан. Нийтийн байранд хүмүүс их шуугилдана. Унтаж амрах боломжгүй шахам, дуу чимээ ихтэй. Хашаанд амар тайван амьдаръя гэхээр маш хол, цаг их алддаг, аюулгүй байдал талаасаа ч амаргүй, бэлтгэлээ тараад шөнө дунд л харьдаг.

Илүү ихийг хийж, амжуулах болно. Эх орноо төлөөлж, олон улсын тэмцээнүүдэд оролцохдоо зарим зардал мөнгийг ээжийнхээ тэтгэврийг зээлж, хашаагаа зарж, аль болох өөрөөсөө зохицуулж ирсэн болохоор жаахан хүнд байдалд орсон нь үнэн. Худал, хуурмаг дүр эсгээд яах вэ. Нөгөө талаас өөрийнхөө тухай яриад өгөөч гэхэд нь татгалзаагүй шалтгаан нь бусад хүмүүст урам зориг өгөх хүсэлтэй минь холбоотой юм. Би яахав ээ, юунд ч амьдарсан, амьдраад л байна. Бусад хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, залууст спортоор хичээллэх, дэлхийд эх орныхоо нэрийг гаргах боломж байдаг шүү гэдгийг хэлэх гэсэн юм. Олон нийтийн зүгээс намайг дэмжиж, хайрлаж, урам өгсөн, 100 хувь миний талд орсон сэтгэгдлүүд байгааг манай найзууд хэлсэн.

Ярилцлагын дараа хөгжлийн бэрхшээлтэй 2-3 хүн залгаж ярьсан. “Эгч ээ, танаас маш их урам авлаа. Би барилдаж болох уу? Хаана хандах вэ?” гэх зэргээр асуусан.

-Тамирчин Н.Алтанцэцэг “Токио-2020” олимпийн наадмын С байрын шагнал, Азийн анхны аварга болох хүртэл ямар зовлон, бэрхшээл, юуг даван туулсан бол?

-Их чухал асуулт байна. Өнөөдөр манайд хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэмцээн, уралдаанд оролцох битгий хэл, хэвийн амьдралаар амьдрахад бэрх байна. Алхам тутамдаа тулгардаг орчны хүртээмжгүй байдал, харилцаа, хандлагыг тооцохоо больё. Тамирчин болохыг хүссэн маш олон залуус манай үндэсний шигшээ багт ороод удалгүй буцдаг. Тэд хотод өөрийн гэх гэр оронгүй, над шиг иймэрхүү нөхцөлд, нохой шувуунд бариулах юу ч биш, маш эрсдэлтэй байдалд ордог. Шантраад буцдаг. Жишээлбэл, Өвөрхангайн Чулуунсүх гэж харааны бэрхшээлтэй, тамирчин залуу байгаа. Тэр хэд хэдэн удаа ирж бэлтгэл хийсэн. Дорнодоос ч юмуу, ирье гэсэн мундаг хүүхдүүд байгаа ч хамрагдах боломжгүй болдог. Тиймээс ганцхан би гэхээс илүү хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд маш их тулгамдаж байгаа асуудлыг хөндөх чухал байна. Монголчууд 3-хан саяулаа хэрнээ хэчнээн их нөөц, чадвартай гээч. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд зөндөө чадварлаг тамирчид байгаа. Даанч нийслэл хотод амьдрах орон байр, орчин алга. Сая бэлтгэлийн үеэр тамирчдыг байрлуулах хугацаа дуусч, Мон-Алтиусаас гуйж байж тав хоносон. Таньдаг айл хунараар очно гэхээр коронавируст халдвараас шалтгаалаад хамаагүй явж болохгүй. Тэгж явж байгаад нэг өдөр нохойд бариулж байгаа нь тэр. Хэрвээ бэлтгэлдээ ойр байсан бол тэгж бэртээ ч үү, үгүй ч үү. Ид бэлтгэлийн үед өдөрт гурван удаа, зургаан цагаар дор хаяж бэлтгэлээ хийх хэрэгтэй болдог. Тэгэхээр хол явж болдоггүй, ойр байх ёстой.

-Танд цаашид төлөвлөсөн зүйл юу байна?

-Спортын амжилтаа ахиулахын төлөө уйгагүй хичээллэнэ. Манай жүдог топ спорт гэдэг. Өмнө нь өөрийнхөө сул талыг илүү мэдрээд, үнэнийг хэлэхэд жаахан бэрхшээдэг байсан бол сая Токио-2020 паралимпэд барилдахдаа өөрийнхөө давуу талыг, хүчийг мэдэрсэн. Мэдээж, медалиас мултрахад хүнд байсан. Гэхдээ яагаад ч юм өөртөө итгэх итгэл минь лавширсан. Харих цаг болоогүй байна, илүү сайн барилдана гэж л өөртөө хэлсэн дээ. Манай удам угаасаа яс сайтай. Аав маань 60 гаруй насандаа Эрдэнэтийн наадамд хоёр давж байлаа. Миний хүү ч барилдаж байгаа. Энэ жил их сургуульд элсэн суралцаж байгаа.

-Тамирчин болохыг хүссэн хүн бүрд боломж байгаа гэж үү?

-Байлгүй яах вэ.Хамгийн гол нь хүмүүст мэдээлэл хүрэхгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд манай паралимпийн холбоо ямагт нээлттэй. Спортын төв ордны нэг давхарт очоод /баруун талын хаалга/ уулзаарай гэж захья.

Д.ТУЯА

Онцлох нийтлэлүүд